Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 363

 

“Баян констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, түүний өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, гуравдагч этгээд “Зоос банк”-ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болд, гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, түүний өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0549 дүгээр магадлалтай, “Баян констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Баян констракшн” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0549 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч “Баян констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Эрэл” компанид Байшин үйлдвэрлэх комбинатыг хүлээлгэн өгсөн акт, түүний хавсралт, 2000 онд хийгдсэн “Эрэл” ХХК-ийн салаа төмөр замуудын бүдүүвч зурагт эдэлбэр газрын хэмжээг огт дурдаагүй бөгөөд хэдэн м.кв газрыг эзэмшүүлснийг хөтөлбөргүй тогтоогоогүй байж шүүх “2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн баталгаажуулсан” гэж дүгнэсэн нь хууль бус болсон. Мөн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тодорхойлолтоор “Гурван нуур”  компанийн хөрөнгөнд 2,94 м.кв урттай төмөр зам орсон тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523  дугаар захирамжаар “Эрэл” ХХК маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлээгүй, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн гэж шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй, “Гурван нуур” компанийн төмөр замын урттай нэхэмжлэгч огт маргалдаагүй, зөвхөн “Эрэл” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлаагүй гэж маргасан. Шүүхээс “Эрэл” ХХК хуучин эзэмшиж байсан газрын хэмжээг баталгаажуулсан гэж тайлбарлаж байгааг хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны  өдрийн 523 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх ёстой байтал “Баян констракшн” ХХК-д 7000 м.кв газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 25 дугаар захирамж нь “Эрэл” ХХК-ийн газартай давхцаж хууль зөрчсөн гэж дүгнэж, үйл баримт, цаг хугацааны хувьд тухайн хэрэгт хамааралгүй  дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь, “Баян констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг дарга 2006 оны 25 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай 7000 м.кв газар олгосонтой  холбоотой  бусдын газартай давхацсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар “Эрэл” ХХК урьд нь ганц ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд 2006 оноос 2011 оны хооронд 5 жилийн хугацаанд “Баян констракшн” ХХК тухайн газрыг эзэмшиж, ашиглаж тэр байтугай “Эрэл” ХХК-тай хая дэрлэн үйл ажиллагаа явуулж, нэг талаас “Баян констракшн” ХХК, “Мега конкрит” ХХК нөгөө талаас “Эрэл” ХХК-ийн хооронд маргаан бүхий газар дээр байрлах Бетон зуурмагийн үйлдвэрийг худалдах, худалдан авах тохиролцоонд хүрч, “Эрэл” ХХК уг зуурмагийн үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж байсан. Гэтэл маргаан бүхий газар, бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авна гэсэн тохиролцоонд итгэн хайхрамж алдан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг өнгөрүүлсний дараа “Эрэл” ХХК тохиролцооноосоо буцаж, “Баян констракшн” ХХК-ийн эзэмшиж байсан буюу “Мега конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр байрлах газрыг өөрийн эзэмшилд авах аргаа Нийслэлийн Засаг даргаар дамжуулан хэрэгжүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-д маргаан бүхий газрыг олгохдоо тухайн газар дээр бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй эсэх, газрыг бусдад олгох хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад үүнд шүүх ямар нэгэн дүгнэлт өгсөнгүй. Хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэхийн тулд “Баян констракшн” ХХК-ийн маргаан бүхий 7000 м.кв газрын аль хэсэгт Зоос банкны барьцаанд байгаа “Мега конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр болон 1 давхар ажилчдын байр байгааг тогтоох, “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн кирамзитын үйлдвэр, төмөр зам байгаагаа тогтоох шаардлагатай ба энэ талаар шүүхэд удаа дараа хүсэлт тавьсан боловч шийдвэрлээгүй болно. Маргаан бүхий газар дээрх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эд хөрөнгийн байршлыг тогтоосноор 7000 м.кв газрын аль хэсгийг “Эрэл” ХХК-д олгох боломжтойг, аль хэсгийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох нь тодорхойлогдох юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хөнгөн бетон” ХК-ийн хойд талд 0.7 га газрыг “Баян констракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

“Баян констракшн” ХХК-ийн 0.7 га газрын эзэмших эрхийн хугацаа 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байсан ба газар эзэмшигч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах…” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаагүй байх тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-ийн эзэмшиж байсан 194673 м.кв газрын хэмжээг 199739 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн ба энэ нь “Баян констранкшн” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхацсан болох нь тогтоогдож байх боловч нэгэнт “Баян констракшн” ХХК-ийн  газар эзэмших эрх дуусгавар болсны дараа “Эрэл” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин “Эрэл” ХХК-д нэмж эзэмшүүлсэн маргаан бүхий газарт “Мега конкрит” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө /HZS-120 загварын бетон зуурмагийн үйлдвэр/ байрладаг болох нь шүүхээс хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Гуравдагч этгээд “Мега конкрит” ХХК өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад эзэмшүүлсэн захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаж маргаагүй байхад шүүх тухайн захиргааны актын улмаас үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрх зөрчигдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй.

Учир нь,  захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөн, хүчингүй болгуулахаар маргаж байгаа этгээдийн шаардлагаар хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох учиртай.

Нэхэмжлэгч “...“Эрэл” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлээгүй” гэж маргажээ.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд “Эрэл” ХХК оролцож, хуучнаар байшин үйлдвэрлэх “Гурван нуур” ХХК-ийн хөрөнгийг худалдан авсны дотор 2,94 км урттай төмөр зам хамаарч байгаа нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэгэнт дуудлага худалдаагаар авсан эд хөрөнгө байсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 523 дугаар захирамжаар баталгаажуулан “Эрэл” ХХК-д олгосныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шүүхүүд маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын зөрчилгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0549 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН