| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/02048/И |
| Дугаар | 102/ШШ2017/00773 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/00773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Д.Наранцэцэг шүүгч даргалж, шүүгч Х.Энхзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 23Б байрны 11 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦБ82022613, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Галбадрахын нэхэмжлэлтэй,
гэм хорын хохиролд төрөөс 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Галбадрах, өмгөөлөгч Л.Өлзийхүү/ШТҮД-0177/, төрийг төлөөлж прокурор Б.Нямханд, иргэдийн төлөөлөгч Н.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирол 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирлын үр дагавар буюу эдийн бус хохирол 20 000 000 төгрөгийг төрөөр нөхөн төлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Э.Галбадрах нэхэмжлэл, тайлбартаа:АТГазраас дуудсан тул 2015-06-12 өдөр байцаалт өгөхөөр очсон. Тэр өдөр намайг сэжигтнээр татаж, шүүгчийн захирамжаар 72 цаг саатуулсан. БНХАУ-ыг иргэн Үнэнбаатарын гомдлын дагуу Б.Мөнхбатад холбогдох, Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэгт шалгасан. Энэ үед би ТЕГазарт сөрөг тагнуулын тасгийн даргаар ажиллаж байсан.Сэжигтнээр татснаас хойш надаас 4 удаа байцаалт авсан. 2016-07-22 өдөр ахлах мөрдөн байцаагч Ганбат намайг буруугүйг тогтоож, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.Надад хийсэн хэрэг байхгүй. Үндэслэлгүйгээр гүтгэж, миний нэр төрийг гутааж, гэр бүлээрээ сэтгэл санааны дарамтанд орсон тул эрүүгийн хэрэгт шалгасанд гомдолтой. Эхнэр нялх хүүхэдтэй, бид зээлээр авсан байранд амьдардаг бөгөөд ажилд их саадтай, удирдаж байгаа хүмүүс, удирдуулж байгаа хүмүүс итгэлгүй болох, хов жив гарах нөхцөл болсон. Иймд эрүүгийн хэрэгт 3 хоног баривчлагдан, шалгагдахад авсан өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны дарамтын хохиролд 20 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын 2016-07-22 өдрийн 103 тогтоол, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч П.Алтанцоожийн, сэжигтнээр тооцох тухай 2015-06-12 өдрийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай 2015-06-12 өдрийн тэмдэглэл, сэжигтнийг баривчлах тухай 2015-06-12 өдрийн тогтоол, гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2015-06-15 өдрийн тогтоол, БНХАУ-ын иргэн В.Үнэнбаатарын талаар холбогдох байгууллагууд солилцсон мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Галбадрах Тагнуулын ерөнхий газрын сөрөг тагнуулын тасгийн даргаар ажиллаж байгаа байх бөгөөд 2015 онд энэ ажлыг эрхэлж байх үед 06 сарын 12 өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс түүнийг Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар үүсгэсэн 2014250004543 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, тогтоол гаргаж, энэ өдрөөс 3 хоног баривчилж, 3 хоногийн дараа гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, түүнийг холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016-07-22 өдрийн 103 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Э.Галбадрах Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах өргөдлийг гаргах эрхтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрхтэй гэж заасны дагуу түүний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэстэй юм.
Нэхэмжлэгч Э.Галбадрахыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа прокурор зөвшөөрөл олгосон мөрдөн байцаагчийн тогтоолоор 3 хоног баривчилсан байх бөгөөд Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016-07-22 өдрийн 103 тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэг үүссэн байна.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад 10 000 000 төгрөгийн хөлс төлсөн нь тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 джгаар зүйлийн 390.1 дэх хэсэгт заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 дахь хэсэгт заасны дагуу уг хохирлыг улсын төсвөөс буюу Хууль зүйн сайдын багцаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийг эрүүгийн гэмт хэрэгт шалгах болсон явдал түүний эрхэлсэн ажилтай холбоотой байсан байх бөгөөд эрүүгийн журмаар шалгагдснаас түүний сэтгэл санаанд 20 000 000 төгрөгөөр үнэлэхүйц хохирол учирсан нь нотлогдоогүй, хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,