Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтугалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж

Шүүгдэгч Б.Сугар /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Сугарт холбогдох 201616010056 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монпорт ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 8 дугаар баг 2-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Бумдолгорын Сугар /РД:ИЮ86032179/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Сугар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэн дараах баримтыг үндэслэв.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж би, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Энэрэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эррүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан Б.Сугарт холбогдох 201616010053 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлсэн. Б.Сугар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ын уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, МУ-ын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Сугар нь гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Сугарын мэдүүлэг, хохирогч Б.Оюунсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ганбилэгийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүхийн шилжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сугарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сугарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Б.Сугар нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.  Цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 358621 дугаартай хуурамч жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.Сугар мэдүүлэхдээ:”Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Ганбилэгийн өгсөн:”Би Цогтцэций суманд байдаг Эрдэнэс таван толгой уурхайн 17 дугаар постон дээр үүргээ гүйцэтгээд байж байхад 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед нэг норд бенз маркийн автомашин ачилтад орохоор орж ирэхээр нь би үүргийн дагуу холбогдох бичиг баримтыг нь шалгахад Бумдолгор овогтой Сугар гэсэн нэртэй жолооны үнэмлэх үзүүлсэн. Жолооны үнэмлэхийг шалгахад жирийн үнэмлэхээс арай өөр өнгө бичигтэй илт хуурамч үнэмлэх үзүүлэхээр би хураан авч холбогдох даргадаа хүлээлгэж өгсөн. Манай дарга нар цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 14 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах “8.7 см урттай, 5.5 см өндөртэй жолоочийн үнэмлэх гэх бичигтэй Бумдолгор овогтой Сугар гэх нэртэй №358621 дугаартай хэвлэмэл үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 171 дугаартай Б.Оюунсүрэнг хохирогчийн төлөөлөгчөөр томилох тухай албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчийн төлөөлөгч Б.Оюунсүрэн мэдүүлэхдээ:” Би Өмнөговь аймгийн автотээврийн төв хохирогчоор тооцогдож, намайг манай байгууллагаас энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилсны дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцож байна. Уг хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Сугар гэх хүн Монгол улсын хуурамчаар үйлдсэн жолоочийн үнэмлэх ашиглан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХХК-ийн уурхайн 17 дугаар пост гэх газар баригдан саатуулагдсан асуудал байгаа юм. манай автотээврийн байгууллага Монгол улсын жолоочийн үнэмлэхийг эзэмшиж ашиглалтад нь хяналт тавьдаг байгууллага. Жолооны үнэмлэх нь манай байгууллагын өмч юм. Манай зүгээс ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Холбогдогч этгээдтэй сайн дураар эвлэрсэн, манай байгууллагад хохирол учраагүй, гомдол саналгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар тургэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хэрэгт холбогдсон этгээдэд хуульд заасны дагуу ял шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн “...Бумдолгор овогтой Сугар /ЙЮ86032179/ ВСДЕ  ангиллын №358621 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Б.Сугарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ханбогд суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан юм. Түүнээс хойш БНХАУ-н ганц мод гэх боомтон дээр жолооны үнэмлэх гаргадаг гэж дуулаад тухайн үедээ 200 юань төлөөд гаргуулсан юм. Тэгээд 2016 оны 04 сарын 23-ны хавьцаа Эрдэнэс таван толгой уурхайн хаалган дээр байдаг харуулд үнэмлэх бичиг баримтаа шалгуулахад таны үнэмлэх хуурамч байна гээд хурааж авч улмаар би цагдаагийн байгууллагад хүргүүлсэн...” /хх-ийн 19, 24 дүгээр хуудас/

Шүүгчдэгч Б.Сугарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмтийн 2-р багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Сугарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Сугарын жолоочийн мэдээлэл, 310004210003068 тоот торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Хохирогч Б.Оюунсүрэнгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст гаргасан: “Өмнөговь аймгийн автотээврийн төвийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсүрэн би байгууллагаа төлөөлөн Монгол улсын хуурамч жолооны үнэмлэх ашигласан Сонгууль овогтой Б.Сугартай сайн дураар эвлэрч байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг болно.

Б.Сугар нь 2016 оны 04 сарын 23-ны өдөр Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн уурхайн 17-р пост гэх газар нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Оюунсүрэнгийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Сугарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар санал болгосныг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч Б.Сугар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №358621 дугаартай хуурамч жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өндөр овогт Бумдолгорын Сугарыг хуурамч баримт бичиг болох жолооны үнэмлэхийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан Б.Сугарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Сугарт торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Б.Сугар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №358621 дугаартай хуурамч жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сугарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО