Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2015/0827/3 |
Дугаар | 221/МА2023/0376 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0376
2023 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0376 | Улаанбаатар хот |
Б.Ц***, О.Ё*** нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ц***, О.Ё*** нар,
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд “М***-А*** ХХК” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Ё***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***, Л.Н***, нэхэмжлэгч Б.Ц***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б*** нар,
Хэргийн индекс: 128/2015/0827/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц***, О.Ё*** нар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц***, О.Ё*** нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн Б.Ц***, О.Ё*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ энэ талаар шийдвэрт дурдаагүй, мөн миний итгэмжлэлийн хугацаа сунгагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн,
3.2 Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу 26 га газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/437 захирамжаар хугацааг сунгасан шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч нарт манай газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу, тус иргэдийн газар эзэмших эрхийн хугацаа 2014 оноос 5 жилээр олгогдож, хугацаа нь дууссан, дахин сунгуулах хүсэлт гаргаагүй зэрэг асуудалд дүгнэлт өгөөгүй,
3.3 Нэхэмжлэгч О.Ё*** тухайн газар дээр 41 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлсэн, үүнийг Б.Цэвээндарийн газарт хамаатуулан шийдвэрлэсэн нь буруу,
3.4 Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн,
3.5 Гуравдагч этгээдээс 1 хавтас нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүх хуралдааны явцад зөвхөн нэхэмжлэгч нарын нотлох баримтыг шинжлэн судалж, гуравдагчийн баримтыг судлаагүй нь хууль зөрчсөн,
3.6 Газрын тухай хуулийн 40, 61 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох зохицуулалтыг үндэслээгүй гэж дүгнэсэн нь буруу,
3.7 Гуравдагч этгээдийн газрыг 2007 оны 235 дугаар шийдвэрээр “26 га” гэж тогтоосон байхад “М***-А*** ХХК” ХХК-ийн газар чухам хаана нь байгааг дүгнээгүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу буюу нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй,
3.8 Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа Захиргааны ерөнхий хуулийн 37, 47, 48 дугаар зүйлд заасан журмыг баримталж хянаагүй,
3.9 Маргаан бүхий акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилготой байсныг зөв дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг үл харгалзан шийдвэрлэсэн нь буруу, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу,
3.10 Гуравдагч этгээдийн газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг огт дүгнэхгүйгээр шийдвэр гаргаж, улмаар Газар зохион зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан ёсны тайлбар, албан бичгийг няцааж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагын хүрээнд хянав.
2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” хэмээн тус тус заасан бөгөөд энэ бүх үйл ажиллагаа хууль зүйн nemo dat quod non habet зарчмын хүрээнд явагдах учиртай.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх үүссэн үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ц***-иас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандан гаргасан өргөдлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зусланд, 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгон, 2014 оны 6 дугаар сарын 19-ны өдөр нэгж талбарын 186*** дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 000511300 тоот гэрчилгээг олгосон.
Нэхэмжлэгч О.Ё***гаас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандан гаргасан өргөдлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зусланд, 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгон, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын 186*** дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 000511299 тоот гэрчилгээг олгосон бөгөөд дээрх шийдвэр гарах үед нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрууд хоорондоо давхцалгүй байсан.
Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжаар “Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны ...”Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамжийг тус тус үндэслэн” дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Ц***, О.Ё*** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1599 дүгээр албан бичиг болон газрын кадастрын мэдээллийн сангийн зураг болон холбогдох бусад баримтаар,
3.2. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэн үйл баримтын тухайд:
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “ЗХУ-ын байгууллагуудад 98.23 га газрыг түрээсгүйгээр эдлүүлэх”-ээр тогтоож, хавсралтын 10-т “Зөвлөлтийн сургуулийн пионерын зуслан 12 га, Улаанбаатар хотын Гачуурт хороо” гэж зааж, Газар эдлэх үнэмлэхэд “12 га” гэж газрын масштабыг тэмдэглэсэн. “М*** А*** х***” ХХК нь 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 006-А-4-29-3/КП2004 дугаар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 13.649 м.кв талбай бүхий газартай “Др***” пионерын зусланг Оросын талаас худалдан авсан.
Гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг анх олгосон гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж нь хэрэгт:
1. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 1808 дугаар албан бичгээр шүүхэд гаргаж өгсөн. Тухайн захирамжийн хавсралтын 852 дугаарт “М*** А*** х***, 15-р хороо, Шарга морьт, Зуслан, 0.04, эзэмших, 15 /жил/, баталгаажилт” гэж бичсэн байдлаар 1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь талд нэг,
2. Гуравдагч этгээдээс нотлох баримтаар гаргаж өгсөн захирамжийн хувийн хавсралтын 844-д “М*** А*** х***, 15-р хороо, Шарга морьт, Зуслан, 26 /га/, эзэмших, 15 /жил/, баталгаажилт” гэж бичигдэн байдлаар 1 дүгээр хавтаст хэргийн 189-211 дэх талд тус тус авагдсан.
Гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар нь газрын кадастрын мэдээллийн санд 2006 онд анх 186*** нэгж талбарын дугаартай, 117289 м.кв талбайтайгаар “С*** м*** г***” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэнийг 2015 онд мөн хэмжээгээр “М***-А*** ХХК” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нэгж талбарын 1462006270 дугаартай 260.000 м.кв талбайтайгаар “М***-А*** ХХК” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.
Ингэснээр газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалтай болсон нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 1808 дугаар албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 2/1599, 2016 оны 1/844, 2022 оны 1/440 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар,
3.3. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаар албан бичгээр гуравдагч этгээд “М*** А***” ХХК-д “...дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж гэж гараагүй... танай байгууллагад ... газар эзэмших эрх байхгүй байна..” гэсэн агуулга бүхий хариуг,
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3/895 дугаар албан бичгээр дүүргийн Газрын албанд хандан “тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байршилтай “Др***” хүүхдийн зусланг эзэмшдэг гэх “М***-А*** ХХК” ХХК-ийн нэр дээр дүүргийн Засаг даргын газар эзэмших тухай захирамж тухайн 2004 онд гараагүй байна” гэсэн агуулга бүхий хариуг,
Сүхбаатар дүүгийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1037 дугаар албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “...”М***-А*** ХХК” гэдэг нэртэй ХХК-ийн нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх /2013 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар/ олгоогүй байна” гэсэн хариуг,
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14/1791 дүгээр албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжид нэхэмжлэгчид 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдсэн бөгөөд тус захирамжийн эх хувь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын газар хадгалагдаагүй байх ба дүүргийн Газрын албанд 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдсэн хувь байна...” гэсэн хариуг тус тус өгч байсан.
Мөн шүүхээс 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийсэн архив, бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хувь архивын баримтад хадгалагдаагүй, архивын баримт бичгийн товьёгт дурдагдаагүй, хийгдээгүй болох нь тогтоогдсон.
3.4. ”М***-А*** ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “... Др*** зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт газар олгож буй Сүхбаатар дүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хэргийн оролцогчид 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 01/2007 дугаар эвлэрлийн гэрээг байгуулан, эвлэрэн хэлэлцсэнийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Мөн “М***-А*** ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “М*** А***” ХХК-ийн эзэмших Др*** хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмших гэрээ, 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 406 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Улмаар тухайн шийдвэрийн дагуу хариуцагчаас газрын кадастрын мэдээллийн санд “М*** А***” ХХК-ийн газрын хэмжээг “26 га” гэж оруулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/437 захирамжаар хугацааг 15 жилээр сунгаж, 1462006270 нэгж талбартай 26 га газрын 000026278 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болох нь,
Гэвч тухайн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Ц***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах” хүсэлтийг анхан шатны шүүхэд хандан гаргасан дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШТ2022/0091 дүгээр тогтоолоор хүсэлтийг ханган, 2020 оны 406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр тогтоосон нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
4. Дээрх үйл баримттай холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, гуравдагч этгээд “М***-А*** ХХК” ХХК нь 2004 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Оросын талаас нийт 13.649 м.кв талбай бүхий газартай “Др***” пионерын зусланг худалдан авсан ч ямар үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 26 га хэмжээтэйгээр олгосон болох, ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлт, холбогдох баримтыг гуравдагч этгээд нь хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагад хандан гаргасан эсэх, тухайн хүсэлтэд “26 га” талбайг одоогийн газрын кадастрын мэдээллийн санд орсон шиг нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхацсан байдлаар тодорхойлсон байсан эсэх, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжийн хавсралтын 852 дугаарт “М*** А*** х***”, “0.04” гэж бичсэн байхад гуравдагч этгээдээс нотлох баримтаар гаргаж өгсөн мөн захирамжийн хуулбар гэх баримтын 844-д “М*** А*** х***”, “26” /га/” гэж зөрүүтэй бичигдсэний аль нь үнэн зөв болох, Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүгийн Өмч, газрын харилцааны алба болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамж “0.04 га гэсэн хэмжээтэй гарсан”, “ийм захирамж огт гараагүй” гэж мөн зөрүүтэй тайлбарыг ирүүлж байсан. Мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжийн хувь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт хадгалагдаагүй, дээрх дугаар бүхий захирамж архивын баримт бичгийн товьёгт тэмдэглэгдээгүй зэрэг нөхцөл байдал нь шүүхээс тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүйд хүргэж байна гэж дүгнэв.
Иймд тухайн маргаан бүхий үйл баримтыг хариуцагч өөрийн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд дахин нягтлан шалгаж, холбогдох захиргааны актыг шинээр гаргах замаар шийдвэрлэх шаардлагатай тул маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг үндэслэн маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь дахин шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 2 дахь заалтыг “3” болгон өөрчилж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА