| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 127/2023/0004/З |
| Дугаар | 221/МА2023/0453 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0453
Б.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Т.З
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Т.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 127/2023/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М-аас Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын ажилгүй байсан хугацааны олговор 5 460 298 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн Соёл, урлагийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.М-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/420 дугаар захирамжаар аймгийн Соёлын хэлтсийг шинээр байгуулж, мөн Соёлын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар аймгийн Соёл урлагийн газар байгуулагдсан.
Шинээр байгуулагдаад нийт ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаж баталгаажаагүй учраас ажлын байрны сул орон тоо зарлагдаагүй байсан. 11 ажилтны орон тоотой байхаас 5 хүн ажиллаж байсан.
Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс архив, бичиг хэргийн эрхлэгч, байгууллагын няраваар ажиллаж байсан. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн учраас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Соёл, гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан.
Б.М нь ажиллаж байх хугацаандаа олон удаа чөлөө авч байсан. Тэр болгонд нь чөлөө өгдөг байсан. Мөн хэлтсийн даргын зүгээс гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг өгсөн боловч хэрэгжүүлээгүй. Мөн ажлын цаг баримталдаггүй байнга хоцордог, тасалдаг байсан ч цалинг нь хасч байгаагүй. Ээлжийн амралтаа хоёр хувааж эдлэх хүсэлтийнх нь дагуу эдлүүлж байсан.
Б.М нь чөлөө хүсэж орж ирэхдээ албан ёсоор тодорхой чөлөө хүсээгүй. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уулзаад “Эргэх холбоо” гэх уулзалтад явъя гэж чөлөө хүсэхээр нь “олгох боломжгүй” гэхэд “хүүхдээ эмнэлэгт асрах чөлөө авъя” гэсэн утга өөр өөр зүйлийг хүссэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно” гэж заасан. Уг чөлөө олгох журмыг хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулдаг. Хэрвээ Б.М нь “хүүхэд асрах чөлөө хүссэн” бол энэ Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлээр зохицуулагддаг.
Харин тухайн үеийн Б.М-ын надад хандсан хүсэлт бол “хүүхдээ эмнэлэгт асрах”-ыг хүсэж байна гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан “хүүхэд асрах чөлөө” нь Б.М-ын хүссэн “хүүхдээ эмнэлэгт асрах” чөлөөнөөс ялгаатай юм. “Хүүхэд асрах чөлөө” нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх удаан хугацаагаар хүүхдээ асрах, өөрөөр хэлбэл бидний нэрлэж заншсанаар “декритийн амралт”-тай адил ойлголт юм.
Харин Б.М-ын хүссэн чөлөө бол “хүүхдээ эмнэлэгт асрах чөлөө” гэж хэлсэн. Тэгэхээр уг чөлөө бол бидний нэрлэж заншсанаар “эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх акт”-ын чөлөө юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар зохицуулагдах бөгөөд акт дуусгавар болсон даруйд Б.М нь ажилдаа орох үүрэг хүлээнэ. Гэвч Б.М нь хүүхдээ эмнэлэгт асарч байгаа баримтаа ирүүлээгүй.
Б.М нь ямар төрлийн чөлөө авахыг хүсэж буйгаа тодорхой болголгүй ажлаа удаан хугацаагаар орхиж явсан. Ямар төрлийн чөлөө хүсэж буй эсэх, тухайн чөлөөг ямар хугацаагаар авах эсэх нь тодорхой хүсэлт, уг хүсэлтийг байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг харгалзалгүйгээр шууд л ажлаа орхиод явсан.
Дотоод журмаараа бол чөлөөний хүсэлтийг тодорхой болгож, байгууллагад албан ёсоор хүсэлтээ өгч, хандаж, уг чөлөөний асуудлыг байгууллагаас тушаал гарган шийдвэрлэнэ. Гэтэл Б.М нь ийм ажиллагааг огт хийгээгүй.
Ингээд дараа нь өөртэй нь амаар харилцан зөвшилцсөний үндсэн дээр түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан.
Харин анхан шатны шүүх үйл явдлын талаар нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө хүсэх эрхтэй ба ажил олгогч уг чөлөөг олгох ёстой” гэж хэт нэг талыг барьж, уг үйл явдлыг хуулийн заалттай холбохдоо буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дугаар хэсэгт “Б/12 дугаар тушаалд нэхэмжлэгч Б.М-ыг “Соёл, гэгээрэл бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилох”-оор тусгасан байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан туршилтын хугацааг хэрэглэх талаарх ямар нэгэн баримт байхгүй байна ...” гэж дүгнэсэн.
Энэ шүүхийн дүгнэлтээс үзэхэд Б.М-ыг ажилд томилсон тушаал хууль бус болох талаар дүгнэсэн байна гэж үзэхээр байна.
Хэрвээ уг дүгнэлтээр ажилд томилсон тушаал анхнаасаа хууль бус юм бол дараа дараагийн хөдөлмөрийн харилцаа хууль бус болох ба Б.М нь Соёлын хэлтэст ажиллах үүрэггүй, Соёлын хэлтэс ч “ажиллуулах” үүрэггүй, чөлөөг ч шийдэх үүрэггүй юм.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Б.М, хариуцагч Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэрэг байх бөгөөд үүнээс энэ хэргийн хариуцагч нь “Т.З” байна гэж ойлгогдож байна.
Гэтэл шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “Тогтоох нь” хэсгийн 1 дүгээрт Хариуцагч Хэнтийн аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор 5 460 298 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн Соёл, урлагийн газраас гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж тус тус тогтоосон байна.
Дээрхээс харахад “ажилгүй байсан хугацааны олговор”-ыг Соёл, урлагийн газар буюу байгууллагаас, харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид буюу Т.З-т даалгасан байна.
Шүүхийн шийдвэрээс энэ хэргийн хариуцагч нь Т.З гэж дүгнэж биччихээд энэ хэргийн оролцогч биш “Соёл, урлагийн газар”-т нөхөн төлбөрийг даалгах шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.М-аас Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Маргаан бүхий Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Соёл, гэгээрэл, бүхий нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр ажиллаж байсан Б.М-ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс “өөрийнх нь хүсэлтийн дагуу” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
2.3. Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатарт гаргасан өргөдөлдөө “... миний бие ар гэрийн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 139 дүгээр зүйлд заасан “хүүхэд асрах чөлөө”-г авах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.4. Дээрх өргөдлөөс үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж заасны дагуу “хүүхэд асрах чөлөө” авах хүсэлтийг гаргасан байх бөгөөд гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
2.5. Тодруулбал, нэхэмжлэгч Б.М-аас өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх талаар хүсэлт гаргаагүй гагцхүү “хүүхэд асрах чөлөө” авах хүсэлт гаргасан байхад “өөрийн хүсэлтийн дагуу” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасантай нийцэхгүй байна.
2.6. Нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дүгээр тушаал хууль зөрчсөн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул дээрх хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж тус тус заасны дагуу Хэнтий аймгийн Соёл, урлагийн газраас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын ажилгүй байсан хугацааны олговор 5 460 298 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Соёл, урлагийн газарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН