Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 602

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “ИМХ” ХХК,

         Хариуцагч: ЧД МХ улсын байцаагч Л.З .

Гомдлын шаардлага: “ЧД МХ-ийн улсын байцаагч Л.З гийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00014 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй” болгох шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, гомдол гаргагчийн төлөөлөгч П.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Л.З   нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ИМХ” ХХК-ийн захирал П.Ж шүүхэд гаргасан гомдолдоо: “Ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.З  нь Зөрчигдсөн хууль: Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх заалт,

Захиргааны шийтгэл ноогдуулах хууль: Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.11-д заасны дагуу 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн торгууль ногдуулж, 2017 оны 6-р сарын 14-ний өдөр 00001404 дугаар бүхий шийтгэлийн хуудас бичсэн.

Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.З  нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний 00001404 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг дахин 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дэх заалт болгон өөрчилж 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж өөрчилсөн байна. Уг торгууль нь хууль зүйн үндэслэлгүй Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн тул 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02-06-404/17-00014 дугаар шийтгэл ногдуулсан шийтгэврийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Манай компани хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд шийтгэлийн хуудсыг хүлээн авсан. Зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн үндэслэлээ тайлбарлана уу гэхэд ямар ч үндэслэл гаргаж өгдөггүй. Прокурорт хандахад мөн хуулийн зүйлийн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй байсан. 

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний гаргасан гомдлын дагуу “ИМХ” ХХК-д хяналт шалгалт хийхэд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хөдөлмөр эрхлүүлсэн байсан. Тухайн үедээ Хөдөлмөрийн хуулийн дагуу 100.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Хуулийн хугацааны дагуу 15 хоногийн дотор торгуулиа төлөх шаардлага тавихад төлөөгүй. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд манай хуулийн хэлтсээс прокурорт шийтгэлийн хуудсыг хянах талаар хүсэлт тавиад прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэлийн хуудас бичиж гэрийн хаягаар шуудангаар явуулсан” гэв. 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЧД МХ хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 26- ны өдрийн 02-06-404/17-00014 дугаар шийтгэлийн хуудсаар “ИМХ” ХХК-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгний торгох шийтгэлийг хүчингүй болгуулах тухай:

1. ЧД МХ хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.З  би иргэн Э.Т , Ш.Б нарын ирүүлсэн “2017 оны 05 дугаар сарын ажилласан хугацааны олгогдоогүй байгаа цалин хөлсийг олгуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү?” гэсэн өргөдлийн дагуу ЧД МХ хэлтсийн даргын баталсан 02-17/62 тоот удирдамжийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ИМХ” ХХК-д /Гэрчилгээний дугаар 9011622101 ,РД6091873/ төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Энэхүү хяналт шалгалт хийж байх явцад ажилтан Э.Т гийн 2017 оны 05 дугаар сард ажилласан хугацааны цалин 149999, Ш.Б ын мөн сард олговол зохих цалингийн үлдэгдэл болох 160000 төгрөгийг олгоогүй мөн Э.Т тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйгээр 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажилд дуудлагын оператороор ажилд авах захирлын тушаал гарган ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11-д заасныг удирдлага болгон 100.000 төгрөгийн захиргааны шийтгэвэр оногдуулсан. Гэвч тус компани нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шийтгэврийн хуудсаа хүлээж авснаас хойш хуульд заасан 15 хоногийн хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл төлөөгүй болно.

2. 2018 оны 04 дүгээр сарын 21-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11 дэх заалтанд нэмэлт өөрчлөлт орж 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөх, хуулийн нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2017 оны 07 сарын 18-ны өдөр 02-01/2139 тоот албан бичигт 0120049 дугаарын шийтгэврийн хуудасны эрх зүйн үндэслэлийг хянаж өгнө үү гэсэн албан бичгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт өгсөн юм. Прокурор 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн материалыг хянаж үзээд 0120049 дугаарын шийтгэврийн хуудсыг өөрчилж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтыг үндэслэн 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр торгох ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0120049 дугаар шийтгэврийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн өгсөн байна.

3. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1/10120 тоот албан бичгээр “ИМХ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтыг үндэслэн 1500000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах Прокурорын өөрчлүүлэх дүгнэлтийг дэмжсэн захирамжийг Нийслэлд дэх Захиргааны хэргийн анхан шүүхээс надад ирүүлсний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 02-06-404/17-00014 тоот шийтгэлийн хуудсыг үйлдэж “ИМХ”ХХК-тай удаа дараа холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй тул гэрийн хаягийг нь олж аваад шуудангаар явуулж, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр уг шийтгэвэрийн хуудсыг хүлээн авсан баталгааны хуудсыг шуудан хүргэгч авсан болно.

“ИМХ” ХХК-ийн нягтлан Г.С нь уг зөрчилтэй холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт мониторингийн хэлтэст гомдол гаргасан, үүнээс харахад “ИМХ” ХХК-ийн захирал П.Ж, нягтлан Г.С нар уг шийтгэлийн хуудсыг эртнээс мэдэж байсан нь харагдаж байна, ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажил хөдөлмөр хийлгэсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байгаа нь өөрийн гаргасан гомдол болгон дээрээ бичиж өгсөн болно.    

2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр уг шийтгэлийн хуудсыг шуудангаар очиход нь гарын үсэг зурж хүлээн авсан нь энэ өдрөөс хойш нягтлан Г.С уг шийтгэлийн хуудсыг мэдэж байсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14.3 дахь заалт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байтал одоо гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байна. 

  4. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нябо Г.Сийн хүсэлтийн хариуг 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1/7898 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/Ш32017/7419 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу олгогдсон мөн өдрийн 128/ГХ2018/0179 дугаартай гүйцэтгэх хуудсыг “ИМХ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж хариуг тухайн албан тушаалтанд өгсөн байна. Захиргааны хэрэгтэй холбоотой 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие тайлбар гаргахдаа 21 хуудас маргаантай холбоотой бичиг баримт бүрдүүлж өгч байсан, уг материалыг А.Сарангэрэл шүүгчээс татан авч нотлох баримт болгож өгнө үү. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/Ш32017/7419 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу олгогдсон мөн өдрийн 128/ГХ2018/0179 дугаартай гүйцэтгэх хуудсыг “ИМХ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж гарсан талаар мэдээгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очсон хойно мэдсэн. Манай гэрийн хаяг өөр байсан бөгөөд түрээслэж байсан хаягаар явуулсан байсан. Энэ 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очсон хойно мэдсэн. Нэг торгуулийн хуудсыг болоогүй хуулинд дахин авч торгодог үндэслэл болж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Байцаагч хуулиа тайлбарлаж мэдэхгүй байна. 100.000 төгрөгөөр торгоод дахин 1.500.000 төгрөгөөр торгох хуулийн үндэслэлийг тайлбарлана уу. Хэдий прокурор хянаж байгаа ч улсын байцаагч өөрөө хуулийн заалтаа мэдэж байх ёстой. Ийм шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “ИМХ” ХХК-ийн захирал П.Ж ЧД МХ-ийн улсын байцаагч Л.З гийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00014 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Гомдол гаргагчийн зүгээс 2019 оны 06 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 14.1.11-д зааснаар 100000 (нэг зуун мянган) төгрөгийн торгууль оногдуулсан атлаа үүний дараа үйлчилж  эхэлсэн Зөрчлийн хуулиар 2017 оны 09 дүгээр сард дахин торгуулийг нэмэгдүүлэн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгосон нь хууль бус гэж, харин хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 141 дүгээр зүйлийн 141.1.11-д 500000-1000000(таван саяас арван сая) төгрөгөөр торгохоор заасныг үндэслэн бичсэн прокурорын дүгнэлтийг үндэслэн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хариуцлага оногдуулсан гэж тус тус маргажээ.

Шүүх ЧД МХ-ийн улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00014 дугаар шийтгэлийн хуудас холбогдох хуулийн зохицуулалттай нийцээгүй хууль бус гэж дүгнэн хүчингүй болгон шийдвэрлэв.

“ИМХ” ХХК 2017 оны 06 дугаар сард такси дуудлага үйлчилгээ үзүүлэх операторчны ажлын байранд иргэн Э.Т г ажиллуулсан бөгөөд тэрээр 2017 оны 05 дугаар сарын цалин өгөөгүй гэж гомдол гаргаснаар ЧД МХ-ийн улсын байцаагч Л.З  дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд  торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Хариуцагч хяналт шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр явуулж 06 дугаар сарын 14-ний өдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11-д зааснаар 100000 (нэг зуун мянган) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь тухайн өдрийн улсын байцаагчийн 00001404 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч “ИМХ” ХХК тогтоосон хугацаанд торгуулийг төлөөгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу Прокурор дүгнэлт бичин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг энэ хэргийн хариуцагч улсын байцаагч хүлээн зөвшөөрч шүүхээс зохигчдын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0641 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

Үүний дараа Прокурорын дүгнэлт, Шүүгчийн захирамжийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 02-06-404/17-00014 дугаар шийтгэлийн хуудсаар дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч компанийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн байна.

Энэхүү шийтгэлийн хуудас дараахь байдлаар хууль зүйн үндэслэл муутай болсон гэж дүгнэв.

Маргааны үйл баримт 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 21-ны өдрийн хооронд ажилласан иргэн Э.Т гийн гомдолтой холбоотой бөгөөд нэхэмжлэгч “ИМХ” ХХК-ийг энэ хугацаанд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж буруутгаж байна.

Гэтэл нэхэмжлэгч компани иргэн Т г такси дуудлагын операторчин буюу утсаар дуудлага авах үйлчилгээ үзүүлдэг ажлын байранд анх авахдаа дадлагажих байдлаар туршилтын хугацаагаар ажиллуулсан байх бөгөөд энэ хугацаанд ажилтан ажил үүргээ хэрхэн биелүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байсан эсэхийг улсын байцаагч шалгаж тогтоолгүй зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд торгох шийтгэл оногдуулсныг үндэслэл муутай болсон гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл такси дуудлагын операторчин буюу утсаар дуудлага авах үйлчилгээ үзүүлдэг ажлын байр байнгын ажлын байр байсан эсэх, нэхэмжлэгч компани энэхүү ажлын байрыг ямар хугацаагаар ажиллуулсан, бодит байдал дээр гомдол гаргасан иргэн Т гийн эрхийг зөрчсөн эсэх зайлшгүй тогтоох шаардлагатай үйл баримтуудыг шалган тогтоолгүйгээр зөрчил гэж үзсэн нь үндэслэл муутай болсон гэж үзнэ. 

Нөгөө талаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11-д заасан торгох шийтгэлийн санкцад нэмэлт өөрчлөлт орж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн  гэж тайлбарлаж байгаа атлаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 14 хоног ажилласан гомдол гаргагчид хамааруулан Прокурор дүгнэлт бичин  дахин Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн торгууль оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ажил үүрэг гүйцэтгэсэн иргэн Э.Т тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн улсын байцаагчийн шийдвэр тухайн зөрчлийн шинж байдал, ажил олгогчийн санхүүгийн чадвар бодит байдалтай нийцээгүй үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тухайн зөрчилд дахин торгуулийн шийтгэл оногдуулахдаа холбогдогч компанид мэдэгдээгүй, гаргасан шийтгэлийн хуудсыг гардуулаагүй зэргээр гомдол гаргагч компанийн эрхийг хөндсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах:” гэсэн зарчимтай нийцээгүй гэж дүгнэв.

Түүнчлэн улсын байцаагч хариуцлага оногдуулахдаа холбогдогчид мэдэгдээгүй, мэдэгдсэн тухай баримтаар тус компаний эрх бүхий этгээд шийтгэлийн хуудсыг  гардаж авсныг баримтаар нотлоогүй байх тул гомдол гаргагч хуулийн хугацаа алдсан гэж үзэхээргүй байгааг тэмдэглэж байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд гомдол гаргагч “ИМХ” ХХК-ийг ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд торгууль оногдуулсан ЧД МХ-ийн улсын байцаагч Л.З гийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00014 дугаар шийтгэлийн хуудас зөрчлийн шинж, тухайн үеийн бодит нөхцөлд тохироогүй, холбогдогчийн оролцоог хангаагүй гэж үзэж хүчингүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.6-д заасныг баримтлан  ЧД МХ-ийн улсын байцаагч Л.З гийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00014 дугаар шийтгэлийн хуудас хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.З гаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.НАСАНДЭЛГЭР