Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/0027/Э |
Дугаар | 28 |
Огноо | 2016-06-13 |
Зүйл хэсэг | 233.1., |
Улсын яллагч | Ц.Бямбадорж |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Ц.Бямбадорж,
Шүүгдэгч: Ж.Рэнцэнбямба нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шангас овогт Жаргалын Рэнцэнбямбад яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201616010055 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт хамт Улаанбаатар хот, СХД, 28-р хороо, 4-74 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шангас овогт Жаргалын Рэнцэнбямба /РД: ОЙ70021316/,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурахайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_06_13_№27_233.1_J.Rentsenbimba.docx
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Рэнцэнбямба мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн ялын саналтай холбогдуулж нэмж хэлэх санал байхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж би, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Энэрэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эррүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан Ж.Рэнцэнбямбад холбогдох 201616010055 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлсэн. Ж.Рэнцэнбямба нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ын уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, МУ-ын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. шүүгчдэгч Ж.Рэнцэнбямбад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 471 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Хохирогч Б.Оюунсүрэнгийн өгсөн: “...Өмнөговь аймгийн авто тээврийн төв нь хохирогчоор тогтоогдож, намайг манай байгууллагаас энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилсоны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцож байна. Уг хэрэг нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ж.Рэнцэнбямба гэх хүн Монгол улсын хуурамчаар үйлдсэн жолоочийн үнэмлэх ашиглан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Цогтцэций сумын Эрдэнэ таван толгой ХХК-ний уурхайн 17 дугаар пост гэх газар баригдан саатуулагдсан асуудал байгаа юм. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Холбогдогч этгээтэй сайн дураар эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхайн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хэрэгт холбогдсон этгээдэд хуульд заасны дагуу ял шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
Гэрч Э.Хашгэрэлийн өгсөн: “Би Цогтцэций суманд байдаг “Эрдэнэс тавантолгой” уурхайн 17-р пост дээр үүргээ гүйцэтгэж байхад 2016 оны 03 дугаар сарын 15-ны үдээс хойш нэг Нордбенз маркийн автомашин ачилтанд орж ирсэн юм. Би жолооны үнэмлэхийг шалгахад жолооч нь Рэнцэнбямба гэсэн нэртэй илт хуурамч үнэмлэх үзүүлэхээр нь хамгаалалтын ахлахдаа мэдэгдэж Рэнцэнбямбын бичиг баримтыг хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шижнилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн “Жаргал овогтой Рэнцэнбямба /ОИ70021316/ ВСЕ ангилалын №173285 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Рэнцэнбямбын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...Би 2015 оны 03 дугаар сард БНХАУ-ын ганц мод боомтон дээр өөрийн жолоочийн үнэмлэхээ эд зүйлийн хамт алга болгосон юм. Тэгээд алга болсны дараа Ганц мод боомтон дээр жолооны үнэмлэх хийдэг, хэвлэдэг гэж дуулаад хуучин зээл гэх газар очиж нэг хянатд хүнээр жолооны үнэмлэх хэвлүүлж авсан. Түүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХХК-ний уурхайн 17 дугаар постон дээр Нордбенз маркийн машин унаж ачилтанд орох гэж очих үед хамгаалагч намайг зогсоогоод бичиг баримт шалгаад үнэмлэх чинь хуурамч байна гээд саатуулаад үнэмлэхийг хурааж авсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 18, 23-р хуудас/,
“...Урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх шүүгдэгч Ж.Рэнцэнбямбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 25-р хуудас/
Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /Хавтаст хэргийн 27-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурахайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хохирогч Оюунсүрэн нь шүүгдэгч Ж.Рэнцэнбямбатай сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №650089 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шангас овогт Жаргалын Рэнцэнбямбыг хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өмнгөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газраас Ж.Рэнцэнбямбад холбогдуулан Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201616010055 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Рэнцэнбямбыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Ж.Рэнцэнбямба нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №650089 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй байх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА