| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0600/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/620 |
| Огноо | 2021-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/620
2021 09 07 2021/ШЦТ/620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогч Д.Тунгалаг,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,
шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ч.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103001000125 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл-1, Улаанбаатар хот, тоотод оршин суух,
1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
1995 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 07 дугаар сарын 12-нд эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,
1999 оны 9 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
2000 оны 9 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 22 хоногийн хорих ялаас 4 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 8 сараар тогтоодож байсан, Ч.Д, /регистрийн дугаар: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Их тойруу, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын замд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewoo” маркийн BS106 загварын 17-48 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 10.1. ”Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 12.6. ”Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчигч Д.Тунгалагийг унагаж эрүүл мэндэд нь “хүнд” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн орой 100 айлын автобусны буудал руу ороод зогссон. Тухайн үед гурван зорчигчтой явсан. Д.Тунгалаг гэх хүн 100 айлын автобусны буудал дээрээс суусан, энэ хүн картаа дараад хойшоо сандал руу суухаар явсан, тэр үед нь би хөдлөөд явах гэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл араандаа орохгүй, чичрээд унтарсан, би торомз гишгээгүй. Энэ хүнийг уначихаар нь очиж босгоод сандал дээр суулгасан, тэгээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Автобусны хаалгаа хаагаад хөдөлсөн чинь автобус дотор хүн уначихлаа гээд 40 гаран насны эмэгтэй хэлэхээр нь автобус дотор шалан дээр уначихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-69-71/,
Хохирогч Д.Тунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн орой ажлаа тараад дэлгүүр орчхоод явж байсан. Тухайн үед эсрэг талын урсгал нь түгжрэлтэй, баруун талын урсгал нь түгжрэлгүй байсан бөгөөд би тоосгоны үйлдвэр гэсэн автобусанд суусан. Картаа дарах хооронд жолооч автобусаа хөдөлгөсөн. Автобус савласан юм уу, тооромслох үед нь урд талын суудлын төмөрт тээглээд унасан. Миний зургаан хавирга хугарч, мөр гэмтсэн, намайг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед амь насанд аюултай гээд шууд гуурс тавьсан. 2 сар гаруй хугацаанд хэвтэрт эмчилгээ хийлгэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин, илүү цаг, улирлын урамшуулал, хэвтэрт байх хугацаанд асарч байсан 2 хүний цалин болон эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг тооцоолоод нийт 9.339.716 төгрөг нэхэмжилж байна, бодит зардал нь 6.999.716 төгрөг болсон...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед би 100 айлаас Гандан орох гээд Тоосгоны үйлдвэр 3-083 дугаарын 25 номерын автобусанд дөнгөж ороод автобусны картаа уншуулаад жолоочийн суудлаас хойш 2 дахь билүү 3 дахь сандлын бариулаас бариад зогсож байтал автобус эхлээд дөнгөж хөдлөхдөө хүчтэй савлаад миний хажууд зогсож байсан эмэгтэй автобус дотор сандал дээр суух гэж байгаад унасан. Тэр эмэгтэй унаад босоод ирсэн. Би автобусны суудлын бариулаас зүүн гараараа бариад зогсож байтал автобус хөдөлж яваад гэрлэн дохиотой уулзвар дээр огцом тоормосолсон чинь би 2 дахь суудлын бариулын төмөр хэсгийг хэвлий хэсгээрээ мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-13-16/,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Зорчигч тээвэр-3 аж ахуй нэгж нь 2018 онд байгуулагдсан. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэж явдаг. Парк шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан. Анх 80 тээврийн хэрэгсэл ирсэн. Ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслүүд байсан. Нийслэлийн тээврийн үйлчилгээний газартай гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Манай байгууллагын хувьд тус автобусыг засварлаж сайжруулаад хөдөлгөөнд оролцуулах үүрэгтэй байдаг. Ашиглалтын хугацаа дууссан учраас аль болох эвдрэл гэмтлийг нь засварлаж хөдөлгөөнд оруулдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр нь нийслэлд замын хөдөлгөөний хувьд тэг зогсолтод орчихсон байсан. Тухайн автобусыг хөдөлгөөнд оролцоход боломжтой байна уу, үгүй гэдэгт холбогдох албан тушаалтан өглөө бүр шалгалт хийж гаргадаг...” гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн: “…төлбөр мөнгөтэй холбоотой асуудалд манай байгууллага оролцоно. Учир нь манай байгууллагын эзэмшлийн Daewoo 106 маркийн 17-48 УЭБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тодорхой эвдрэл гэмтэлтэй байгаа тул төлбөр мөнгөний зардлыг зохих түвшинд төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч Ж.Бадамгэрэлийн “...Шархадны автобусанд сууж явж байгаад 100 айлын автобусны буудал дээр буугаад дахиад Баянбүрд орох унаа хүлээж байтал шар өнгийн “Вокзал-Тоосгоны үйлдвэр” гэсэн бичигтэй автобус ирэхээр нь 21 цаг өнгөрч байхад би автобусан дотор түрүүлж ороод сандал олох гээд явж байтал автобус огцом хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь гүйж яваад хойд хаалганы ойролцоо суудал олоод сандал дээр суусан. Би автобусны суудал дээр суугаад эргээд хартал нэг эмэгтэй зүүн талаараа автобусан дотор уначихсан харагдсан. Би автобусан дотор явсан 2 эрэгтэйд хандаж уг эмэгтэйг дээш босгоод суулгаад өгөөч гэсэн. Тэгээд жолооч нь автобусаа зогсоогоод жолоочийн өрөөнөөс гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3252 тоот актын “…Д.Тунгалагийн биед баруун талын 5,6,7 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн ”хүнд” зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 35-37/,
Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 7040 дугаартай “Хариулт 2: ...нэгдүгээр тэнхлэгийн тоормосны хүч зөрүүтэй, хурд хэмжигч, цахилгаан одометр ажиллахгүй, хөдөлгүүр бага зэрэг тос гоожилттой, өнгө үзэмж дунд зэрэг, тоормосны болон ухрах арааны гэрлүүд асахгүй, зорчигчийн заалны сандлуудын бариул бүрэн бус, араа залгах болон салгах хөшүүргийн бариул сул хөдөлгөөнтэй, залан доторх зорчигчдыг харах тольгүй эвдрэл гэмтэлтэй байна. Хариулт 3: “Эдгээр эвдрэл гэмтлүүд нь техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгдээгүйгээс үүссэн хуучин гэмтэл эвдрэлүүд байх боломжтой. Хурд хэмжигч ажиллахгүй болсноор жолооч хэрхэн ямар хурд сонгож хөдөлгөөнд оролцож буйгаа хянаж чадахгүй, тоормосны ба ухрах арааны гэрэл асахгүй байгаа эвдрэл нь гэмтэл нь арын жолоочид зогсох болон ухрах үйлдэл хийхийг мэдээлэх боломжгүй болно. Урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартад нийцэхгүй байгаа нь тоормосны замыг уртасгана. Араа залгах хөшүүргийн бариулын хэмжээ хэт өндөр, тогтоох резба элэгдсэн, араа залгах, салгах явцад жолооны хүрдтэй гадаргуугаар харьцаж байгаа нь жолоочид аюулгүй хөдөлгөөнд оролцоход эрсдэлд оруулах боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-43-52/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, хохирлын баримтууд /хх-39-48/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-112-114/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Их тойруу, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын замд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewoo” маркийн BS106 загварын 17-48 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 10.1. ”Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 12.6. ”Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчигч Д.Тунгалагийг унагаж эрүүл мэндэд нь “хүнд” хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Тунгалаг мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний №3252 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ч.Дийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Тунгалагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Дийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй боловч шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд уг үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,
мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,
мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж,
мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсанд хамаарч, энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан нөхцөл журмыг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тунгалагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эм тарианы зардалд 2.872.455 төгрөг, асруулсны цалин 800.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1.040.000 төгрөг, цалингийн зөрүү 1.182.332 төгрөг, нэмэлт цалин урамшуулал 2.215.544 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх эм тарианы зардал болох 2.872.455 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас 2.872.455 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тунгалаг (РД:ХЕ71082866)-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх асруулсны цалин 800.000 төгрөг, нэмэлт цалин урамшуулал 2.215.544 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1.040.000 төгрөг, цалингийн зөрүү 1.182.332 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт дутуу тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь гэм буруутай этгээдээс дээрх 2.872.455 төгрөгийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Шүүгдэгч Ч.Д нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Д хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Дид холбогдох эрүүгийн 2103001000125 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас 2.872.455 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тунгалаг (РД:)-д олгосугай.
4.Хохирогч Д.Тунгалаг нь өөрт учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
5.Иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруутай этгээдээс хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР