Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 339

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “У” ХХК.

Хариуцагч: БОАЖС.

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компанид Байгаль орчны сайдын 2005 оны 244-р тушаалаар Хан-Уул дүүргийн 11-р хороо. Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 1.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 06-р сарын 25-ны өдөр олгосон. Уг газрыг ашиглах гурвалсан гэрээг 2007 оны 12-р сарын 03-ны өдөр байгуулж, түүнээс хойш газрыг зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, газрын төлбөрөө гэрээнд заасан хэмжээгээр улирал тутам төлсөөр ирсэн.

Гэтэл БОАЖСын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Манай компани газар ашиглах гэрчилгээ олгогдож, гурвалсан гэрээ байгуулсан үеэс хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх зэрэг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан.

2. Сайдын тушаалаар олгогдсон дээрхи газарт манай компани аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн барилгын ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа болно.

3. Хэдийгээр барилгын ажлын явц одоо 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч тухайн үед биднийг ажлаа хийж гүйцэтгэж байхад "Их тойруу” 110кв цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлыг манай компанийн эзэмшлийн газар дээгүүр явуулахаар төлөвлөлт хийгдэж, газар чөлөөлөх үйл ажиллагаа явагдсан. Үүнтэй холбоотойгоор бид 2013 оноос Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай газартай холбоотой маргаан үүсгэж шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө уг газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд энэхүү маргаан нь 2017 оны 07-р сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0537 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, тус цахилгаан дамжуулах шугамын ажил хийгдэж байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн болохыг тогтоосон юм.

4. Манай компани нь газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа тул, газар ашиглах гурвалсан гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын төлбөрийн тооцоо нийлэхээр Хан-уул дүүргийн газрын албанд хүсэлтүүдээ тус тус хүргүүлж, 2018 оны 2-р улирлын газрын төлбөрөө бүрэн төлөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад ямар байгууллагаас хэний ирүүлсэн мэдээллээр төлбөрөө төлөхгүй, газраа ашиглахгүй байна гэдэг үндэслэл гаргаж цуцалсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.

Дээрхи газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах болсон тухай манай компанид өмнө нь огт мэдэгдээгүй бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох байсан тул бид уг эрхээ сунгуулахаар Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан тоот авах хүсэлт гаргах үед буюу 2018 оны 06-р сарын 08-ны өдөр тус газраас манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн. Яагаад урьдчилж мэдэгдэхгүйгээр цуцалж байгаа шалтгааныг тодруулахад Сайдын тушаалаар цуцалсан тул бид мэдэхгүй гэсэн хариуг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн. Төрийн захиргааны байгууллагаас дээрхи шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд газар ашиглагч байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийн талаар заасан байх бөгөөд уг зүйлийн 15.1.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах буюу дээрхи шийдвэрийг гаргах гэж байгаа талаар мэдэгдээгүй, мөн хуулийн 26 дугаар дугаар зүйлийн 26.1 .Захиргааны акт. захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Гэтэл энэхүү хуульд заасан боломж. эрхээр манай компанийг огт хангаагүй бөгөөд хангасан тохиолдолд бид хуульд заасан эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа болон түүний нотлох баримтуудыг захиргааны байгууллагуудад хүргүүлэх байсан. БОАЖСын дээрх тушаалд заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь огт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бид 2018 оны 07-р сарын 02-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч бидний гомдолд хариу ирүүлээгүй.

Гэтэл манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон уг шийдвэрээ үгүйсгэж дараа нь 2018 оны 06-р сарын 04-ны өдрийн А/163 дугаар тушаалаар манай компанийн газраас 0,02 га газрыг Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 кт 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх ... гэсэн үндэслэлээр манай байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.

Дараа нь буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаартай тушаалаар 2018 оны 06-р сарын 04-ны өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтад дурдсан “У” ХХК-д холбогдох хэсгийг хас ч манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан А/121 дүгээр тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул манай компани гомдол гаргаж байна.

2018 оны 08-р сарын 10-ны өдрийн А/277 дугаартай тушаал гарсан талаар манай компанийн 31-06-85 дугаартай утсанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 08-р сарын 14-ний өдөр мэдэгдэж, бид гардан авсан.

Иймд Монгол Улсын байгаль орчин аялал, жуулчлалын яамны сайдын 2018 оны 05-р сарын 7-ны өдрийн А/121 дугаар тушаал, 2018 оны 08-р сарын 10-ны өдрийн А/277 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн А/355 тоот сайдын тушаалаар дээрх А/277 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байдаг.

Ингэснээр манай байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг Монгол Улсын Байгаль орчин аялал, жуулчлалын яамны сайдын 2018 оны 05-р сарын 7-ны өдрийн А/121 дугаар тушаал хөндөж байна. Учир нь тус актад манай байгууллагад огт байхгүй 2014 оны сарын 11-ны өдрийн А-139 тоот тушаалтай, 2.0 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т тусгагдсан захиргааны акт агуулгын илэрхий алдаатай”, Мөн бодитоор газар эзэмших эрхээ хэрэгжүүлж зохих газрын төлбөрийг хугацаандаа төлж барилгажих төсөл хэрэгжүүлээд байхад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаар цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д тусгагдсан “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн нөхцөл байдлыг бий болгож байгаа тул Монгол улсын БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Манай компани нь төрийн захиргааны байгууллагаас олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний дагуу газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар 2 давхар хаус барихаар бүтээн байгуулалтын ажлыг хийгээд явж байхад цахилгаан дамжуулах шугам тавих болсонтой холбогдуулан эрх хэмжээ олгогдоогүй Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнууд удаа дараа газраа ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. 

Бид бусад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй нийлэн газар дээр зориулалтын дагуу газраа ашиглах нөхцөл байдлыг хангаж газрын төлбөрөө төлөөд бүтээн байгуулалтын ажил хийгээд явж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Төрийн байгууллагууд өөрсдөө хууль зөрчиж иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхгүйгээр дур зоргоороо бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэрүүдийг гаргасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалж байна. Бид хууль ёсны дагуу газраа ашиглаад зориулалтын дагуу бүтээн байгуулалтын ажил хийгээд явж байгаа. Тухайн газарт орон сууцны зориулалттай 8, 9 давхар барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байхад ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй. Гэтэл аялал жуулчлалын зориулалтын дагуу гэст хаус барихаар бүтээн байгуулалт явуулж буй компанийн эрх ашгийг хөндөж байгаа нь хууль ёсны тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “У” ХХК-д 2008 оны 06-р сарын 25-ны өдөр 658 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон. БОАЖСын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг цуцалсан. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч “У” ХХК нь газрын төлбөрөө хугацаандаа төлж байсан баримтыг өгсөн. Харин ч газрын төлбөрийг илүү төлсөн нь харагддаг бөгөөд газар ашиглах гэрээнд заасан үнийн дүнгээр газрын төлбөрийг төлсөөр ирсэн. 

Газраа зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Газар ашиглах эрхийг авсан цагаас газраа ашиглаад “М*******” ХХК, “У*******” ХХК, “Р*******” ХХК, иргэн Ц.С******* нартай хамтран ажиллах гэрээ байгуулан, архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга угсралтын ажил эхлээд барилга угсралтын ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу “У” ХХК-ийн газар дээрх төслийн ажил хамгийн сүүлд хийгдэх ёстой байсан. Гэтэл 2013 оноос хойш “У*******” ХХК-ийн ашиглаж байсан газрыг чөлөөлөх ажил хийгдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шүүхийн маргаан үүсч 2017 оны 07 дугаар сард шийдвэрлэгдэж дууссан. Үүнээс хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа. БОАЖСын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь хууль үндэслэлгүйгээр гарсан учраас тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Улс орны бүтээн байгуулалттай холбогдуулан газар ашиглах эрхийг цуцлахад аж ахуйн нэгжүүд шүүхэд ханддаг гэж хариуцагч тайлбарладаг. Бид хууль бусаар газар ашиглах эрхийг маань цуцалсан гэж үзэж байгаа. “У” ХХК нь хууль ёсны дагуу газар ашиглах эрхийг авсан. Төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтнууд нь манай эзэмшил газартай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж зөвшилцөөгүй. БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 тоот тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,40 дүгээр зүйл, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан , даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 445 дугаар саналыг тус тус үндэслэн гаргасан байдаг.

Нэхэмжлэгч “У*******” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй болох нь Нийслэлийн газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны 01-09/2405 дугаар албан бичиг түүний хавсралтын 24-д заасан баримтаар нотлогддог,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 1, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3 зэрэг нотлох баримтаар Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтад 2018 ны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тушаалаар цуцлагдсан “У” ХХК компаний газраас 0.02 га газрыг хэсэгчлэн цуцлахаар заасныг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/227 тоот тушаалын 1 дүгээр заалтаар хавсралтаас хасч зөвтгөсөн байна. Иймд БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/277 тоот тушаалуудыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖСад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тушаалаар “У” ХХК-д Зайсангийн аманд 2,0 га газар ашиглах эрх, мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-319 дугаар тушаалаар 0.5 га газар ашиглах эрхийг тус тус олгосон.

БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар “У” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо тушаалын хавсралтын 24 дэх газрын эрх олгосон хэсэгт “2014.09.11-ний А-319 тушаал” гэж бичсэн нь техникийн алдаа буюу андуурагдаж бичигдсэн байдаг” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “У” ХХК-ийн газар ашиглах эрхийг БОАЖСын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар цуцалсан. Уг тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг заасан. Нэхэмжлэгч компани 2008 онд газар ашиглах эрх авснаас хойш өдийг хүртэлх 11 жилийн хугацаанд газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь баримтаар нотлогдож байгаа. БОАЖСын А/121 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Т.П******* БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Байгаль орчны сайдын 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тушаалын хавсралтаар иргэн Н.У*******ын шилжүүлэх хүсэлтээр У ХХК-д 1.9 га газрыг 5 жилээр шилжүүлж, 658 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр 2018 оны 09 дүгээр сарын19-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгажээ.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “У” ХХК-д холбогдох хэсэг хууль бус гэж, харин хариуцагч  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан уг шийдвэр үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж маргаан бүхий А/121 дүгээр тушаалын “У” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байх тул хүчингүй болгон шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.

Харин нэхэмжлэгч “У” ХХК 2011 оноос 2018 оны 07 сар хүртэл жил бүр газрын төлбөрөө төлж байсан тухай Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16/1170 дугаар албан бичиг  хавсарган ирүүлсэн дансны хуулгуудаар нотлогдож байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр цуцалсан шийдвэр үндэслэлгүй. 

Мөн түүнчлэн нэхэмжлэгч компани хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль бус байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд нэхэмжлэгч компанийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээ хууль зүйн хувьд бүрэн нотлоогүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “У” ХХК тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар бүтээн байгуулалт хийхээр “М*******” ХХК, “У*******” ХХК,”Р*******” ХХК иргэн Ц.С******* нартай 2010 онд хамтран ажиллах гэрээ  байгуулж уг бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байгаа гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтууд хариуцагчийн шийдвэрийн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлтэй хамааралтай байж болохоор байна. 

Учир нь Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах “Их тойрог” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс нэхэмжлэгч компанийн газар дээгүүр явуулахаар төлөвлөлт хийгдэж газар чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж нэхэмжлэгч эрхээ хамгаалуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0537 дугаар шийдвэрээр    нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг хугацаанд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч компани маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойшхи хугацаанд бодитой хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гэрээний дагуу төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсныг үгүйсгэхээргүй байна.    

 Тодруулбал нэхэмжлэгч “У” ХХК маргаан бүхий газартаа бүтээн байгуулалт хийж эхлээгүй байгаа талаар маргаагүй бөгөөд харин ийнхүү ажлаа эхлүүлэхэд тус компанийн үйл ажиллагаанаас бус төрийн захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэр зохицуулалтуудаас хамааралтай байсан талаарх тайлбар үндэслэлтэй.

 Хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон бол газар ашиглагч уг газраа ашиглах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч “У” ХХК-ийн ашиглах эрхтэй 1.9 га газрын эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар цуцлахдаа эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэх талаар хангалттай нотлолгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Нөгөө талаар  “У” ХХК-д 2008 оны 108 дугаар тушаалаар 1.9 га газар олгосныг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 2.0 га газар гэсэн хэмжээ зааж цуцалсан, ингэж цуцлахдаа 0.5 га газар ашиглуулсан  2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн А-319 дүгээр тушаалыг дурдсан (энэ А/319 дүгээр тушаалаар уг компанид өөр байршилд 0.5 га газар олгосон байдаг),үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтаар “У” ХХК-ийн 2.01 га газраас 0.28 га газрыг хэсэгчлэн цуцалсан, харин 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын 1 дэх заалтаар дээрх А/163 дугаар тушаалын хавсралтаас “У” ХХК-ийг хассан зэргээр олон удаагийн тушаалаар өөр өөр шийдвэр гаргаж ойлгомжгүй байдал үүсгэжээ.

Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус яамны сайтад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэчилсэн бүртгэлд хамрагдах, газар ашиглах эрхийг цуцлах болон тооцоо нийлж материалаа ирүүлэх талаар зарлан мэдэгдсэн гэх боловч энэ нь хэлбэрийн хувьд нийтэд мэдээлсэн байж болох ч үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч БОАЖС “У” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргаж, дэмжиж ажилласан атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал бодитой бий болоогүй байхад газар ашиглах эрхийг цуцалсныг зөвтгөх боломжгүй. 

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч БОАЖСын 2018 оны А/121 дүгээр тушаалын “У” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “У” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.НАСАНДЭЛГЭР