Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00101

 

М.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2018/01831 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЭК” ХХК--д холбогдох,

Luxury-13, apartment орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээнээс учирсан хохиролд 139 424 041 төгрөг гаргуулах, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээний захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “ЭК” ХХК-, М.Х- нарын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 630 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваажанцан, А.Сэргэлэнтуяа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие “ЭК” ХХК--ийн захирал Б.Энхболдтой 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулж ашиглалтад өгөх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу газар тэгшилтийн ажил, бетон цутгалтын ажил 09 дүгээр сард эхэлсэн боловч “ЭК” ХХК- инженер техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын инженергүй, хятадын 24 ажилтантай, тэдгээр хүмүүстэй хэл ойлголцоход хэцүү, миний шаардлагыг тэр хүмүүс хүлээж авдаггүй, Б.Энхболд барилга дээр мөнгө авах гэж л ирдэг, шаардлага тавихад хүлээж авдаггүй, сонсдоггүй, барилгын ажилд хариуцлагагүй хандаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-наас хүйтний улирал эхлэхэд барилгын ажил зогсч, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээний дагуу барилгын ажил эхлэх ёстой байсан. “ЭК” ХХК--д нийт 1 438 221 450 төгрөгийн санхүүжилт хийсэн.

Б.Энхболд надад краны голын стек олдохгүй, кранаа сунгаж чадахгүй байна, мөнгө байхгүй гэдэг тайлбар өгдөг байсан. Би Б.Энхболдод хөрөнгө оруулалт хангалттай хийсэн, ажлаа хурдан хийх шаардлага тавьдаг байсан. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхболдод 1 438 221 450 санхүүжилт хийгдсэн, гэрээний зөрчсөн заалтуудыг дурдаж мэдэгдэл өгсөн. “ЭК” ХХК-инженер, техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын ажилтан байхгүйгээс барилгын хэв хашмал задарч, иргэн н.Заяа, н.Эрдэнэбатын эд хөрөнгөнд учирсан хохирлыг би барагдуулсан. 

Ийм байдлаар барилгын ажил цаашид үргэлжилбэл хүний амь нас ч эрсдэж болзошгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас 2-3 удаа “ЭК” ХХК--д хариуцлага тооцсон. “ЭК” ХХК--д 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн. Миний тооцоогоор барилга 2 050 000 000 төгрөгөөр боссон. М.Х- 1 438 221 450 төгрөг өгсөн. Үүний зөрүү 600 000 000 төгрөг өг гэж Б.Энхболд шаардсаныг би хүлээн зөвшөөрөөгүй.

Б.Энхболд надад гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурахыг шаардсан ба би гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй. Хэрвээ би Б.Энхболдтой маргалдаж явсан бол өөрөө дампуурч, надад итгэл хүлээлгэсэн олон захиалагч нарын итгэлийг эвдэх байсан. Би барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөхөд 3 сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад барилгын карказ ч дуусаагүй, захиалагч нар надаас барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөхийг шаардаж байсан. 2016 оны 02 дугаар сард улсын комисс барилга хүлээж авахад “ЭК” ХХК- улаан дэвтэр хөтлөөгүй, комисст танилцуулах зүйлгүй байснаас гадна барилгын инженерийг ч цалинжуулаагүй учир би цалин өгсөн.

“ЭК” ХХК- “Алтай нутгийн хүчин” ХХК-иас гурвалсан гэрээгээр авсан 1312 куб бетон төлбөр, ”Шахмал” ХХК-д төлөх 30 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлбөл барилгын өдөр тутмын үйл ажиллагааны улаан дэвтэрт тамга дарж өгнө гэж дарамталсан. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бусдын захиалгатай орон сууцнуудад өөрсдийн дураар гэрээ хийж, албан шахалтаар гарын үсэг зуруулж авсан.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд ажил гүйцэтгэгчтэй орон сууцны барилга барьсны ажлын хөлсийг мөнгөөр төлнө гэсэн болохоос бус байр оролцуулж төлбөр төлнө гээгүй учир 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 дугаартай гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, учирсан хохиролд 139 424 041 төгрөг гаргуулж, гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

...М.Х- барилга бариулна гэж намайг үнийн санал өгөөч гэснээр би 4 400 000 000 төгрөгийн барилгын үнийн санал өгсөн. Нэхэмжлэгч талаас үнийн саналаа буулгаач гэсний дагуу би 4 200 000 000 төгрөгөөр барилга барихаар үнээ буулгаж, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Х-, М.Хүдэрбаатар нар уулзаж, М.Х-тай гэрээ байгуулсан.

Бодит байдал дээр М.Х-ын өгсөн мөнгө барилгын карказад оруулсан хөрөнгөд хүрэхгүй, зардал 2 050 000 000 төгрөгөөс давсан. Анх М.Х-тай бэлэн мөнгөөр гэрээ байгуулсан ч сүүлд бэлэн мөнгөний боломжгүй болж зарим газраас арматур зуурмаг авсан. Бартерын төлбөр 800 000 000 төгрөг болсон. Би боломж бололцоогоо ашиглаж 11 давхар хүртэл барьсан. Хятад ажилчид Засгийн газрын шийдвэрээс болж, Монголд хоцорч орж ирснээс барилгын ажил 14 хоног л саатсан болохоос бус бусад барилгын ажил хэвийн хугацаандаа явж байсан.

Барилгын ажлын явцад кран нэг айлын хашаа мөргөж, нэг машины цонхон дээр жижиг чулуу унасан нь үнэн. Тухайн үед 2 хүний хохирол бид нар өөрсдөө барагдуулсан. Би М.Х-ад барилгын карказ дууслаа, хийгдэх ёстой ажлын 50 хувь хийгдсэн, өмнө өгсөн мөнгө хүрэхгүй байна, мөнгө өгөхгүй бол барилгын ажил цааш явахгүй байна гэж хэлж, мэдэгдэж байсан.

Бид хэн хэндээ чирэгдэл учруулахгүйн тулд хуулийн фирм дээр очиж, 7 байр төлбөрт өгөх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн. М.Х- намайг өөрөө дагаж явж, гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. М.Х-ыг айлган сүрдүүлж гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 7 орон сууцны захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус өдөр байгуулсан гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр эсэх, хариуцагч талын гэм буруутай үйл ажиллагаанаас 139 000 000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудал юм.

Түүнээс 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, түүний дагуу гарсан зөрчлүүд энэ хэрэгт хэлэлцэх асуудал биш. Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээнд зааснаар 09 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажил эхлэх ёстой байсан. Хариуцагч гэрээнд зааснаар барилгын ажил эхлүүлж, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдон 10 дугаар сард барилгын ажил зогссон.

Засгийн газрын тогтоол 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарч, “ЭК” ХХК- дээрх хугацаанд барилгын ажил хойшлуулж эхлүүлсэн боловч гэрээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл барилгын ажлыг 41-70 хувьтай байлгах үүргээ гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч тал төлбөр зориулалтын бус ашигласан, чанар стандартын шаардлага хангахгүй бараа материалаар ажил гүйцэтгэсэн гэдэг. Гэрээний 4.5-д төлбөрийг зөвхөн үндэсний мөнгө тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж талууд тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал бэлэн мөнгөний төлбөрийн чадвар муу байгаагаас бараа материалаар буюу бартераар төлбөр барагдуулах санал тавьсан.

Талууд барилгыг чанарын шаардлага хангасан материалаар хийсэн гэж 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдэж, улсын комисс барилгыг хүлээж авсан. Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу бид зөрчил дутагдлаа хугацаанд нь арилгаж, албан бичиг хүргүүлж байсан. Тухайн үед барилгын ажил дээр хөдөлмөр хамгааллын 2 ажилтан ажиллаж байсан.

Нэхэмжлэгч тал 1 435 000 000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар өгсөн. “ЭК” ХХК-барилгын 12 давхар карказ дуусгаж, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 800 000 000 төгрөг хэрэгтэй талаар нэхэмжлэгч талд хүргүүлэхэд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

“ЭК” ХХК-захиалагчийн өгсөн 1 435 000 000 төгрөгийг барилгад зарцуулж, 2 100 000 000 төгрөгийн карказ боссон. Цаашид захиалагч төлбөрийн чадваргүй болсон гэж үзээд нэхэмжлэгч талын гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээж авсан. Орон сууцны захиалгын гэрээний дагуу карказ угсралтын ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр 7 байраар төлөх санал анх захиалагч тал гаргасан. Хариуцагч тал барилгыг улсын комисст хүлээлгэж өгсний дараа М.Х- 2016 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

“ЭК” ХХК-үлдэгдэл 614 000 000 төгрөгт таарсан аль давхар, аль тоотод хэдэн м.кв байр зарагдаагүй үлдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. 7 орон сууцны талаарх мэдээллийг анх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан 4 200 000 000 төгрөгийн төлбөрийн 50 хувиас илүү зардал гарч талууд 2 050 000 000 төгрөгөөр ажлаа дүгнэж, нэхэмжлэгч талаас нийт бэлэн болон бэлэн бусаар 1 435 221 450 төгрөг өгсөн байна. Үлдэгдэл 614 000 000 төгрөгийн төлбөрт 7 байр өгөхөөр захиалагч тал тохирсон. Тухайн үед талууд энэ асуудлаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулсан. “ЭК” ХХК-, М.Х-аас үлдэгдэл төлбөрөө авахын тулд эрх, үүргээ ухамсарлаж, нэхэмжлэгчтэй 7 байраар тохирч гэрээ байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч талын ярьсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан төөрөгдөж хэлцлийн учир холбогдлыг ойлгохгүй, талуудын хооронд хүчээр хэлцэл байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу захиалагч, гүйцэтгэгчээс хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын зардал болон барилгын нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч хариуцна. Энэхүү үнийн дүн нийт төлбөрт багтсан байна гэж талууд тохирсон.

Нэхэмжлэгч гэрээ цуцалснаас хойш өөр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний төлбөр, харуул хамгаалалтын төлбөр хариуцагчаас нэхэмжилсэн. Тухайн байр бүрэн гүйцэд баригдаж дууссаны дараа харуул хамгаалалт тавих эсэх нь захиалагч таны асуудал энэ төлбөрийг яагаад гүйцэтгэгч компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гэрээ цуцалснаас үүссэн төлбөр хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн нь  шууд шалтгаант холбоогүй байна. Талууд гэрээ дүгнэсэн акт байгуулъя, үлдэгдэл төлбөрт 7 орон сууц өгөх саналыг захиалагч талаас гаргасан учраас талуудын гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Захиалагч орон сууц захиалгын төлбөр 100 хувь төлж барагдуулснаар захиалагчийн үүрэг дуусгавар болох ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“ЭК” ХХК- захиалгын гэрээний дагуу орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч эдгээр орон сууцыг аль хэдийн өөр хүмүүст худалдсан. Та нарт орон сууц өгөх боломжгүй гэж 5 гэрээ хэргийн материалд өгсөн байдаг. Нэхэмжлэгч талын гэрээний үүргээ зөрчиж байр худалдсан асуудалд бид цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийг эдгээр орон сууцыг захиран зарцуулахаас сэргийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах хүсэлт гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн захирамж гарч 7 орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл нэхэмжлэгчийг захиран зарцуулахыг хориглосон байдаг.

Гэтэл М.Х- шүүгчийн захирамж гарснаас хойш 5 орон сууц худалдсан. Үлдэх 2 орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гарахаас өмнө бусдад худалдан борлуулсан байдаг. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээнд заасныг дагуу үлдэгдэл төлбөр болох 614 500 000 төгрөг, М.Х-,”ЭК” ХХК--ийн захирал Б.Энхболдоос авсан 16 000 000 төгрөг, нийт 630 500 000 төгрөгийг гаргуулна уу гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 56.1.4., 56.1.10., 236 дугаар зүйлийн 236.1.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар “ЭК” ХХК-холбогдуулан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээ, 2015.07.10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “ЭК” ХХК--ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 123 243 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай М.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар М.Х-аас 413.221.264 төгрөг гаргуулж, “ЭК” ХХК-олгож, үлдэх 217 278 736 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7 386 170, хариуцагч “ЭК” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 338 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Х-аас 2 224 056 төгрөг 32 мөнгө гаргуулан хариуцагч “ЭК” ХХК-олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Х-аас шинжээчийн дүгнэлтийн зардалд 4 042 500 төгрөг гаргуулан Уран асар ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар 2017.11.21-ний өдрийн 102/ШЗ2017/15481 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2017/00496 дугаар шүүгчийн захирамжууд нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2018/01831 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 224 056 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “...Хэргийн 1 дүгээр хавтасны 96, 110 дугаар хуудаст зохигчдын төлөөлөгчид танилцсан хэмээн гарын үсэг зурсан байх боловч шүүгч гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлаагүй хэмээн үзсэн”. ...баримтад шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” үйлдэлд хамаарахгүй юм.

...Мөн түүнчлэн хэрэг үүсгэснээс хойш 2 жил 3 сарын хугацаанд болсон шүүх хуралдаан бүрт шүүгч хэргийн оролцогчдод эрх үүргийн нь тайлбарласан баримттай байхад давж заалдах шатны шүүхээс “хэргийн материалын 1 дүгээр хавтасны 96, 110 дугаар хуудас дахь баримтад шүүгч гарын үсэг зураагүй” явдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

...Давж заалдах шатны шүүх “...Томилогдсон шинжээч нар шүүгчээс тавьсан асуултад бүрэн хариулаагүй, шинжээчийн дүгнэлтийнхээ үндэслэл болгосон санхүүгийн баримтыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ” хийлнэ гэж заасан. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дээрх хуульд заасны дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байжээ...” гэж дүгнэсэн. 

...Бид Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээг дүгнэж акт үйлдэж, 7 орон сууцны захиалгын гэрээ байгуулсан ба гэрээ дүгнэсэн актаар М.Х- нийт бэлэн болон бэлэн бусаар 1 435 500 000 төгрөгийг нийлүүлсэн, “ЭК” ХХК--иас барилгын карказ угсралтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн талаар тохиролцож үлдэгдэл 614 500 000 төгрөгт 7 орон сууцыг өгөхөөр талууд харилцан тохиролцож мөн өдөр 7 гэрээг байгуулж, М.Х-ын санал болгосон нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл 12 давхар байрыг улсын комисс хүлээн авсны дараа, М.Х- шүүхэд талуудын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулсан 7 орон сууцны гэрээ, гэрээ дүгнэсэн актыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Мөн М.Х- 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12 давхар байрны төсвийг тодорхойлуулахаар шинжээч томилох хүсэлт гаргаж, анхан шатны шүүхээс тухайн 12 давхар карказ угсралтын ажлын төсвийг тогтоолгохоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 102/Ш32016/16523 дугаар захирамжаар шинжээчээр “Уран-Асар” ХХК-ийг томилсон. “Уран-Асар” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12/2016 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр иргэн М.Х-ын Үйлчилгээтэй орон сууцны карказ угсралтын төсөв 2 148 531 592 төгрөгөөр хийгдсэн болохыг тогтоосон.

...Анхнаасаа тус хэрэг дээр шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй байсан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагад орон сууц захиалгын 7 гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргасан болохоос анх талуудын дунд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын өртөг, төсөв, зардлын хүрээнд ер маргаагүй.

...Шинжээч шүүхээс тавьсан асуултанд хариулаагүй тухайд М.Х- “Уран-Асар” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, мөн шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 102/Ш32016/22807 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг томилж, шинжээч нарт хариуцагч “ЭК” ХХК--ийн гүйцэтгэсэн 12 давхар карказ угсралтын ажлын гүйцэтгэлд хэдэн төгрөгийн өртөг шингэсэн, түүний хэдийг хариуцагч талаас хэдийг гаргасан тухай асуулт тавихад ...Барилгын хөгжлийн төв 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүхэд ирүүлсэн ...Шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр хуудас 18 дахь догол мөрөнд барилга угсралтын ажлын төсөвт өртөг нь 1 918 657 916 төгрөг байна хэмээн маш тодорхой хариулт өгсөн. ... Мөн шинжээчийн дүгнэлтийн 4 хуудсанд хариуцагч “ЭК” ХХК--иас ирүүлсэн материалтай танилцаж, “ЭК” ХХК--ийг нийт 12 давхар карказ угсралтын ажилд зарцуулсан санхүүгийн баримттай байгаа зардлыг дурдсан байна. ...Харин нэхэмжлэгчийн ирүүлсэн баримттай шинжээч танилцаад бартераар хийсэн төлбөр буюу байраар төлсөн төлбөрт гэрчилгээ гараагүй бол төлсөн гэж үзээгүй тухай дурджээ. Энэ зарчмын дагуу М.Х- нийт гаргасан зардлыг нэмбэл 1 256 403 472 төгрөг зарцуулсан гэдгийг төвөггүй харах боломжтой юм. Иймд шинжээчдийн зүгээс шүүхээс тавьсан асуултад шинжээчийн дүгнэлтээр бүрэн хариулсан байна. Шинжилгээ хийхэд ашигласан баримтыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй гэх тухайд ...шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/22807 дугаар захирамжийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу “ЭК” ХХК--ийн шинжилгээнд ашиглах санхүүгийн анхан шатны нийт 262 хуудас баримт бичгийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Барилгын хөгжлийн төвөөс шинжилгээний дүгнэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хүргүүлсэн байдаг. Уг дүгнэлтийн эхний хуудсанд уг шинжилгээг ямар баримтад тулгуурлан хийсэн тухайгаа Барилгын хөгжлийн төвийн шинжээчид тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэгч М.Х- өөрийн өгсөн 18 хавтас баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс хүлээн авсан бол хариуцагч “ЭК” ХХК- 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шинжилгээнд өгсөн 2 хавтас баримтаа хүлээн авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шинжээч нь тухайн шинжилгээнд ашигласан баримт бичгийг хэргийн оролцогчдод танилцуулах үүрэггүй. Мөн нэхэмжлэгчээс тухайн нотлох баримттай танилцах хүсэлтэй байсан бол шинжилгээ хийхэд өгсөн “ЭК” ХХК--ийн баримт 1 сар хагас шүүх дээр байсан байна. Нэхэмжлэгч өөрөө шинжээчийн дүгнэлтийг хүлээн авахдаа шүүхэд ирүүлсэн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой байсан атлаа танилцаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буцаах үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дээрх хуульд заасны дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой гэсэн тухайд: ... Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн 2 шинжээчийн дүгнэлтээс өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэж үзсэн байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл үнэмшилд халдаж, ямар үндэслэлээр дахин шинжээч томилох боломжтой байсан гэж үзсэн нь тодорхойгүй байхад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг магадлалд үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийг томилсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 102/Ш32016/22807 дугаар захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой байсан ч ...хүсэлт огт гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхээс 2016 оны 04 сард иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаанд нэхэмжлэгч хурлыг удаа дараа хойшлуулж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авч, хариуцагч манай компанид өгөх ажлын үлдэгдэл төлбөрийг төлөлгүй ийнхүү хугацаа алдсаар байгаа нь манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1831 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч М.Х- нь шүүхэд гаргасан анхны болон шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ хариуцагч “ЭК” ХХК--тай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын 7 гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн актыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “ЭК” ХХК--ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 123 243 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Хариуцагч “ЭК” ХХК- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 614 500 000 төгрөг, М.Х-ын авсан 16 000 000 төгрөг, нийт 630 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь танилцуулаагүй гэж үзсэнээс гадна дахин шинжээч томилоогүй нь буруу гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарласан баримт авагдсан байх ба ийнхүү эрх, үүрэгтэйгээ танилцсан болохоо хэргийн оролцогч гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Зохигч нь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Зохигчийн хэн нь ямар эрхээ ойлгоогүй, улмаар хэрэгжүүлж чадаагүй болохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа заагаагүй учир хэргийн оролцогчийн эрхийг танилцуулах шүүхийн ажиллагаа дутуу явагдсан, шүүгчийн даалгавараар эрх, үүргийг танилцуулсан шүүгчийн туслахын ажиллагаа хууль бус байсан, улмаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилж, шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлт гарган, шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ тус тус хийлгэх боломжтой.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр дахин шинжээч томилсон, дүгнэлтийн талаар шинжээчээс шүүх хуралдаанд мэдүүлэг авсан байна. Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн чухам ямар хэсэг нь эргэлзээ төрүүлж байгааг магадлалдаа заагаагүйгээс “дахин шинжээч томилох боломжтой байсан” гэж үзсэн нь шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болж чадахгүй байна.

Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, дахин шинжээч томилох тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлүүд нь хуульд нийцсэн байх боловч тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг үгүйсгэх, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагыг тодорхойлоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигч нь 2014 оны 08 дугаар сарын 30-ны өөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч “ЭК” ХХК- нь нэхэмжлэгч М.Х-ад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт үйлчилгээний байртай, 66 айлын 12 давхар орон сууцын барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцжээ.

Хариуцагч “ЭК” ХХК- нь 12 давхар орон сууцны барилгын карказын нийт 2 050 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг гэрээний талууд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт үйлджээ.

Гүйцэтгэсэн ажлын үнийн талаар зохигч маргасан бөгөөд шүүх зохигчийн хүсэлтээр хоёр удаа шинжээч томилж, ажлын гүйцэтгэлийг шинжээч 2 148 531 592 төгрөг, 1 918 657 916 төгрөг гэж тус тус тодорхойлсон байна. Анхан шатны шүүх гэрээ дүгнэсэн акт, шинжээчийн хоёр дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгүүдээс дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 918 657 916 төгрөгийн үнийн дүнг шийдвэрийн үндэслэл болгож, захиалагчийн гаргах зардлын 67 215 202 төгрөгийг хасч, 12 давхар барилгын карказ 1 851 442 714 төгрөгөөр баригдсан гэж үзэн, нэхэмжлэгч М.Х-ын ажил гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжүүлсэн 1 438 221 450 төгрөгийг хасч, нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөл зохих төлбөрийг 413 221 264 төгрөг гэж тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Х- нь ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн актыг, мөн ажлын хөлсөд орон сууц шилжүүлэх зорилгоор хийсэн орон сууц захиалгын 7 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч эдгээр хэлцэл, гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарах нь баримтаар тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй болно. Гэрээ дүгнэсэн акт болон орон сууц захиалгын гэрээнүүдийг талууд дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч “ЭК” ХХК- нь орон сууц захиалгын 7 гэрээний дагуу 7 орон сууц, эсхүл тэдгээрийн үнэ гаргуулахыг шаардаагүй, шүүх барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын дутуу төлөгдсөн хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, ажил гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2018/01831 дүгээр магадлалыг хүчингүй болгож,, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 2 224 060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                   Ц.АМАРСАЙХАН