Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00387

 

Ж.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2195 дугаар магадлалтай,

Ж.Л-гийн нэхэмжлэлтэй,

Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

71.784.135 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, 11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Л.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах Улсын Их Хурлаар батлагдсан төрийн бодлогын баримт бичиг байдаг. Энэ баримт бичигт зааснаар Иргэний нисэхийн үндсэн мэргэжилтэй ажилтан бол өндөр хөгжилтэй үндсэн англи хэлтэй улс оронд сургаж бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудад өөрийнхөө зардлаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 100 гаруй оюутнуудын зардлыг дааж, Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулсан. Энэ ажлын хүрээнд Канад улсын Торонто хотын Сенека коллежид Л.Номинг Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар нисэхийн технологич мэргэжлээр 2012 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хэлний бэлтгэлд 6 сар, үндсэн мэргэжлээр 4 жилийн хугацаатай суралцуулахаар түүний эцэг Ж.Л-тэй гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар Л.Номин бол тухайн сургуульдаа амжилттай сайн суралцана, Иргэний нисэхийн ерөнхий газар нь суралцах хугацааны сургалтын төлбөрийг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлнө, байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардлыг хариуцаж сар бүр тухайн оюутанд бусад оюутнуудын нэгэн адилаар 200 долларын тэтгэлэг олгох, сургуулиа төгсөж ирсний дараа ажлын байраар хангах үүргийг талууд хүлээсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн хүмүүсийн өөрийнх нь өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 4 өрөө орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан барьцаанд авсан. Л.Номин гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж амжилттай сайн суралцаж ирсэн. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр тухайн гэрээнд заасан суралцах мэргэжлийг өөрчилж, мөн гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар 23-ны өдрийн шийдвэрээр 64.479 ам.долларын тооцоо гарч тухайн үед шийдэгдэж байсан. Ингээд уг шийдвэрийн дагуу Л.Номин сургалтаа үргэлжлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж амжилттай суралцаж байсан боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага солигдсоны дараа тус газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ ямар ч тайлбар үндэслэлгүйгээр зөрчөөд гэрээг ямар нэгэн байдлаар цуцалсан, дуусгавар болгосон тухай ямар ч мэдэгдэлгүйгээр бүх төлбөрийг зогсоосон. 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын байрны төлбөр 500 доллар, оюутны тэтгэлэг 400 доллар, нийт 900 доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ханшаар 2 420 төгрөгөөр тооцоход 2.181.600 төгрөг болж, нэхэмжлэлийн шаардлагыг 17.221.760 төгрөгөөр нэмэгдүүлээд, нийт 71.784.135 төгрөгийг Л.Номингийн сургалтын гэрээний дагуу хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын гэрээг хэрэгжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сургах асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд тус газар нь гадаадад суралцаж буй хүүхдүүдийнхээ сурлагын чанар болон тухайн сургалтад зарцуулагдаж буй төсөвт хяналт тавих үүрэгтэй байдаг. Энэхүү үүргийнхээ дагуу сургалтын гэрээний хэрэгжилт, биелэлтийг шалгах явцад тус газрын дотоод аудитын хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн хүүхэд болох Л.Номингийн хувийн хэрэгт байсан материалууд нь дараах зөрчилтэй байна гэж шалгалтын дүн гарсан тул Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, сургалтын төлбөр илүү шилжүүлсэн гэх зөрчлүүдийг дахин нягталж, тодруулах хүртэл сургалтын төлбөрийг шилжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан болно. Дотоод аудитын шалгалтаар суралцагч Лхамсүрэнгийн Номин нь Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 6 сар англи хэлний бэлтгэлд, 4 жил өдрийн ангид Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар суралцахаар харилцан зөвшилцөж 3 талт гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс буюу 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Энэхүү гэрээнд гэрээний үнийн нийт дүн тавигдаагүй байгаа нь гэрээний гол нөхцөл шаардлагыг хангаагүй бөгөөд гэрээг байгуулагдах үед нэхэмжлэгч Ж.Л-гийн эхнэр болох З.Туяа нь "гадаадад суралцагч хүүхдийн асуудлыг хариуцан ажиллаж байсан байна. Энэ нь тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газрын мөрдөж байсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 1.7.8-д сургалтын гэрээнд элсэн суралцагчийн суралцах улс, хот, сургууль, мэргэжил, курс, суралцах хугацаа, батлан даагч, байгууллагын болон суралцагчийн хариуцах төлбөрийн төрөл, хэмжээ.... зэргийг тодорхой тусгана гэж заасныг зөрчсөн. Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 3 дугаар курст суралцаж байсан Л.Номин 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэргэжлээ солиулах хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваад гаргасан ба уг асуудлыг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжсэн шийдвэрийг гаргасан байна. Тухайн үед нэхэмжлэгчийн эхнэр З.Туяа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын дарга хийдэг байсан тул даргын зөвлөлийн хурлын гишүүн байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/445 тоот тушаалаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тушаалын утга нь Л.Номинг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс суралцах мэргэжлийг өөрчилж нисэхийн аюулгүй байдлын мэргэжлээр 2 жил суралцуулахаар болсон. Анхны гэрээний дагуу байгуулагдсан нисэхийн технологич мэргэжил нь 4 жил суралцаад бакалавр цолтой төгсдөг бол сүүлд өөрчилсөн нисэхийн аюулгүй байдлын мэргэжил нь 3 жил суралцдаг дипломын зэрэгтэй төгсгөдөг хөтөлбөр байсан. Суралцагч Л.Номин нисэхийн технологийн мэргэжлээр 3 жил суралцахдаа үзсэн хичээлээ нисэхийн аюулгүй байдлын мэргэжлийн 1 жилийн хөтөлбөртэй дүйцүүлж тооцон хичээлийн зөрүүг гаргаж дахин 2 жил суралцах хүсэлтийг гаргасан ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дахин 60.571 ам.доллар нэмж тусгасан. Суралцагч Л.Номин нисэхийн технологич мэргэжлээр 3 жил суралцаад сургуулиа төгсөхөөс 1 жил дутуу байхад мэргэжлээ солих хүсэлт гаргасан нь байгууллагад илт хохиролтой гэрээ болсон. Гэтэл уг нэмэлт өөрчлөлтөөс улбаалж өмнөх мэргэжлээр суралцах хугацаанд төлсөн 276.105 ам.долларын үргүй зардал гарч, Иргэний нисэхийн ерөнхий газар хохирсон байна. Канад улсын Торонто хотын Сенека коллежийн нисэхийн технологи мэргэжлийн бакалавр цолны хөтөлбөр нь 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн эхний семестрийн төлбөр нь 25.020,97 ам.доллараас 25.091,82 ам.доллар байна. Харин нисэхийн аюулгүй байдал мэргэжлийн дипломын хөтөлбөрийн 2017 оноос 2018 оны оны хичээлийн жилийн төлбөр нь 14.410 ам.доллар байна. Энэ дүнгээр тооцож үзэхэд нисэхийн технологи мэргэжлийн 4 жилийн нийт төлбөр нь 200.000 ам.доллар болж байгаа бөгөөд шалгах өдрийн байдлаар Л.Номинд 280.305,46 ам.доллар олгогдсон байна. Л.Номингийн нисэхийн технологийн мэргэжлээр суралцсан 3 жил, нисэхийн аюулгүй байдлын мэргэжлээр суралцах 2 жилийн, нийт 5 жилийн сургалтын төлбөр 242.173 ам.доллар болж байна гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Номингийн 2012 оноос 2018 оныг дуусталх хугацааны нийт төлбөр 242.173 ам.доллар болох ёстой атал өнөөг хүртэл Иргэний нисэхийн ерөнхий газраас шилжүүлсэн төлбөр 280.305,46 ам.доллар болсон байна. Л.Номин нь талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр суралцуулахаар байгуулсан гэрээний 3.1-д заасан ...суралцагч нь суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангана" гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт №11/2016 тоот гэрээ нь зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болсон байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Л- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан тус байгууллагад хэрэгцээ шаардлага бүхий Нисэхийн аюулгүй ажиллагааны мэргэжлээр суралцуулах болсон. Түүнчлэн гэрээний биелэлтэд хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх нь талуудын эрх үүрэг бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан суралцагчийн сургалтын процесс, үр дүнд шүүх дүгнэлт хийх боломжгүй ба Л.Номингийн сургалтын явц, сурлагын дүнд гэрээнд заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох ажилтнууд хяналт тавьсны үндсэн дээр сургалтын зардал олгогдож байсан бөгөөд мөн гэрээний үүргээ биелүүлж, амжилттай сайн суралцсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Канад Улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллага болох Транспорт Канада байгууллагаас олгосон хүчин төгөлдөр СР1 Нисгэгчийн үнэмлэхээр нотлогдож байгаа болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Л.Номингийн сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 236 дугаар зүйлийн 236.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71,784,135 төгрөг гаргуулах тухай Ж.Л-гийн үндсэн нэхэмжлэлийг, Ж.Л-д холбогдох 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017.11.08-ний 431,000 төгрөг, 2018.01.22-ны 244,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2195 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675.060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /цаашид "шуүх" гэх/-ийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2О18/01939 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2195 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талууд гэрээнд нэмэлт оруулснаас хойш хариуцагч ИНЕГ сургалтын төлбөрийг огт төлөөгүй үйл баримтыг үл харгалзан гэрээний дагуу төлөх төлбөрийг төлсөн хэмээн илт зөрүүтэй, нотлох баримтад үндэслээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, Үндсэн гэрээний дагуу суралцагчийн сургалтын төлбөрийг сурч байсан сургуулийнх нь төлбөрийн нэхэмжлэхээр төлж байсан үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй, нотлох баримтыг үндэслэлгүйгээр, хариуцагч байгууллагын нэгж /дотоод аудит/-ийн тайлан гэхийг үнэлэн гэрээний дагуу гүйцэтгэх төлбөрийн хэмжээг тооцож, үндсэн болон нэмэлт гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн гэж дүгнэсэн, хариуцагч гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй байхад үүрэг гүйцэтгэгдсэн гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, үүрэг дуусгавар болсон, эсхүл талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэх баримтад огт үндэслээгүй дүгнэлтийг хийснээр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн заалтыг илтэд буруу тайлбарлан “үүрэг дуусгавар болсон” гэх дүгнэлтийг, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 236.1.3, 236.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан а) үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн, б) талууд өмнөх үүргийг солихоор тохирсон гэх илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ /цаашид “Үндсэн гэрээ” гэх/, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт 11/2016 тоот гэрээг илтэд буруу үнэлсэн. Тодруулбал, ХХ-ийн 9-10 дугаар талд авагдсан Үндсэн гэрээний “Ерөнхий зүйл" хэсэгт гэрээний талуудыг нэг талаас ИНЕГ, нөгөө талаас Ж.Л- хэмээн тодорхойлж, харин гэрээний төгсгөл хэсэгт Л.Номин гарын үсэг зурсан нь тодорхой харагдана. Гэтэл шүүх “ИНЕГ суралцагч Л.Номинтой гэрээ байгуулж, Ж.Л- оролцож гарын үсгээ зуржээ” хэмээн баримтаар нотлогдож буй бодит байдлыг илтэд зөрүүлэн буюу эсрэгээр нь үнэлэн дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт эргэлзээгүй нотлогдсон:нэхэмжлэгч Ж.Л- ИНЕГ-т хандан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах буюу охин Л.Номинг шилжүүлэн суралцуулах, ийнхүү шилжин суралцсанаас хойших хугацааны сургалтын төлбөр, зардлыг төлүүлэх хүсэлтийг гаргасан буюу хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагч ИНЕГ нь 3 талт гэрээний тал болох Ж.Л-гийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, эрх бүхий этгээд буюу ИНЕГ-ын даргын зөвлөл хэлэлцсэний үндсэн дээр Дарга 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А/445 дугаар тушаал гаргаж, Л.Номинг шилжүүлэн суралцуулах, сургалтын төлбөр болон зардалд 60571 ам.долларыг байгууллагаас төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх тушаалыг үндэслэн талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг /11/2016 тоот гэрээ/ үйлдэж, гарын үсэг зурсан. Ийнхүү Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч түүнийг хүлээн авч, дээр дурдсанчлан тушаал гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулснаар хүсэл зоригийн илэрхийлэл хучин төгөлдөр болсон байтал давж заалдах шатны шүүх хуулийн дурдсан заалтыг хэрэглэлгүйгээр “байгуулагдаагүй гэрээний дагуу уг хэлцлийг зохих ёсоор хийгдсэн, гэрээний талууд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй” гэх ойлгомжгүй дүгнэлт хийн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөн хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, 43.3 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Дээр дурдсанчлан нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг /11/2016 тоот гэрээ/ үйлдэж, гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгч Ж.Л- хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн ИНЕГ-ын А/445 дугаар тушаалыг хүлээн авч, гэрээнд өөрчлөлт рруулан харилцан гарын үсэг зурж ёсчилсон бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар, зүйлийн 43.2.1, 43.2.2 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байтал шүүх “байгуулагдаагүй гэрээний дагуу уг хэлцлийг зохих ёсоор хийгдсэн, гэрээний талууд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй” гэх нэг талыг барьсан дүгнэлт хийн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Давж заалдах шатны шүүх ИНЕГ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, А/445 дугаар тушаал гаргаж, улмаар гэрээнд өөрчлөлт оруулсан, мөн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт 11/2016 гэрээний үүргийг гүйцэтгэсэн хэмээх тайлбар гаргаж байсан өөрийн тодорхой үйлдлээрээ нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаа илэрхийлсэн байдлыг үл анхааран хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг эс зөвшөөрч байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2195 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.Л-гийн “...71.784.135 төгрөг гаргуулах...” тухай нэхэмжлэлийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар эс зөвшөөрч “...сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, 11/2016 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах...” сөрөг шаардлага гаргажээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Л.Номинг 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 6 сар англи хэлний бэлтгэлд, 4 жил суралцахад сургалт, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцохоор зардлыг хариуцан төлж, сар тутам 200 ам долларын тэтгэлэг олгох, зардлыг валютаар тооцох, суралцагч нь сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангаж, ...сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд 5-с доошгүй жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, энэ заалтыг биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон буцаан төлөхөөр харилцан тохиролцсон ба талууд гэрээнд үсэг зурж байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулжээ. Гэрээнд Л.Номингийн эцэг Ж.Л- батлан даагчаар оролцжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар болон батлан даагч Ж.Л- нар 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Л.Номингийн суралцаж буй нисэхийн технологич мэргэжлийг нисэхийн аюулгүй байдал мэргэжлээр сольж шилжүүлэн суралцуулах, үүнтэй холбогдон Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг жишигт заасан тарифаар, тээврийн зардлыг 1 удаа Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцон, суралцах хугацаанд нийт 60.571 ам доллар төсөвлөн олгохоор тохирчээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-11 дүгээр тал/.

Зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд тэдгээрийн хооронд ямар гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

Анхан шатны шүүх “...2012.8.1-ний болон 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн гэрээгээр хүлээсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын үүрэг дуусгавар болсон” гэж үзэж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болох, талууд үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Шүүх “...анхны болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хэрхэн байгуулсан, гэрээний заалтыг суралцагч зөрчсөн эсэх маргааны үйл баримтын талаар дүгнэх шаардлагагүй бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд цаг хугацааны хувьд ач холбогдолгүй” гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй төлбөрийг Л.Номингийн өмнөөс эсхүл өөрөө шаардаж буй эсэх, мөн гэрээний үүргийн биелэлт эсхүл хохирол шаардаж буй нь тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчсөн гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж зөвтгөөгүйгээс гадна “...Л.Номин нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд өөр хүнээр өөрийгөө төлөөлүүлэн гэрээ хийх эрх олгосон, Ж.Л- түүний нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг авсан, түүнчлэн Л.Номингийн эрх зүйн чадамж хязгаарлагдсан, чадамжгүйд тооцогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу төлөх төлбөрийг нэхэмжилсэн байх боловч уг гэрээнд Л.Номин оролцоогүй байна. Харин гэрээнд гарын үсэг зурсан Ж.Л- нь Л.Номинг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, мөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэрэгт байгаа баримтыг үнэлэх, улмаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2195 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 675.160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ