Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00368

 

С.Золзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

С.Золзаяагийн нэхэмжлэлтэй,

Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Золзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагчийн төлөөлөгч Н.Янжмаа өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуульд мэдээллийн технологи, англи хэлний багшаар томилогдон ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг хууль бусаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 1 жил хүртэл хугацаагаар чөлөөг ажилтанд олгож болно гэсэн заалт байсан учраас би чөлөө авах гээд Н.Янжмаа захиралд өргөдөл гаргаад чөлөө олгочихлоо гэж бодоод 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амьдрал ахуйн шаардлагаар БНСУ-руу ажиллахаар яваад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу 2 сар болоод ирсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард Н.Янжмаа захиралтай уулзаж учир байдлаа хэлтэл чамайг халсан гэж хэлсэн. Тэгээд ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гэтэл өгөөгүй. Би багшаар ажиллаж байх хугацаанд сард нэмэгдлийн хамт 699.000 төгрөгийн цалинтай байсан болно. Тиймээс 2017 оны 11 дүгээр сараас одоог хүртэл 8 сарын цалин 5.592.000 төгрөгөөр хохирч байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.592.000 төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийг шаардлага гаргаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн мэдээллийн технологийн багшаар ажиллаж байсан С.Золзаяа нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар буюу ажил хийхээр явах 1 жилийн чөлөө олгох хүсэлт гаргасан. Хичээлийн дундуур хүүхдүүдийн хичээлийг завсардуулахгүйн тулд багшид чөлөө олгож болгохгүй талаар үүрэг чиглэл өгсөн учраас С.Золзаяад чөлөө олгоогүй. Сургуулийн захиргаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл С.Золзаяагаас хариу хүлээсэн ч хариу байхгүй төдийгүй ажилдаа ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түүнийг хүлээсэн ба хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдаж нэг улирлын хичээлийн хоцрогдол үүсч хохироож байсан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын байраа орхин явж, ажлаа шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног тасалсан зөрчлийг үндэслэн, мэдээллийн технологийн багш ажилтай С.Золзаяаг сахилгын шийтгэл давтан гаргасан, шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн менежерүүдийн зөвлөлийн хурлаар түүний ажил тасалсан асуудлыг хэлэлцэж өөрийн биеэр ажилдаа ирэхийг хүлээхээр шийдвэрлэж хүлээсэн. Багш С.Золзаяа нь 2017 оны 03 дугаар 13-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадалгаа авчирч сургуулийн нягтлан бодогч Д.Ганцэцэг хөдөлмөрийн чадамж түр алдсаны тэтгэмж олгохоор нийгмийн даатгалд хүргүүлэхэд уг магадалгаа нь хуурамч болох нь нотлогдож, мөн Аюурвэд-Энх ХХК-ийн ерөнхий эмч Ш.Нарантуяа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3 албан тоот бичгээр хуурамч болох талаар хариу ирж С.Золзаяа нь буруугаа хүлээж БНСУ руу ажил хийхээр явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба ажлаа цалгардуулалгүйгээр тасалсан хичээлээ нөхөн хичээж ажиллана гэсэн хүсэлт өгснийг үндэслэн сургуулийн захиргаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 тоот ажлаас халах тушаал нь хууль зөрчөөгүй, ажил олгогч тушаалыг гардуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч С.Золзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч С.Золзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Захирал Н.Янжмаа намайг хууль бусаар ажлаас халж, хуулийн дагуу мэдэгдэлгүйгээр ажлаас халсан тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй эрх мэдлээ хэтрүүлж Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Намайг захирлаас чөлөө авалгүй ажлаа хаяад явсан гэж байгаа боловч би БНСУ руу явж ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор хэдэн төгрөгийн төлөө зүтгэж явсан нь үнэн боловч энэ талаараа сургуулийн захиралд учраа хэлж холбогдох өргөдөл санал хүсэлтээ үлдээгээд дотоод журмын 8.3.4, 10.3.5 зааснаар өргөдөл хүсэлтээ үлдээсэн. Захирал Н.Янжмаа энэхүү асуудлыг үл хайхарч багш нарынхаа ахуй амьдрал болон нийгмийн асуудалд анхаарал халамж тавихгүйгээр намайг байхгүйгээр ажлаас халж хохироосон явдалд гомдолтой байна.

Шүүх Н.Янжмаа захирлын хууль бусаар дотоод журмыг гаргаж төрийн тамга тэмдэг, эрх мэдэл, албан тушаалаа буруугаа ашигласан байхад шүүх ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл ажил амьдралгүй хохирч байна. Одоогийн байдлаар 8.697.000 төгрөгийн цалин хөлсөөр хохирсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж намайг ажилд эгүүлэн тогтоож, цалинг олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч С.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор” гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил тасалж сахилгын давтан зөрчил гаргасан, ...ажлаас халагдсанаа мэдэж байсан...” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

            Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар “...хичээл сургалтын үйл ажиллагааг олон хоног тасалдуулсан, ажлаа 3 ба түүнээс дээш хоног шалтгаангүйгээр тасалсан” гэх үндэслэлээр С.Золзаяад 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан, энэ талаар маргаагүй байна.

            Ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Б/59 дүгээр тушаал гаргаж, С.Золзаяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгон “...ажлаа шалтгаангүйгээр тасалж, 30 хоног хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан” зөрчил гаргасан гэжээ /хэргийн 69 дүгээр тал/.

            Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан эсэх, ажлаас буруу халсан тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

            Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5-т “багш ажилтнуудад хүндэтгэн үзэх шалтгааныг /давагдашгүй байгалийн хүчин зүйл, хүнд өвчин/ харгалзан 1 хичээлийн жил хүртэл хугацаатай цалингүй чөлөө олгож болно” гэж заасан, нэхэмжлэгч дээрх заалтыг үндэслэн 1 жилийн чөлөө олгох хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан ба ажил олгогч чөлөө олгох боломжгүй талаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариу мэдэгдсэн, нэхэмжлэгч мөн өдрөөс хойш ажилдаа ирээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 65-66, 81-94 дүгээр тал/. Өөрөөр хэлбэл, чөлөө олгох талаар эрх бүхий этгээд шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

            С.Золзаяа шүүхэд “...2017 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Солонгосоос ирсэн, 2018 оны 1 сард захиралтай уулзахад ажлаас халсан гэж хэлсэн” талаар  тайлбар гаргасан байх ба ажлаас халсан шийдвэрийн талаар Булган аймгийн Засаг даргад 2018 оны 2 дугаар сард гомдол гаргаж байжээ /хэргийн 80 дугаар тал/.    

            Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ба нэхэмжлэгч гомдлоо 2018 оны 6 дугаар сарын 5-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй байна. 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дээрх үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ