Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/0771

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Од плаза, 405, 406 тоотод байрлах, РД-2049341,  Монгол алтай травел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 66 тоотод байрлах, РД-5676576, Бигмега ХХК-д холбогдох

 гэрээний үүрэгт 3602300 төгрөгийг  гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл, хариуцагч компанийн захирал Ш.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал  нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч хариуцагчаас жуулчин хүлээн авах гэрээний үүрэгт 3602300 төгрөгийг  гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.  

Нэхэмжлэгч Монгол алтай травел ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:Бигмега ХХК-тай жуулчин хүлээн авах гэрээг өмнө нь 2-3 удаа байгуулж, хамтран ажиллаж байсан  тул 2016 онд жуулчин хүлээн авах нэг жилийн хугацаатай гэрээг 2016-03-20 өдөр   байгуулсан. Жуулчин 05-11 сарын хооронд ирдэг тул хариуцагч компанийн захиалгаар үйлчлэхээр тохирсон. 2016-08-20 өдөр жуулчинг жолооч, хөтөчтэй хүлээн авсан. Үүний үйлчилгээний хөлс 2 771 000 төгрөг болсон бөгөөд уг хөлсийг гэрээний дагуу 2016-09-18 өдрийн дотор төлөх байсан боловч 2 жуулчин эд зүйлээ алдсан шалтгаанаар энэ хөлсийг хариуцагч төлөхгүй байгаа. Иймд гэрээний 4.4-т заасны дагуу алдангийн хамт 3 602 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? Жуулчид, хөтөч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон манай журмыг зөрчиж архидсан. Манай баазын ажилтан жуулчны эд зүйлийг хулгайлаагүй тул манайх буруугүй гэв.

Хариуцагч Бигмега ХХК тайлбартаа: Манайх БНСУ-ын Донгугтур компанитай жуулчин солилцдог тогтмол харилцаатай тул  Монгол алтай травел ХХК-тай жуулчин хүлээн авах гэрээ байгуулж, Тэрэлж дэх тэдний 20-иод гэр, цайны газартай гэр кемпэд жуулчин буулгадаг. 2016-03-1-20 өдөр байгуулсан нэг жилийн хугацаатай гэрээний дагуу 2016-08-19 өдөр нэхэмжлэгчид захиалга өгч, БНСУ-аас 2016-08-19 өдөр хүлээн авсан 20 хүнийг 4 хөтөч, нэг жолоочийн хамт Тэрэлж дэх  Мираж  кемпэд 2016-08-20 өдөр буулгасан. Тэгтэл 20-21 өдөрт шилжих шөнө 3 цагт хулгай гарч, жуулчин Ким Биёонг, Жанг Жин нарын эд зүйл алдагдсан байсан.Энэ тухай тус кемпийн менежер Мягмарсүрэн надад утасдаж хэлсэн.  Камерийн бичлэг үзэхэд гадны 2 хүн жуулчны гэрт ороод гарсан, тус баазад сэлгүүцсэн 30-40 минутын бичлэг бичигдсэн байна. Хулгайг олноо, та санаа зоволтгүй шүү. Тэрэлж постоос машины дугаарыг шалгана гэж хэлсэн тул би эднийхийг энэ асуудлыг шалгуулж байгаа гэж итгэсэн. Хулгай гарсан шалтгаан нь нэхэмжлэгч талын  манаач ажиллаагүй, тэр өдөр боодог хийсэн гээд шөнө нь унтсан байсан гэж менежер надад хэлсэн. Эд зүйлээ алдсан 2 жуулчин бичиг баримт, мөнгө эд зүйлээ алдсан тул нэг нь хилээр түр паспортоор буцаж гарсан. Зуучлуулсан Донгугтурээс мөнгөө  буцааж авна  гээд бөөн асуудал болоод манайх Донгугтурт жуулчлалын хөлсийг нөхөн  төлсөн. Донгугтур энэ асуудлаас болоод манайд итгэхээ больж, харилцаа тасарсан.

 2016 оны 11 сард нэхэмжлэгч манайхаас мөнгөө нэхэж, хулгай болоогүй гэсэн хариу гарсан гэж хэлсэн тул энэ талаар би мэдсэн. Хөтөч архидсан гэдгийг би тэгж бодохгүй байна.Нэхэмжлэгч гэрээний 3.3-т заасан жуулчдын аюулгүй байдал, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангаж, ая тухтай үйлчлүүлэх бүх нөхцлийг хангаж, сэтгэл хангалуун үлдээх  үүргээ зөрчсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, фото зураг, нэхэмжлэх, тооцооны хуудас, жуулчин хүлээн авах гэрээ, прокурорын мэдэгдпэх хуудас, цагдаагийн тодорхойлолт, хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож, захиалгын дагуу хариуцагчийн ирүүлсэн жуулчинг  нэхэмжлэгч хүлээн авч, Тэрэлжид байрлах, Мираж гэр кемпэд байрлуулж, байр, хоолоор хангах үйлчилгээг үзүүлэх, хөлсийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр  2016-03-20 өдөр нэг жилийн хугацаатай жуулчин хүлээн авах гэрээг бичгээр байгуулсан байна.

Зохигч Иргэний хуулийн  370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагчийн захиалгын дагуу түүний ирүүлсэн жуулчинд   нэхэмжлэгч   хариуцагчтай тохирсон  үйлчилгээг үзүүлэх, үүнийхээ төлөө хариуцагчаас хөлс авахаар тохирсон байна.

Үүний дагуу хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгч жуулчинг хүлээн авч, байрлуулж, тохирсон үйлчилгээг үзүүлсэн  байх бөгөөд хариуцагч гэрээний дагуу үйлчилгээний хөлсийг төлж ирсэн байна.

2016-08-20 өдөр ирүүлсэн 20 жуулчнаас 2 жуулчны  байрлаж байсан гэрт шөнийн цагаар хулгай орж, жуулчдын эд зүйлийг хулгайлсан болох нь Налайх  дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2016-08-24 өдрийн албан бичиг, Мираж кемпийн  камерийн 2016-08-21-ний  шөнийн 03 цагт бичигдсэн бичлэгээс буулгасан дүрс зураг, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2016-09-19 өдрийн 587 мэдэгдэх хуудас зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч 2016-08-20 өдөр байршуулсан жуулчдын хөлснөөс тэдний хэрэглэсэн ундаа, караокений үнэ болох 171000 төгрөгөөс бусдыг гэрээнд заасан хугацаанд төлсөн бөгөөд харин хулгай гарсанд  нэхэмжлэгч гэрээний 3.3-т заасан үүргээ  зөрчсөн гэж үзэж, 2016-08-27, 2016-09-01 өдөр байршуулсан нийт 28 жуулчин, 2 хөтөчийн үйлчилгээний хөлсийг  төлөөгүй болох нь шүүх хуралдаан дээрх зохигчийн тайлбар, хөлс шаардсан нэхэмжлэгчийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний 3.3-т заасан “жуулчны эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангах” үүргээ нэхэмжлэгч  зөрчсөн нь  2016-08-20 өдөр ирсэн жуулчдаас жуулчин Ким Биёонг, Жанг Жин нар байрлаж байсан гэрээсээ эд зүйлээ алдсан, паспортоо алдсны  улмаас М45726731 дугаартай гадаад паспортоор Монгол улсын хилээр  орж ирсэн  жуулчин Ким Биёонг нь   МG7160021 дугаартай бичиг баримтаар Монгол улсын хилээр 2016-08-21 өдөр буцаж гарсан тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, прокурорын газрын тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч жуулчинд үзүүлэх үйлчилгээгээ  Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт заасны дагуу доголдол гаргахгүйгээр зохион байгуулж чадаагүйгээс хулгайд эд зүйлээ алдсан 2 жуулчин Иргэний хуулийн  373 дугаар зүйлийн 373.1.1 дэх хэсэгт заасны дагуу аялал жуулчлалын гэрээгээ дуусгавар болгосон  байх тул нэхэмжлэгч Иргэний  хуулийн 373 дугаар зүйлийн 373.2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр 2 жуулчныг байршуулсан хөлс 160 000 төгрөгийг  авах эрхээ алдах  тул бусад жуулчдад үзүүлсэн доголдолгүй үйлчилгээнийхээ хөлс 2 611 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчснөөс  хариуцагч  хөлс төлөх үүргээ  биелүүлэхээс татгалзсан  нь үндэслэлтэй байх тул хариуцагчийг үүргээ хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд  нэхэмжлэгч гэрээний 4.4-т заасан  алдангийг хариуцагчаас  шаардах эрхгүй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 73 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 56 726 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

ТОГТООХ  нь: