| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0601/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/621 |
| Огноо | 2021-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/621
2021 09 07 2021/ШЦТ/621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
хохирогч Д.Батбаяр,
хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж байгаа/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909034010125 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 44-28 тоотод оршин суух,
2011 оны 10 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар нокиа маркийн гар утсыг хурааж, 10 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялд 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялаа эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Д.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Д.Днь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүд хооронд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Батбаярт “БНСУ-аас оруулж ирэх 190.000.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчтэй 3 автомашиныг чинь худалдаж авна, автомашин нийлүүлэх баталгаа болгож, 19.000.000 төгрөгийг “Ай Си Ди Онлайн” ХХК-ий дансанд байршуулбал 3 хоногийн дараа төлбөрийг 100 хувь шилжүүлнэ” гэх мэтээр хэлж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30 дугаар байрны 250 тоот ажлын байрыг худалдах зар тавьсан хохирогч Д.Батбаярт “ажлын байрыг чинь 285.000.000 төгрөгөөр зарж өгнө, урьдчилгаа 1.425.000 өг” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 1.425.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ганчимэгт өөрийгөө хуульч, “мөрдөгч дүүг чинь цагдан хорих гээд байна, би мөрдөгчтэй нь ярьчихлаа, барьцааны мөнгө 14.000.000 төгрөг яаралтай байршуулах шаардлагатай, хэрэг нь прокурорт шилжсэн байна, прокуророос цагдан хорих эрхтэй байдаг ахиад 14.000.000 сая төгрөг байршуулахгүй бол болохгүй” гэх мэтээр хэлж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 28.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нэр бүхий 3 хохирогчид нийт 48.425.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Хэргийн үйл баримтын талаар ярихгүй, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй…” гэв.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Хэргүүдийн үйл баримтын талаар ярмааргүй байна. Хэргийн гэм буруугийн тал дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 212-213/,
Хохирогч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тухайн дэлгүүрээ худалдах зар тавьсны дараа энэ залуу ирж уулзаад Номин ХХК-д хүнсний дэлгүүрийн байр олж өгөх юм, танай үл хөдлөх хөрөнгийг хурлаар оруулж шийдвэрлээд худалдаж өгье гэж байсан. Хурлаар оруулж 285 сая төгрөгт худалдаж өгье гэсэн. Хурлаар оруулахын тулд 20 хувийн мөнгийг байршуулах ёстой байдаг гэхээр нь Ай Си Ди ХХК-ийн данс руу 1.425.000 төгрөг шилжүүлсэн. Утсаар холбогдоход хурал нь хойшлогдоод байна гээд 10 гаруй хоног хүлээсэн. Тэгэхээр нь Номин ХХК-ийн хажуу талд байрлах ажлын байран дээр нь очиж уулзсан. Мөнгө шилжүүлсэн гэдгээ өөрөө нь бичүүлж авсан. Энэ баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. 2-3 хоногийн дараа ажлын байран дээр нь очиход нүүгээд явчихсан, холбоо барьж болохгүй учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, одоо 1.425.000 төгрөг нэхэмжилж байна…” гэв.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 13 дугаар хороолол 30-4-25 тоотод байх өөрийн байрыг дэлгүүр, худалдаа үйлчилгээний зориулалтаар өөрчилсөн. Би тухайн байрыг зарах талаар сошиалд зар байршуулсан. Зарын дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ай Си Ди онлайн ХХК-ний захирал Доржням гэх хүн надтай ирж уулзсан. Уулзаад “манай компани танай дэлгүүрийг Номин ХХК-д зарж өгье, холбогдох бүх материалуудыг хуулбарлаад маргааш гэхэд надад авч ирж өгөөрэй, дэлгүүрийг 285.000.000 төгрөгөөр зарахаар тохирч гэрээний баталгааны үнэ 1.425.000 төгрөгийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 464021284 гэсэн дансанд тушаагаад баримтаа аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр Д.Дкомпани болох Номингийн төв агуулахад очиход цоожтой байсан учир нь гэрээгээ хийхээр очсон. Доржнямтай утсаар холбогдож ярихаар“ хүлээж байх, хурлын тов хойшлогдоод байна” гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш Д.Дутас холбогдохоо байсан би гомдолтой байна. Доржнямаас 1.425.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-103/,
Хохирогч Ц.Ганчимэгийн “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай төрсөн дүү Есөнтөмөр нь найзуудтайгаа явж байгаад хүн зодож амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Тухайн асуудлыг би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч Мөнх-Очир гэдэг хүнээс мэдсэн. Бөгөөд тухайн өдрөө очиж уулзсан. Тэгээд би дараа нь өөрийн танил Доржням гэж хүнтэй холбогдоод өөрийн төрсөн дүү Есөнтөмөрийг хэрэгт холбогдсон талаар нь хэлсэн. Би яагаад Доржнямд энэ талаар хэлсэн бэ гэвэл өөрийгөө хуульч гэдэг байсан бөгөөд хуулийн зөвлөгөө авах гэж холбогдож уулзсан. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Доржням бид хоёр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очиж Доржням ганцаараа цагдаагийн хэлтэс рүү орсон харин би гадаа нь машинд хүлээж байсан. тэгсэн Доржням буцаж гарч ирээд мөрдөгч дүү чинь цагдан хорих гээд байна, би мөрдөгчтэй нь ярьчихлаа, барьцааны мөнгө 14 сая төгрөг яаралтай байршуул гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд би дүүгээ хориулахгүй гэсэндээ Доржнямд одоо бол 10 сая төгрөг л бэлэн байна, үлдсэн 4 сая төгрөгийг нь олж цуглуулж өгөхгүй бол бэлэн байхгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Доржням 10 сая төгрөгөө одоо өгчих 4 сая төгрөгийг нь яаралтай олж өгөхгүй бол болохгүй гээд намайг яаруулаад байсан. Тэгээд налайхаас гараад Улаанбаатар хот руу ирээд Доржням надад өмгөөлөгч олж өгнө гээд үлдсэн. Харин би 10 сая төгрөгийг өөрөөсөө болон хамаатан садан хүүхдүүдээсээ цуглуулж байж болгоод тэр өдрөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Одончимэгийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Фантамын зүүн аркийн тэнд Одончимэгийн машин дотор 10 сая төгрөгийг бэлэн өгсөн. Үүний дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үлдсэн 4 сая төгрөгөө өгсөн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Есөнтөмөрийн хэрэг прокурор руу шилжсэн. Энэ үед Доржням над руу утсаар яриад “хэрэг нь прокурорт шилжсэн байна. Прокуророос цагдан хорих эрхтэй байдаг юм ахиад 14 сая төгрөг байршуулахгүй бол болохгүй, нэгэнтээ анхнаасаа мөнгө өгснөөс хойш ахиж олж өгч байршуулаад Есөнтөмөрийг гадуур байцаалгасан нь дээр шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ итгээд маргааш нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10 сая төгрөгийг цуглуулж өгсөн, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 сая төгрөгийг Их дэлгүүрийн урд талд өгсөн. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөгийг өгсөн, ... Ингээд 2019 оны 03 дугаар сарын эхээр манай дүүгийн холбогдсон хэрэг шүүхээр орох болоход дахин хоригдох асуудал яригдсан тэгэхээр нь би гайхаад хэргийн шалгаж байсан прокуророос барьцаа мөнгө аваагүй, тийм зүйл болоогүй гэгийг мэдсэн. Тэгээд Доржням руу холбогдох гэхэд утаснууд нь болохгүй байсан. Д.Дгэх хүнээс 28.000.000 төгрөгийг гаргуулан авмаар байна. маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-96/,
Хохирогч Г.Батбаярын “...2018 оны 2018 оны 10 дугаар сарын 02-ны үед манай дүү Б.Нямбаярын нэр дээр хөргөгчтэй машин зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд байж байтал Доржням гэх хүн утсаар яриад манай компанид ийм машин хэрэгтэй байна. Манай компани дээр ирээд уулз гэсэн тэгэхээр нь би дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар импексийн байрны 3 дугаар давхарт очиж Доржням гэх хүнтэй уулзсан. Тэгтэл тэр хүн утсаар яриад манай компанид ийм машин олон хэрэгтэй байгаа та нарт өөр олон машин байгаа юу гэж асуухаар нь би олоод танай компанид нийлүүлж болно гэж хэлсэн. Тэгээд 3 машин 190.000.000 төгрөгөөр нийлүүлэхээр болоод тухайн компанийн дансанд машин нийлүүлэх баталгааны 10 хувь буюу 19.000.000 төгрөгийг хийчих гэхээр нь би төрийн банкны 495036708 дугаартай дансанд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн өдөр 6.500.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээг Циркийн хажуу талын Худалдаа хөгжлийн банкны салбар дээрээс хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-209/,
Гэрч П.Одончимэгийн “...2018 оны 11 дүгээр сарын 7, 8-ны үеэр шиг санагдаж байна. Ганчимэг одоо энэ байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талд надтай хамт машинаар ирээд Доржням гэдэг хүнтэй уулзаад 10 сая төгрөг хар торонд хийж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр бид хоёр бас л нөгөө Доржням гэдэг хүнд мөнгө өгөхөөр Сүхбаатар дүүрэг байх УИД-ийн урд талд байх Черри нэртэй бейкирэд очоод Ганчимэг нь Доржнямд бэлнээр 4 сая төгрөг өгсөн. 2019 оны 02 дугаар сар цагаан сарын үеэр бас 2 сая төгрөг өглөө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 101/,
Гэрч Б.Энхбаярын “...би өөрөө өмгөөлөгч ажилтай хүн байгаа юм. би Жуковын хөшөөний баруун талын Жоби 12 төвд оффис түрээсэлж өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг 2018 оны намар шиг санаж байна, Д.Дгэх танихгүй хүн ирээд надаас Жуков худалдааны төвд өрөө байр түрээслээд бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан чинь өөр компани хүчээр хөөж гаргаад бараа таваарыг маань өгөхгүй байна, гээд энэ талаар хууль зүйн зөвлөгөө авч анх тухайн хүнийг мэддэг болсон.Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын эхэн үед байх, Д.Дгэх хүн Ганчимэг гэх эмэгтэйг дагуулж ирээд, манай найз Ганчимэгийн дүү хэрэгт холбогджээ, та өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өгч туслаач ээ гэж хэлсэн, тэгээд би Ганчимэгээс хэргийг нь сонсоод Ганчимэгтэй өмгөөллийн гэрээ байгуулаад Ганчимэгийн төрсөн дүү Есөнтөмөрийг өмгөөлөхөөр болсон. Есөнтөмөрийн холбогдсон хэрэг нь маш олон холбогдогчтой ээдрээ төвөгтэй хэрэг байсан. Хамгийн анх 2018 оны 11 дүгээр сарын эхэнд Есөнтөмөрийг цагдан хорих эсэх талаар Налайх дүүргийн шүүх хуралд ороод хууль зүйн үндэстэй байсан учраас цагдан хориогүй юм. Түүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын үед Ганчимэг нь өөр өмгөөлөгч авахаар боллоо гэсэн, тэгээд Ганчимэгтэй ярилцаж байтал Д.Днь Ганчимэгээс Есөнтөмөрийг цагдан хориулахгүй байна гээд барьцаа байршуулах шаардлагатай гэж хэлээд 28 сая төгрөг авсан байсныг анх мэдсэн, Есөнтөмөрт урьд нь ямар нэг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй учраас би гайхаад Ганчимэгээс яагаад энэ талаар надад хэлээгүй юм бэ гэж асуутал “Доржням нь өмгөөлөгчид битгий хэлээрэй гээд байсан учраас хэлээгүй юм" гэж хэлж байсан. Доржням нь Ганчимэгээс мөнгө авсан талаар надад огт хэлж байгаагүй, би бол Ганчимэг Доржням гэх хүмүүсийг хоорондоо танил хүмүүс гэж л ойлгож байсан. Миний хувьд Доржнямын Ганчимэгээс авсан гэх 28 сая төгрөгийн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105/,
Гэрч Б.Нямбаярын “...Доржням нь манай ах Г.Батбаяртай утсаар холбогдож яриад “манайхаас машинаа нийлүүлсний чинь дараа нэг дор мөнгийг чинь өгөх гээд байна, манайхаас их хэмжээний мөнгө гарч байгаа учраас танайх эхлээд машин нийлүүлнэ гэсэн баталгаа болгож, нийт үнийн дүнгийн 10 хувийг баталгаа болгож манай компанийн дансанд байршуулах шаардлагатай байна “гэж хэлээд манай машины бичиг баримтуудыг уулзаад хуулбарлаж авсан. тэгээд манай ах Г.Батбаяр 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр надтай хамт байхдаа Доржнямын өгсөн Ай Си Ди Онлайн гэх компанийн дансанд нийт 3 удаагийн гүйлгээгээр 19 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 212/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-131/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-155/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1хх-60-71/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа тэмдэгэл /1хх-97-98/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-115/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-214-216/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Днь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүд хооронд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Батбаярт “БНСУ-аас оруулж ирэх 190.000.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчтэй 3 автомашиныг чинь худалдаж авна, автомашин нийлүүлэх баталгаа болгож, 19.000.000 төгрөгийг “Ай Си Ди Онлайн” ХХК-ий дансанд байршуулбал 3 хоногийн дараа төлбөрийг 100 хувь шилжүүлнэ” гэх мэтээр хэлж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30 дугаар байрны 250 тоот ажлын байрыг худалдах зар тавьсан хохирогч Д.Батбаярт “ажлын байрыг чинь 285.000.000 төгрөгөөр зарж өгнө, урьдчилгаа 1.425.000 өг” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 1.425.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ганчимэгт өөрийгөө хуульч, “мөрдөгч дүүг чинь цагдан хорих гээд байна, би мөрдөгчтэй нь ярьчихлаа, барьцааны мөнгө 14.000.000 төгрөг яаралтай байршуулах шаардлагатай, хэрэг нь прокурорт шилжсэн байна, прокуророос цагдан хорих эрхтэй байдаг ахиад 14.000.000 сая төгрөг байршуулахгүй бол болохгүй” гэх мэтээр хэлж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 28.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нэр бүхий 3 хохирогчид нийт 48.425.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Ганчимэг, Г.Батбаяр, Д.Батбаяр нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Дсэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Днь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Ганчимэг, Г.Батбаяр, Д.Батбаяр нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч нийт 48.425.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Д нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.Ддээрх үйлдлийн улмаас нэр бүхий 3 хохирогчид нийт 48.425.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 48.425.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батбаярт 19.000.000 төгрөг, хохирогч Д.Батбаярт 1.425.000 төгрөг, хохирогч Ц.Ганчимэгт 28.000.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Днь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байгаа бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Дхувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дэнэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 44-28 тоотод оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.Днь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлах нь нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Днь энэ хэрэгт нийт 226 /хоёр зуун хорин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Дбусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэнэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 44-28 тоотод оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Дцагдан хоригдсон 226 /хоёр зуун хорих зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Днь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.
7.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Д-с нийт 48.425.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ганчимэг (РД:)-д 28.000.000 төгрөг, хохирогч Г.Батбаяр (РД:)-т 19.000.000 төгрөг, хохирогч Д.Батбаяр (РД:)-т 1.425.000 төгрөгийг тус тус олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БОЛДБААТАР