Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00412

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэр,

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар магадлалтай,

   Б ын нэхэмжлэлтэй,

            Ховд их сургуульд холбогдох  

         Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Ховд Их сургуульд 1980 оны 10 сарын 07-ны өдөр ажилд ороод, 2018 оны 03 сарын 29-ний өдөр номын тооллогын тушаал өгнө гэж хэлээд ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Тухайн үед миний тэтгэвэрт гарах талаар ярилцаагүй бөгөөд магадлан итгэмжлэл 2018 оны 03 сарын 20-ны өдөр ирэхээр нь 2018 оны 03 сарын 21-ний өдөр сургуулийнхаа удирдлагуудтай уулзахдаа номын тооллогоо хийгээд магадлуулах талаар хэлсэн. Мөн миний зүгээс сургуулийн номын сан нь уншигчдын хүсэлтэд нийцсэн номоор хангаж чадаж байгаа эсэхийг магадлуулах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн номын сан нь хэрэгцээтэй номоор оюутнуудаа хангаж, үйлчилж чадахгүй байгаа бөгөөд хуучин номууд нь дахин хэвлэгддэггүй. Би Улаанбаатар хотод байгаа номын сектортой яриад дутуу номуудаа авах талаар хэлээд, номын тооллого явуулаад дутсан номоо олж өгөөд гарах бодолтой байсан. Би тус сургуульд нийт 38 жил 5 сар ажилласныхаа хувьд маш их гомдолтой байна. Намайг Сайнбаяр 2018 оны 09 сарын 09-ний өдөр дуудаад та хүссэн үедээ ажлаасаа гараарай гэж хэлсэн бөгөөд номын тооллогын асуудлыг зохицуулчихаад гарах бодолтой байсан. Нямдорж 2008-2012 онуудын номын тооллогын хариуцаж хийлгэчихвэл номын санчтай хамт нэр хүнд нь унах учраас ийм байдал гаргаж байгаа. Иймд 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,685,070 төгрөг нэхэмжилж байна. Би Ховд аймгийн төв дэх багшийн дээд сургууль гэсэн нэршилтэй байхад нь ажилд орж байсан. Дараа нь Монгол Улсын их сургуулийн Ховд дахь сургууль гэсэн нэршилтэй болоод, сүүлд 2000 он гараад Ховд Их сургууль гэсэн нэршилтэй болсон. Би ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгоно. Сайнбаяр захирал, Нямдорж, Ц.Буянбат бид нар хамт уулзаж ярилцсан. Тухайн үед надтай ярилцахдаа 2017-2018 оны хичээлийн жил дуустал ажиллаарай гэж хэлсэн гэжээ.    

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Тус хуульд зааснаар ном зүйч Б ыг 2018 оны 03 сарын 29-ний өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учраас ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалтыг ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр 60 нас бүрэн хүрсэн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Б ын хувьд тушаал гарсан өдөр нь иргэний үнэмлэхээр нь 60 нас 2 сар 27 хоногтой байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 1962 ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас байгаа. Үүнээс хойш тэтгэврийн нас 3, 3 сараар нэмэгдээд явагддаг болсон. Мөн 2018 оны 71 дугаартай Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг тодорхойлох, баримтлах журмыг тогтоож өгсөн. Тухайн журмаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн 1958 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 05 сарын 22-ны өдөр буюу 60 нас 3 сартай хүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасан. Ингэхээр Б  нь төрийн жинхэнэ албан хаагч байсан бол 65 нас хүрэх эрхтэй байсан. Гэтэл Б  нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд 60 нас буюу тэтгэврийн нас хүрсэн учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Миний зүгээс номын тооллогын тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал гэж ойлгож байна. 2018 оны 01 дүгээр сард ажилд ороогүй байсан бөгөөд 2018 оны 01 сарын 06-ны өдөр Б  нь 60 нас хүрсэн тул 2018 оны 01 сарын 10-ны өдөр тушаал гаргахад Б ын бие нь өвдөөд даралтад нь өөрчлөлт ороод эмнэлэг явсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгоод дахин 2018 оны 03 сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Манай байгууллагын зүгээс хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил бүр Ховд их сургуулийн захирлын тушаалаар байгууллагын орон тоог баталдаг. 2017-2018 оны хичээлийн жилд Ховд их сургууль нь ном зүйч гэсэн нэг орон тоотой ажиллаж байгаа, каталогич гэсэн албан тушаал байхгүй байгаа. Тийм учраас зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Тарвагатайхан овогт Бямбаагийн Долгорыг Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,543,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,990 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 157,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00627 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 55 дугаар магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа гэж дүгнэжээ. Б  нь анх шүүхэд “Ховд их сургуулийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах” эрхтэй байхаар хуульчилсан. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “тодруулах” гэсэн ойлголт байхгүй болно. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б ыг “ном зүйч”-ийн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Ховд их сургуулийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох” гэсэн шаардлага гаргаад шүүх хуралдаан дээр “ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох’’ гэж шаардлагаа өөрчилснөөр хариуцагч тал нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргах, томилуулахаар маргаж буй ажлын байр нь ном зүйч эсвэл ном зүйч, каталогичийн ажлын байр эсэх талаарх нотлох баримтыг гаргаж өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “мэтгэлцэх зарчим”-ыг хэрэгжүүлэх боломжоор шүүх хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Анхан шатны шүүх “Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр “ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэсэн боловч ямар хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байх тул ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтыг урьдчилан тооцсон эсэх, Ховд их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, 5.3.8 дахь заалтад байгууллагын дотоод ямар харилцааг зохицуулсан талаар хариуцагч тайлбарлаж чадаагүй” гэж дүгнэж, дээрх тушаалыг хүчингүй болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцно” гэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэсэн хуулийн заалтыг зөв хэрэглэж гарсан тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Ажил хүлээлгэж өгсөн эсэх үйл явц нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч Б  нь Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29- ний өдрийн Б/81 дүгээр тушаал гарч, ажлаас чөлөөлөгдөх үед 60 нас хүрсэн байсантай зохигчид маргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэж заасан тул ээлжийн амралтыг эдлүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-ийг зөрчсөн байна" гэж дүгнэжээ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар, журам”-ын 13-д “ажил олгогч нь ажилтныг ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй”, 15-д “Ажилтанг ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог ажилласан хугацаанд ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгоно” гэж журамласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу дээрх журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд нийцүүлэн ээлжийн амралттай холбоотой бусад харилцааг нарийвчлан зохицуулсан болно. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн шаардаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дэх хэсэгт “даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, “даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж зохицуулсан байх тул” гэж дүгнэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгч нь 65 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хуулиар бий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00627 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Ховд Их Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ном зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 4,685,070.00 төгрөг гаргуулна гэжээ.

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогч нь “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/81 дүгээр тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Ховд их сургуулийн дүрмийн 3.14.6 дахь хэсэг, 3.15 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 дэх хэсэг, 5.3.8 дахь хэсгийг үндэслэж, ном зүйч Бямбаа овогтой Долгорыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б  нь Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай тушаалаар 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургууль, Ховд их сургуульд ном олгогч, ном зүйч, каталогичоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай Ажилд авах ба ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаал, 2010-2013 он хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийг ном зүйч, каталогичийн ажлыг хавсарч хийдэг тухай гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Ажил олгогч нь ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг зөрчсөн, тушаалд заасан хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд ажлаас чөлөөлж байгаа үндэслэлд хэрхэн хамаарч буй нь ойлгомжгүй, ажилтны ээлжийн амралтыг орхигдуулсан нь буруу гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН