Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01004

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Шар ордон, 203 тоотод байрлах,   РД-5743966, МЖ-мөнхбаясгалант ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Наранбулаг цамхаг, 304 тоотод байрлах, РД-5110637, Квом ХХК-д  холбогдох,

харуул хамгаалалтын ажлын хөлс 16 694 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч МЖ-мөнхбаясгалант ХХК-ийн захирал П.Магнайбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа/үнэмлэхийн дугаар 0692/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр  нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээт харуул хамгаалалтын ажлын хөлс 16 694 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Манай МЖ-мөнхбаясгалант ХХК нь 2014 оны 5 сараас эхлэн өнөөдрийг хүртэл гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани Цавчит овоот нэртэй байхдаа Квом ХХК-тай 2014 оны 06 сараас харуул хамгаалалтын гэрээгээр түүний барьж байгаа барилгын харуул хамгаалалтын ажлыг хариуцаж ажилласан. Компанийн нэр солигдсон тул  2015-05-30 өдөр дахин  15/021 тоот гэрээг байгуулж, гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагааны үйлчилгээг 3,4 дүгээр цахилгаан станцын ажилчдын орон сууцны 12 давхар 3 барилгыг хамгаалах  болсон. Хамтран ажиллах хугацаанд гэрээнд заасан ажлын хөлсийг хариуцагч цаг тухайнд нь өгч байсан боловч сүүлдээ санхүүжилт орж ирээгүй байна гэх шалтгаанаар 3-4 сарын ажлын хөлсийг төлөөгүй. Эцэст нь хулгайн асуудал ярих болсон.  Эд хөрөнгөө алдсан гэдгээр шалтгаалж, 2015 оны 07 сараас 12 сарыг хүртлэх ажлын хөлснөөс  9 254 000 төгрөгийг төлөөгүй.  Хулгайн  асуудлыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, эд хөрөнгөө алдсан  үндэслэл нотлогдохгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Квом ХХК-ийн захирал н.Жаргалсайханд ажлын хөлсийг төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч төлөөгүй. 2016 оны 01 сараас 05 сарын 01 хүртэл хугацааны ажлын хөлс 8 200 000 төгрөгийг төлөөгүй. Ажлын хөлсийг төлөхгүй байсан тул 2016-05-01 өдөр харуул, хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээ больсон. Тэр өдрөөс хойш цувуулж, 760 000 төгрөгийг төлсөн.

Иймд Квом ХХК-иас ажлын хөлс 16 694 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: МЖ-мөнхбаясгалант ХХК нь манай байгууллагатай харуул, хамгаалалтын гэрээ байгуулж ажилласан. Гэтэл харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байхдаа удаа дараа бараа, материал алдаж, зөрчил гаргасан. Алдагдсан бараа материалын эзэд нь баримтаар нотлогдож, уг компанийн үндсэн ажилчид үйлдсэн байсан  тул МЖ-мөнхбаясгалант ХХК-ийн захирал Н.Магнайбаяртай харилцан тохирч, ажлын хөлсийг хохиролдоо суутгаж авсан. МЖ-мөнхбаясгалант ХХК нь хамтран ажиллаж байх хугацаандаа гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааны гэрээ, Хан-Уул дүүргийн Прокурорын 2015-12-30 өдрийн 568 тогтоол, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн албан бичгүүд, протокол, Квом ХХК-ийн  албан бичгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,        

      

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч байгууллага оршин байрлаж буй гэж шүүхэд түүний өгсөн хаягаар шүүх  хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягаас нүүсэн шалтгаанаар мэдэгдэх хуудсыг хүргэх боломжгүй болсон учраас хариуцагчид хуралдааны товыг хүргэх боломжийг хайхаар  шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, хариуцагч компанийн захирал М.Жаргалсайханы оршин сууж байгаа гэж шүүхэд тэмдэглүүлсэн Хан-Уул дүүрэг, 5-р хороо, 46-р байрны 703 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд энэ хаягт  М.Жаргалсайхан оршин суугаагүй тухай баримт ирсэн байна.

Мөн шүүхэд тэмдэглүүлсэн хариуцагчийн гар утсаар холбогдох боломжгүй болсон нь тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагч хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүй, хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй байна.

 Иймээс хуралдааны тов  мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн оршин байрлаж байсан Баянгол дүүрэг, Жасрайн гудамж, Наранбулаг цамхаг, 304 тоот хаягаар хүргүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчид хүргэсэнд тооцох үндэслэлтэй учир  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг  хэлэлцлээ.

Нэхэмжлэгч хариуцагчтай, түүний гүйцэтгэж байгаа барилгын ажил болох 3,4 дүгээр цахилгаан станцын ажилчдын  орон сууцны 3 барилгад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр тохирч 2014 оны 06 сараас харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд  2015-05-30 өдөр дээрх байршилд гүйцэтгэх гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааны гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 6 хамгаалагчаар уг үүргийг гүйцэтгүүлэх, нэг хамгаалагчийн сарын ажлын хөлс 500 000 төгрөг буюу 6 хамгаалагчийн сарын нийт ажлын хөлс 3 000 000 төгрөг байхаар тохирсон байна.

 

 2015 оны 06 сарын 09-10 өдөрт шилжих шөнө нэхэмжлэгчийн хамгаалж буй обьектоос барилгын материал алдагдсан шалтгаанаар гэрээний дагуу  гүйцэтгүүлсэн харуул хамгаалалтын  ажлын хөлс 9 254 000 төгрөгийг хариуцагч олгоогүй, алдсан гэх материалын үнэнд суутган тооцсон, 2016 оны 01 сараас 05 сарын 01 өдрийг хүртэл хугацааны ажлын хөлс 8 200 000 төгрөгийг төлөөгүйгээс гэрээний талууд харилцан тохирч, харуул хамгаалалтын ажлыг харилцан тохирч, хугацаанаас өмнө 2016-05-03 өдөр буулгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн  тайлбар, харуул хамгаалалтыг буулгах тухай 2016-06-02 өдрийн  протокол, хариуцагч компанийн 2016-01-08, 2016-05-03 өдрийн албан бичгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан 3,4 дүгээр цахилгаан станцын ажилчдын  орон сууцны барилгын С блокоос  2015 оны 06 сарын 09-10 өдөрт шилжих шөнө барилгын материал алдагдсан асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 15 ширхэг хар цаас алдагдаж, 870 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байх бөгөөд алдсан гэх бусад материал хулгайлагдсан болох нь тогтоогдоогүй шалтгаанаар Тус дүүргийн прокурорын 2015-12-30 өдрийн 568 тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгчид ажлын хөлснөөс  760000 төгрөгийг цувуулж өгсөн, нэхэмжлэгчийн ажлын  хариуцлагаас хариуцагчид 870 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож  байна.Талуудын байгуулсан гэрээний 3.10-т заасны дагуу хамгаалалтын алба үйлчлүүлэгч талд учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байх тул олгогдоогүй ажлын хөлснөөс учруулсан хохирлыг хасч олгох үндэстэй байна.

Гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлын бусад хэсэг нотлогдоогүй  тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх  хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 15 824 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 241 420 төгрөгийг улсын орлогод үлдээж,   хариуцагчаас 237 070 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,