| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0622/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/644 |
| Огноо | 2021-09-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/644
2021 09 15 2021/ШЦТ/644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Г.Баярмаа,
хохирогч Ц.Цэнд-Очир, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809049010933 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт тоотод оршин суудаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
2004 оны 5 дугаар сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
2012 оны 01 дүгээр сарын 09-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.123.200 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б.М, /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.М нь 8*10 хэмжээтэй 80 метр квадрат бүхий талбайтай дүнзэн байшин барьж өгнө хэмээн Ц.Цэнд-Очирт итгэл төрүүлэн, улмаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бэлэн 2.000.000 төгрөг, мөн өдөр 14.000.000 төгрөгт тооцож 71-37 УБО улсын дугаартай Тоёотай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг, сүүлд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1.848.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай ажил дээр ирж танайхаар зуслангийн байшингаа бариулна гээд урьдчилгаа приус-30 маркийн машин 14.000.000 төгрөгт тооцож 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Бид нар байшингийн суурь шугамын газар шорооны ажил мөн тулгуур багануудаа хийгээд бэлдсэн байсан. Ц.Цэнд-Очироос 7 дугаар сарын 22-ны өдөр гэж санаж байна энэ өдөр 1.848.000 төгрөг авсан санаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 5-6/,
Хохирогч Ц.Цэнд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2018 оны 5 сард байшин бариулахаар фэйсбүүк дээр зар тавьсан. Тэгэхэд энэ залуу холбогдоод ирж уулзсан. Бид хоёр ярьж тохиролцоод нотариатаар орж би машинаа өгөөд, бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. Бид нар 7 сард гэж тохиролцсон. Би Хөвсгөлөөс дүнз худалдаж аваад татаж чадаагүй байсан. Гэтэл Б.М Хөвсгөл рүү яваад би аваад ирье гэсэн. Тэгээд ирэхгүй таг болсон. Би өөрөө машин тэрэг хөлслөөд нааш цааш нь болгосон. Тэгтэл Б.М надад ахаа би чадахгүй юм байна, та өөрөө учраа олоорой гэж хэлсэн. 9 сард багтаад миний мөнгө өгнө гэж хэлээд алга болчихсон. Би өөрөөр хүмүүсээр байшингаа бариулсан. 17.848.000 төгрөгөө нэхэмжилж байна…” гэв.
түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн дүнзэн байшин бариулах гээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Фэйсбүүк дээр Монголын барилгачдын зар дээр тавьсан юм. Миний тавьсан зарын дагуу Мөнхжигүүр жим ХХК-ий захирал гэх Баасанбаяр овогтой Мөнхжаргал /РД:ХЙ78053071/ нь 86099039, 90179001 гэсэн дугааруудаас 3-4 удаа залгаж яриад манай байгууллага түргэн шуурхай нэг сарын дотор хүсээд байгаа байшинг бариад бүх юмыг хийгээд өгдөг гэж яриад байсан юм. Тэгэхээр нь итгэж 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Мөнхжаргалтай уулзаад байшин бариулах гэж байгаа газар дээр очиж үзүүлсэн юм. Мөнхжаргал нь 2018 оны 7 дугаар сарын 12-ноос өмнө байшинг бариад өгнөө гэж ярилцаж тохирсон юм. Нийт зардалд 27.000.000 төгрөг болно гэж тохироод урьдчилгаа гэж 17.800.000 төгрөг өгчих гэхээр нь өөрийн эзэмшлийн “71-37 УБО” улсын дугаартай саарал өнгийн Приүс 30 маркийн машинаа Мөнхжаргалд 14,000,000 төгрөгт бодоод өгөөд бэлэн 2.000.000 төгрөг өгсөн юм. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Мөнхжаргалын данс гэх Ганцацрал гэсэн нэрийн 2720172260 данс руу 1.848.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд одоо хүртэл миний зуслангийн байшинг бариагүй гар утсаа авахгүй, алга болсон... ...Дүнзэн торхыг би өөрөө Хөвсгөлөөс авчирч өгөх байсан бөгөөд Мөнхжаргал би ачааны машинтай чиний торх авсан хүнтэй танилцаад тэндээс чинь торх авмаар байна гээд надаас замын зардалд 2 сая төгрөг Мөнхжаргал өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж аваад явсан. Би уг нь өөрийн найз Мөнхөөгөөр ачуулахаар асуухад 2 сая төгрөг байдаг юм чи хоёр гурван хоног хүлээж бай би хотод очоод яваад өгнө гэхээр нь би яараад Мөнхжаргалыг явуулсан боловч Мөнхжаргал миний торхыг 45 хоногийн дараа 22 товчоон дээр авчраад орхисон... ...Мөнхжаргал надаас 17,800,000 төгрөг аваад хийсэн ажил нь байшингийн 1*1 хэмжээтэй гүн 80 см гүтэй 4 ширхэг нүх ухсан, 10 метр орчим өргөн 20 см гүн нь 60 см орчим шуудай ухсан, 1,5*1,5 метр хэмжээтэй, гүн 1,5 метр хэмжээтэй нүх ухсан юм. Мөнхжаргал өөр юу ч хийгээгүй юм аа. Асар их ажил хийнэ гэж ийм их мөнгө аваад одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй бөгөөд би өөрөө өөр хүнтэй ярьж хойд ажлаа хийлгэсэн... ...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байрны 220 тоотод үйл ажиллагаа явуулах нотариатын газарт Мөнхжаргалтай барилгын өдрөө бэлнээр 2.000.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгт бодож өгсөн... хамгийн сүүлд 1.848.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 40-3 тоотод зуслан дээр байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан... ...Би нийт 27.000.000 төгрөгөөр зуслангийн байшин бариулахаар анх тохирсон. Ингээд өнгөрсөн хугацаанд нийт 17.848.000 төгрөгийг Мөнхжаргалд өгсөн. Мөн дээр нь 2.000.000 төгрөгийг тээврийн зардалд өгсөн бөгөөд Хөвсгөл аймгаас миний дүнзийг авчирч өгсөн учраас 2.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин үлдсэн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-73/,
Гэрч С.Ганцацралын “...Б.Мтай үерхээд гэрлэх бодолтой байж байтал... хүмүүст худлаа ярьж баахан мөнгө аваад хийнэ гэсэн ажлаа гүйцэтгэдэггүй юм. Мөнхжаргал амины орон сууц барина гэж хүмүүсээс захиалга аваад ажлаа хийхгүй мөнгөө өөр зүйлд зарцуулаад байхаар нь би дургүйцэж хэлж байсан. ...Мөнхжаргал хүмүүстэй гэрээ хийгээд миний дансаар байнга гүйлгээ хийдэг байсан. Уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-164/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-169/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1хх-152-154, 157-159/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-149/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-8-9/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.М нь хуурч 8*10 хэмжээтэй 80 метр квадрат бүхий талбайтай дүнзэн байшин барьж өгнө хэмээн Ц.Цэнд-Очирт итгэл төрүүлэн, улмаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг, мөн өдөр 14.000.000 төгрөгт тооцож 71-37 УБО улсын дугаартай Тоёотай приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг, мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1.848.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Цэнд-Очирын мэдүүлэг, шүүгдэгч Б.Мын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Мын дээрх хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэнд-Очирт 17.848.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.Маас 14.848.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цэнд-Очирт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 / зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 / зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 14.848.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цэнд-Очир (РД:)-т олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР