Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/500

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Байгалмаагийн Гд холбогдох эрүүгийн 1711 01230 0523 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 63 дугаар гудамжны 9 тоотод оршин суух,  урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жил хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял оногдуулж 1 жил 6 cap хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 cap 1 хоног хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 9 cap 23 хоног хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Байгалмаагийн Г, /РД:_____/,

 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер ланд” худалдааны төвийн 201 тоот лангуунаас Б.Уранбилэгийн “Делл” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,719,598 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Сонгинохайрхан дүүрэгт мөрдөгч Батсайханд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, мэдүүлэг өгч байсан. Мөрдөгч надад чиний хурууны хээ хулгайн зөөврийн компьютер дээрээс илэрсэн гэж хэлсэн. Би энэ хэргийг хийгээгүй. Компьютер ланд гэж хаана байдгийг ч мэдэхгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хаана байсан талаараа сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн цаг үед Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргээр гадуур батлан даалтад байцаагдаж байсан. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байцаагчаасаа 7 хоногийн чөлөө аваад Зүүн хараа сум руу самарт яваад ирсэн юм. Миний хурууны хээ  гарсан тухайд гайхаж байна. Би уг газарт очиж байгаагүй, ороогүй. Хаана байдгийг нь мэдэхгүй газраас миний гарын хурууны хээ таарсан асуудлыг гайхаж байна..../хх-ийн 136-137х/,

Хохирогч А.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер ланд” худалдааны төвийн 201 тоот лангуун дээрээ ажиллаж байсан юм. Манай лангуу зөөврийн компьютер, зургийн аппарат зарж борлуулдаг юм. Тэгээд ажил дээрээ байж байхад 16 цагийн үед манай лангуу руу 17-18 орчим насны үл таних 180 см орчим өндөртэй залуу орж ирсэн юм. Тэгээд зөөврийн компьютер үзье гээд надаас асуухаар нь манайд зарагдаж байсан “Асус” маркийн зөөврийн компьютерыг шилэн хананы лангуунаасаа гаргаж ирээд тэр залууд өгсөн ба тэр залуу гараараа барьж үзэж байсан юм. Тэр үед би гэрт асуудал гарсан байсан тул утсаар яриад байж байсан ба тэр залуу зөөврийн компьютер үзээд зогсож байснаа буцаагаад шилэн лангуу руу тавьчхаад бусад лангуун дээр байх зөөврийн компьютерүүдийг хараад зогсож байсан юм. Тэгэхээр нь би нөүтбүүкийг буцаагаад тавьсан байна гэж бодоод утсаараа ярьж байтал тэр залуу гараад яваад өгсөн. Тэр залууг гарч явсны дараа би жорлон орчихоод 2-3 минут болоод буцаж орж ирэхэд нөгөө залууд үзүүлээд байсан “Асус” маркийн зөөврийн компьютерны хажуу лангуунд байсан “Делл” маркийн зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд “Асус” маркийн нөүтбүүкийг үзэж байсан залуу алдагдсан зөөврийн компьютерыг шилэн лангуунаас аваад куртикнийхээ өвөрт хийгээд аваад явсан байсан” гэх /хх-ийн 45-50х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Болор-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/633 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд MN00510022207 дугаараар бүртгэгдсэн Байгаль овогтой Гий баруун гарын дунд, зүүн гарын долоовор хурууны хээний дардастай тохирч байна гэх /хх-ийн 65-66х/,

Шинжээч Т.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Гарын мөрний шинжилгээний баталгаа нь 3 зүйл дээр тогтдог юм. Нэгдүгээрт дахин давтагдашгүй, хоёрдугаарт өөрчлөгддөггүй, гуравдугаарт гэмтсэн тохиолдолд нөхөн төлждөг. Уг шинжүүдийг агуулдаг учраас гарын мөрний шинжилгээ нь шинжлэх ухааны хувьд зөвшөөрөгддөг. Нэг хүний гарын мөрний хувийн онцлог шинж тэмдгүүд гарын хээтэй 8 шинжээр тохирч байхад тухайн хүний гарын мөр 100 хувь мөн гэсэн үг юм...Гарын мөр нь хурууны хээг дагасан хөлсний сүвнээс гарч буй хөлсөөр үүсдэг юм. Түүн дээр шинжилгээний нунтаг бодис түрхэж ашиглан илрүүлдэг тул эд зүйлд хүрсэн тохиолдолд гарын мөр үүснэ. Өөрөөр үүсэх боломжгүй” гэх /хх-ийн 60-61х/,

Дамно компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 74-75х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 78-86х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер ланд” худалдааны төвийн 201 тоот лангуунаас Б.Уранбилэгийн “Делл” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,719,598 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Сонгинохайрхан дүүрэгт мөрдөгч Батсайханд гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж, мэдүүлэг өгч байсан. Мөрдөгч надад чиний хурууны хээ хулгайн нотебүүк дээрээс илэрсэн гэж хэлсэн. Би энэ хэргийг хийгээгүй. Компьютер ланд гэж хаана байдгийг ч мэдэхгүй,

Түүний өмгөөлөгч П.Дэлгэр: Миний үйлчлүүлэгчийг тухайн өдөр “Компьютер ланд” худалдааны төвд байсныг хурууны хээ илэрснээр нотлох боломжгүй. Б.Гий тухайд энэ хэргийг үйлдээгүй, Сонгинохайрхан дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байсан гэдгээ эхнээсээ тогтвортой мэдүүлсэн. Алдагдсан нөтебүүк нь худалдаанд байдаг нөтебүүк тул тухайн зөөврийн компьютерыг барьж үзсэн хэний ч хурууны хээ илрэх боломжтой. Хяналтын камерын бичлэгээс харахад Б.Гийг гэх баталгаатай нотлох баримт харагдахгүй байна. Тухайлбал өндөр, царай, шивээс гэх мэт дахин давтагдашгүй шинж чанар хяналтын камерын бичлэгт тодорхой харагдахгүй байна. Хохирогч нь анх мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 20 орчим насны, гадуураа цайвар өнгийн куртиктэй гэж тодорхойлж байсан. Гэтэл хэрэг болсноос хойш 3 жилийн дараа өгсөн мэдүүлэгтээ 180 см өндөртэй, 20 орчим насны залуу хэмээн тодорхойлж, таньж олуулах ажиллагаагаар нэрлэн заасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагаатгаж өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/633 дугаартай дүгнэлтэд, шинжээч Т.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, дамно компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав. 

Шүүгдэгч Б.Гээс нийт 1,719,598 төгрөгийн хохиролыг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 23-31 тоотод оршин суух, Бух овгийн Алтанхуягийн Уранбилэг /РД:ОС83080100/-т олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                 

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Байгалмаагийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гээс нийт 1,719,598 төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 23-31 тоотод оршин суух, Бух овгийн Алтанхуягийн Уранбилэг /РД:ОС83080100/-т олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД