Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0388

 

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0388

Улаанбаатар хот

 

 

 

                          П.Б***ын нэхэмжлэлтэй захиргааны

                                                 хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б***,

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Б.Б***

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360, 362, 363, 363Б дугаартай нэгж талбарыг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ16/50 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0138 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л**, Ж.Ч***, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***, гуравдагч этгээд Б.Б***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш***,

Хэргийн индекс: 128/2019/0563/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б***оос Хот байгуулалт, хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 12 дугаар гудамжны 360, 362, 363, 363Б дугаартай нэгж талбарыг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ16/50 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/00138 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б***ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Б.Б***д эзэмших эрх олгосон 455 м.кв газраас 193 м.кв газарт холбогдох хэсгийг, мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ16/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

    1. Маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль  ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
    2. Гуравдагч этгээд нь 360 тоот хаягт байрлах  455 м.кв газрын өмчлөгчөөр тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,
    3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-28-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамж холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн“ мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй,
    4. Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ/16/50 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 434/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

                   3.1. Нэхэмжлэгч П.Б*** нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон  Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360, 362, 363, 363Б дугаартай нэгж талбарыг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ16/50 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

                   3.2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

                   1/ маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хаягт байрлах хувийн сууц, гарааш нь анх 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Г***-ны өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн 220*** дугаарт бүртгэгдсэн.

                   Улмаар 2001 оны 7 дугаар сард хамтран өмчлөгчөөр иргэн Б.О*** нэмж бүртгэгдэн, 2004 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.О***ийн дангаар өмчлөх хөрөнгөд хувийн сууц, гараашийн зориулалттай, 86,92 м.кв талбайтайгаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 501 дүгээр шийдвэрээр албадан худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаар 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “А*** б***” ХХК-ийн өмчлөлд мөн талбайгаар шилжин бүртгэснийг иргэн Ж.Д*** шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан авснаар 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түүний өмчлөлд хувийн сууц, гараашийн зориулалттай, 86,92 м.кв талбайтайгаар шилжин бүртгэгдсэн. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Д***гийн өмчлөлд 244 м.кв талбайтайгаар шинэчлэн бүртгэгдэн, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч П.Б***ын өмчлөлд 244 м.кв талбайтайгаар шилжсэн болох нь,

                   2/ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хаягт байрлах 542,38 м.кв газар нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Б.О***, О.Одонтунгалаг, Г.О*** нарын өмчлөлд анх удаа 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220*** дугаарт бүртгэгдэж, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар бэлэглэлийн гэрээгээр Б.О***ээс Я.Б***ын өмчлөлд шилжиж, 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр Я. Б.Б***-ийн өмчлөлд шилжиж тус тус шилжин бүртгэгдсэн болох нь,

                    3/ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хаягт байрлах гарааш нь анх 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Я.Б***ын өмчлөлд 187,5 м.кв талбайтайгаар эрхийн улсын бүртгэлийн 2203017521 дугаарт бүртгэгдэж, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Б***-ийн өмчлөлд 187,5 м.кв талбайтайгаар шилжин бүртгэгдэж байсан болох нь,

                   4/ Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хаягт байрлах газартай холбоотой маргаан 2010 оноос эхлэн захиргааны болон иргэний хэргийн шүүхээр нийт 4 удаа шийдвэрлэгдсэн. Үүнд:

           Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 194 дүгээр шийдвэрээр Ж.Д***гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод байршилтай гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*** нэр дээр Ү-2203017521 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000060312 дугаар гэрчилгээ, дээрх хаягт байрлалтай 542.38 м.кв газрыг улсын бүртгэлийн Г-220*** дугаарт бүртгэсэн бүртгэл, 000030408 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1074 дүгээр шийдвэрээр Б.Б*** нэхэмжлэлтэй, Я.Б***д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 тоот хаягт байрлалтай 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,92 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 247 дугаар шийдвэрээр Б.Б*** нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Ж.Д***д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 тоот хаягт байрлах 553 м.кв газрыг эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Д***д холбогдох хэсгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр Б.Б*** нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 гудамж, 360 тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг Ж.Д***гийн нэр дээр бүртгэсэн Ү-220*** дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 00230265 дугаартай гэрчилгээ, уг эд хөрөнгийг П.Б***ын нэр дээр бүртгэсэн Ү-220*** дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 000480048 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хаягт байрлах 455 м.кв газрын өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Б***, тус газрын зарим хэсэгт байрлах 244 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Б*** өмчлөх эрхтэй нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмын дагуу хариуцагчаас шийдвэр гаргах ёстой байсан...” хэмээн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Учир нь, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ... дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” хэмээн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1-т “Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 2.1.2-т  “Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх” хэмээн тус тус заасан байхад хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, гарааш байрлаж буй 244 м.кв талбай бүхий газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоолгүй гуравдагч этгээдээс хүсэлт гаргасан газар нь нэхэмжлэгч П.Б***ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй 193 м.кв талбайгаар давхцсан байхад түүнд 455 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль  ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх болон “гуравдагч этгээд нь 360 тоот хаягт байрлах  455 м.кв газрын өмчлөгчөөр тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэл мөн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамж холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн“ мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

              6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ/16/50 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 434/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтална, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-т “заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн,

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, .... үндэслэн боловсруулагдсан байх” хэмээн тус тус заасан.

Тухайн тохиолдолд, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ16/50 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо тухайн цаг хугацаанд гуравдагч этгээд Б.Б*** барилгын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 360 тоот хаягт байрлах 455 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан эсэх нөхцөл байдлыг нягтлан тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

   7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

                                        ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА