Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0454

 

   “А” ХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Татварын ерөнхий газар болон тус газрын харъяа Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4 487 553 635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байгаа, түүнчлэн үүнээс шалтгаалан манайхаас улсын төсөвт 1 043 221 562.38 төгрөгийн татварын илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож энэхүү төлсөн 1 043 221 562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг хариуцагчдад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 438 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Д.Э

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0069/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХК-иас Татварын ерөнхий газар тус газрын харъяа Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан “Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4 487 553 635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байгаа, түүнчлэн үүнээс шалтгаалан манайхаас улсын төсөвт 1 043 221 562.38 төгрөгийн татварын илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож энэхүү төлсөн 1 043 221 562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг хариуцагчдад даалгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.8, Татварын ерөнхий хуулийн /2019/ 15 дугаар зүйлийн 15.2, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэнийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            2014-2016 онуудад татвар илүү төлсөн нь тогтоогдоогүй бөгөөд татварын хяналт шалгалтын актын хавсралт ХШ-07 маягтад татвар төлөгчийн тайлагнасан төлбөл зохих албан татварыг өөрчлөлтгүйгээр, татварыг үнэн зөв тайлагнасан гэж “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э, ерөнхий нягтлан бодогч Б.Т нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж тамга даран, баталгаажуулсан байна.

            Татварын ерөнхий хууль /2008/-ийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон бөгөөд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж зохицуулсан байна.

            Иймд улсад илүү төлсөн татвар нь татварын хяналт шалгалтаар удаа дараалан тогтоогддоггүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            2.1. Нэхэмжлэгч “А” ХК-иас Татварын ерөнхий газар, тус газрын харъяа Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан “Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4 487 553 635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байгаа, түүнчлэн үүнээс шалтгаалан манайхаас улсын төсөвт 1 043 221 562.38 төгрөгийн татварын илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож энэхүү төлсөн 1 043 221 562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг хариуцагчдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            2.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч компанийн хувьд олон улсын хөгжлийн банкнаас зээл авсан, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлсөн, зээлийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд мэдүүлэхдээ ханшийн зөрүүний бодит алдагдлыг тооцоолоогүй тайлагнасан, улмаар тайланд зөрүү үүссэн, тайлангийн залруулга хийх боломж тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Сангийн сайдын шийдвэрээр хориглогдсон байсан, улмаар залруулга хийх хугацаа хэтэрсэн, 2019 онд Татварын багц хууль шинэчлэн батлагдсан, уг хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шүүхэд хандсан” гэж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            2.3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна:”, 46.5.3-д “нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын ногдлоо тооцоолох талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн аваагүй болон татварын ногдлоо буруу тодорхойлсон байдал илэрвэл татварын хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж, түүнчлэн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:”, 30.8-д “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 75.1.2-т “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж тус тус заажээ.

            2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, татвар төлөгчийн татварын ногдлоо буруу тодорхойлж, илүү төлсөн татварыг буцаан олгох тохиолдолд татварын хяналт шалгалт хийж баталгаажуулан илүү төлсөн эсэхийг тогтоох талаар 2008 оны болон 2019 оны Татварын ерөнхий хуульд аль алинд нь тодорхой зохицуулсан гэж үзэхээр байна.

            2.5. Гэтэл нэхэмжлэгч компанийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтыг хийж улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 360004065 дугаар актаар 42 237 305 төгрөгийн нөхөн татвар, 23 485 688.5 төгрөгийн торгууль, 12 216 887.8 төгрөгийн алданги, нийт 77 939 881.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байх ба уг хяналт шалгалтаар татварын илүү төлөлт хийгдсэн, буцаан олголт хийгдэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн дээр дурдсан хуулийн зохицуулалтаас харахад, татварын хяналт шалгалтаар зөвхөн татварыг дутуу ногдуулсан эсэх, хугацаа хожимдуулсан эсэхийг шалгадаггүй, татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох бүртгэл нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэж буй эсэх, татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг бүхэлд нь хянаж шалгадаг байна.  

            2.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс дээр дурдсан улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх захирал Ц.Э, ерөнхий нягтлан бодогч Б.Т нар гарын үсэг зурсан байх төдийгүй уг акттай холбоотойгоор Татварын маргаан таслах зөвлөлд болон шүүхэд хандан маргасан зүйл байхгүй байна. 

            2.6. Өөрөөр хэлбэл, нэгэнт татварын илүү төлөлт нь актаар баталгаажиж, тогтоогдоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

            2.7. Нөгөөтээгүүр Татварын ерөнхий хууль /2019/-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй”, 6 дугаар зүйлийн 6.1.27-д “татварын буцаан олголтын акт” гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг”, 72 дугаар зүйлийн 72.1-д “Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна”, 72.2-т “Энэ хуулийн 72.1-д заасан актаар баталгаажуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор илүү төлсөн татварыг буцаан олгоно” гэж тус тус заажээ.

            2.8. Дээрхээс үзвэл, эрх бүхий этгээд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас татвар, торгууль, алдангийг буцаан олгох үндэслэл бүрдсэн тохиолдолд түүнийг нь “буцаан олголтын акт”-аар баталгаажуулж, татвар төлөгчид буцаан олгохтой холбоотой харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдал огт тогтоогдоогүй тул хариуцагчийн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2019 оны/ 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн Татварын ерөнхий газар, тус газрын харъяа Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан гаргасан “Гадаад валютын ханшийн зөрүүтэй бодит алдагдал 4 487 553 635.16 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байгаа, түүнчлэн үүнээс шалтгаалан манайхаас улсын төсөвт 1 043 221 562.38 төгрөгийн татварын илүү төлснийг тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, энэхүү төлсөн 1 043 221 562.38 төгрөгийг ирээдүйн төлөх татвараас суутган тооцохыг хариуцагчдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН