Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/580

 

 

 

   2021       08          23                                       2021/ШЦТ/580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                   

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.Ц-ид холбогдох эрүүгийн 2009011930790 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Д.Ц- нь:

 

- Иргэн Б.Зоригтхүүг “Барьцаанд байгаа байраа чөлөөлж их хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэж хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас 7.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Миний зээл шийдэгдчихлээ, одоо 7.000.000 төгрөг байвал нөгөөдөр миний мөнгө бүтэх гээд байна. бүтэхээр нь чиний мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Б.Зоригтхүүгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 02 /

Б.Зоригтхүүгийн дансны хуулга / хх 06-07 /

 

Хохирогч Б.Зоригтхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай төрсөн ах Давааням нь залгаад “Манай эхнэрийн дүү Д.Ц-ид 8.000.000 төгрөг хэрэгтэй байна. Чи зээлэх боломжтой юм уу надад мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй Д.Ц- над руу 99109773, 99134885 дугаарын утсаар залгаад “Давааням ах чам руу ярьсан уу. Надад мөнгө хэрэгтэй байна. Байрны зээлээ хаагаад их хэмжээний зээл авах гэсэн юм. Бас чамд зээл авахад чинь тусалъя” гэж хэлсэн. Тухайн үед Д.Ц- нь Улаанбаатар банканд эдийн засагч хийдэг байсан юм. Ингээд надаас гуйсан учир би эхлээд 8.000.000 төгрөгийг 17 дугаар сургуулийн ойролцоо байдаг Хаан банкнаас шилжүүлэн өгсөн. Үүний дараа Д.Ц- нь бас Давааням ахаар хэлүүлсэн бөгөөд өөрөө бас над руу ярьж “ 7.000.000 төгрөг хэрэгтэй байна. Яг зээл шийдэгдэх гээд байна 7.000.000 төгрөг өгчих юм бол зээлээ хаагаад өнөө маргаашгүй “ гэж хэлсэн. Ингээд би дахин 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талын Худалдаа хөгжлийн банкнаас Д.Ц-ийн Хаан банкны данс руу 7.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Нийт Д.Ц-ийн хүссэний дагуу 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэжээ. / хх 14-15 /

 

Гэрч Б.Давааням мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын үед манай эхнэрийн хамаатан Д.Ц- над руу залгаад “ Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн юм. Барьцаанд тавьсан байгаа байраа чөлөөлж зээл авах болсон “ гэж хэлсэн. Ингээд надаас 15.000.000 төгрөг түр өгөөч гэхэд надад мөнгө байхгүй талаар би хэлсэн. Би харин Зоригтхүү дүүгээс асууж өгье гэсэн. Тухайн үед Д.Ц- нь надад Худалдаа хөгжлийн банкнаас зээл бүтэхээр болсон гээд баримт үзүүлсэн. Д.Ц- итгэл үнэмшилтэй яриад байхаар нь би итгээд дүү Зоригтхүүд хэлээд Зоригтхүү нийт 15.000.000 төгрөгийг өгсөн гэжээ. / хх 51-52 /

 

Яллагдагч Д.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн үед надад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байраа чөлөөлөх хэрэгтэй байсан учир мөнгө зээлэх талаар Даваанямд “ Банк бус санхүүгийн байгууллагаас байр аа чөлөөлөн аваад банканд үнэлгээ өндөр зээлийн барьцаанд тавьж мөнгөө хуваан авъя ” гэж хэлэхэд тэрээр зөвшөөрөөд мөнгө зээлсэн. Давааням ахаас мөнгө орж ирлээ гэж бодсон. Гэтэл Зоригтхүүгийн данснаас шилжин орсон байсан. Миний 5134071031 дугаар данс руу эхлээд 8.000.000 төгрөг орсон. Дараа нь Давааням ах руу ярьж “ Барьцааны хөрөнгө чөлөөлөх мөнгө дутаад байгаа учир 7.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна “ гэж хэлээд нэмж 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөн Зоригтхүүгийн данснаас 7.000.000 төгрөг шилжиж орсон. Мөнгө шилжиж орсны дараа Давааням руу залгаж Зоригтхүүгээс мөнгө зээлсэн талаараа хэлсэн. Ингээд нийт 15.000.000 төгрөгийг авсан гэжээ. / хх 30 /

 

Шүүгдэгч Д.Ц-оос 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 29 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 54 / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 15.000.000 төгрөгийг нөхөн төлсөн гэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Б.Зоригтхүүг “Барьцаанд байгаа байраа чөлөөлж, их хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэж хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас 7.000.000 төгрөг,

- 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Миний зээл шийдэгдчихлээ. Одоо 7.000.000 төгрөг байвал нөгөөдөр миний мөнгө бүтэх гээд байна. Бүтэхээр нь чиний мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Иргэн Б.Зоригтхүүгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 02 /, ... Б.Зоригтхүүгийн дансны хуулга / хх 06-07 /,   ... Д.Ц- над руу залгаад “Давааням ах чам руу ярьсан уу. Надад мөнгө хэрэгтэй байна. Байрны зээлээ хаагаад их хэмжээний зээл авах гэсэн юм. Бас чамд зээл авахад чинь тусалъя” гэж хэлсэн. ... Ингээд надаас гуйсан учир би эхлээд 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Д.Ц- бас Давааням ахаар хэлүүлсэн бөгөөд өөрөө над руу ярьж “ 7.000.000 төгрөг хэрэгтэй байна. Яг зээл шийдэгдэх гээд байна 7.000.000 төгрөг өгчих юм бол зээлээ хаагаад яг зээл бүтэх гээд байна “ гэж хэлсэн. Ингээд би дахин 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Зоригтхүүгийн мэдүүлэг / хх 14-15 /,    ... Д.Ц- над руу залгаад “ Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн юм. Барьцаанд тавьсан байгаа байраа чөлөөлж зээл авах болсон “ гэж хэлсэн. Ингээд надаас 15.000.000 төгрөг түр өгөөч гэхэд надад мөнгө байхгүй талаар би хэлсэн. Би харин Зоригтхүү дүүгээс асууж өгье гэсэн. Тухайн үед Д.Ц- нь надад Худалдаа хөгжлийн банкнаас зээл бүтэхээр болсон гээд баримт үзүүлсэн. Д.Ц- итгэл үнэмшилтэй яриад байхаар нь би итгээд дүү Зоригтхүүд хэлээд Зоригтхүү нийт 15.000.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Даваанямын мэдүүлэг / хх 51-52 /,  ... Нийт 15.000.000 төгрөгийг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Ц-ийн мэдүүлэг / хх 30 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ц- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 15.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Зоригтхүүд учирсан 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан / хх 119-120 / тул шүүгдэгч Д.Ц- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Д.Ц-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ц- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Д.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ