Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01092

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж 39/1, өөрийн байранд байрлах, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 16-р гудамжны 81 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО77102704, Харчин овогт Сайнхүүгийн Цэенцогзолд холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 3 652 815 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 2 787 200 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал /ШТҮД1581/, хариуцагч С.Цэенцогзол, хариуцагчийн өмгөөлөгч О.Батцэцэг /ШТҮД0282/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн төлбөр, алдангид 3 652 815 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нэхэмжлэгчээс засварын зардал 2 787 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэлэлцлээ . 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: С.Цэенцогзол нь манай байгууллагатай 2014-08-01 өдрөөс 2014-12-31 өдрийг хүртэл 18 м.кв талбай бүхий өрөөг үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр 1 м.кв талбайг 9000 төгрөг, нэг сарын хөлсийг 162 000 төгрөгөөр тохирч, түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр, түрээсийн төлбөрөө цаг тухайд хийгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тус тус харилцан тохирсон.

Түрээсийн гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлөөгүй хөлс 977 210 төгрөг байсан боловч 2015-01-01 өдрөөс 2015-12-31 өдөр хүртэл түрээсийн гэрээг дахин байгуулсан. Гэрээний нөхцөлд өөрчлөлт ороогүй. 2015 оны түрээсийн төлбөр 1 458 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа С.Цэенцогзолд сануулж байсан ч төлөгдөөгүй.

Иймд С.Цэенцогзолоос түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 435 210 төгрөг, алданги 1 217 605 төгрөг, нийт 3 652 815 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч С.Цэенцогзол тайлбартаа: Миний бие 2014-08-01 өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-тай нийслэлийн өмч болох Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын оффиссын байрны 3 давхрын 306 тоот дахь, 18 м.кв хэмжээтэй өрөөг хэрчсэн гурил үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулж, 1 м.кв үнийг 9000 төгрөгөөр тооцож, сарын 162 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр түрээслэсэн. Уг өрөө өмнө нь узелийн өрөө байсан, ашиглалтгүй байсан бөгөөд өрөөнд цонхны наагуур тоосгоор давхар хана өрсөн байсан тул байгалийн гэрэл тусахгүй, шал болон таазаараа сантехникийн болон агааржуулалтын шугамтай байсан. Би хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд түрээслэгч байгууллагын зөвшөөрөлтэйгээр түрээсийн байрыг өөрийн хөрөнгөөр засч тохижуулсан. 3 хүн хөлсөлж, цонхны наад талд барьсан ханыг буулгаж, хогийг нь портер машинаар зөөлгөж хаясан. Мөн шинээр вакум цонх 272 000 төгрөгөөр худалдан авч, хуучирсан модон цонхыг сольсон. Бетонан шалан дээр 1 ширхэг нь 10 000 төгрөгийн үнэ бүхий плита 120 ширхэгийг наалгасан. Хана таазыг хусаж цэвэрлүүлж, замаск, эмульс, будаг хийлгэсэн. Цахилгааны дотор монтажыг хийлгэхийн тулд пускатель, тоолуур, хайрцаг, кабелын утас, унтраалга, разетка, таазны гэрэл зэрэг цахилгааны эд зүйлсийг худалдан авч, цахилгаанчин хөлсөлж монтажыг хийлгэсэн. Хүйтэн усны шугам оруулахын тулд ус дамжуулах хоолой, крант, усны тоолуур зэргийг мөн худалдан авсан. Дээрхи засварын ажлыг хийхэд 2 400 000 төгрөгийг зарцуулсан. Мөн өрөөнд ямар нэгэн дулааны шугамын эх үүсвэр байгаагүй тул паар тавьж, өгөхийг түрээслүүлэгч талд хүсэхэд боломжгүй байна гэж хариуг өгч байсан. Түрээсийн гэрээг 2014-08-01 өдөр байгуулсан боловч засвар үйлчилгээ хийсээр байгаад 2014-08-23 өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. 2014-12-22 өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, байр халаалтгүйн улмаас үйлдвэрлэлээ зогсоосон. Учир нь хүйтэн учраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд цан цохиж, хөгцөрч чанараа алдаж эхэлсэн. Ийнхүү дулаан тавьж өгөөгүйгээс болж 2014-12-22 өдрөөс 2015-06-01 өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Зун 2015-06-03 өдрөөс дахин үйл ажиллагаа явуулж байсан боловч түрээслүүлэгч байгууллага дотроо засвар хийж, ус, тог, цахилгаан тасалж байсан тул 2015-07-10 өдрөөс үйл ажиллагаагаа зогсоосон. 2016 оны 01 сард түрээсийн гэрээний хугацаа дуусахад надаас ажилласан болон ажиллагаагүй байсан хугацааны түрээсийн төлбөрт тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан. Миний хувьд нэхэмжилж байгаа түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй тул засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан зардлаа түрээсийн төлбөрт шингээж, тооцоогоо дуусгах санал тавьсан. Гэвч дарга нар нь солигдож, энэ асуудлыг хойшлуулдаг байсан. Түрээслүүлэгч тал түрээсийн гэрээний 1.7, 1.8, 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, гэрээнд заасан зориулалтаар хэвийн ашиглах боломжоор хангаагүй буюу халаалтын шугам тавьж өгөөгүй, мөн засвар хийх болгондоо ус, цахилгаан тасалдаг байдлаас шалтгаалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2014-08-23 өдрөөс 2015-07-10 өдөр хүртэл хугацаанд 5 сар л үйл ажиллагаа явуулсан. Энэ 5 сарын түрээсийн төлбөр 810 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй боловч уг байрыг засварлахад зарцуулсан 2 400 000 төгрөгийг суутган тооцуулах хүсэлттэй байна. Иймд Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 2 842 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Түрээслэсэн өрөө өмнө нь огт ашиглагдаж байгаагүй узелийн өрөө байсан. Цонхны наагуур тоосгоор давхар хана өрсөн байсан тул байгалийн гэрэл огт тусахгүй, шал болон таазаараа сантехникийн болон агааржуулалтын шугамтай байсан. Хана таазны бүх өнгөлгөө харлаж, хуурч нурж унасан, бетонон шалтай, бүх юм нь шороо, тоос болсон өрөө байсан. Түрээслүүлэгч тал агааржуулалтын болон сантехникийн шугамуудыг таслан авч, өрөөг чөлөөлсөн боловч бусад бүх засварыг ажлыг надад даатгасан. Би түрээсийн байрыг ашиглахын тулд цонхны наад талын ханыг буулгуулж, хогийг нь портер машинаар ачуулж, хаясан. Портер машины хөлс 20 000 төгрөг, хана буулгаж, цэвэрлэсэн ажлын хөлс /3 хүн/ -230 000 төгрөг, тоосго цемент-7000 төгрөг, шинээр вакум цонх-172 000 төгрөг, бетонон шалан дээр плита наахад -1 290 000 төгрөг, цагаан замаск-21 000 төгрөг, тор -24 000 төгрөг, цавуу-5000 төгрөг, хавтан-20 000 төгрөг, нимгэн хавтан -16 500 төгрөг, цагаан замаск 16 500 төгрөг, хар замаск- 14 000 төгрөг, 107 цавуу- 7000 төгрөг, 505 цавуу-10 000 төгрөг, нимгэн цаас-3000 төгрөг, багс-500 төгрөг, гипс-4000 төгрөг, вилк-1500 төгрөг, шруп хавтан-2900 төгрөг, риститек-8000 төгрөг, цэнхэр будаг -45 000 төгрөг, өнхрүүш 2800 төгрөг, ажлын хөлс -290 000 төгрөг, пускатель 10000 төгрөг, тоолуур- 70 000 төгрөг, хайрцаг-30 000 төгрөг, кабелийн утас-59 500 төгрөг, унтраалга-4000 төгрөг, монтажны утас 20 000 төгрөг, таазны гэрэл 40 000 төгрөг, ажлын хөлс -41 000 төгрөг, ус дамжуулах хоолой-9000 төгрөг, тройник-4000 төгрөг, крант, усны тоолуур-20 000 төгрөг, өрөмний хошуу-8000 төгрөг, нарийн хошуу-4000 төгрөг, хаалт-4000 төгрөг, ажлын хөлс-20 000 төгрөг, нийт 2 787 200 төгрөгийг засварын ажилд зарцуулсан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт заасны дагуу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас уг мөнгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. С.Цэенцогзол байр түрээслэе гэсэн 2014 оны 05 сард манайд байр байгаагүй тул байр байхгүйг хэлсэн боловч энд л байр түрээслэмээр байна гэхээр нь 306 тоот өрөөг үзүүлсэн. Би засвар хийгээд орьё гэсэн тул зөвшөөрч, тэр засвараа 2014 оны 07 сард хийж дууссаны дараа түрээсийн гэрээг 2014 оны 08 сарын 01 өдрөөс байгуулсан. Гэрээний хугацаа 2014-12-31 өдөр дууссан. Нийслэлийн өмчийн байр түрээслэх журманд өөрчлөлт орсон учир 2015 онд сонгон шалгаруулалтаар түрээслэгчийг шалгаруулах болсон. Хариуцагч гэрээ байгуулахаар шинэ төслөө ирүүлж, шалгарч 2015 онд дахин гэрээ байгуулсан. Дахин гэрээ байгуулах үед засварын зардал хариуцагч нэхэмжилж байгаагүй, энэ талаар ярьж байгаагүй. Ер нь засвар хийх бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авахаар гэрээнд заасан. Түүнээс авсан зөвшөөрөл байхгүй. Өөрийн явуулах үйл ажиллагаанд зориулж засвар хийсэн байх. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014-08-13 өдрийн 132 дугаар тогтоолоор Автобус-1 ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ын үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт нэгтгэн шинээр байгуулагдсан байх бөгөөд хариуцагч С.Цэенцогзол нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ болон Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014-08-01 өдөр Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын конторын 18 м.кв талбай бүхий өрөөг үйлдвэрлэл явуулах зориулалтаар, 2014-12-31 өдрийг хүртэл хугацаатай, 1м.кв талбайг хөлсийг сард 9000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөөр тохирч, түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Түрээсийн гэрээ 3 талтай байгаа байх боловч Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ болон Нийслэлийн өмчийн харилцааны газар нь түрээслүүлэгч, хариуцагч түрээслэгч болох нь гэрээнд тэдний хүлээсэн тэдний эрх үүргээр тодорхойлогдож байна.

Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ыг эрх үүрэг нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэлд шилжсэн, түүний эрх залгамжлагч байх бөгөөд түрээслүүлэгч тал болох Зорчигч тээврийн нэгтгэл болон Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2016-10-20 өдрийн албан бичгээр нэхэмжлэл гаргах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс үүргийг дангаар ч шаардах эрхтэй юм.

 

Зохигч түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээсээр эзэмшүүлэхээр тохирсон өрөөг хариуцагч өөрийн явуулах үйл ажиллагаанд зориулж өөрийн хөрөнгөөр засварлахаар тохирсон учраас 2014 оны 07 сараас хариуцагч засвар хийж, засварын ажил дууссаны дараа зохигч түрээсийн гэрээг байгуулсан нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас уг ажлыг хариуцан эрхэлдэг ажилтан болох гэрч Ч.Цацралт-Одын мэдүүлгээр тогтоогдож байна.

Зохигчийн байгуулсан гэрээнд тус байранд хийсэн засварын зардлыг түрээслүүлэгч тал хариуцахаар тохирсон болон 2014-08-01 өдөр байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2014-12-31 өдөр дуусахад хариуцагч зардлаа шаардсан нь тогтоогдохгүй байна.

Түрээслэгч түрээсийн гэрээний дагуу байрыг 5 сар ашигласан нь тогтоогдож байх тул түрээсийн төлбөр 810000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.Иймд нэхэмжлэгч 2014-08-01 өдөр бхйгуулсан түрээсийн үүрэгт 977 210 төгрөгийг бус, 810 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Түрээслүүлэгч ажлын байр түрээслүүлэх талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын дагуу түрээслэгчийг шалгаруулахаар сонгон шалгаруулалт зарласан боловч хариуцагчийн эзэмшиж байсан байрыг түрээслэх саналыг хариуцагчаас өөр хүн ирүүлээгүй учраас нэхэмжлэгч хариуцагчтай 2015-01-01 өдрөөс 2015-12-31 өдрийг хүртэл хугацаатай, шинэ гэрээг байгуулан, уг байрыг хариуцагчид үргэлжлүүлэн эзэмшүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Түрээслэгч 2015-01-01 өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргийг 2015-01-01 өдрөөс 2015 оны 10 сарыг хүртэл дараалсан 9 сарын хугацаанд биелүүлээгүйгээс түрээслүүлэгч тал 2015 оны 10 сараас гэрээг цуцалж, хариуцагчаас 2 гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийг шаардсан байна.

Түрээслэгч дараалсан 9 сарын хугацаанд төлөх түрээсийн төлбөр 1 458 000 төгрөгийг төлөөгүйгээс түрээслүүлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн дээрх 2 гэрээний үүрэгт хариуцагчаас 2435210 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Түрээсийн гэрээний хугацаа дууссан, гэрээг нэхэмжлэгч цуцалсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

Хариуцагч түрээслэхээр тохирсон байранд явуулах үйл ажиллагаандаа зориулж, өөрийн хөрөнгөөр засвар хийхээр тохирч, гэрээ байгуулахаас өмнө шаардлагатай засвараа хийсэн бөгөөд үүний дараа байгуулсан түрээсийн гэрээнд засварын зардлыг түрээслүүлэгч хариуцахаар зохигч тохирсон нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дэхь хэсэгт зааснаар салгаж болох засан сайжруулалтыг хариуцагч салгаж авах эрхтэй.

 

Гэрээний 4.3-т түрээслэгч түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авахаар заасан байх бөгөөд зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй байхаар талууд тохирсон байна.

 

Түрээслэсэн байранд хөрөнгө оруулалт хийхээр түрээслэгч Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулахаас өмнө хийсэн засварын зардлыг түрээслүүлэгч хариуцахаар тохиролцсон нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасны дагуу түрээслэсэн байрыг засаж сайжруулахад гарсан зардлаа нэхэмжлэгчээс гаргуулахаар хариуцагч шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 73 395 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 60 000 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 51 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: