Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01043

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам 100/2 байрны 37 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕЙ81021904, Боржигон овогт Ганжуурын Отгончимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42 тоотод байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт  холбогдох,

хөдөлмөрийн харилцааны албаны мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Отгончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Анхбаяр, хариуцагчийг төлөөлж,  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан тус байгууллагын Хөдөлмөрийн харилцааны албаны мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг  хэлэлцэв. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 2003 онд ажилд орж, 2010 онд гарч, 2015 онд дахин ажилд орж ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж ирсэн.

Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017-01-20 өдрийн Б-2-06 дугаар, Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй.  Ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд байгааг миний бие ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна.

  Иймд намайг хөдөлмөрийн харилцааны албаны мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, уг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017-01-20 өдрөөс 2017-04-12 өдрийг хүртэл хугацаанд 2016 оны 11, 12, 2017 оны 01 сард авсан цалингийн дунджаар тооцон,  5 200 102 төгрөгийн олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Инженер Г.Отгончимэг нь зан харилцааны хувьд маш бүдүүлэг, дээрэлхүү, таалагдахгүй байгаа болон дургүй хүмүүстэйгээ маш муухай харьцдаг, ёс зүйн доголдолтой ажилтан байсан.

Хариуцаж буй ажилдаа хайнга ханддаг, дургүй эсвэл ямар нэгэн хувийн  шалтгаантай тушаалыг барьж удаах, зарим үед хүнтэй холбоотой тушаалыг гаргахгүй орхих, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулах, хугацаанд нь тушаалыг гардуулж өгөөгүй тохиолдол олон гарч байсан. Мөн тушаалыг тараахдаа гарын үсгээр тараадаггүй, баримтгүй өгдөг. Жишээ нь Захиргаа удирдлагын албанд тушаалыг цагт нь гарын үсгээр  хүлээлгэж өгдөггүй, тушаал нь хүлээлгэж өгдөг тусдаа дэвтэр байдаггүй байсан.

Замын 4-р ангийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатын тушаалыг хугацаанд нь гарт нь өгөөгүйгээс халагдсны тэтгэмжээ авах боломжгүй болж хохирсон. Баянбуурал амралтын ерөнхий нягтлан бодогч Б..Гантуяаг ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэлээр ажлаас халах тушаал гаргасан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн ажилтан н.Болормаагийн тушаалыг сүүлийн албан тушаалаар  өөрчилж  гаргаагүйгээс ажилласан хугацаа нь тасарсан.Захиргаа удирдлагын албаны нягтлан бодогч Н.Оюун болон н.Болормаа өөрөө удаа дараа хүсэлт тавьж, тушаалыг гаргаж өгөхийг хүссэн боловч шалтгаангүй гаргаагүй. Одоо ч тушаалгүй байгаа. Замын 3-р ангийн хүний нөөцийн менежер Г.Гантуяагийн ажил өөрчлөгдөх үед гарсан өөрчлөлтийн тушаалыг гаргаж өгөөгүйгээс тухайн хүний ажилласан жил тасарсан мэт харагдаж байгаа бөгөөд тушаал гаргаж өгөхийг хүссэн боловч тушаалыг гаргаагүй. Замын даргын 2016-12-02 өдрийн Б-1-308  тушаал дээр менежер гэдэг үгийг менеженер гэж албан тушаалыг буруу бичсэн. Түүнийгээ тараасан. Замын даргын 2016-12-22 өдрийн Б-1-336 тоот тушаалаар Л.Ононг огт байдаггүй албан тушаалаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Л.Онон одоо тэтгэвэрт гарсан. Удирдах газрын ажилтнуудад үнэгүй явах 1 удаагийн билетийн жагсаалтыг өгөх журмын дагуу өгөөгүй, дугаар  нь зөрсөн, үдэж цэгцлээгүй шууд өгсөн байдаг.

Ажил олгоогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан. Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэг, Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны дарга Р.Зоригт нарыг ажилд авсан тушаалуудыг цахим сүлжээнд эх хувиар нь тавьсан. Цахим сүлжээний мэдээллийн дагуу шалгалт  явуулахад нэхэмжлэгч Г.Отгончимэгт хадгалагдаж байсан тушаалын хувийг цахим сүлжээнд тавьсан болохыг тус байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын хэлтсээс хийсэн шалгалтаар тогтоосон. Дээрх тушаалын нэхэмжлэгчид хадгалагдаж байсан хувийг түүнээс хүүхдийн хэлтсийн жолооч авч, цааш нь дамжуулж, сайтад мэдээллийг гаргасан байсан. Г.Отгончимэгийн үйлдэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтуудыг зөрчсөн, Замын удирдлагын нэр хүндийг унагаах зорилгоор мэдээлэл цацсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, сахилгын шийтгэл ногдуулах тухай хариуцагч байгууллагын даргын тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд авах тушаал, нийгэмлэгээс гарах зарим шийдвэрийн төслийг боловсруулах, баталгаажуулах журам, шалгалтын удирдамж, материал, тайлан, Улаанбаатар төмөр замын даргын тушаалууд, сайтад тавигдсан мэдээлэл, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын тогтоол,цалингийн карт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн харилцааны албанд мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2017-01-20 өдрийн Б-II-06 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а,з заалтуудыг үндэслэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэснийг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж гомдол гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан зөрчлийг гаргасан гэж үзэж, ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь түүний тайлбараар тогтоогдож  байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцлүүдэд хамааралтай бөгөөд эдгээрээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил  гаргасан    үндэслэлд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч хамааруулсан байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 7.2, хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт ижил агуулгатай байх бөгөөд ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчлийг нэрлэн заасан байна.

 Энд заасан ...ажлын ноцтой алдаа, гологдол гаргах, ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулах үйлдэл, эс үйлдэлд нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлийг хамааруулж хариуцагч тайлбарлаж  байна.

Хөдөлмөрийн харилцааны албаны мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар  нэхэмжлэгч УБТЗ-ын мэргэжлийн хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шаардлагатай ажиллах хүчнээр хангах, ажилтнуудын мэдлэгийн чанар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ажлын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу гүйцэтгэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулах тушаал, дүрэм  журам, тодорхойлолт, албан бичиг хэргийн боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 Ажиллаж байсан хугацаандаа нэхэмжлэгч нь Ж.Мөнхбатад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2016-11-01 өдрийн б-II-153 тушаалыг цаг хугацаанд нь гардуулж өгөөгүй, Г.Гантуяаг 2016-05-05 өдөр өөр ажилд шилжүүлсэн тушаалыг гаргаагүй, Б.Гантуяаг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан, Л.Ононг тус байгууллагад байхгүй, албан тушаалаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан, ажилд томилох тушаалд албан тушаалын нэрийг буруу бичиж, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан гэж хариуцагч үзсэн байна.

Мөн Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэг, Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны дарга Р.Зоригт нарыг ажилд авсан тушаалууд  цахим сүлжээнд эх хувиараа тавигдсан  бөгөөд уг тушаалуудыг хаанаас авч тавьсныг тогтоохоор   тус байгууллага бичиг баримтад  шалгалт  явуулж, нэхэмжлэгч Г.Отгончимэгт хадгалагдаж байсан тушаалын хувийг цахим сүлжээнд тавьсан болохыг тус байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын хэлтсээс хийсэн шалгалтаар тогтоосон байна.

Хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ажилтан... ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан нь ... хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол, ажил олгогчийн эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол ажил олгогч  санаачлан  хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаалыг халагдсан ажилтанд гардуулаагүй хугацаа хоцроосон, ажил өөрчилсөн тушаалыг гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болон ажилд томилсон тушаалд албан тушаалын нэрийг буруу бичсэн, тус байгууллагад байхгүй албан тушаалаас  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон зэрэг зөрчил гарсан нь тогтоогдсон байх боловч эдгээр бичиг баримтыг боловсруулахад нэхэмжлэгчийн гаргасан алдаа  нь зөвхөн нэхэмжлэгчтэй холбоотой бөгөөд тушаал шийдвэрийн төсөлтэй тус байгууллагын холбогдох хэлтэс, албадууд танилцаж, зөвшөөрөл өгдөг журам тус байгууллагад үйлчилдэг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Тушаалын төсөлд холбогдох  хэлтэс, албадууд зөвшөөрөл/виз/ олгодог байх тул зөвхөн нэхэмжлэгчийн ажлын алдаа, гологдол гэж үзэж, нэхэмжлэгчтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамааруулах үндэслэлгүй байна.

Цахим сүлжээнд байршуулсан Б.Оюунчимэг, Ж.Пунцаг, Р.Зоригт нарын ажилд авсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалууд нь ажил үүргийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид хадгалагдаж байсан хувь цахим сүлжээнд тавигдсан болохыг хариуцагч байгууллага дотоод хяналт шалгалтаараа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Г.Отгончимэг тушаалуудыг хаана, хэнд олгосон тухайд бүртгэлгүй,  тушаалуудыг хадгалах шүүгээг цоожилдоггүй, түлхүүрүүд нь зоолттой байдаг байдлаас  бусдад авч, ашиглах  боломж, нөхцлийг  бүрдүүлсэн болохыг тогтоосон байна.

Дээрх нэр бүхий дээрх хүмүүсийг ажилд томилсон тушаалуудад ажил олгогчийн эсрэг ямар нэгэн мэдээлэл агуулагдаагүй байх бөгөөд эдгээр тушаалыг сайтад нэхэмжлэгч байршуулсан болон нэхэмжлэгч ажил олгогчийн удирдлагын нэр төрийг гутаах зорилгоор, байгууллагын эсрэг илт хууль бус үйл ажиллагааг явуулсан   үйл баримт тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчид  ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн харилцааны албанд мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерийн ажилд  эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан 2017-01-20 өдрөөс 2017-04-12 өдрийг хүртэл 2 сар 22 хоногийн хугацааны олговрыг сүүлийн 3 сарын дундаж цалин 1 894 953 төгрөгөөр сард олгох олговрыг тооцон, 5 116 373 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй тул нэхэмэжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан хугацааны шимтгэлийг нөхөн төлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын  дэвтрүүдэд нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

             

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 97 732 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,