Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 609

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “ХХБ” ХХК- Банк. 

Хариуцагч: БЗД ТХ-ийн татварын улсын байцаагч Ц.Ц.

Гомдлын шаардлага: “БЗД ТХ-ийн улсын байцаагч Ц.Цийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.А, Д.М нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ХХБ” ХХК Банк шүүхэд гаргасан гомдолдоо:  “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БЗД ТХ-ийн улсын байцаагч Ц.Ц нь тус банканд ирж Шийтгэлийн ******* болон ******* дугаар хуудас үйлдэн тус бүрийн хуулбарыг, тэмдэглэлийн хамт гардуулсан. Үүнд:

          Шийтгэлийн ******* дугаар хуудсаар “иргэн Д.М******* нь Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, пос терминал машин хэрэглэн е-баримт хэвлэн өгөхгүй байгаа асуудлыг шалгаад олсон нь: ... Д.М******* нь ... хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татвар шилжүүлээгүй баримт хэвлэн өгөхгүй байгаа болох нь газар дээр нь очиж шалгахад нотлогдон тогтоогдож байна. Иймд холбогдогч Д.М*******гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гээд уг хуулийн 11.4 дэх хэсгийг удирдлага болгон дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон;

           Шийтгэлийн ******* дугаар хуудсаар “иргэн Д.М******* нь МУ-ын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, пос терминал машин хэрэглэн е-баримт хэвлэн өгөхгүй байгаа асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 11.3 дахъ хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гээд уг хуулийн 11.4 дэх хэсгийг удирдлага болгон дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Банкны зүгээс дээр дурдсан шийтгэлийн хуудас болон тэмдэглэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд эс зөвшөөрч байна.

Нэг. Шийтгэлийн ******* дугаар хуудсын тухайд: 1.1.Татварын ерөнхий хуулийн1 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:” гээд уг зүйлийн 30.1.1 дэх заалтад “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;” гэж заасан ба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;” гэж тус тус хуульчилсан байна.

Гэтэл улсын байцаагч Ц.Ц нь хяналт шалгалт явуулаагүй, явуулсан эсэх нь тодорхойгүй, Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хяналт шалгалт хийх ажлын удирдамж, томилолтгүй, татварын улсын байцаагчийн албан үнэмлэхээ үзүүлээгүй, хуульд заасан ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа болохоо танилцуулалгүйгээр шийтгэл оногдуулж дээрх хуулийг зөрчсөн болно.

1.2. Татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсын үндэслэлдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг дурдсан байх бөгөөд энэ нь хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэж ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу уг журмаар шийтгэлийг оногдуулахдаа Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан 'Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” маягт 2-ын дагуу шийтгэлийн хуудас үйлдэж, шийтгэл оногдуулахаар байна.

Гэтэл Татварын улсын байцаагчийн гардуулсан 24012015086 болон ******* дугаар Шийтгэлийн хуудас нь дээрх Засгийн газрын тогтоолоор батлагдсан маягт 2 “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” маягтын дагуу бус маягт 1 “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”-ыг засварлан, үйлдсэн нь зөрчлийн тухай хуулийн зөрчсөн.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-1.3 дахь заалтад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг тодорхой заасан байх бөгөөд татварын байцаагч 6.6 дугаар зүйлд заасан ямар үндэслэлийг баримталж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь шийтгэлийн хуудсанд тодорхойгүй байх бөгөөд хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан шийдвэрлэсэн он, сар ... шийтгэл оногдуулах хуулийн зүйл, хэсэг, заалт ... тусгана” гэж хуульчилсныг зөрчсөн болно.

1.3.Шийтгэлийн хуудас үйлдэх шалтгаан болсон “хүүгийн орлогын татвар суутган шилжүүлээгүй гэх үндэслэл"-ийн талаар: 

1.3.1. Тус банк нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хүүгийн орлогын албан татварыг зохих хэмжээгээр суутгаж, хуульд заасан үүргээ биелүүлэн ажилласаар ирсэн. Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт татварын алба нь татварын асуудал зрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасагтай байхаар, мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/06 дугаар тушаалаар батлагдсан татвар төлөгчийг бүртгэх журмын 7 дугаар зүйлийн 7.3-т “Аймаг, дүүргийн татварын хэлтэст энэ журмын 7.1, 7.2-т зааснаас бусад хуулийн этгээд харьяалагдах бөгөөд харьяаллыг тогтоохдоо татвар төлөгч хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа хууль ёсны хаяг, тухайн татвар төлөгчийн голлох орлого олж буй үйл ажиллагааны 50-иас дээш хувь нь орон нутагт хэрэгжиж байвал тухайн нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчөөр бүртгэх зарчмыг баримтална гэж заасны дагуу Худалдаа, хөгжлийн банк нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэгдэж, тус хэлтэст татвараа тайлагнаж байгаа болно. /Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хадгаламжийн хүүнд суутгасан орлогын албан татварыг 2017 оноос эхлэх шилжүүлж байгаа бөгөөд Татварын тайлан, Санхүүгийн байдлын тайланг тус тус хавсаргасан. Мөн хүүгийн орлогыг төлсөнтэй холбоотой 2016 оны Татварын тайлан, Санхүүгийн байдлын тайланг хавсаргав./

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/3231 дүгээр хамтран ажиллах тухай бичгээр “Танай банкны төв тус дүүрэг байрладаг бөгөөд хадгаламжийн хүүгийн орлогын татварыг бүрэн төвлөрүүлж харъяа дүүргийн татварын албанд тайлагнана гэсэн үндэслэлээр ...татварын төлөвлөгөө манай дүүрэгт хуваарилагдсан тул нийт салбарын хадгаламжийн хүүгийн орлогын татвараа тус дүүрэгт төвлөрүүлэн хамтран ажиллана уу” гэсэн чиглэл өгсний дагуу хүүгийн орлогын татварыг суутган шилжүүлж байна.

Банкны зүгээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 6/2777 дугаартай бичгээр тус дүүрэгт хүүгийн орлогын албан татвар суутган тайлагнаж байгаа эсэх тодорхойлолт авах зорилгоор хандсан бөгөөд суутган тайлагнадаг болох тухай 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06/1174 дугаартай тодорхойлолт ирүүлсэн байдаг.

Дээрх үйл баримтаас тус банк хадгаламжийн хүүгийн орлогоос холбогдох татварыг суутган, шилжүүлээгүй буюу татварын хууль зөрчсөн  зөрчил  гаргаагүй байтал зөрчил гаргасан гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэлийн оногдуулсан, ийнхүү шийтгэлийн хуудас үйлдэхдээ ямар хугацаанд хамаарах, ямар хэмжээний хүүгийн орлогыг татварыг суутган шилжүүлээгүй болохыг тодорхой заагаагүй байгаа нь шийтгэлийн хуудас бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна.

1.3.2. БЗД ТХ-ээс хадгаламж эзэмшигч  иргэдийн хүүгийн орлогод олгосон дүнгээс татвар суутган авч, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20-4/2071 тоот, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/3231 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Танай банкны төв тус дүүрэгт байрладаг бөгөөд хадгаламжийн хүүгийн орлогын татварыг төв банкинд төвлөрүүлж харьяа дүүргийн татварын албанд тайлагнана гэсэн үндэслэлээр хадгаламжийн хүүгийн орлогын татварын төлөвлөгөөг манай дүүрэгт хувиарласан тул нийт салбарын хадгаламжийн хүүгийн орлогын татвараа тус дүүрэгт төвлөрүүлэн ажиллах” гэж дурдсан.

Ийнхүү татварын хэлтсүүдээс өөр өөр утга бүхий албан бичиг ирүүлж, хадгаламж эзэмшигчийн хүүгийн орлогыг хэрхэн хаана төвлөрүүлэх нь тодорхойгүй байдал үүссэн.

Нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тус банк нь Нийслэлийн татварын газраас удаа дараа тодруулга хүссэн /албан бичиг явуулаагүй/ бөгөөд Нийслэлийн татварын газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/120 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариу нь төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн татвар болох тул банкны салбар нь нутаг дэвсгэрийн зарчмаар бүртгүүлж, татварын  тайлан тооцоо хийх талаар хариу ирүүлсэн ба мөн албан бичигт Татварын ерөнхий газрын даргын 2017 1 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/191 дугаар тайлангийн маягт батлах тухай тушаалаар “Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын албан татварын тайлан”-г ТТ-12а маягтын дагуу 5 дугаар хавсралтаар,  “Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутган тооцсон албан татварын мэдээ”-г ТТ-12а_1 маягтаар 6 дугаар хавсралтын дагуу тайлагнах болсон тухай мэдэгдсэн.

Энэхүү албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу тус банк нь хэрхэн ажиллах талаар А/191 дугаар эрх зүйн актыг судлахад Захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлээс мэдээлэл олдоогүй тул бөгөөд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 3-2/10 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/191 тоот тушаалыг бүртгүүлээгүй гэх лавлагааг өгсөн. Мөн уг тушаалтай холбоотой гомдлыг Сангийн яаманд гаргасан бөгөөд Сангийн яамнаас Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/191 тоот тушаалыг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаар яаралтай бүртгүүлэх тухай чиглэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4-2/1530 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт өгсөн байдаг.

Захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдүүлнэ” гэж заасны дагуу А/191 дугаар тайлангийн маягт батлах тухай тушаалаар баталсан маягтын дагуу дүүрэг бүрийн татварын хэлтэст тайлагнах чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлж байсан.

Нийслэлийн татварын газраас ирүүлсэн чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Татварын ерөнхий газраас мөн чиглэл авах тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6/890 тоот албан бичгийг хүргүүлсэн. Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10/828 тоот албан хариу ирсэн. Уг албан бичигт “танай банк орон нутаг, дүүрэгт байрлах өөрийн тооцооны төвүүдийг тухайн орон нутаг, дүүргийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж суутгасан албан татварыг төлж, тайлагнах нь зүйтэй” гэсэн чиглэл өгсний дагуу тус банк нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст уг татварыг шилжүүлсэн. Харин 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын албан татварын тайланг орон нутаг, дүүргийн татварын албанд тайлагнахаар бэлтгэл ажил хийгдэж байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах салбар, тооцооны төвүүдийн хувьд харьяа татварын хэлтэс болох Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүүгийн орлогын албан татварыг суулган шилжүүлсэн.

Хоёр. Шийтгэлийн ******* дугаар хуудсын тухайд: Шийтгэлийн ******* дугаар хуудас нь энэхүү гомдлын нэгд дурдсан буюу шийтгэлийн ******* дугаар хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэлийн 1, 2-д заасны адил хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж үйлдэгдсэн гэж үзэж байгаа тул гомдлын энэ хэсэгт дахин давтаж дурдаагүй болно. 

2.1.Шийтгэлийн хуудас үйлдэх шалтгаан болсон “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх, төхөөрөмж, пос терминал машин хэрэглэн е баримт хэвлэн өгөхгүй байгаа гэх үндэслэл”-ийн талаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу албан татвар суутган төлөгч нь дараах шинжийг өөртөө агуулсан байна. Үүнд

         А. Борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн.

          Б. Албан татварын ногдох орлогоос татвар суутган авч төсөвт төвлөрүүлдэг этгээд байх.

Арилжааны банк иь хуульд заасны дагуу Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаа, үйл ажиллагаанаас олж байгаа орлого нь дараах үндэслэлээр НӨАТ ногдох орлогод хамаарахгүй байна. Гүйлгээний хураамж, шимтгэл гэх орлого нь банктай байгуулсан төлбөр тооцоон гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн дансаар дамжуулан мөнгө хүлээн авах, шилжүүлэг ХИЙХ үйлчилгээ үзүүлсний хариуд олж буй орлого буюу үйлчилгээний хөлс юм.

  Харин зээлийн хүүгийн орлого нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн. 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн үйл ажиллагааны хүрээнд зээл ашигласны хариуд төлж буй төлбөр юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлогыг тодорхойлохдоо 13.5.2 дахь заалтад “мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ” гэж, 13.5.5 дахь заалтад “зээл олгох үйлчилгээ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл мөнгө хүлээн авах, шилжүүлэх болон зээл олгох үйлчилгээний хүрээнд олж байгаа аливаа орлого нь татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан байна.

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт заасны дагуу “албан татвар суутган төлөгч нь албан татвар ногдох орлогод төлбөрийн баримт хэвлэх”  үүргийг хүлээсэн байна. Уг заалтын хүрээнд албан татвараас чөлөөлөгдөх орлогын хувьд албан татвар ногдуулах боломжгүй тул төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэг Худалдаа, хөгжлийн банканд үүсэхгүй юм.

  2.3. Шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг үндэслэн “дөрвөн мянган нэгжээр торгох”-оор заасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал,  энэхүү  зөрчлийг гаргасан гэж үзэхэд хүрвэл хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгээр бус мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар “нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмж төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл торгуулийн санкцийг буруу хэрэглэж, хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хууль зөрчсөн байна.

Дээр дурдсан агуулга болон хэлбэрийн хувьд хууль зүйн үндэслэлгүй хоёр шийтгэлийн хуудсын улмаас Худалдаа, хөгжлийн банк зөрчил гаргаагүй байж, үндэслэлгүйгээр тус бүр 4,000,000  (дөрвөн сая) төгрөгийн торгууль төлөх болж хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөд байна. Иймд, Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ц.Цийн 2018 оны 4 дүгээр сарын 23- ны өдрийн шийтгэлийн ******* болон 214012018087 дугаар хуудас болон түүнд бичиг, тэмдэглэлүүдийг дээр дурдсан хууль зүйн үндэслэл, бодит үйл баримтыг дүгнэн үзэж хүчингүй бог өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудсын тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэг, шийдвэрлэх хэсэг нь агуулгын хувьд алдаатай буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй. Тодорхойлох хэсэгт Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пост терминал машин хэрэглэн ебаримт хэвлэж өгөөгүй байгаа асуудлаар шалгаад олсон нь гэж тодорхойлоод үндэслэх хэсэгтээ Монгол Улсын хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татан шилжүүлээгүй, баримт хэвлэж өгөөгүй байгаа болох нь газар дээр очиж шалгахад нотлогдон тогтоогдож байна гэж үйлдээд тогтоох хэсэгтээ Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пост терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил илрүүлсэн гэж заасан. Үүнээс үзэхэд шийтгэлийн хуудсыг агуулга хоорондоо зөрчилдөөнтэй байна. Хаягласан этгээд нь мөн тодорхойгүй. Баянзүрх дүүргийн ХХБинд ажилладаг  санхүүгийн ажилтан н.М******* гэж хаягласан байгаа нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй. 

Захиргааны акт нь хуулийн зүйл заалтыг бүрэн үндэслэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар хуулиар хүлээсэн үргээ биелүүлээгүй байгааг тодорхой бичиж байж, зөрчилд хамааруулан шийтгэлийн хуудсыг оногдуулах ёстой. Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн. 

Захиргааны актыг сайн дураар биелүүлэхтэй холбоотой хуульд заасан нөхцлийг зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэлийн хуудсыг хуульд заасны дагуу Засгийн газар батлахаар хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 40.2, 40.2.5-д заасныг хангаагүй байгаа юм. Мөн хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэдгийг дурдсан. Хуулийн ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэхээр Төрийн байгууллага нь удирдамж чиглэлгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл тухайн байгууллага ямар ч удирдамж чиглэлгүйгээр ирсэн. Ямар нотлох баримтын үндсэн дээр зөрчил илрүүлсэн байдал нь тодорхойгүй. Иймд татварын улсын байцаагчийн хуульд нийцүүлсэн байх зарчмын ноцтой зөрчиж, мөн Монгол Улсын татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6, 7.1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг биелүүлээгүй үйл ажиллагаа явагдсан байна гэж үзэж байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ХХБ нь Сүхбаатар дүргийн татварын хэлтэст харьяалагдаж бүх тайлангаа тайлагнаж ажилладаг. 2017 оны 02 дугаар сарын 16, 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас “татварын үйл ажиллагаатай холбоотой бүх тайлангаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэн ажиллана уу” гэж бичиг ирж байсан. 

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөн бичиг ирээд нийт хадалгаламжийн сангийн албан татварын тайлангаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тайлагнана уу гэж бичиг ирсэн. Үүнээс хорь хоногийн дараа Баянзүрх дүүргийн татварын хэлтэс танай банк Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа банкны татварын тайлангаа Баянзүрх дүүргийн татварын хэлтэст тайлагнана уу гэсэн бичиг ирсэн.  

Ингээд аль дүүрэгт татварын тайлангаа өгөх ёстой гэдэг вэ гэдэг асуудлаар Нийслэлийн татварын газарт хандахад татварын тайлангаа дүүрэг дүүргийнхээ татварын хэлтэст тайлагнаж болно гэж хариу өгсөн. Гэхдээ 192 тоот Татварын ерөнхий газрын даргын тушаал нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй байдаг. 

Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх тухай үүргийг өгсөн байсан. Аль дүүргийн татварын хэлтэст шилжүүлэх эсэх нь тодорхойгүй үлдсэн. Гэтэл БЗД ТХ-ээс танай банк татварын тайлангаа шилжүүлсэнгүй гэж акт үйлдсэн байсан” гэв. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ХХБны зүгээс Сүхбаатар дүүргийн татвараар баталгаажсан 2017 болон 2018 оны мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татварын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2017 оны тайланд тусгагдсан 3.137.544.625.8 төгрөг болон 2018 оны нэгдүгээр улирлын тайланд тусгагдсан 1.884.794.457.55  төгрөгийг бүрэн шилжүүлж тайлагнасан байдаг. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг өгсөн. Иймд эдгээр баримтуудыг үндэслэн ХХБны мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татварыг шилжүүлээгүй гэх үндэслэлгүй бөгөөд бүрэн тайлагнасан гэж үзэж байна” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь “Татварын ерөнхий хууль”, “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль”, “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлөө арилгах талаар “Худалдаа, хөгжлийн банк”-д тухай бүр албан шаардлага тавьж байсан боловч тус банк нь Татварын албанаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй болно.

Иймд БЗД ТХ-ийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц нь холбогдох хууль тогтоомж болон өөрийн эрх хэмжээний хүрээнд “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу тус банкинд шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна.

1.“Татварын ерөнхий хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж заасан байх тул танай байгууллага нь татвар суутган төлөгчийн үүргийг хуулиар хүлээсэн.

“Хувь хүний орлогын албан татварын тухай хуул” -ийн  19.1.4, 26.1.6-д “банк санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн  мөнгөн хадгаламжинд хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” гэсэн  заалтыг үндэслэн татвар суутгагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй салбар тооцооны төвүүдэд хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод олгосон дүнгээс татвар суутган БЗД ТХ-ийн холбогдох дансанд төвлөрүүлэн ажиллах шаардлагатай байсан.

Тус банк нь “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1.6 дахь хэсэгт заасан “....тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” хэмээн заасны дагуу холбогдох төсөвт төвлөрүүлэн ажиллахгүй байсан болно. Учир нь 2017 оны 12 сарын 26-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”-аас ирсэн чиглэлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нутаг дэвсгэрийн харъяалалаар арилжааны банкнуудын салбар, тооцооны төвөөс төвлөрөх хадгаламжийн хүүгийн орлогыг дүүргийн төсөвт төвлөрүүлэн ажиллах”-ыг мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн хүрээнд “Худалдаа. хөгжлийн банк”-д БЗД ТХ-ээс удаа дараа албан тоот хүргүүлсэн боловч шаардлагыг биелүүлээгүй  хариу бичиг ирүүлээгүй болно. Иймд БЗД ТХ-ээс дээрх үндэслэлээр банк нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шийтгэл ногдуулсан.

Мөн “Татварын ерөнхий хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.8-д “татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа салбар, тооцооны төвүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг тус дүүргийн Татварын хэлтсийн холбогдох дансанд шилжүүлэх хуулийн үндэслэлтэй байсан.

Татварын улсын байцаагч Ц.Ц нь Татварын улсын байцаагчийн хэм хэмжээг зөрчөөгүй бөгөөд “Татварын ерөнхий хууль”-ийн 24',1-д “татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана” гэж заасны дагуу шаардлагаа тавьж, зөвлөгөө өгч ажилласан боловч тус банкны холбогдогч нар хүлээж аваагүй болно. Шийтгэлийн хуудсанд холбогдогч этгээдийн гарын үсэг зурагдсан байх бөгөөд үүгээрээ зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Мөн Татварын улсын байцаагчийн зүгээс харилцан ярилцаж нөхцөл байдлыг тайлбарлан “Зөрчлийн тухай хууль”-ийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “татварын хууль тогтоомжид заагдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Банк нь “Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль”-д зааснаар  “нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөгч биш боловч “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”- ийн 4.1.14-т “төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй  төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” гэж заасны дагуу банк нь “суутган төлөгч” мөн тул дахин давтагдашгүй төлбөрийн дугаарыг заавал гаргаж өгөх үүрэгтэй байна.

Тус хуулийн 4.1.15-д “дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан  татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэгэн тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг” гэж заасан байх тул банкны зээлийн хүүгийн орлого, гүйлгээний шимтгэлийн орлогод И-Баримт хэвлэж өгөх үүргээ үйлчилгээ эрхлэгч  “Худалдаа, хөгжлийн банк” нь биелүүлээгүй учир хууль зүйн бодит үндэслэлүүдийг хянан үзэж уг шийтгэлийн хуудаснуудыг хүчинтэй хэвээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “ХХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон БЗД ТХ-ийн улсын байцаагч Ц.Цийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж ХХБны санхүүгийн ажилтан Д.М*******д хариуцлага ногдуулсан  БЗД ТХ-ийн улсын байцаагчийн *******, 24010218087 дугаар бүхий Шийтгэлийн хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг товлосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч өөрийн биеэр сууж хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэв.

Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татвар шилжүүлээгүй.” гэж тэмдэглэн ******* дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;”, зөрчилд 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр, мөн өдрийн өөр нэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...зээлийн хүүгийн орлого,шимтгэлийн үйлчилгээний орлогод e-баримт хэвлэн өгөх үүргээ биелүүлээгүй.” гэж тэмдэглэн ******* дугаар Шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаахи хуулиар тогтоосон журам зөрчсөн;” зөрчилд 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр торгосон шийдвэр тус тус үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татварыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тооцон төлсөн нь 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар  3.1 тэрбум төгрөг төлсөн дүнгээр, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.8 тэрбум төгрөг төлсөн дүнгээр “Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутган тооцсон албан татварын мэдээ” (ТТ-12А-1) -ээр  тус тус нотлогдсон байна. 

Гэтэл хариуцагч БЗД ТХ-ийн  татварын улсын байцаагч дээрх хадгаламжийн хүүгийн орлогын татварыг суутган шилжүүлээгүй гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгууль ногдуулсан нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч компаний Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг салбарууд татварын тайлангаа тухайн дүүрэгтээ бус Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст шилжүүлж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 03/650 , 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/3231  дугаар албан бичгүүдээр “ХХБ” ХХК-д “....нийт салбарын хадгаламжийн хүүгийн орлогын татвараа тус дүүрэгт төвлөрүүлэн хамтран ажиллана уу.” гэж хандсаны дагуу тус дүүргийн төрийн сангийн дансанд шилжүүлж байсныг хадгаламжийн хүүгийн орлогын татварыг өөр дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн нь зөрчил гэж үзэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч зээлийн хүүгийн орлого, шимтгэлийн үйлчилгээний орлогод e-баримт хэвлэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.4-д “татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаархи хуулиар тогтоосон журам зөрчсөн...” гэсэн заалтаар торгох шийтгэл ногдуулжээ.

Татварын улсын байцаагчийн энэхүү торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэл муутай болжээ.

Учир нь банк зээлийн хүүгийн орлого, шимтгэлийн үйлчилгээний орлогод  e-баримт хэвлэн өгөх үүрэг хүлээгээгүй байна.

Мөн банкны байгууллага татвар суутган төлөгч биш, нэмэгдсэн өртгийн албан татвартай үйлчилгээ үзүүлдэггүй тул хариуцагчийн зээлийн хүүгийн орлого, шимтгэлийн үйлчилгээний орлогод e-баримт хэвлэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн хууль бус гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв.

Нөгөө талаар хариуцагч БЗД ТХ-ийн татварын улсын байцаагч *******, ******* дугаар Шийтгэлийн хуудас болон тэмдэглэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулахдаа нэхэмжлэгч компаний зөрчил үйлдсэн эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй, хууль зүйн үндэслэл тодорхойгүй, агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийж торгууль ногдуулсан хаягласан этгээд нь ойлгомжгүй байгаа зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол:”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол:”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол:” гэж тус тус зохицуулсантай нийцээгүй гэж дүгнэв. 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд “хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татвар шилжүүлээгүй”, “зээлийн хүүгийн орлого,шимтгэлийн үйлчилгээний орлогод e-баримт хэвлэн өгөх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3-д заасан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зөрчилд хамаарахгүй байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “ХХБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж БЗД ТХ-ийн улсын байцаагч Ц.Цийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.НАСАНДЭЛГЭР