Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Д.Баттулга, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: Б.Мөнхнаран,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан /өөрөө өөрсдийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарт холбогдох 201616010018 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тахидаг хайрхан” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 6-49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Батсүхийн Дашзэвэг /РД:СА73032616/,

          Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Тахидаг хайрхан” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт Завхан аймаг, Тосонцэнгэл сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Цагаан гэрүүд овогт Отгонжаргалын Жаргалсайхан /РД:ИЦ83092990/,

          Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, буриад, дээд боловсролтой, төмөр замын машинч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Тахидаг хайрхан” ХХК-д механикаар ажиллаж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81б-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Харгана овогт Өлзийгийн Баярсайхан /РД:ЖЮ73061671/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Дашзэвэг нь 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой”-н уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах өөрийн гэртээ О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “чи над руу хуруугаараа чичилж ярилаа” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас хоорондоо маргалдан Ө.Баярсайханы цээж тус газар автиркаар хатгаж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой”-н уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах Б.Дашзэвэгийн гэрт согтууруулах ундаа хэрэглэх үедээ Б.Дашзэвэг нь “Ө.Баярсайханыг автиркаар хатгалаа” хэмээн О.Жаргалсайхан нь Ө.Баярсайхантай бүлэглэн Б.Дашзэвэгийн нүүр, толгой руу нь гар, хөлөөрөө цохиж, өшиглөж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Дашзэвэг мэдүүлэхдээ: 2016 оны 1 сарын 25-ны шилжих шөнө компани амарсан. Компани дээр ирээд машинаа тавьсан.  Миний таньдаг Базаргүр гэдэг хүний машины цахилгааны утас нь болохгүй байна гээд манайд ирсэн. Би тэргийг янзалж байтал Баярсайхан, Жаргалсайхан 2 пиво барьж ирсэн. Манайд хагас шил архи байсан. Тэгээд хувааж ууцгаасан. Баярсайхан бид 2-ын дунд жаахан маргаан үүссэн. Баярсайханыг би тухайн үед танихгүй байсан. Тэр үед танилцсан. Энэ 2 мэдүүлэг өгөхдөө намайг хатгасны дараа зодсон гээд байна. Би зодуулж байхдаа хатгасан. Надад гомдол санал байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ө.Баярсайхан мэдүүлэхдээ: Жаргалсайхан бид 2 Цогтцэций сумаас буцаж явахдаа Дашзэвэгээр хүргүүлэхээр очсон. Бид 2 их уучихсан байсан. Яагаад хатгуулснаа мэдэхгүй байна. Жаргалсайхан унтаж байсан. Би сэрээж босгосон. Би Дашзэвэгтэй нэг нутаг, цэрэгт хамт байсан юм билээ. Миний хувьд гомдол санал байхгүй, хохиролд 500,000 төгрөг авсан нь үнэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жаргалсайхан мэдүүлэхдээ: Энэ 2-ыг маргалдаж байхад би унтаж байсан. Баярсайхан хатгуулчихлаа гээд намайг дуудсан. Би босож ирээд Дашзэвэгийг яагаад хүн хатгаж байгаа юм бэ? гээд цохисон гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ө.Баярсайханы “...Б.Дашзэвэг бид 2 пиво ууж байгаад би гараараа чичээд яриад байсан юм шиг байгаа юм. Түүнээс болоод Б.Дашзэвэг бид 2 маргалдаж муудалцсан тэгээд нэг мэдэхэд миний цээжний зүүн урд хэсгээс цус гарчихсан маш их өвдөж байсан. Би Б.Дашзэвэг миний цээж рүү юмаар хатгачихлаа гэж бодсон. Тэгээд О.Жаргалсайханыг дуудаж сэрээгээд Б.Дашзэвэг намайг хатгачихлаа гэж хэлэхэд О.Жаргалсайхан “чи яахаараа хүн хатгадаг юм гээд Дашзэвэгийн нүүр рүү хэд хэд цохиод авсан” би ч мөн Б.Дашзэвэгт уур хүрээд нүүр рүү нь гурваас дөрвөн удаа өшиглөсөн. Миний бие өвдөөд байхаар нь би одоо эмнэлэг явъя гээд О.Жаргалсайхан, Б.Дашзэвэг бид 3 нөгөө Б.Дашзэвэгтэй хамт байсан залуугаар гэрийн гадна байсан машиныг жолоодуулж сумын эмнэлэгт ирсэн. Би эмчилгээний зардал 500,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Дашзэвэгийн “...Би байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Ө.Баярсайхан над руу гараараа чичилж юм яриад байсан. Би “чи битгий хүн рүү гараараа чичээд бай” гэхэд “яадаг юм бэ” гээд түүнээс болоод бид маргалдсан. Ө.Баярсайхан бид 2 маргалдаж байтал О.Жаргалсайхан миний араас “чи яах гээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү өшиглөчихсөн. Би тухайн үед гэрийн хойд талд газар сууж байсан. О.Жаргалсайхан гэрийн хойд талын орон дээр, Ө.Баярсайхан зүүн талын орон дээр сууж байсан. О.Жаргалсайхан намайг өшиглөсний дараа Ө.Баярсайхан бас босоод ирсэн тэгээд тэр 2 намайг дээрээс нүүр лүү өшиглөөд зодохоор нь би доошоо нүүрээ дараад тонгойтол О.Жаргалсайхан миний хацраас гараараа арагш нь татаад гэдийлгэх үед миний гарт цахилгааны утас засахдаа хэрэглэж байсан автирка баригдахаар нь миний өмнө талд над руу дайрч байсан Ө.Баярсайханы цээж рүү нь нэг удаа хатгачихсан. Яг тэгээд байж байтал гаднаас Базаргүр орж ирээд бид 3-ыг салгасан. Би тэр хоёрт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийн материалтай танилцана” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Базаргүрын “...Б.Дашзэвэгийнд намайг очиход тэрээр гал түлж, хоол хийгээд хүлээж байсан. Тэгээд хоолоо идчихээд массласан цахилгааны утсаа гэр оруулж ирээд Б.Дашзэвэгтэй янзалж дуусгаад гэрээс гарч машиндаа цахилгааны утсаа угсарч байтал гэр рүү 2 эрэгтэй хүн орж харагдсан. Би машинаа янзалж байгаад лент авахаар гэрт ортол 2 залуу ирчихсэн нэг нь гэрийн хойд талын орыг түшээд тонгойгоод суучихсан Б.Дашзэвэг нөгөө хүнтэй нь юм ярьчихсан гэрийн зүүн хойд талд сууж байсан. Тэр 3 дундаа нэг том савтай “Боргио” пиво тавьчихсан ууж байх шиг байсан. Би гэрээс гарч цахилгааны утсаа ороож боож дуусгаад гэрт ортол нөгөө 2 залуу Б.Дашзэвэгийг дороо хийчихсэн нүүр нүдгүй өшиглөөд 2 талаас нь зодож байсан. Б.Дашзэвэг нүүрээ гараараа дарчихсан гэрийн хойд талд сөхрөөд суучихсан байсан. Тэгээд би “та нар болиоч хүн аллаа шүү дээ” гээд тэр хоёрыг салгахад тэр хоёрыг салгахад над руу “чамд хамаагүй” гэж уурлахаар нь би цагдаад дуудна гээд гадаа байсан машиныг асааж байтал Ө.Баярсайхан гэж халзан толгойтой залуу нь наад Дашзэвэг чинь намайг хатгачихсан ш дээ гэсэн. Тэгэхээр нь би хаана юугаар хатгачихсан юм бэ гээд харахад цээжний нь зүүн талд хөхний дээд хэсэгт хумсны толионы хэмжээтэй хатгагдсан эсвэл зүсэгдсэн аль нь мэдэгдэхгүй шарх харагдсан. Тэгээд би тэр 3-ыг авч сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь Баярсайханы шархыг эмч юмаар хатгуулсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/

            Шинжээч эмч С.Шүрцэцэг “...Баярсайханын цээжний өмнө зүүн хэсэгт 3-4 дүгээр хавирганы төвшинд мэс заслын оёдол тавигдсан шархтай байсан амбулаториор эмчлүүлэгчийн карттай танилцахад рентген дүгнэлт байсан. Уг дүгнэлтэд зүүн талд синус хаалттай 5 дугаар хавирганы түвшингээр шингэний төвшинтэй гэсэн байсан. Энэ нь цээжний хөндий дотуур цус алдалттай байна гэсэн үг юм. Ийм учир магадлуулагч Ө.Баярсайханы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/

            2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Дашзэвэгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, алимны цус харвалт, баруун хацар, хамар, дээд уруул, зүүн хацар, эрүүний зулгаралт, дээд уруулын цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтад биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэснээр / хавтаст хэргийн 22-р хуудас/

            2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ө.Баярсайханы биед цээжний өмнө зүүн хэсгээр хөндий рүү нэвтэрсэн зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэснээр / хавтаст хэргийн 25-р хуудас/

            Сэтгэцийн гэм судлалын 17/16 дугаартай магадалгаанд: “...Сэжигтэн Б.Дашзэвэг нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Сэжигтэн Б.Дашзэвэг нь хэрэг хариуцах чадвартай болно. Сэжигтэн Б.Дашзэвэг нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэснээр / хавтаст хэргийн 28-р хуудас/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд: “...Улаан оруулгатай, пластик бариултай, ажлын хэсгийн урт 9 см, бариулын урт 8.8 см, нийт 17.8 см урттай автиркийг эд мөрийн баримтаар тооцов” гэснээр /хавтаст хэргийн 10-р хуудас/

            Яллагдагч Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 51-53-р хуудас/

            Б.Дашзэвэгийн талаарх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 48-р хуудас/

            Ө.Баярсайханы талаарх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 49-р хуудас/

            О.Жаргалсайханы талаарх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 50-р хуудас/

            Б.Дашзэвэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/

            Ө.Баярсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/

            О.Жаргалсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/

Б.Дашзэвэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 65-69-р хуудас/

Ө.Баярсайханы бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 72-р хуудас/

Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарын Төрийн банк, Капитрон банк, Хас банк, Хаан банк, Голомт банкнуудын тодорхойлолт депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 78-91-р хуудас/

Шүүхийн үндэсний шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №672 дүгнэлт /хавтаст хэргийн 196-197-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуйн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулан, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулсан ба Шүүхийн үндэсний шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №672 дүгнэлтээр хохирогч Ө.Баярсайханы биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байх бөгөөд мөн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллахас татгалзаж байх тул шүүгдэгч Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Дашзэвэг нь 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой”-н уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах өөрийн гэртээ О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи над руу хуруугаараа чичилж ярилаа” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас хоорондоо маргалдан Ө.Баярсайханы цээж тус газар автиркаар хатгаж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Шүүгдэгч О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой”-н уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах Б.Дашзэвэгийн гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэх явцад Б.Дашзэвэг нь “Ө.Баярсайханыг автиркаар хатгалаа” хэмээн О.Жаргалсайхан нь Ө.Баярсайхантай бүлэглэн Б.Дашзэвэгийн нүүр, толгой руу нь гар, хөлөөрөө цохиж, өшиглөж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            Хохирогчоор мэдүүлсэн Б.Дашзэвэгийн “...Ө.Баярсайхан бид 2 маргалдаж байтал Б.Жаргалсайхан миний араас “чи яах гээд байгаа юм бэ” гээд өшиглөсөн. Би тухайн үед гэрийн  хойд талд газар сууж байсан О.Жаргалсайхан болохоор гэрийн хойд талын орон дээр Ө.Баярсайхан гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. О.Жаргалсайхан намайг өшиглөсний дараа Ө.Баярсайхан бас босоод ирсэн. Тэгээд О.Жаргалсайхан тэр 2 намайг дээрээс нүүр лүү өшиглөөд зодсон” гэсэн мэдүүлэг, гэрч О.Жаргалсайхан “...Би гэрийн хойд талын орыг түшээд сууж байснаа унтчихсан байсан. Хүн дуудаад байхаар нь сэрээд хартал Ө.Баярсайхан энэ намайг автиркаар хатгачихлаа гээд цээж нүцгэн гараараа цээжээ дарсан байсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогчоор мэдүүлсэн Ө.Баярсайханы “...би гараараа чичээд яриад байсан юм шиг байгаа юм” түүнээс болоод Б.Дашзэвэг бид хоёр маргалдаж муудалцсан. Нэг мэдэхэд миний цээж лүү юмаар хатгачихсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Базаргүрын “...Би гэрээс гарч цахилгааны утсаа ороож боож дуусгаад гэрт ортол нөгөө 2 залуу Б.Дашзэвэгийг дороо хийчихсэн нүүр нүдгүй өшиглөөд 2 талаас нь зодож байсан. Б.Дашзэвэг нүүрээ гараараа дарчихсан гэрийн хойд талд сөхрөөд суучихсан байсан. Тэгээд би “та нар болиоч хүн аллаа шүү дээ” гээд тэр хоёрыг салгахад тэр хоёрыг салгахад над руу “чамд хамаагүй” гэж уурлахаар нь би цагдаад дуудна гээд гадаа байсан машиныг асааж байтал Ө.Баярсайхан гэж халзан толгойтой залуу нь наад Дашзэвэг чинь намайг хатгачихсан ш дээ гэсэн” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн үндэсний шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №672 дугаартай “Ө.Баярсайханы биед цээжний зүүн хэсэгт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн гэх баталгаатай шинж үгүй байна. Дээрх цээжний зүүн хэсгийн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт:

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Дашзэвэгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, алимны цус харвалт, баруун хацар, хамар, дээд уруул, зүүн хацар, эрүүний зулгаралт, дээд уруулын цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтад биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Дашзэвэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан, Ө.Баярсайхан, О.Жаргалсайхан нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд шүүгдэгч Б.Дашзэвэг нь хохирогчийн эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг төлсөн байна.

Улсын яллагчийн зүгээс Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгэх, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэх санал болгосон.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа:

Шүүгдэгч Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцсон.

Гэвч Б.Дашзэвэгийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, баривчлахаас хөнгөн төрлийн ял болох торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож албадан ажил хийлгэх ял шийтгэх нь оновчтой гэж дүгнэлээ.

Тэдний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар ялын хугацаанд оруулан тооцно.

Б.Дашзэвэг цагдан хоригдсон хоноггүй, мөн Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан оруулгатай, пластик бариултай, ажлын хэсгийн урт 9 см, бариулын урт 8.8 см, нийт 17.8 см урттай автиркийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Батсүхийн Дашзэвэгийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    Цагаан гэрүүд овогт Отгонжаргалын Жаргалсайхан, Харгана овогт Өлзийгийн Баярсайхан нарыг бүлэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашзэвэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял,

      мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарыг  300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нарын цагдан хоригдсон 17 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж, /17хоногх8цаг=136цаг, 300-136=164 цаг/ эдлэх ялыг 164 цаг албадан ажил хийлгэх ял гэж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Дашзэвэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг,

     мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үйлдсэн ялын найман цагийг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан оруулгатай, пластик бариултай, ажлын хэсгийн урт 9 см, бариулын урт 8.8 см, нийт 17.8 см урттай автиркийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Б.Дашзэвэг цагдан хоригдсон хоноггүй, мөн Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Дашзэвэг, О.Жаргалсайхан, Ө.Баярсайхан нар бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА

 

                      ШҮҮГЧИД                                    Д.БАТТУЛГА

                                                                              

                                                                           Г.СОЛОНГО