Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил

Шүүгдэгч: Ө.Хонгорзул /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ө.Хонгорзулд холбогдох 201616010041 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, аав, дүү нарын хамт Дундговь аймаг, Өндөр шил сум, 2 дугаар баг, Талын наран зоог 9-1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй Жонь мэргэн овогт Өлзийзагдын Хонгорзул /РД:ЕЙ94120601/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Ө.Хонгорзул нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус аймгийн  Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд иргэн Аюушийн Чулуунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Хонгорзул мэдүүлэхдээ: Чулуунцэцэг гэдэг хүн манайд ирчхээд ээжтэй хамт хоол хийсэн. Би нөгөө айлд чинь байна гээд утсаар ярьж байгаад гараад явсан. Удахгүй сүү аваад ороод ирсэн. Би танай нөхрийг сая төгрөгөөр тойруулаад гаргаад ирье гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай ээжийн утас руу байнга залгаад хараал хийхээ боль гээд загнаад байсан. Би Чулуунцэцэгийн гэрт нь очоод хараал хийнэ гэж яадаг юм бэ? гэхэд. Гэр дээр чинь хэрээ цуглаж, тогоонд чинь хулгана үүрлэхийг хэлдэг юм гэж хэлсэн. Би хараал хийгээгүй гэдгээ хэлсэн. Манай нөхөр үхэх дөхсөн энэ чинь хараал гэж хэлсэн. Ээж намайг аваад гарах гэтэл намайг Энержийн дэвсгэр, манай ээжийг олон хүүхэд гаргасан янхан гээд өөрөө эхлээд доромжлоод байсан. Үүнээс болж зодоон болсон гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч А.Чулуунцэцэг мэдүүлэхдээ: “…Би БНХАУ-ын Ганц мод боомтод газар цайны газар ажиллуулж байгаад хугацаа нь дуусаад Цагаан хаданд цайны газар ажиллуулах гэж байсан юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ганц мод боомтод нөхөр Энхбаатартай танидаг ахындаа очиж усанд ороод, хөзөр тоглоод байж байтал Өлзийзагдын нөхөр болох Төмөрбаатар орж ирсэн. Тэнд байсан эрэгтэйчүүд 3-4 шил архи хувааж байгаад манай нөхөр Энхбаатар, Оюунбаяр ахтай заамдалцаж манай нөхөр газар унахдаа толгойгоо хагалсан. Тэгээд би Энхбаатар, Төмөрбаатар нарыг гэр рүүгээ дагуулаад явсан. Төмөрбаатар манай нөхөрт “танай эхнэр чамайг Оюунбаяраар зодуулах гэж авчирсан” гэж хэлснээс болж нөхөр маань надад агсам тавиад би Төмөрбаатарыг гэрээсээ хөөсөн. Манайхаас гарч яваад Төмөрбаатар гадаад паспортаа гээсэн байсан. Өлзийзагд намайг “манай нөхрийн паспортыг аваад өгөхгүй байгаа” гэж худал мэдээлэл тараасан байсан. Хот явах унаанд суудал захиалаад байж байтал Хонгорзул гүйж ирээд “чи миний аавын паспортыг шатаасан биз дээ” гэж орилоод үүднээс хөлөөрөө шороо цацаж, хийж байсан зүйлийг өшиглөж унагаасан. Гэтэл ээж Өлзийзагд нь ирээд “нөгөө Төмөрөө хил хууль бусаар давна гээд байна, чи яах гэж түүнд янз бүрийн зүйл яриад байгаа юм бэ” гэж орилсон. Тэгтэл Загдаа эгчийн утас дуугараад утсаар ярьж байхад нь охин Хонгорзулыг “чи яв” гээд хөөсөн чинь “би чамайг өчигдөр гэрээсээ хөөгөөгүй биз дээ” гээд намайг гэрээс заамдаж татаад гадаа гаргаж үстээд тонгойлгосон. Би Загдаа эгчийг охиноо болиулаач гээд гарыг нь тавиулах гээд зүүн гараараа тэмтэрсэн чинь түүний гар миний үснээс давхар зулгаасан байсан. Би хөл муутай болохоор газар өвдөглөж суугаад тонгойсон чинь Хонгорзул миний толгой руу 2 удаа дэвсэхээр нь “болиочээ” яаж байгаа юм бэ гээд хажуугаараа хэвтэхэд тэрээр шилэн хүзүү рүү өшиглөсөн. Тэгээд дээшээ харахад хүзүүнд байсан сахиусыг тасалж шидээд надаас холдсон. Яаж байгаа юм бэ гэтэл Загдаа эгч “чамайг янхан гэж хэлнэ биз дээ. Чи Батдэлгэрийн доор алцайгаад хэвтэж байсан, одоо /Ангаахай/ Энхбаатарын дор хэвтэж байгаа биз дээ” гээд доромжлоод явсан. Би араас нь “чи гэсэн гичий нохой шиг олон хүний хүүхэд  чирээд энэ газар явж байгаа биз дээ” гэж хэлтэл охин нь “чи миний ээжийг юу гээд байгаа юм бэ” гээд над руу дайрсан. Тэгтэл ээж нь “энэ янханыг бүгд мэдэж байгаа” гэж хэлсэн. Намайг зодож байхад нөхөр нь Загдаатай ярьсан байсан. Манай нөхөр мөн байсан. Би гарсан зардлаа нэхэмжилнэ. Намайг гадуур янхан нөхрийнхөө паспортыг авсан гэж яриад байгаа учир гомдолтой, нэр төрөө сэргээлгэмээр байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26-р хуулас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Цэнгэнбаярын: “...2016 оны 04 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байтал хүн орилох чимээ гарахаар нь гэрээс гараад хартал Чулуунцэцэгийг нэг охин амьдардаг амбаарын өмнө газар унагаагаад үснээс нь зулгаагаад чирээд, 2 хөлөөрөө толгой хавьд нь өшиглөөд байсанэ. Тэр охины ээж нь охины араас нь нэг гараараа татаад нөгөө гартаа утсаа бариад яриад байсан. Би эхлээд Чулуунцэцэгийг байна гэж мэдээгүй. Дараа нь Чулуунцэцэг хүзүүний зүүлтээ авч байгаа харагдсан. Үснээс нь зулгааж байхдаа 2 удаа өшиглөж байгаа харагдсан оносон эсэхийг мэдэхгүй. Өөр хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Түүнийг газар унагаагаад дөрөв хөллүүлээд үснээс нь зулгаагаад чирээд байсан”   гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Гэрч Л.Өлзийзагдын:  “...2016 онй 03 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Төмөрбаатар БНХАУ-ын “Ганц мод” боомтод Чулуунцэцэг, Энхбаатар өөр бусад хүмүүстэй архи уугаад гарч явахдаа гадаад паспортаа гээсэн байсан. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ хоол хийгээд Жагаа гэдэг хүн рүү орж ирж хоол ид гэж хэлтэл тэрээр Чулуунцэцэгтэй хамт ирсэн. Би бөөд үзүүлсэн чинь цуг байсан хүн авсан байна гэж хэлсэн. Энэ талаар Чулуунцэцэгт хэлэхэд “та нар намайг авсан гээд байгаа юм уу” гэж байснаа гарч яваад орой нь сүү барьж орж ирээд би тэтгэврийн зээл авч танай нөхрийг авчирна гэж хэлсэн. Над руу байнга залгаад байхаар нь утсаа аваагүй. Гэтэл Хонгорзул утас авч Чулуунцэцэгтэй ярьж байгаад гараад гүйсэн. Юуны талаар ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд охиныхоо араас нь очоод явах гэтэл “олон хүүхэд дагуулсан хөгшин янхан минь зайл” гэж хэлсэн. Гэтэл Хонгорзул “чи манай ээжийг юу гээд байгаа юм бэ” гээд очоод заамдаж чиртэл Чулуунцэцэг дөрөв хөллөөд унасан. Тэгээд босоод ирэхээр нь манай охин үснээс нь зулгаатал тэрээр өөдөөс нь сарвагнаад гараас нь бариад байсан. Би салгах гээд очтол миний утас дуугарч манай нөхөр залгахаар нь “чамаас болж энд зодоон болж байна” гэж хэлж охиноо салгаад аваад явсан. Чулуунцэцэг манай нөхөрт элдэв хов зөөгөөд байхаар нь би очиж “чи гэр бүлийн хүмүүсийн дунд хов зөөхөө боль” гэж хэлээд байж байтал Хонгорзул намайг авах гээд ирсэн. Гэтэл Чулуунцэцэг охиныг маань “Энержи ресурс”-ын жолооч нар, 4 дүгээр постын хамгаалагч нартай шалдан хэвтэж гэж доромжилсон. Би охиноо салгах гээд нэг гараараа түүнийг барьж нөгөө гартаа утсаа бариад нөхөртэйгөө ярьсан. Тухайн үед Хонгорзул Чулуунцэцэгийг заамдсан байсан учир сахиус нь тасраад унахад тэрээр “чи сахиус тасалдаг хэн юм бэ” гээд байсан. Би охиноо аваад явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээч эмч М.Золжаргалын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №4836 дугаартай “...А.Чулуунцэцэгийн биед тархи доргилт, хүзүү, зүүн гарын шуунд зулгаралт, цээж, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ө.Хонгорзул нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус аймгийн  Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд иргэн Аюушийн Чулуунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Чулуунцэцэгийн “...охин Хонгорзулыг “чи яв” гээд хөөсөн чинь “би чамайг өчигдөр гэрээсээ хөөгөөгүй биз дээ” гээд намайг гэрээс заамдаж татаад гадаа гаргаж үстээд тонгойлгосон. Би Загдаа эгчийг охиноо болиулаач гээд гарыг нь тавиулах гээд зүүн гараараа тэмтэрсэн чинь түүний гар миний үснээс давхар зулгаасан байсан. Би хөл муутай болохоор газар өвдөглөж суугаад тонгойсон чинь Хонгорзул миний толгой руу 2 удаа дэвсэхээр нь “болиочээ” яаж байгаа юм бэ гээд хажуугаараа хэвтэхэд тэрээр шилэн хүзүү рүү өшиглөсөн. Тэгээд дээшээ харахад хүзүүнд байсан сахиусыг таслаж шидээд надаас холдсон. Яаж байгаа юм бэ гэтэл Загдаа эгч “чамайг янхан гэж хэлнэ биз дээ. Чи Батдэлгэрийн доор алцайгаад хэвтэж байсан, одоо /Ангаахай/ Энхбаатарын дор хэвтэж байгаа биз дээ” гээд доромжлоод явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Цэнгэнбаярын “...2016 оны 04 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байтал хүн орилох чимээ гарахаар нь гэрээс гараад хартал Чулуунцэцэгийг нэг охин амьдардаг амбаарын өмнө газар унагаагаад үснээс нь зулгаагаад чирээд, 2 хөлөөрөө толгой хавьд нь өшиглөөд байсан. Тэр охины ээж нь охины араас нь нэг гараараа татаад нөгөө гартаа утсаа бариад яриад байсан. Би эхлээд Чулуунцэцэгийг байна гэж мэдээгүй. Дараа нь Чулуунцэцэг хүзүүний зүүлтээ авч байгаа харагдсан. Үснээс нь зулгааж байхдаа 2 удаа өшиглөж байгаа харагдсан оносон эсэхийг мэдэхгүй. Өөр хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Түүнийг газар унагаагаад дөрөв хөллүүлээд үснээс нь зулгаагаад чирээд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Өлзийзагдын “Хонгорзул утас авч Чулуунцэцэгтэй ярьж байгаад гараад гүйсэн. Юуны талаар ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд охиныхоо араас нь очоод явах гэтэл “олон хүүхэд дагуулсан хөгшин янхан минь зайл” гэж хэлсэн. Гэтэл Хонгорзул “чи манай ээжийг юу гээд байгаа юм бэ” гээд очоод заамдаж чиртэл Чулуунцэцэг дөрөв хөллөөд унасан. Тэгээд босоод ирэхээр нь манай охин үснээс нь зулгаатал тэрээр өөдөөс нь сарваганаад гараас нь бариад байсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч М.Золжаргалын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №4836 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ө.Хонгорзул нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөргүй байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ялын доод хэмжээ болох торгох ялаар шийтгэлээ.

Хохирогч А.Чулуунцэцэг нь хавтаст хэргийн хүрээнд хохирол төлбөрийн талаарх баримтыг ирүүлээгүй тул хэлэлцээгүй орхисон бөгөөд харин гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Ө.Хонгорзулаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчоос гаргасан гэх хүсэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Жонь мэргэн овогт Өлзийзагдын Хонгорзулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хонгорзулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Ө.Хонгорзул нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Чулуунцэцэг нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Хонгорзулд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА