Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00369

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэр,                

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00115 дугаар магадлалтай,

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Гэрээний үүрэгт 15.116.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас зарласан тендер шалгаруулалтад "Л" ХХК нь оролцон шалгарч 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газартай оношлуур худалдан авах гэрээ байгуулан ажилласан. Манай компани гэрээний дагуу 36.265.880 төгрөгт оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26.425.955 төгрөгийн үнэ бүхий гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг нийлүүлсэн. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх оношлуурын үнэд нийт 11.309.205 төгрөгийг төлж, үлдэгдэл 15.116.750 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.116.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Эрүүл мэндийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: тус газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээнд явагдах гепатит вирусийн халдварын илрүүлэг хийх ажлыг зохион байгуулж шаардагдах оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд захиалагч талыг төлөөлж Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан гарын үсэг зурсан. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан ба Нэгдсэн эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж энэ маргаан үүссэн. Талуудын хүлээх эрх, үүргийг Хамтран ажиллах гэрээнд тодорхой заасан учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15.116.750 төгрөгийг буруутай талууд хариуцах бөгөөд нийт төлбөрийн 640,000 төгрөгийг Баяннуур, 970,000 төгрөгийг Бугат, 1,282.500 төгрөгийг Булган, 620,000 төгрөгийг Буянт, 250,000 төгрөгийг Сагсай, 80,000 төгрөгийг Толбо, 1,495.000 төгрөгийг Улаанхус, 920,000 төгрөгийг Дэлүүн, 1,060.000 төгрөгийг Ногооннуур, 1,792.500 төгрөгийг Цэнгэл сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд, 5,999.250 төгрөгийг Нэгдсэн эмнэлэг хариуцан төлөх ёстой. Л ХХК нь гэрээний 4-т зааснаар нийлүүлэгч нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй хугацаа алдсан. Энэ талаар тухайн үед тус компанийн холбогдох мэргэжилтэнд мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартаа: 1 тоот "Оношлуур худалдан авах гэрээ"-ээс үзэхэд тус эмнэлэг нь "Оношлуур худалдан авах гэрээ"-ний нэг тал биш. Тус гэрээгээр "Л" ХХК нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 5 дугаар сарын 26-аас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх байсан боловч гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч "Л" ХХК нь нийлүүлж буй бараагаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч Эрүүл мэндийн газар гэрээний захиалагч болохын хувьд 26.425.955 төгрөгийн үнэ бүхий гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж авах үүрэг хүлээсэн, эдгээр барааг Эрүүл мэндийн газар хүлээж авсны дараа нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг хүлээж авах учиртай. Нэгдсэн эмнэлэг "Хамтран ажиллах гэрээ"-ний талууд болон оролцож байгаа нь үнэн боловч уг гэрээний дагуу гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж аваагүй, мөн хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч Нэгдсэн эмнэлэг нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д заасан ажил үүргийг л хариуцаж байгаа болно. Хариуцагч Нэгдсэн эмнэлэг 11.309.205 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг хариуцагч Эрүүл мэндийн газраас хүлээн авсан гэж үзэж байгаа ба холбогдох төлбөр тооцоог Эрүүл мэндийн газартай хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч "Л" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Хэрэв цаашид сумын Эрүүл мэндийн төвөөс "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д заасны дагуу нэрсийн жагсаалттай холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг аймгийн Нийгмийн даатгалд хүргүүлж, санхүүжилт орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч "Л" ХХК-нд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс оношлуур худалдан авах гэрээний санал гаргаж байгаагүй, оношлуур худалдан авах гэрээг бие даан нэхэмжлэгч "Л" ХХК-тай байгуулж байгаагүй буюу оношлуур худалдан авах гэрээний тал биш. Нэгдсэн эмнэлэгт төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул тус эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.116.750 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-нд олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 233.534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00115 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00535 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 15,116.750.00 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс гэснийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн газар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00115 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Л ХХК болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нарын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх буюу үүрэг үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж дүгнэлт хийж, мөн нотлох баримтыг үнэлэхдээ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болох №1 тоот “Оношлуур худалдан авах гэрээ”-нээс үзэхэд “Л” ХХК болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх, үүрэг үүссэн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь “Оношлуур худалдан авах гэрээ”-ний нэг тал биш, зөвхөн хуульд заасан төлөөлөл хэрэгжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан №1 тоот “Оношлуур худалдан авах гэрээ” байгуулагдахдаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг төлөөлөл хэрэгжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбарт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Ингэснээр шүүх холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Эрүүл мэндийн газар гэрээний захиалагч болохын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 26,425,955 төгрөгийн үнэ бүхий хепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж авах үүрэг хүлээсэн, эдгээр барааг Эрүүл мэндийн газар хүлээж авсан болохыг хариуцагч Эрүүл мэндийн газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс оношлуур худалдан авах гэрээний санал гаргаж байгаагүй, оношлуур худалдан авах гэрээг бие даан нэхэмжлэгч “Л” ХХК-тай байгуулж байгаагүй буюу оношлуур худалдан авах гэрээний тал биш байсан бөгөөд зөвхөн Иргэний хуульд заасан төлөөлөл хэрэгжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нэгдсэн эмнэлэгт №1 тоот "Оношлуур худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан юм.Гэвч давж заалдах шатны шүүх үйл баримтад таамаг дэвшүүлэх байдлаар буруу дүгнэлт хийж буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00115 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан 15.116.750 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа оношлуурын үнэ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа Эрүүл мэндийн газар “...гэрээг баталгаажуулсан” гэсэн, Нэгдсэн эмнэлэг “...гэрээний тал биш” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 26-ний өдөр байгуулагдсан Оношлуур худалдан авах гэрээгээр 36.265.880 төгрөгийн бараа нийлүүлэхээр ирүүлсэн “Л” ХХК-ийн тендерийг захиалагч Нэгдсэн эмнэлэг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Эрүүл мэндийн газрын болон Нэгдсэн эмнэлгийн дарга, мөн нийлүүлэгч талын төлөөлөгч нар гарын үсэг зуржээ /хэргийн 22 дугаар тал/.

Зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 26.459.550 төгрөгийн үнэ бүхий оношлуур нийлүүлсэн, Нэгдсэн эмнэлэг 11.342.800 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Харин үлдэх 15.116.750 төгрөгийг хэн хариуцан төлөх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжилсэн төлбөрийг хариуцагч Эрүүл мэндийн газраас гаргуулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна Нэгдсэн эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн тушаалаар баталсан Даатгуулагчийг элэгний В.С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журамд Эрүүл мэндийн байгууллага нь дээрх шинжилгээний багцыг худалдан авах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, ханган нийлүүлэгчтэй гэрээ байгуулахаар заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газар нь оношлуур худалдан авах ажиллагааг зохион байгуулж, энэ үндэслэлээр гэрээнд гарын үсэг зуржээ.

Харин Оношлуур худалдан авах гэрээний 7-т зааснаар захиалагч нь гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нэгдсэн эмнэлэг нь оношлуурыг үнийг төлөх үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа магадлалд тодорхой тусган, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Нэгдсэн эмнэлгээс 15.116.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Эрүүл мэндийн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 198 дугаар зүйлийн 198.1., 198.2. дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ