Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: П.Болд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Пүрэвийн Болдод холбогдох яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201616010053 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянхонгор аймгийн 6-р баг, 10-7 тоотод оршин суух, 2012.03.12-ны өдөр Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Пүрэвийн Болд /РД: ВП70101013/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Болд нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэн дараах баримтыг үндэслэв.

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж би, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Энэрэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан П.Болдод холбогдох 201616010053 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлсэн. П.Болд нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, МУ-ын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. П.Болд нь гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн яллагдагчаар өгсөн Болдын мэдүүлэг, хохирогч Оюунсүрэнгийн мэдүүлэг, гэрч Нэргүйн мэдүүлэг, 2016 оны 05 дугаар 25-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч П.Болдод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 471 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. П.Болд нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №377986 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэв

Шүүхийн хуралдаанд шүүгдэгч П.Болд өгсөн тайлбартаа: Би буруу хэрэг хийсэн учир улсын яллагчаас оноож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Оюунсүрэнгийн “2016 оны 4 сарын 10-ны өдөр П.Болд гэх хүн Монгол улсын жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдүүлж ашиглан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхайн 17-р пост гэх газар баригдан саатуулагдсан байгаа юм. Жолооны үнэмлэх нь Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн өмч юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Нэргүйн: Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхай дээр 17-р постонд 2016 оны 4 сарын 10-ны үед 20 цагийн орчим үүргээ гүйцэтгэж байхад Норд бенз маркийн машин ачилтад орох гэж ирсэн. Би жолоочийн үнэмлэхийг нь шалгахад Пүрэв овогтой Болд гэсэн нэртэй илт хуурамч үнэмлэх үзүүлэхээр нь тухайн үнэмлэхийг нь хурааж аваад саатуулаад маргааш нь ээлжийн ахлах дарга нартаа мэдэгдээд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт: Пүрэв овогтой Болд /ВП70101013/ BCDE ангиллын №377986 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч П.Болд нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Оюунсүрэнгийн, гэрч Д.Нэргүй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар 25-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Болд нь урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч П.Болдыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар санал болгосныг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

П.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №377986 дугаартай хуурамч жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Пүрэвийн Болдыг хуурамч баримт бичиг болох жолооны үнэмлэхийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Болдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар П.Болдод торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. П.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №377986 дугаартай хуурамч жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА