| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0687/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/578 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/578
2021 08 23 2021/ШЦТ/578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
улсын яллагч Г.Цогтмагнай,
шүүгдэгч Ш.А-, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ш.А-д холбогдох эрүүгийн 1909015330631 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ш.А- нь:
- 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” худалдааны төвийн орчим явж байсан иргэн П.Оюунчимэгийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.436.292 төгрөгний хохирол учруулсан,
- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны орчим иргэн Б.Мөнгөнзулын Ай фоне-7 плас маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 826.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн П.Оюунчимэгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 03 /
Хохирогч П.Оюунчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури худалдааны төвийн орчимд алхаж яваад гартаа барьсан цүнхнээсээ түрийвчтэй бэлэн мөнгө болон эд зүйлээ халгайд алдсан. Миний алдсан түрийвчинд бэлэн 205.000 төгрөг, 305 америк доллар, банкны виза картууд, иргэний цахим үнэмлэх, Номин, Хан бүргэдэй худалдааны төвийн картууд, ламын аравнайлсан зүйлс байсан. Би алдагдсан эд зүйлсийг яг өөрийнх нь үндсэн үнээр нь үнэлнэ. Бэлэн мөнгө долларыг бол байсан төгрөгийн хэмжээгээр үнэлнэ. Харин түрийвчээ 2014 онд АНУ-с худалдаж авч байсан үнээрээ үнэлнэ. Би алдагдсан эд зүйлээ олж авсан. Гэхдээ миний иргэний цахим үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны виза картууд болон бусад худалдааны төвөөр үйлчлүүлдэг картууд байхгүй байсан гэжээ. / хх 09 /
Гэрч Б.Нямчулуун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би тэр өдөр архи нилээн уучихсан явж байгаад багын найз Ш.А-тай вокзал дээр тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уугаад муудаад Тээврийн товчооноос Меркури худалдааны төв рүү алхаж явсан. Гэтэл Азаа гэнэт би явлаа гээд бид хоёр салаад явсан. Маргааш нь Халаасны хулгайн хэлтсийн байцаагч дуудаад уулзаад болсон асуудлын талаар надаас асуугаад байсан. Тухайн үед би Азаатай цуг явж байсан ч хулгай хийж байгааг нь мэдээгүй байсан гэжээ. / хх 12 /
Гэрч А.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркури төвийн хойно түрийвчээ алдлаа гэсэн дуудлагын дагуу биечлэн сурвалжилга хийж мэдээ мэдээлэл олоход сэжигтэй этгээд болон Ш.А- үйлдсэн байж магадгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ш.А-ын 94186684 дугаарын утас руу залгаж ирж уулз гэж хэлэхэд ирж уулзаагүй алга болсон. Тухайн үед гэрийн хаяг болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур 64 дүгээр байрны гадаа хүлээж байхад эхнэрийнхээ хамтаар ирсэн. Ш.А-ыг дуудан уулзан Меркури захын ойролцоо түрийвчтэй эд зүйлс авсан байна гэхэд хэргээ шууд хүлээж түрийвчийг хураан авч, түрийвч дотор байсан бичиг баримтыг хаясан гэх газраас хайхад олдоогүй. Ш.А- нь 2002 оноос хойш Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүртгэл судалгаанд орсон гэжээ. / хх 17 /
Ш.А-аас АНУ-ын мөнгөн тэмдэгт болох MG 33527395 А серийн дугаартай 100 доллар 1 ширхэг, АС 71164089 B, JB 59954404 D, JC 68707909, A BC 24910334 B, JG 16295741 B, JE 81532107 E, MN 56241684 А, JB 94386496 A, JB 57632203 E, MB 45930732 E серийн дугаартай 20-тын доллар 10 ширхэг, Монгол мөнгөн дэвсгэрт болох AG 4419498, AG 9147001, AD 4458492, AJ 9019262, NZ 5619576, AF 4726614, АН 2286533, PS 0556192, NZ 5598884, АK 5721611, AH 3656680, AJ 4099182, AF 0944542, AH 2336544, AK 5882202, AD5947118, AH 3857539, AG 3622069, AH 4941373, AG 9215288 дугаартай мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, Burberry логотой хүрэн бор өнгөтэй шаргал өнгийн түрүүвч 1 ширхгийг хураан авч П.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 35-36, 54-55 /
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 40 /
Иргэн Б.Мөнгөнзулаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 71 /
Хохирогч Б.Мөнгөнзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хичээлээ тараад гэртээ харихаар явсан. Тэгээд 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа ирэхдээ утсаараа найз Эрдэнэсүрэнтэй ярьсан. Тэгээд өөрийн Айфоне-7 плас загварын ягаан өнгөтэй, Монгол эмэгтэй хүний дүрстэй хамгаалалтын гэртээ гар утсаа өмсөж явсан пиджакны халаасанд хийсэн. Тэгээд гэртээ орох гээд гэрийн хаалганы гадна очоод цүнхнээсээ түлхүүрээ гаргачихаад утсаа авах гэтэл утас алга болсон байсан. Буцаж орцноос гараад утсаа хайхад олдоогүй ба утсаа алга болсныг мэдээд шууд найз Эрдэнэсүрэнгийн утсаар өөрийн 99022870 дугаар руу залгахад холбогдохгүй байсан гэжээ. / хх 74-76 /
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гар утсыг 826.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 78-79 /
Яллагдагч Ш.А- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Далай ээж худалдааны төвийн ойролцоо явж байхад нэг эмэгтэйн цүнх онгойчихсон байхаар нь түрийвчийг нь авчихсан. Миний авсан түрийвч дотор банкны виза карт, иргэний цахим үнэмлэх, бэлнээр 300 ам доллар, 200.000 төгрөг байсан. Би эхлээд 200 ам долларыг Монгол мөнгөн дэвсгэртээр Найман шарга валют арилжааны төвд солиулаад 100.000 төгрөгийг нь үрээд үлдсэнийг нь хадгалж байсан. Би хулгай хийх үедээ найзтайгаа 0.5 граммын архи уугаад бага зэргийн согтолттой байсан.
... Би 2018 оны 10 дугаар сарын хэднийг сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 22 а байрны гадаа 17 цагийн үед нэг эмэгтэй гэр рүүгээ орох гэж явж байхад нь баруун талын халааснаас нь Айфоне-7 плас маркийн улаан өнгөтэй утас цухуйсан байхаар нь араас нь очоод утсыг хулгайлсан. Тэгээд би тэндээсээ шууд талбайн хажууд байх монтел гар утасны төвийн гадаа явуулын нэг хүн явж байхаар нь утас авах уу гээд нөгөө хүнд би утсыг 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөрөө хоол унд идээд архи уугаад дуусгасан. гэжээ. / хх 49, 95 /
Шүүгдэгч Ш.А-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 49, 95 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 19 / зэрэг болно.
Шүүгдэгч Ш.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 онд гар утас, 2019 онд түрийвчтэй мөнгийг хулгайлсан. Хохирлыг ажил хийж төлсөн. Цаашид маш их зүйл ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Ш.А- нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны орчим хохирогч Б.Мөнгөнзулын Ай фоне-7 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 826.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” худалдааны төвийн орчим явж байсан хохирогч П.Оюунчимэгийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.436.292 төгрөгний буюу бусдад нийт 2.262.292 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Иргэн П.Оюунчимэгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 03 /, ... Меркури худалдааны төвийн орчимд алхаж яваад гартаа барьсан цүнхнээсээ түрийвчтэй бэлэн мөнгө болон эд зүйлээ халгайд алдсан. Миний алдсан түрийвчинд бэлэн 205.000 төгрөг, 305 америк доллар, банкны виза картууд, иргэний цахим үнэмлэх, Номин, Хан бүргэдэй худалдааны төвийн картууд, ламын аравнайлсан зүйлс байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 09 /, ... Тэр өдөр найз Ш.А-тай нэг шил архи хувааж уугаад муудаад Тээврийн товчооноос Меркури худалдааны төв рүү алхаж явсан. Гэтэл Азаа гэнэт би явлаа гээд бид хоёр салаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Нямчулууны мэдүүлэг / хх 12 /, ... Ш.А-ыг дуудан уулзан Меркури захын ойролцоо түрийвчтэй эд зүйлс авсан байна гэхэд хэргээ шууд хүлээж түрийвчийг хураан авч, түрийвч дотор байсан бичиг баримтыг хаясан гэх газраас хайхад олдоогүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Энх-Амгалангийн мэдүүлэг / хх 17 /, ... Ш.А-аас эд зүйл хураан авч, хохирогч П.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 35-36, 54-55 /, ... Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 40 /, ... Иргэн Б.Мөнгөнзулаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 71 /, ... Өөрийн Айфоне-7 плас загварын ягаан өнгөтэй, Монгол эмэгтэй хүний дүрстэй хамгаалалтын гэртээ гар утсаа өмсөж явсан пиджакны халаасанд хийсэн. Тэгээд гэртээ орох гээд гэрийн хаалганы гадна очоод цүнхнээсээ түлхүүрээ гаргачихаад утсаа авах гэтэл утас алга болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөнзулын мэдүүлэг / хх 74-76 /, ... Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гар утсыг 826.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 78-79 /, ... 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Далай ээж худалдааны төвийн ойролцоо явж байхад нэг эмэгтэйн цүнх онгойчихсон байхаар нь цүнхнээс нь түрийвчийг нь авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын хэднийг сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 22 а байрны гадаа 17 цагийн үед нэг эмэгтэй гэр рүүгээ орох гэж явж байхад нь баруун талын халаасанд Айфоне-7 плас маркийн улаан өнгөтэй утас цухуйсан байхаар нь араас нь очоод утсыг хулгайлсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.А-ын мэдүүлэг / хх 49, 95 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.А-д ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 2.262.292 төгрөгийн хохирол учирсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.
Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.А-ын хувьд бусдад төлөх төлбөргүй, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ш.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.
Шүүгдэгч Ш.А- нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялаас хасаж тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч П.Оюунчимэгт эд зүйлийг буцаан өгч, үлдэх хохирлыг нөхөн төлсөн / хх 36, 55 /, хохирогч Б.Мөнгөнзулын хохиролд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 826.000 төгрөгийг тушаасанг гаргуулан хохирогч Б.Мөнгөнзулд олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ш.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ш.А-ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ш.А- нь төлөх төлбөргүйг дурьдаж, Ш.А-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 826.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнгөнзулд олгосугай.
8. Ш.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ