Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтугалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж

Шүүгдэгч С.Нямбаяр /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Нямбаярт холбогдох 201616010052 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 9-30-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цахар овогт Сонгуулийн Нямбаяр /РД:РХ95071614/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Нямбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэн дараах баримтыг үндэслэв.

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж би, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Энэрэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан С.Нямбаярт холбогдох 201616010052 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлсэн. С.Нямбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, МУ-ын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. С.Нямбаяр нь гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн яллагдагчаар өгсөн С.Нямбаярын мэдүүлэг, хохирогч Б.Оюунсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ж.Оргилын мэдүүлэг, 2016 оны 05 дугаар 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгчдэгч С.Нямбаярт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. С.Нямбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хонгоггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №257418 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэв

Шүүхийн хуралдаанд шүүгдэгч С.Нямбаяр өгсөн тайлбартаа: “шүүхэд нэмж гаргах тайлбар байхгүй. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ж.Оргилын өгсөн:”Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн уурхай дээр 17 дугаар постон дээр 2016 оны 01 сарын 20-ны үе хавьцаа үдээс хойш үед үүргээ гүйцэтгээд байж байхад нордбенз маркийн машин ачилтанд орох гэж ирсэн юм. Тэгээд би жолоочийн үнэмлэхийг шалгахад жолооч нь Сонгууль овогтой Нямбаяр гэсэн нэртэй илт хуурамч үнэмлэх үзүүлэхээр нь тухайн үнэмлэхийг нь хурааж аваад саатуулаад ахлахдаа мэдэгдээд хүлээлгэж өгсөн... тэгээд манай удирдлагууд хүлээж аваад цагдаагийн байгууллага дээр хүлээлгэж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 14 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 171 дугаартай Б.Оюунсүрэнг хохирогчийн төлөөлөгчөөр томилох тухай албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчийн төлөөлөгч Б.Оюунсүрэн мэдүүлэхдээ:” Би Өмнөговь аймгийн автотээврийн төв хохирогчоор тооцогдож, намайг манай байгууллагаас энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. 2016 оны 01 сарын 20-ны өдөр С.Нямбаяр гэх хүн Монгол улсын хуурамчаар үйлдсэн жолоочийн үнэмлэх ашиглан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхайн 17-р пост газар баригдан саатуулагдсан асуудал байгаа юм. Манай автотээврийн байгууллага Монгол улсын жолоочийн үнэмлэхийг эзэмшиж ашиглалтад нь хяналт тавьдаг байгууллага. Жолооны үнэмлэх нь манай байгууллагын өмч юм. Манай зүгээс ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Холбогдогч этгээдтэй сайн дураар эвлэрсэн, манай байгууллагад хохирол учраагүй, гомдол саналгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэрэгт холбогдсон этгээдэд хуульд заасны дагуу ял шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “...Сонгууль овогтой Нямбаяр /РД:РХ95071614/ ВС ангиллын №257418 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч С.Нямбаярын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би 2015 оны 07 дугаар сард өөрийн үнэмлэх дээр Е ангилал даруулах гээд болохгүй болоод БНХАУ-н Ганц модны боомтонд хяг реклам хийдэг газарт Монгол мөнгөөр 60,000 төгрөг буюу 200 юань төлөөд хуурамч жолооны үнэмлэх хэвлүүлэн авч ашиглаж байгаад 2016 оны 01 сарын 20-ны өдөр Эрдэнэс таван толгой уурхайн 17 дугаар поструу ороход хамгаалагч бичиг баримт шалгаад хуурамч байна гээд хурааж авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 19, 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Нямбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян 14-р багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Нямбаярын жолоочийн мэдээлэл /хх-ийн 27 дугаар хуудас/

Хохирогч Б.Оюунсүрэнгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст гаргасан: “Өмнөговь аймгийн автотээврийн төвийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсүрэн би байгууллагаа төлөөлөн Монгол улсын хуурамч жолооны үнэмлэх ашигласан Сонгууль овогтой Нямбаяртай сайн дураар эвлэрч байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

С.Нямбаяр нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн уурхайн 177-р пост гэх газар нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Оюунсүрэнгийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Нямбаярыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар санал болгосныг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч С.Нямбаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №257418 дугаартай хуурамч жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цахар овогт Сонгуулийн Нямбаярыг хуурамч баримт бичиг болох жолооны үнэмлэхийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямбаярыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар С.Нямбаярт торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. С.Нямбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №257418 дугаартай хуурамч жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүднд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО