Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 592

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “СХЭЭТ” ХХК.

         Хариуцагч: “НМХГ-ын ХНХТХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б.

Гомдлын шаардлага: “НМХГ-ын ХНХТХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б-гийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0177102 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Г.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “СХЭЭТ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо:  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт манай компаний ажилтан Б.Ганчимэг 2018 оны 6 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс олгоогүй талаар гомдол гаргасны дагуу хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б зохих шалгалтыг явуулан бидэнд хандан Б.Ганчимэгийн цалинг нөхөж олгох ёстой хэмээн даалгасан юм. Хэдийгээр бид энэ шийдвэртэй санал нийлээгүй боловч "Адгийн зарга арав хоног" гэж төвөгшөөгөөд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б.Ганчимэгийн дансанд 1,289,933.0 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байцаагч Г.Бгийн зүгээс "Эрх бүхий албан тушаалтны даалгавар" гээч баримт ирсэн. Энэхүү даалгаварт Б.Ганчимэгийн цалин хөлсийг олгоогүй зөрчил илэрсэн тул арилгах үүрэг өгсөн гэж ойлгосон. Тэгсэн атлаа 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 0177102 дугаартай Шийтгэлийн хуудсыг Г.Б байцаагч бидэнд өгсөн бөгөөд уг Шийтгэлийн хуудсаар манай компанийг 5,0 сая төгрөгөөр торгосон байсан. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 02-06-050/35 дугаартай Улсын байцаагчийн актыг бидэнд гардуулж өгсөн. Уг актад "... Иргэн Б.Ганчимэгт... 1289933 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний дотор олгохыг захирал Кийт Свенсон, захиргааны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэболор нарт хариуцуулав" гэсэн байна. Хэрэв энэ даалгаврыг хугацаанд нь биелүүлэхгүй бол биднийг торгох тухай анхааруулсан байна. Уг нь бид энэ даалгаврыг нь аль 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр биелүүлсэн байсан юм. Нэгэнтээ асуудал ийм байдлаар шийдвэрлэгдсэн тул Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг"... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу бид дараах үндэслэлээр 0177102 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Үүнд:

  Нэг. Манай байгууллага иргэн Б.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр цуцлах шийдвэр гаргаж түүнийг ажлаас халсан юм. Б.Ганчимэг энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 183/ШШ2018/01400 дугаартай шийдвэрээр Б.Ганчимэгийг буцааж ажилд нь тогтоож 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн юм. Бид энэхүү шүүхийн шийдвэрийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Шүүх шийдвэрээ хугацаандаа гаргаж өгөөгүйн улмаас шийдвэрийг гардаж авах хугацаа сунжирсан юм. Шийдвэрийг гардаж авснаас хойш бидэнд давж заалдах 14 хоног байсан ч бид хуульчидтайгаа ярилцаад давж заалдахгүйгээр шийдвэрлэсэн болно.Шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Ганчимэг ажил дээрээ ирээгүй, ажлаа хийх зорилгоор ажлын байранд ирж цагаа огт бүртгүүлээгүй явсаар 2018 оны 8 дугаар сарын 1- нд тэрээр ажлын байрандаа буцан ирж ажилдаа орсон юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сард Б.Ганчимэг ажлаа огт хийгээгүй болно. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б нь дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж судлалгүйгээр их хэмжээний торгууль тавьсныг бид зөвшөөрөхгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд хариуцлага тооцохоор заасан байна. Хуулийн энэ заалтын гол диспозиц нөхцөл буюу ажилтан ажлаа хийсэн байх ёстой нөхцөл биелэгдээгүй байна. Б.Ганчимэг нь 2018 оны 6 дугаар сарын 6-наас 2018 оны 8 дугаар сарын 1-ний хооронд манай байгууллагад огт ажиллаагүй, ажилдаа ирээгүй юм. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дах хэсгийг хэрэглэх ёсгүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гарсан байна.

Хоёр. Хэдийгээр Б.Ганчимэг ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй ч гэлээ бид улсын байцаагчийн шаардлагыг хүлээн аваад тогтоосон хугацаанаас нь өмнө даалгасан даалгаврыг нь биелүүлчхээд байхад бидэнд торгууль тавьсныг зөвшөөрөхгүй. Эцэс сүүлд нь торгох байсан юм бол Улсын байцаагчийн даалгавар, Улсын байцаагчийн акт бичих ямар үндэслэл, шаардлага байсныг ойлгоогүй. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэжээ. Бидний зүгээс ямар нэгэн зөрчил огт гаргаагүй, гаргасан болохыг улсын байцаагч тогтоогүй байна. Үнэхээр ажлаа хийсэн хүний цалин хөлсийг олгоогүй бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Б.Ганчимэгийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 6-наас 2018 оны 8 дугаар сарын 1-ний хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан байж болох боловч энэхүү маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудал болохыг улсын байцаагч анхаараагүй болохыг зориуд тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан нь улсын байцаагчийн харьяаллын шийдвэрлэх асуудал биш юм.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 0177102 дугаартай Шийтгэлийн хуудсыг хэмээх илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт манай компанид ажиллаж байсан Н.Ганчимэг 2018 оны 6 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс олгоогүй талаар гомдол гаргаж, үүнийг нь хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б хянаад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий албан тушаалтны даалгавар гэх эрх зүйн акт гаргасан. Үүнийгээ бидэнд хүргүүлсэн бөгөөд уг даалгаварт Н.Ганчимэгт цалин хөлсийг нь олгоогүй гэх зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах үүрэг өгсөн. Гэсэн атлаа мөн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр 0177102 дугаартай шийтгэлийн хуудсыг өгсөн бөгөөд уг шийтгэлийн хуудсаар манай компанийг 5 сая төгрөгөөр торгосон байна. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 0206050/35 дугаартай улсын байцаагчийн актыг бидэнд гардуулсан. Уг актдаа иргэн Н.Ганчимэг нь 1.289.933 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор олгохыг тус компанийн захирал, мэргэжилтэн нарт хариуцуулсан байсан. Хэрэв уг даалгаврыг биелүүлэхгүй бол манай компанийг торгох тухай бичсэн байна. Гэтэл бид уг даалгаврыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу дээрх байцаагчийн акт даалгаврыг гаргахаас өмнө биелүүлсэн байсан. Нэгэнт асуудал иймд хүрсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны шүүхэд хандсан. 

Манай байгууллага иргэн Н.Ганчимэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр цуцлах шийдвэр гаргаж, түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан. Н.Ганчимэг уг шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд хандаж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 01400 дугаартай шийдвэрээр Н.Ганчимэгийг буцаан ажилд нь тогтоож тухайн өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Бид уг шүүхийн шийдвэрийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Шүүх шийдвэрээ хугацаандаа гаргаж өгөөгүйн улмаас шийдвэрийг гардаж авах хугацаа сунжирсан. Шийдвэр гардаж авсан өдрөөс хойш бидэнд давж заалдах 14 хоногийн хугацаа байсан хэдий ч бид хуульчидтайгаа ярилцаж давж заалдахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийг гаргасан өдрөөс хойш Н.Ганчимэг ажилдаа ирээгүй бөгөөд ажлаа хийх зорилгоор ажлын байранд ирэх цагаа бүртгүүлээгүй явсаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тэрээр ажлын байрандаа буцан ирж ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл тус оны 6 дугаар сард огт ажлаа хийгээгүй. Хөдөлмөрийн хяналтын байцаагч Г.Б нь дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж судлалгүйгээр их хэмжээний торгууль тавьсныг бид үл хүлээн зөвшөөрч байна. 

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу ажилтан ажлаа хийсэн байх ёстой нөхцөл биелэгдээгүй байхад байцаагч уг нөхцөлийг тогтоогоогүй. Ажилтан Н.Ганчимэг нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд манай компанид огт ажиллаагүй учраас энэ тохиолдолд дээрх Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх ёсгүй бөгөөд байцаагч нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. 

Хэдийгээр Н.Ганчимэг нь ажилдаа ирээгүй ч улсын байцаагчийн даалгаврыг бид хүлээн авч, тогтоосон хугацаанаас нь өмнө даалгаврыг биелүүлсэн байхад торгууль ногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт торгох байсан бол улсын байцаагчийн акт гэх эрх зүйн баримт бичгийг гаргах шаардлагагүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бид зөрчөөгүй. Манай компанид ажиллаж байсан Н.Ганчимэгийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан байсан байж болох боловч, энэхүү маргаан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудал болохыг улсын байцаагч анхаараагүй болохыг зориуд мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох тухай асуудал нь байцаагчийн шийдвэрлэх асуудал байсан юм. Иймээс байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэв.         

   Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Ганчимэгээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо гутал оффисын 608 тоотод үйл ажиллагаа эрхэлж буй “СХЭЭТ" ХХК-нд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Б.Ганчимэгийн 2018 оны 06 сарын цалин хөлсийг олгоогүй нь нотлогдсон бөгөөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд №0177102 тоот шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5000.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт/Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/-ын дагуу арга хэмжээ авсан.

“СХЭЭТ” ХХК-ний гаргасан гомдлын 2-р хуудсанд Б.Ганчимэг ажил дээрээ ирээгүй, ажлаа огт хийгээгүй гэсэн боловч тухай үед Б Ганчимэгийн нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 06, 07 сард тус бүр 1600,0 мянган төгрөгөөс суутгал хийгдэж бичигдсэн байна. Иймд ажлаа огт хийгээгүй гэх тайлбарыг би үндэслэлгүй гэж үзэж байна. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргав./ Мөн Б.Ганчимэгийн цалин хөлсийг 2018 оны 06 сард олгоогүй нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шалгалтын явцад санхүүгийн баримт, холбогдогчийн мэдүүлгээр зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтын дагуу 5000.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан нь хуулийн дагуу авсан арга хэмжээ болно” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гомдлыг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд би Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу гомдлыг хүлээн авч шалгаад гомдол гаргагч компанид мэдэгдсэн байгаа. Тухайн өдрийн маргааш нь Нийслэлийн прокурорт бүртгүүлж тухайн аж ахуй нэгж дээр очиж Н.Ганчимэг гэх хүн ажиллаж байх хугацаанд надад цалин хөлс олгоогүй атлаа ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын хөлсийг төлсөн атлаа цалин хөлс олгосон мэтээр дэвтэрт бичилт хийсэн байна гэж гомдол гаргасан. Иймээс тухайн үед зөрчил илэрсэн учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтын дагуу арга хэмжээ авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

“СХЭЭТ” ХХК-ийн захирал Кийт Свенсон НМХГ-ын ХНХТХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Бгийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0177102 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Гомдол гаргагч “СХЭЭТ” ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн улсын байцаагч 2018 оны 06 дугаар сарын цалин олгоогүй тухай манай компанид ажиллаж байсан Б.Ганчимэгийн гомдлоор шалгалт явуулж цалинг нөхөж олгох ёстой гэж даалгасны дагуу түүний цалинг олгосон байхад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”, тус компанийг 5 сая төгрөгөөр торгосон 0177102 дугаар шийтгэлийн хуудас, 03 дугаар сарын 05-ны өдөр “Улсын байцаагчийн акт” бичсэн нь хууль бус гэж, хариуцагч улсын байцаагч Г.Б иргэнд зохих журмын дагуу цалин хөлсийг олгоогүй зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

Шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж 0177102 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэв.

“СХЭЭТ” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй, Улаанбаатар хотод байрлан аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани (ХХК) байна.

Иргэн Б.Ганчимэгийн 2018 оны 06 дугаар сарын ажилласан хугацааны цалин олгоогүй тухай гомдлын дагуу НМХГ-ын ХНХТХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б  шалгалт явуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0177102 дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж тус компанийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гэвч Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан......хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснийг баримтлан торгосон маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:”, энэ зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;”,  энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.” гэж хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбар гомдлоос үзэхэд маргааны үйл баримт нь гомдол гаргагч компани иргэн Б.Ганчимэгт 2018 оны 06 дугаар сарын ажилласан хугацааны цалин олгосон эсэхтэй холбоотой байх бөгөөд энэ үйл баримт болсноос хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тухайн зөрчилд шийтгэл ногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан дээрх заалттай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчил үйлдэгдсэн буюу ажилласан хугацааны цалин олгоогүй үйл баримт нь 2018 оны 06 дугаар сард болсон байхад үүнээс хойш 8 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 2019 оны 03 дугаар сард зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах боломжгүй юм.

Шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тул энэ гомдлын талаарх хууль хэрэглээний болон бусад маргааны талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч компанийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 0177102 дугаар Шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх хэсэг, 3 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч “СХЭЭТ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж НМХГ-ын ХНХТХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б-гийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0177102 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.НАСАНДЭЛГЭР