Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01052

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзал,

хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,  шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 91-р байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХД71120401, Намнан овогт Раднаажавын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 18-р гудамж, 142 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦБ67112302, Боржигон овогт Цогийн Мөнгөнцэцэгт холбогдох,

гэм хорын хохиролд 5 783 600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа, хариуцагч Ц.Мөнгөнцэцэг, иргэдийн төлөөлөгч Э.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар  оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэм хорын хохиролд 5 783 600 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Р.Оюунгэрэл нь 2015-2016 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү н.Баттүшигийг Шинэ эрин лаборатори сургуульд суралцуулахаар төлөвлөж байсан боловч тус сургуулийн элсэлтийн шалтанд хүүгээ оруулж чадаагүй, хоцорсон тухайгаа найз Ж.Ганцэнгэлд ярьсан. Гэтэл 2015-06-12 өдөр Р.Оюунгэрэл рүү Ж.Ганцэнгэл утсаар ярьж, Ц.Мөнгөнцэцэг гэдэг хүнтэй танилцуулсан. Ц.Мөнгөнцэцэг нь хүүг чинь Шинэ эрин сургуульд суралцуулахаар болсон гэж хэлээд Р.Оюунгэрэлээс 2015-06-12 өдрөөс эхлэн 2015-09-01 өдөр хүртэл нийтдээ 5 783 600 төгрөгийг цувуулж авсан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд хүү н.Баттүшиг нь тухайн сургуульд орж чадаагүй тул Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, шалгуулсан. Ц.Мөнгөнцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  бусдыг хуурч мэхлэн 5 783 600 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргахад 2016-10-07 өдөр Баянгол дүүргийн орлогч прокурор М.Сүхчулуун хариу мэдэгдэхдээ  гомдол гаргагчийн зүгээс өөрт учирсан материаллаг хохирлыг иргэний хэргийн шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Иймд эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 5 783 600 төгрөгийг Ц.Мөнгөнцэцэгээс гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Ц.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Р.Оюунгэрэлийн нэхэмжилсэн 5 783 600 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг нь өмнө нь төлсөн тул одоо 3 283 600 төгрөгийг төлөхийг  хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Хариуцагч 2 500 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээгээр татгалзаж байна гэв.

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Р.Оюунгэрэл  хариуцагчаас гэм хорын хохиролд 5 783 600 төгрөгийг   гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан боловч  нэхэмжлэлийн шаардлагаас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч  2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжилсэн 2 500 000 төгрөгийг шаардсан хэсгээс татгалзаж, хариуцагчаас 3 283 600 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа өөрчилснийг хариуцагч төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй  тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ 2 500 000 төгрөгийг шаардсан хэсгээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн  зохигчийн татгалзал, зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул  нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн  56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 67 488 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон,