Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 333

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч О.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “БО” ХХК нарын нэр бүхий 14 компани.

Хариуцагч: ГЕГ, 

Хариуцагч: МХЕГ.

Гуравдагч этгээд: БОАЖС.

Нэхэмжлэлийн шаардлага: “ДЖ” ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГ-т, “ДЖ” ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрчилгээ олгохыг МХЕГ-т тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.Л, О.Н, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Г.О, иргэдийн төлөөлөгч Л.С нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: 

1. ДЖ ургамлыг хилээр  нэвтрүүлэхгүй  байгаа  хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч компаниуд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгалийн ховор ургамал болох ДЖг гадаадад гаргах зөвшөөрлийг авсан болно.

Дээрх компаниудаас зарим нь ДЖ ургамлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлохоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 362 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам-ын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, Замын-Үүдийн Алтанбулаг боомтоор гаргах гэхэд Гаалийн ерөнхий газраас тус ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн гээд хилээр нэвтрүүлээгүй болно.

ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа учрыг тодруулахаар бид холбогдох төрийн байгууллагуудад хандаж гомдол, хүсэлтээ гаргаж, албан тушаалтнуудтай уулзахад Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтний амаар өгсөн тайлбараар "...Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гаргахыг хориглоно гэсэнтэй зөрчилдөж байгаа тул яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албан бичгийг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гэсэн болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авахаар нэг тонн тутамд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг ургамлыг бэлтгэх, 3.000.000 /гурван сая/ төгрөгийг экспортлох тусгай зөвшөөрлийг авах улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт, мөн орон нутгийн Байгаль орчны газарт нэг тонн 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус улс болон орон нутгийн төсөвт төлснөөс гадна ДЖ-г түүж, бэлтгэхтэй холбогдуулан ажиллах хүч, техник хэрэгсэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдан авалт зэрэгт маш их хэмжээний зардал гаргасан болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх асуудал удаашралтай байгаатай холбоотойгоор агуулах, хадгалалтын зардал нэмэгдэхийн зэрэгцээ барааны чанарт өөрчлөлт орох нөхцөл байдал үүсээд байна.Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т зааснаар Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж заасны дагуу бүрэн эрхтэй, Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээгээ хийж, зохих нөөцөө тодорхойлон, түүж бэлтгэх ургамлын хэмжээгээ тогтоосны дагуу манай компаниуд нь яамнаас гадаадад гаргах зөвшөөрлөө авсан билээ.

Гэтэл Гаалийн ерөнхий газраас компаниудын гадаадад гаргах зорилгоор шууд хэрэглэхэд бэлэн болгон, зориулалтын дагуу хатааж бэлтгэсэн ДЖг эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзэж хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй, хууль бус эс үйлдэхүй юм.Учир нь ДЖ ургамлын хатаасан үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд шууд эмийн бүтээгдэхүүн (ганга, халгай зэргийг мөн л түүж бэлтгэн, хатааж шууд эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэдэг) болгон хэрэглэдэг.

Мөн Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн бөгөөд 1997 оноос хойш ДЖ ургамлыг Монгол Улсын хилээр тасралтгүй гаргаж байсан ба сүүлийн 2 жилийн гаалийн статистикийн мэдээлэлд 2016 онд 14 аж ахуйн нэгжийн 202 тонн, 2017 онд 8 аж ахуйн нэгжийн 108 тонн ДЖ ургамлыг гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийж хилээр гаргасан атлаа гаалийн байгууллагаас хуулийг нэг мөр ойлгон ялгаваргүй үйлчлэх зарчмыг алдагдуулан тайлбарлаж хэрэглэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно гэж заасан байхад байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон экспортын гэрчилгээг Гаалийн байгууллага өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, гаалийн хууль тогтоомжид хамаарахгүй асуудлаар хориг саад тавьж байна гэж үзэж байна.

Иймд шууд хэрэглэхээр хатааж бэлтгэсэн ДЖ нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан эцсийн бүтээгдэхүүн мөн болно.

Дээрх учрыг тайлбарлаж нэхэмжлэгч компаниудаас ГЕГт 2018 оны 02 сард гомдол гаргахад тус газрын 2018.02.28-ны өдрийн 01-2/892 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... ДЖ ургамлыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн болно.

2. ДЖ ургамлыг гадаадад гаргахаар Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож. Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ (Экспортын гэрчилгээ)-г нэхэмжлэгч компаниудад олгох талаар зохих шийдвэр гаргахыг МХЕГт даалгах шаардлагын тухайд:

Компаниуд нь ДЖг гадаадад гаргахад бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн нэг болох Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авахаар хүсэлт холбогдох материалыг хүргүүлсэн боловч дээр дурдсан Гаалийн ерөнхий газраас ДЖг гадаадад гаргахыг хориглосон, хилээр нэвтрүүлэх боломжгүй талаар албан бичгийг ирүүлсэн гэх үндэслэлээр Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ-г олгохоос татгалзаж, гэрчилгээ олгохгүй байгаа болно.

Бид Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11, 24.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын III хавсралт Амьтан, ургамал түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам-ын 2.1 дэх хэсэгт дурдсан баримт бичгийн хамт хүсэлтээ гаргасан байхад Мэргэжлийн хяналтын газраас хууль, журамд заагаагүй үндэслэлээр Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотын дагуу гэрчилгээ олгохоос татгалзаж буй нь хууль бус юм.

Нэхэмжлэгчид нь уг асуудлаар МХЕГт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргахад тус газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/681 тоот Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ..төрийн захиргааны байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариуг ирүүлсэн.

ГЕГ нь хуулийн зүйл заалтыг тайлбарлах эрхгүй этгээд бөгөөд төрийн байгууллага нь үндэслэлгүйгээр дур зоргоор хуулийг өөрсдийн хүсэл сонирхлоор тайлбарлаж компаниудын үйл ажиллагаанд хориг, саад учруулж буй нь холбогдох байгууллагаас ном журмаар нь зөвшөөрлөө авсан манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэр бүхий 14 компанийн зүгээс ГЕГ болон МХЕГт дээр дурдсан хоёр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гомдол гаргасан боловч хүнд суртал гарган өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй.

ДЖ ургамал нь ховор ургамлын жагсаалтад багтсан, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд БОАЖСын зөвшөөрлийн дагуу тухайн орон нутагт нь төлбөр төлж, түүн боловсруулаад экспортод гаргадаг. Нэхэмжлэгч нэр бүхий 14 компани нь уг ургамлыг хилээр гаргах гэсэн боловч ГЕГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаанаас болж тухайн ургамлыг экспортолж чадахгүй байна.

ГЕГ нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэж заасны дагуу ДЖ ургамлыг хилээр гаргахаас татгалзсан. Татгалзахдаа уг ургамал нь эцсийн бүтээгдэхүүн биш байгаа учраас хилээр гаргах боломжгүй гэж тайлбарлаж байгаа. Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компаниудын зүгээс төрийн үйлчилгээ авахаар албан ёсоор зөвшөөрөл авч, төлбөр хураамж, татвараа төлсөн энэхүү эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох гэхээр Гаалийн ерөнхий газраас хилээр гаргахгүй эцсийн бүтээгдэхүүн биш гэж тайлбарласан. ГЕГ нь эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг тогтоох байгууллага биш. ГЕГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Сангийн яамны харьяа байгууллага юм. Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖСаас зөвшөөрөл олгож, төлбөр хураамжийг нь төлж бүх зүйл нь хууль ёсны дагуу болсон байхад ГЕГ нь хүнд суртал гарган эцсийн бүтээгдэхүүн биш байна гээд ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөөгүй асуудал байгаа. Нэхэмжлэгч компаниудын зүгээс шат, шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан. ГЕГ нь хууль тайлбарлах эрхтэй байгууллага мэт үүнийг эцсийн бүтээгдэхүүн биш байна гэж тайлбарласаар ирсэн. Халгай, ганга, тэхийн шээг зэргийг байгалиас түүж аваад хатаагаад эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг. ДЖ ургамлыг хатааж тусгай зориулалтын саванд хийж эцсийн бүтээгдэхүүн болгон 2012 оноос 2016 оныг хүртэл нэхэмжлэгч компаниуд Монгол улсын хилээр гаргаад явж байсан. Гэтэл 2017 оноос эхлэн Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь солигдож тухайн ургамлыг хилээр гаргахаа больсон. Эцсийн бүтээгдэхүүн мөн гэдгийг Шинжлэх ухааны академи уг салбарын нарийн мэргэжлийн хүмүүс тодорхойлж байгаа.

Бид тухайн ургамлын түүж бэлтгээд зохих төлбөрөө төлсний дагуу МХЕГт хандан Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг аваад улсын хилээр гаргадаг. Гэтэл МХЕГ нэхэмжлэгч 14 компанид дээрх гэрчилгээг гаргаж өгөөгүй. Ямар шалтгаантай юм бэ гэхэд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэдэг. МХЕГ нь төрийн байгууллагын даргын шийдвэрийг үндэслэн дээрх гэрчилгээг одоог хүртэл өгөхгүй байна. Мөн уг асуудал шүүхэд маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдсэн байгаа. Тусдаа бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй байгууллага нь өөр байгууллагын албан бичгийг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн2671 дугаар зүйлийн 2671. 2 дахь хэсэг"... гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий мөн хуулийн 2691.1.1 дэх заалт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих; гэж тус тус заасны дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болно.

Нэхэмжлэлд дурдсан ДЖ ургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Засгийн газраас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153 дугаар тогтоолоор тогтоосон Ховор ургамлын жагсаалт-ын 350 дугаарт ДЖ /Saposhnikovia divaricata/ нэрээр заагдсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно. гэж заасан байх тул Гаалийн байгууллагыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно. заасныг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна. Иймд БО ХХК нарын 14 компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэр бүхий 14 компани болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсан 8 компани нийт 22 компани ДЖ ургамлыг улсын хилээр гаргахаар гаалийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Тухайн байгууллагуудын өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.А д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 01-2/892 дугаар албан бичгээр гаалийн байгууллагын байр суурийг илэрхийлсэн маш тодорхой хариуг өгсөн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авч экспортод гаргах гэж буй ДЖ ургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан ховор ургамал гэдэгт орж байгаа бөгөөд судалгаа шинжилгээний зориулалтаар гараагүй, эцсийн бүтээгдэхүүн болоогүй гэсэн 2 шаардлагыг хангахгүй байна. Иймд Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг үндэслэн хилээр гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн гэж заасан. Монгол улсын холбогдох хуулиуд нь гаалийн хууль тогтоомжид ордог. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хилээр гаргах боломжгүй гэсэн хариугаа өгсөн.

Улсын хилээр гаргая гэж буй бүтээгдэхүүнийг харахад гялгар уутанд савласан хатаасан ургамал хэлбэртэй зүйл байгаа. Шинжлэх ухааны үүднээс биш юм аа гэхэд мэдрэхүйн эрхтнээр харахад эцсийн бүтээгдэхүүн болоогүй байдаг. Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг удирдлага болгон хариугаа өгсөн. Энэ байр сууриа дэмжиж байгаа...” гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ Мэргэжлийн хяналтын байгууллага нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 173 дугаар тогтоолыг үндэслэж Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ-г ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог.

БОАЖСаас манай байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр 2017 онд ДЖ ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан /хавсралт 1/ аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрөл олгосон нэр бүхий 22 аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ирүүлсэн.

Иймд дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ДЖ ургамлыг хууль тогтоомжийн хүрээнд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгогдсоор ирсэн.

Гэтэл Гаалийн ерөнхий газраас БОАЖС Н.Ц танаа гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/423 тоотоор Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан ....эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно." гэсэнтэй зөрчилдөж байгаа тул танай яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй байна. Хувийг: МХЕГт гэсэн албан тоот ирсэн.

Засгийн газрын 173 тоот тогтоолоор ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг тул төрийн байгууллагууд хоорондын үл ойлголцлоос болж манай байгууллага аж ахуйн нэгжүүдэд дахин дахин ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгож чирэгдэл үүсгэхгүйн тулд хүсэлт тавьсан аж ахуйн нэгжүүдэд Төрийн захиргааны төв байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэсэн хариу хүргүүлж ажилласан.

Иймд хууль тогтоомжийн хүрээнд ажилласан МХЕГт тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ДЖ ургамлыг гадаадад гаргахаар Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг нэхэмжлэгч компаниудад олгох талаар зохих шийдвэр гаргахыг МХЕГт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

МХЕГ нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 173 дугаар тогтоолыг үндэслэн Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог.

БОАЖСаас манай байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр 2017 онд ДЖ ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрөл олгох нэр бүхий 22 аж ахуйн нэгжийн нэрсийг ирүүлсэн байдаг. Үүний дагуу дээрх компаниудад хууль тогтоомжийн хүрээнд Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг олгосоор ирсэн. Гэтэл Гаалийн ерөнхий газраас БОАЖС Н.Ц танаа гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01423 дугаар албан бичгээр “Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэсэнтэй зөрчилдөж байгаа тул танай яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй байна. Хувийг МХЕГт гэсэн албан бичиг манай байгууллагад ирсэн. Засгийн газрын 173 дугаар тогтоолд зааснаар Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг. Гаалийн ерөнхий газраас тухайн ургамлыг улсын хилээр гаргахгүй гэж зогсоосон байхад манай байгууллагад аж ахуйн нэгжүүдээс хүсэлт өгдөг. Манай зүгээс “...төрийн захиргааны байгууллагууд нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг олгоход татгалзах зүйлгүй” гэсэн хариуг хүсэлт тавьсан аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Иймд хууль тогтоомжийн хүрээнд ажилласан МХЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “БО” ХХК нарын нэр бүхий 14 компанийн нэхэмжлэлтэй, захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд  БОАЖСыг уг хэрэгт гуравдагч этгээдээр татсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “17.5-д Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ...” гэж заажээ. Харин уг маргаанд нэхэмжлэгч талууд Гаалийн ерөнхий газраас ховор ургамлыг гадаад улсад нэвтрүүлэх зөвшөөрөл авах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авах тухай шаардлага гаргасан байна.

Энэхүү шаардлагын улмаас байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, хохирсон зүйл байна.

БОАЖС 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай" А/43 тоот тушаал гаргаж уг ургамлыг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай хориглосон байна. Уг тушаал нь хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж www.Legalinfo.mn сайтад албан ёсоор тавигдсан” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтад холбогдуулан асуудал яригдаж байна. Тус заалтад “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж заасан. 2000 оны үеэс байгалийн ургамлыг түүж бэлтгээд манай яамнаас зөвшөөрөл олгож, ГЕГ гаалийн бүрдүүлэлт хийж экспортод гаргасаар ирсэн.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д үндсэн 2 концепц байдаг. Нэгдүгээрт яагаад эцсийн бүтээгдэхүүн болгон улсын хилээр гаргаад байна вэ гэвэл нэн ховор, ховор ургамлын генийн удмын санг гадагш нь алдахгүйн тулд буюу Монгол улс өөрийн ховор ургамлын генийн удмын санг өөрийн улсдаа хадгалах зорилгын үүднээс эцсийн бүтээгдэхүүн болгон хилээр гаргана гэж байгаа. Үүнтэй холбогдуулан хийгдсэн Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн шинжилгээгээр ДЖ ургамлын хатаасан үндэсний ургал эрхтэн нь цаашид ургах чадвараа алдсан гэж гарсан. Энэ нь тухайн хатаасан ургамлыг ургамал биш гэдгийг тодорхойлж байгаа юм. ДЖ ургамал нь өөрөө амьд организм бөгөөд үүнийг тодорхойлдог хамгийн гол шинж нь үр төлөө үлдээх асуудал байдаг. Гэтэл хатаасан ДЖ ургамлын ургал эрхтэн цаашид ургах чадваргүй гэж байгаа нь ургамал биш гэдгийг тодорхойлж байна.

Хоёрдугаарт түүж бэлтгэх нь тухайн экосистем, тухайн ургамлын зүйлийн бүрдэлдээ ямар нэгэн сөрөг нөлөө байна уу гэдгийг яамны зүгээс судалдаг. 2017 онд нэр бүхий 22 аж ахуйн нэгжид 147 тонн ДЖ ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл олгосон. Үүнийг судалгаа шинжилгээний үндсэн дээр олгосон. Ургамлын нөөцийг биологийн нөөц, ашиглалтын нөөц гэж 2 ангилдаг. Биологийн нөөц гэдэг нь тухайн ДЖ ургамлын Монгол орны хэмжээнд ургаж байгаа бүх нөөцийг хэлнэ. Ашиглалтын нөөц гэдэг нь тухайн биологийн нөөцөөс тодорхой хэмжээг нь түүж бэлтгэхэд экосистем, тухайн ургамлын зүйлийн бүрдэлдээ сөргөөр нөлөөлөхгүй хэмжээ буюу ашиглалтын нөөцийг тогтоодог. Бүх аймгуудаас энэ судалгаа шинжилгээг аваад Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн нөөцийн лабораторитой зөвшилцсөний үндсэн дээр 147 тонн ДЖ ургамлын үндсийг түүж бэлтгэхэд эко системд сөрөг нөлөөгүй гэж үзсэн учраас аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн гэдгийг тогтоосон хууль эрх зүйн орчин байхгүй. Байгалын ургамлыг хатаагаад уламжлалт анагаах ухаан, гоо сайханд шууд хэрэглээд явдаг. Энэ нь тухайн түүхий эдийн онцлог байгаа” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талуудын гаргасан маргааны талаар судалж уншсан. Эхний шинжилгээ дүгнэлтийг хуулийн 17.4-д заасан зүйлд тааруулаагүйгээс маргаан үүссэн гэж бодож байна.

Эцсийн бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт гаргасан юм байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Б” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Ө*******” ХХК, “Т*******” ХХК, “Ц*******” ХХК, “Э*******” ХХК, “Э*******” ХХК, “Ю*******” ХХК, “А*******” ХХК, “Н*******” ХХК, “Э*******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А  “ДЖ” ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт, “ДЖ” ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрчилгээ олгохыг МХЕГт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч нэр бүхий 14 компанийн “ДЖ” ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх нэр бүхий 14 компани 2017 онд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн “ДЖ” (Saposhikovia divaricafa) ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсны дагуу Дорнод, Хэнтий, С, Сэлэнгэ аймгуудын нутгийн өөрөө удирдах ёсны болон байгаль хамгаалах чиглэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хяналт эдгээр байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр түүж бэлтгэн экспортод гаргахад бэлэн болгон ажиллажээ.

  Энэ ажлын хүрээнд “Б” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0170626 дугаар тусгай зөвшөөрлөөр 10 тн , “Б” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0170601 дугаар тусгай зөвшөөрлөөр 5 тн , “Д” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0170612 дугаар тусгай зөвшөөрлөөр 3 тн , “М” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0170603 дугаар тусгай зөвшөөрлөөр 10 тн , “Ө*******” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0170497 дугаар тусгай зөвшөөрлөөр 5 тн , “Цагаан биндэрьяа” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0170499 дугаар тусгай зөвшөөрлөөр 2 тн , “”А*******” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 0170627 дугаар тусгай зөвшөөрлөөр 8 тн , “Н*******” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0170607 дугаар тусгай зөвшөөрлөөр 8 тн , “Э*******” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0170632 дугаар тусгай зөвшөөрлөөр 5 тн , “Н” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0170623 дугаар тусгай зөвшөөрлөөр 5 тн , “Э*******” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0160277 дугаар тусгай зөвшөөрлөөр 3.55 тн  ДЖ ургамлыг экспортод гаргах зөвшөөрөл олгож, “Т*******” ХХК, “Э*******” ХХК, “Ю*******” ХХК-иудын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг түр хойшлуулан хүлээгдэж байжээ. 

Нэхэмжлэгч 14 компанийн нэр бүхий 11 компанид нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл нь богино хугацаагаар олгогддогоос шалтгаалж хүчинтэй байх хугацаа дууссан эрх зүйн үйлчлэлгүй болсон хэдий ч энэ нь тус компаниудын үйл ажиллагаанаас бус хариуцагч Гаалийн ерөнхий газрын  хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрээс шалтгаалсан байна.

Өөрөөр хэлбэл Гаалийн ерөнхий газрын Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасантай зөрчилдөж байгаа гэж үзэн уг ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.

Монгол Улсын Их хурлаас Байгалийн ургамлын тухай хуулийг батлан 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдсөн, хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан үндэслэлээр ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлээгүй тохиолдол гарч байгаагүй бөгөөд 2004-2016 онуудад нийт 376 нь энэ ургамлыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниуд экспортод гаргаж байсан талаар хариуцагч Гаалийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-3/2284 дугаар албан бичиг, холбогдох статистик судалгааг  ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. 

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ховор ургамлын генийн удмын санг гадагш нь алдахгүйн тулд хатааж гаргах, уг ургамлын түүж бэлтгэх ашиглалтын хэмжээг тогтоохдоо биологийн нөөц, экосистем, тухайн ургамлын зүйлийн бүрдэлдээ сөргөөр нөлөөлөхгүй байдлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан хүсэлт гаргасан аж, ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгосон байхад хариуцагч ГЕГ хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус  гэх нэхэмжлэгч компаниудын шаардлага үндэслэлтэй.

Учир нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.” гэжээ.

Хуулийн дээрх заалт 1995 оноос одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байхад 2004 оноос 2017 оныг хүртэл уг ургамлыг хилээр нэвтрүүлж байсан атлаа гэнэт экспортод гаргахгүй гэж хориглосон Гаалийн ерөнхий газрын шийдвэр ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаагүй байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны олгосон тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын гэнэтийн шийдвэрээр хэрэгжүүлэх боломжгүй болгож нэхэмжлэгч нэр бүхий 14 компанийн ДЖ ургамлыг экспортод гаргахын тулд цаг хугацаа, хөрөнгө хүч зориулж их хэмжээний зардал гаргаж ажилласан бизнесийн эрхийг хөндсөнийг зөвтгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 14 компани уг ургамлыг түүж бэлтгэх ажилд 6-7 тэрбум төгрөгийн зардал зарцуулсан талаар тайлбарласан бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрлийн дагуу их хэмжээний хөрөнгө зарж бэлтгэсэн нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг буруутгахааргүй байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг судалгаа шинжилгээний зориулалтаар эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гаргахыг хориглосон, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад “ДЖ” ургамал бүртгэгдсэн байна.

Харин хариуцагч ГЕГ олон жил уг ургамлыг экспортод гаргаж байсан атлаа 2017 оноос тодруулбал нэхэмжлэгч 14 компани тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэсэн хөрөнгө хүч зардлыг үл харгалзан хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна. 

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын энэхүү эс үйлдэхүй нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....шударга ёс,...тэгш байдал.....нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “....бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” зарчимтай нийцээгүй гэж дүгнэв.

Нөгөө талаар БОАЖСын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар ДЖ ургамлыг байгалиас түүж бэлтгэхийг 5 жилийн хугацаагаар түр хориглосон хэдий ч энэ шийдвэр нэхэмжлэгч компаниудын уг ургамлыг түүж бэлтгэсэн цаг хугацаа үйл баримттай хамааралгүй байгааг тэмдэглэж байна.

Түүнчлэн ДЖ ургамлыг байгалиас түүж бэлтгэн хатааж савлаад экспортод гаргаж байгаа нь уг ургамлын тухайд эцсийн бүтээгдэхүүн мөн эсэх талаар маргаж байна.

Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ГЕГт хүргүүлсэн 01/39 дугаар албан бичгийн хавсралтаар “Орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг ус, спирт болон органик уусгагчийг хэрэглэн эмийн бодисыг нийлбэрээр болон цэврээр ялган эм үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна шууд ургамал чигээр нь ашигладаг. ДЖ ургамлын хатаасан үндэс нь ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн юм. Дорнын уламжлалт анагаах ухаанд (Хятад, Түвд эмнэлэгт) ДЖ ургамлын үндсийг шууд ургамал чигээр нь эмийн бүтээгдэхүүн болгон ашигладаг.” гэж,  шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн “....хатаасан ДЖ ургамлын үндэс цаашид ургах чадвараа алдсан байдаг тул энэ нь ургамал биш гэдгийг нотолж байна.”  гэж тус тус тайлбарласан байна.

Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ДЖ ургамлын хатаасан үндэс эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхэд бус харин хариуцагч Гаалийн газар 2004 оноос 2017 оныг хүртэл уг ургамлыг хилээр гаргаж байсан одоо ч таримал гэсэн мэдүүлгээр гаргаж байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт өгч нэхэмжлэгч 14 компанийн шаардлагын тухайд Гаалийн ерөнхий газрын байр суурь тодорхойгүй, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрчилгээ олгохыг МХЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

МХЕГ (цаашид МХЕГ) нь “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна;”, 11.1.2-т “экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх.” гэж хуульчилсны дагуу “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” олгодог байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ховор ургамлыг түүж бэлтгэн экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгосон аж, ахуйн нэгжүүдийн нэрсийг ирүүлснээр  “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” олгосоор иржээ.

Харин Гаалийн ерөнхий газраас Байгаль орчин,аялал жуулчлалын яаманд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/423 дугаар ДЖ ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй тухай албан бичгийн хүргүүлсэн хувийг МХЕГ-т ирүүлснээр гэрчилгээ олгохыг түр олгохоо зогсоосон бөгөөд энэ тухайгаа хүсэлт гаргагч байгууллагуудад мэдэгдэж байжээ.

Мөн Засгийн газрын 173 дугаар тогтоолоор ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг тул төрийн захиргааны байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос болж аж ахуйн нэгжүүдэд дахин дахин гэрчилгээ олгож чирэгдэл үүсгэхгүйн тулд ийнхүү шийдвэрлэсэн гэжээ.

Харин дээрх төрийн захиргааны байгууллагууд хуулийн хүрээнд асуудлыг шийдсэн тохиолдолд гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй талаар хариу тайлбар ирүүлсэн байна.

Шүүх хэдийгээр МХЕГ-аас хууль, журмын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгч нэр бүхий 14 компанид ДЖ ургамлыг хилээр гаргах зөвшөөрөл олгосон тохиолдолд “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байгаа ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг хангах үүднээс нэхэмжлэгч компаниудын даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  төрийн байгууллага болохын хувьд энэ хуулийн 269 дүгээр зүйлд заасан үндсэн чиг үүргээ гүйцэтгэхдээ хууль дээдлэх, бусад захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэх зарчмыг баримтлах үүрэгтэй.

Энэ үүргийн хүрээнд байгалийн ургамлыг түүж бэлтгэх, экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг Гаалийн хууль тогтоомж хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн байгууллага хориглох эрх хуулиар олгогдоогүй байна. 

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч ГЕГ нэр бүхий 14 компанийн бэлтгэсэн ДЖ ховор ургамлыг хилээр гаргахгүй байгаа,  МХЕГ “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” олгохгүй байгаа  эс үйлдэхүй тус тус хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 , 106.3.4, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 269 дүгээр зүйлийн 269.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Ө*******” ХХК, “Т*******” ХХК, “Ц*******” ХХК, “Э*******” ХХК, “Э*******” ХХК, “Ю*******” ХХК, “А*******” ХХК, “Н*******” ХХК, “Э*******” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “ДЖ” ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт, “ДЖ” ургамалыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрчилгээ олгохыг МХЕГт тус тус даалгасугай.

  2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 35.100 төгрөг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 35.100 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгосугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР               

      ШҮҮГЧ                             У.БАДАМСҮРЭН 

        ШҮҮГЧ                             О.О