| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.3., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Г,
нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч М.Х,
хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Р.Түвшинбат,
шинжээч эмч С.Төгсбуян /цахимаар/,
гэрч Г.Б, Б.Б, С.М /цахимаар/, Н.У /цахимаар/,
шүүгдэгч Н.Н, Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.А нарт холбогдох эрүүгийн 2107000280090 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Н.Н /РД: ..................../,
Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Ч.А /РД:......................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Н 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ..................................................................... тоотод өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ М.Хтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь гараараа цохих, мөн өшиглөх зэргээр удаан хугацаанд бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх үед М.Хыг зодож байхад нь хамт байж харсан атлаа зодоон болоогүй мэтээр тухайн хэргийн талаар гэрчилж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч эмч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.А, Х бид гурав өглөө эрт 8 цагийн үед шахмал түлш рүү Ч.А бид хоёр харуул хамгаалалтын ажилд орох гээд ажлын байрыг нь очиж үзэх гэж явсан. Би М.Х гэдэг хүнийг танихгүй, Хыг таньдаг. Налайх руу буцах замдаа Х М.Хтай утсаар яриад М.Хтай зам дээр 9 цагт уулзсан. М.Х нэг шил архитай машинд нь орж ирж суусан. М.Х машинд чинь нэг шил архи ууя гэхэд Х хагалгаанд орсон байсан тул Х жорлонтой газар очъё гээд манай гэрт орсон. Бид 3 нэг шил архиа хувааж уусан. 11 цагийн орчимд М.Х явлаа гэж гарч явчхаад 30-40 минутын дараа ахиад нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг Х аягалж байгаад архи талд нь орж байхад ажлаас нь дуудаад байна гээд явсан. Бид 3 манайд үлдсэн. Тухайн үед Х М.Хыг явах уу гэхэд би ганц хоёр татчихаад гарлаа, манай гэр ойрхон би цагдаагийн хашаагаар алхаад орчихдог юм гэж хэлсэн. М.Х 1 цаг 30 минутын орчимд манайхаас зүв зүгээр гарсан. Хувийн таарамжгүй харилцаа гэсэн зүйл бол болоогүй, зодоон нүдээн болоогүй, инээж хөөрөөд танилцаад бид 2 нэг төгсөлт, ангийн найзууд болж таараад бид хэд зүв зүгээр сайхан ярьж байгаад л явсан. Тэгтэл орой 16 цаг 30 минутаас 17 цагийн орчимд М.Х нүүр ам нь нил цус болчихсон авгайтайгаа орж ирсэн. Би цагдаагаар явж шалгуул гэж хэлээд л гаргасан. Тэгтэл 21 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд намайг гэрээс аваад явсан. Би гэртээ энэ цэнхэр цамцтайгаа, цагаан өмдтэй байсан. Намайг өшиглөж зодсон гээд байгаа, би гэртээ жаахан хүүхэдтэй болохоор гэртээ хивсэн дээрээ гуталтайгаа явж хүн зодоод байж байхав. Манай эхнэр хотоос 1 цаг 35 минут гэхэд ирсэн байна лээ. Манай эхнэр QR кодоо уулзварын цагдаа дээр уншуулсан байсан. Манай эхнэрийг ирэхэд олон хүн хүүхдээ салхилуулаад байж байсан. Би Батгэрэл байцаагчид камерыг шалгаад гадаа байсан хүмүүсийг байцааж өгөөч гэж байцаалт болгон дээр хүсэлт гаргасан. М.Х бид хэдийг нүүрэлдүүлэн байцаахад М.Х танай орцонд ямар ч хүнтэй таараагүй байрны гадаа хүмүүс байгаагүй, хэнтэй ч таараагүй гэж байсан. Тиймээс хэргийг мөрдөн байцаах шатанд буцаалгах хүсэлтэй байна” гэв.
Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед М.Х байхад Н.Нынд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Энэ хоёр сургуулийн талаараа яриад л Солонгост байсан бүх юмаа яриад инээж хөөрсөн. Надтай хүртэл юм яриад гоё ах байна гээд л дахиж юм авчирч өгнө гээд дуу хүртэл дуулж байгаад үүдэнд намайг тэврээд авгайгийн төрсөн өдөр болж байгаа гээд зүв зүгээр баяртай гээд гараад явсан. М.Хыг Н.Н 3-4 цаг зодож байхад би цагдаагийн байгууллагад 29 жил ажилласан хүн зогсоохгүй хараад сууж байдаг юм уу. Үүнд гайхаж байна. Энэ хүн 13 цаг 30 минутад гараад 17 цагийн үед авгайтайгаа орж ирсэн. Тэр хугацаанд юу хийж байсан юм. Авгайгаа хүлээгээд машин дотроо сууж байсан гэдэг. Тэр өндөр машинаас унасан юм уу, замдаа өөр хүмүүстэй зодолдсон юм уу энэ бүгдийг камераар шалгаж өгөхийг хүсэж байна. Зарим юмыг худлаа ярьж байна. Гэртээ хүн хагас түрийтэй гутал өмсчихөөд хүнийг өшиглөөд байж байх уу. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг гэрч болоод байгаа хүмүүс юу яриад байгааг ойлгохгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэрч нарыг нэмж байцааж, камерын бичлэгүүдийг шалгуулмаар байна. Үнэндээ гомдолтой байна” гэв.
Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр өглөө 9 цаг өнгөрч байх үед Х над руу залгаад хаана байна ажилдаа явахгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би одоо явна гэхэд ******* гараад ир гэсэн. Гарахдаа гэрээсээ нэг шил архи аваад очсон. Машинд чинь уучих уу гэхэд яах юм бэ манай найзынд очъё гээд Н.Нынд очоод нэг шил архиа уусан. 11 цаг өнгөрч байх үед нэг шил архи ууж дууссан, би дахиад архи аваад ирье гээд гараад “Хишиг мандах” гэдэг дэлгүүрээс нэг шил архи зээлж аваад 11 цаг 50 минутын үед эргэж орсон. Эргэж ороход энэ гурав байж байсан. Цуг нэг шил архиа уугаад архи талдаа орж байхад Х би явлаа гээд 12 цаг 50 минутын орчим гарсан. Тэр хүнийг гарсны дараа нэг тойруулсны дараагаас намайг зодож эхэлсэн. Юунаас болж зодсоныг би ойлгохгүй байгаа. Тэгээд эднийд зодуулж байгаад 2 цагийн орчим эднийхээс гарсан. Намайг эднийхээс гарахад орцонд ямар ч хүн таараагүй, хүн байгаагүй. Би дандаа камергүй газраар явсан. Цэцэрлэгийн камер, манай байрны арын камер байгаа. Энэ хүмүүс хүн зодчихоод зодоогүй гээд байх юм. Би толгой эргээд хүнтэй ч юм ярих чадалгүй байсан. Би машиныхаа хажууд цусаа гоожуулаад машиныхаа хаалгыг онгойлгоод сууж байхад харсан хүн байгаа. Эхнэр ирчихээд цагдаад хэлье гэхээр нь би яах юм бэ гэсэн. Тухайн үед энэ хүмүүс зодож байхдаа намайг цагдаад хэлбэл алчихна шүү гэж заналхийлсэн. Тухайн үед гарах гэхэд гаргахгүй байсан. Одоо ингээд гаргавал новшроод цагдаад хэлчихнэ, нэг мөсөн орой болохоор алчихаад харанхуйд гаргахад хэн мэдэх юм гэсэн. Тэгэхээр нь би хоёр ихэр охинтой, нялх хүүхэдтэй, эхнэрийн төрсөн өдөр болж байгаа гээд уйлж гуйгаад гарсан” гэв.
Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 9 цагийн үед манай нөхрийн утас 3 удаа дуугараад нөхөр гараад явсан. Би ажил руугаа явж байгаа юм байх гэж бодоод үлдсэн. Би босоод утас хартал 9 цаг өнгөрч байсан. Би 11 цаг өнгөрч байхад нөхөрлүүгээ залгахад утсаа аваагүй. Тэр 02 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул манай нөхөр гарахгүй гэр бүлтэйгээ эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд байна гэж ярьж байсан. Сүүлд манай нөхөр ярихдаа тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө ******* манай нөхөр лүү утсаар яриад л байсан юм байна лээ. ******* гэх залуу манай нөхрийг байнга дуудаж байгаад тэр өдөр аваад гарсан юм байна лээ. Манай аав, ээж төрсөн өдөр чинь юм чинь хоол ид гээд дуудахаар нь би хүүхдүүдээ аваад хойшоо ээж аавындаа очсон. Манай нөхөр 1 цаг 20 минутад залгасан байхад нь би хүүхдүүдтэйгээ зууралдаад сонсоогүй байсан. Тэгээд манай нөхөр 2 цаг 48 минутад утсаа авахад манай нөхөр “би хүнд зодуулчихлаа миний нүд сохорчихлоо гээд орилсон” тэгэхээр нь би аавынхаасаа гараад очиход гэрийнхээ гадаа машиныхаа хажууд зогсож байсан. Манай нөхөр хүн аймаар хачин байдалтай хамраас нь цус гарчихсан, хөмсөг нь сэтэрчихсэн улаан цусандаа будагдсан байдалтай байсан. Би нөхрөө хараад шоконд ороод яачихсан юм бэ гэхэд би хүнд зодуулчихлаа гэсэн. Хаана гэхэд ******* байранд айлд архи уусан 2 хүн байгаа гээд бүгдийг нь мэдэж байсан. ******* байранд 4 давхарт 20 тоот гэсэн. Тэгэхээр нь би шууд л нөхрөө аваад очоод хаалгыг нь нүдтэл Н.Н гээд хүн гэртээ оруулахгүй хаалгаа онгойлгочхоод хөндөлцөж зогсоод байсан. Ч.А гэдэг нөхөр нь ширээн дээр буруу хараад сууж байсан. Эхнэр нь цэвэрлэгээ хийгээд алчуур барьчихсан явж байсан. Би та нар хүнийг яагаад ийм болгож байгаа юм бэ гэхэд Н.Н гэж хүн надтай маш бүдүүлэг зүй бус харьцсан “Чи ямар ядаргаатай пизда вэ, шалчигнаж шалчигнаж пизда царайлаад чи найзтайгаа гараа биз дээ, одоо хэнийгээ дагуулаад хүрээд ирж байгаа новш вэ” гээд намайг оруулаагүй. Н.Н ч орилоод, эхнэр нь ч гэсэн орилоод байсан. Ч.А нь ширээн дээр буруу хараад сууж байсан. Бид нар зодоогүй наадах чинь найзтайгаа гараад явсан гэсэн. Найз гээд байгаа нь *******г хэлж байсан. Тэгэхээр нь би шууд гараад 15 цаг өнгөрч байхад цагдаагийн байгуулга дээр очиход цагдаа нар манай нөхрийг хараад наад хүнээ эмнэлэг дээр аваачаад цус нөжийг нь угаалгаад хөмсөг зэргийг нь оёулаад хүрээд ир гэсэн. Би эмнэлэг дээр мэс засалд очоод нөхрийнхөө хөмсгийг оёулаад цус нөжийг нь угаалгаж аваад хөл дээрээ ч тогтож чадахгүй болохоор нь гэртээ аваачаад хэвтүүлсэн. Цагдаагаас дуудахаар нь буцаж цагдаа дээр оччихоод би ингэж их цус гарсан юм чинь тэднийхээс гарахдаа цусаа гоожуулаад л гарсан байгаа гэж бодоод буцаад ******* байранд очиход 2 давхрын шалан дээр мөн 20 тоот хаалганых нь гадна цус байсан. Тэгээд энэ талаар цагдаад хэлээд Н.У, Эрболот гэх 2 цагдаа дагуулаад ороход энэ 2 өөрсдийн амаар хэлсэн. Ч.А гэдэг хүнтэй нь түрүүлээд гарахад “хохь чинь ш дээ муу мангар бацаан шорон орон ярьж байгаад өөрөө зодуулсан юм” гэж хэлснийг би өөрийн чихээр сонссон. Цагдаа руу явах замдаа Н.Н нь “чи муу шалчигнасан хулгайч новшийн бацаан ингэж шалчигнах байсан юм уу нэг цохиулчихаад ингэх байсан юм уу мангар бацаан чамайг гүйцээгээд алчихдаг байж чамайг алнаа М.Хаа” гээд манай нөхрийг дуудаж хэлсэн. Тэгээд би Н.У гэдэг цагдаад наадахаа бичиж авдаггүй юм уу гэхэд санаа зоволтгүй бичиж байгаа л гэсэн. Миний нөхөр эв эрүүл, сав саруул ажлаа хийгээд явдаг байсан. Энэ нөхдүүдийн хар уршигтай гайгаар манай нөхөр нэг ч удаа ажил хийгээгүй, би 3 нялх хүүхэдтэй. Одоо эрэмдэг зэрэмдэг болгож хаячихаад би хийгээгүй гээд байгаад би маш их гомдолтой байна. Миний нөхөр өөрөө хэлэхдээ толгой тархин дээр нь хөлөөрөө дэвссэн гэдэг. Хамрын хагалгаанд орох мөнгө ч байхгүй. Би Ч.А гэдэг хүнд ч маш их гомдолтой байна. Яагаад зодуулж байхад нь болиулаагүй юм бэ. Би маш их гомдолтой байна. 3 өдөр дараалуулан дуудсаар байгаад л аваад гарсан” гэв.
Гэрч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр амраад Налайх руу гэртээ хүүхэд, эгчийнхээ охинтой бид гурав ирсэн. Өглөөнөөс хойш нөхөртэйгөө холбогдож чадаагүй. Гэрийнхээ үүдэнд 1 цаг 30 минутаас 1 цаг 40 минутын орчим л гэр лүүгээ орсон. Ачаа ихтэй байсан тул нөхрийгөө залгаж дуудах гэхэд Ч.А бид хоёр л байна гэсэн. Тэгэхээр нь би за за орлоо гээд орсон. Гэрийнхээ үүдэнд ирээд нөхөр лүүгээ залгасан. Гэрт ороход энэ хоёр 200 грамм орчим шар чингис архи дундаа тавьсан юм яриад сууж байсан. Бид хэд 3 цагийн үед хоолны юм цуглуулаад хоол унд хийж идээд байж байтал 5 цагийн үед хаалга цохисон би хаалга онгойлгосон цустайгаа хутгалдсан хувцас хунар нь аймар болчихсон залуу, нэг хүүхэн хоёр байсан. Хүүхэн нь та нар манай нөхрийг яаж байгаа юм та нар зодчихсон байна гэхээр нь би Н.Наа юу болж байгаа юм бэ хүнд зодуулсан хүн ирж байна гэхэд манай нөхөр Н.Н гал тогооны өрөөнөөс гарч ирээд юу яриад байгаа юм бэ чи манай гэрээс зүв зүгээр гарсан хаагуур хэнтэй явснаа чи өөрөө мэдэж байгаа цаад цагдаагаараа тодруул яв гэж хэлсэн. Эхлээд бид нарыг зодсон гэж дайрсан. Тэгэхээр нь юу яриад байгаа юм энд зодоон нүдээн юу ч болоогүй чи цагдаагаараа шалгуул гэж хэлсэн. Тэгсэн энэ хүн өө за уучлаарай би яг юу болсноо санахгүй байна гэж хэлсэн. Хажууд нь авгай нь ч байсан. Тэгээд орой унтах гээд ор дэрээ засаад байж байтал гаднаас 2 цагдаа нар орж ирсэн. Манай хүнийг хүн зодсон гээд орондоо хэвтэж байхад нь авч яваад эрүүлжүүлэх рүү аваад орсон. Тэгэхээр нь би гайхаад Х гэдэг хүн рүү нь залгаад манай нөхрийг тэр хүн чинь зодсон гээд эрүүлжүүлэх рүү аваад орчихлоо энэ юу болоод байгаа юм бэ энэнийхээ учрыг олоод өг гээд дуудсан. Би цагдаа нарт хэлсэн хүн зодоогүй байхад хэнийг зодсон гээд байгаа юм гэхэд маргааш нь гаргана тэр хавийн камерыг нь шүүнэ гэсэн хэдий ч 2 цагийн үед эрүүлжүүлэхээс гаргаад 3 цагийн үед байцаалтад оруулаад 9 цагийн үед гаргасан. Цаг гаран бил үү 2 цагийн дараа шинжээч цагдаа нар томилогдоод манайд шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ хийсэн дүгнэлтэд надаар гарын үсэг зуруулаагүй. Гадаа цусны толбо байсан талаар хэлэхэд би аргагүй ш дээ тэр хүн чинь манайд ирэхдээ аймар цус нөж болсон байсан гэж хэлэхэд намайг тоогоогүй. Би гэрээ цэвэрлээгүй. Цагдаа нар шууд тэр дороо ирээд манайд шинжилгээ хийгээгүй. Камерыг шүүгээд өгөөч гэж олон удаа байцаагчид хэлэхэд камерыг шүүгээгүй. Хүн гүтгэж байна” гэв.
Гэрч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би дуудлага аваад тухайн айлд очиход 2 залуу гэр бүлийн хүн нь хүүхэдтэйгээ байсан. Нэг залуу архи уусан хэвтчихсэн. Нөгөө залуу нь наана нь суусан голдоо архи тавьсан байсан. Хоёуланг нь босохыг шаардсан тэгэхэд нэлээн шаардуулж байж боссон. Босоод хувцсаа өмсөөд цагдаагийн хэлтэс рүү явсан. Цагдаагийн хэлтэст ирэхэд дуудлага өгсөн залуу байсан. Тэр залуутай үүдэнд маргалдаад цагдаагийн хэлтэс рүү жижүүр лүү ороод тухайн үед жижүүрийн мөрдөгчтэй уулзсан. Зодуулсан хүн нь цагдаагийн хашааны үүдэнд зогсож байгаад чи намайг зодлоо барьлаа гэхэд би чамайг зодоогүй өөр хүнд зодуулсан юм биш үү гэсэн. Эхнэр нь та нар хүнийг ийм болголоо гэхэд эхнэр лүү нь бас уурлаад байх шиг байсан. Зодсон гээд байгаа хүн нь “Шалчигнасан пизда вэ ганц цохиулчхаад” гэж хэлсэн” гэв.
Гэрч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Он сарыг нь санахгүй байна. Миний бие жижүүр мөрдөгчөөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* байранд хүнд зодуулсан талаар дуудлага мэдээллийг хүлээн авч хяналт шалгалт явуулсан байгаа. Шалгалтын үеэр М.Х гэгч нь өөрөө ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө “миний бие холбогдогч нарын нэрийг санахгүй байна. Н.Н нарт зодуулсан гэж тодорхой мэдүүлсэн. Тухайн хэрэг болсон гэх газрыг зааж өгсний дагуу ******* байранд тоот хаягт хэргийн газрын үзлэг явуулсан. Тухайн үед гэр нь цэвэрхэн байдалтай байсан. Хэргийн газрын үзлэгийг үүдний өрөөнөөс нь эхэлсэн. Үүдний өрөөнд байсан цаас хайрцгийн доороос цус мэт зүйлээр бохирдсон нойлын цаас олдсон. Гал тогооны өрөөний шал цэвэрхэн сандлын хөлөн дор үнс мэт зүйл байсан. Өрөөний буйданг хана руу шахаж үзсэн хивсийг сөхөж үзэхэд чийг мэдэгдэж байсан. Тухайн үед дээрээс хүмүүс орж ирж байна бууж уулз гэхэд намайг дээрээс бууж ирэхэд үүдэнд Н.У хүмүүстэй орж ирж таарсан, үүдний хүлээлгийн сандал дээр хохирогч М.Х эхнэртэйгээ сууж байхад Н.Н гаднаас орж ирээд “Чи муу ингэх байсан юм бол чамайг нэг мөсөн гүйцээчихдэг байж” гэж хэлсэн, тэр үед нь та нар энд хэрүүл маргаан хийж болохгүй гэж тайлбарласан” гэв.
Шинжээч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн 104 тоот өрөөнд Мягмаржавын М.Хын өөрийн биеийн байдлын талаарх мэдүүлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд М.Хын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алим, нүүрэнд цус хуралт, толгойн хуйх, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. М.Хын биед авсан гэмтэлийн дараа ухамсарт үйлдэл хийх бүрэн боломжтой. Баруун чамархайд хугарал үүссэн байгаа хэдий ч тархиндаа ямар нэгэн гэмтэл байхгүй тул ухамсарт үйлдэл хийх бүрэн боломжтой байгаа. Тархины ясны хугарлын гэмтэл авсаны дараа тархины эд дотор ямар нэгэн гэмтэл байхгүй. Энэ гэмтлийг аваад дотор муухайрах, толгой өвдөх зэрэг зовиурууд илэрдэг. Эмнэлгийн тусламж авахгүй бол хүндрэл үүсэж энэ нь амь насанд аюултай. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүснэ” гэв.
Хоёр. Эрүүгийн 2107000280090 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
“1. М.Хын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алим, нүүрэнд цус хуралт, толгойн хуйх, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
“1. ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх хөвөн дээр цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ харьяалалтай байна.
2. ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх бентэд бэхжүүлсэн шаргал өнгийн хатсан зүйл, 00-ийн цаасны хэсэг дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Ныг хүний эрүүл мэндэд бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Аийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Р.Түвшинбат нар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаалгах гэсэн байр сууринаас оролцож, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар буюу бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэж хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн зэрэг аргыг хамааруулж ойлгох бөгөөд тухайн цаг хугацаанд, хэргийн газарт хохирогчийн биед учирсан гэмтлээс үүдэн хохирогчид ямар зовиур шаналал үүсгэсэн гэдгийг тогтоогоогүй байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд гэмтлийг учруулахдаа ямар зовиур шаналалыг үүсгэсэн гэдэг нь тодорхойгүй, удаан хугацааны давтамжаар бий болгосон гэдэг нь тогтоогдоогүй тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ат прокуророос “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Н.Н нь ... М.Хтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж ... эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх үед М.Хыг зодож байхад хамт байж харсан атлаа зодоон болоогүй мэтээр тухайн хэргийн талаар гэрчилж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж үйл баримтыг тогтоогдсон мэтээр дүгнэж, үйл баримтыг урьдчилан тогтоож ялласан нь үндэслэлгүй гэж дүгнэн, шүүхээс зөвтгөж шүүгдэгч Ч.Аийн хэргийн талаар мэдүүлсэн байдлыг нь үндэслэн “шүүгдэгч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Н.Н нь М.Хыг зодоогүй, ямар ч маргаан болоогүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж өөрчилсөн болно.
Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ..................................................................... тоот өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас М.Хтай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих, мөн өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч М.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр хүнийг гарсны дараа нэг тойруулсны дараа нь намайг зодож эхэлсэн. Юунаас болж зодсоныг би ойлгохгүй байгаа. Тэгээд эднийд зодуулж байгаад 2 цагийн орчим эднийхээс гарсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр 1 цаг 20 минутад залгасан байхад нь би хүүхдүүдтэйгээ зууралдаад сонсоогүй байсан. Тэгээд манай нөхөр 2 цаг 48 минутад утсаа авахад манай нөхөр “би хүнд зодуулчихлаа миний нүд сохорчихлоо гээд орилсон” тэгэхээр нь би аавынхаасаа гараад очиход гэрийнхээ гадаа машиныхаа хажууд зогсож байсан. Манай нөхөр хүн аймаар хачин байдалтай хамраас нь цус гарчихсан, хөмсөг нь сэтэрчихсэн улаан цусандаа будагдсан байдалтай байсан. Би нөхрөө хараад шоконд ороод яачихсан юм бэ гэхэд би хүнд зодуулчихлаа гэсэн. Хаана гэхэд ******* байранд айлд архи уусан 2 хүн байгаа гээд бүгдийг нь мэдэж байсан. ******* байранд 4 давхарт 20 тоот гэсэн. Тэгэхээр нь би шууд л нөхрөө аваад очоод хаалгыг нь нүдтэл Н.Н гээд хүн гэртээ оруулахгүй хаалгаа онгойлгочхоод хөндөлцөж зогсоод байсан. ...Ч.А гэдэг нөхөртэй нь түрүүлээд гарахад “хохь чинь ш дээ муу мангар бацаан шорон орон ярьж байгаад өөрөө зодуулсан юм” гэж хэлснийг би өөрийн чихээр сонссон. Цагдаа руу явах замдаа Н.Н нь “чи муу шалчигнасан хулгайч новшийн бацаан ингэж шалчигнах байсан юм уу нэг цохиулчихаад ингэх байсан юм уу мангар бацаан чамайг гүйцээгээд алчихдаг байж чамайг алнаа М.Хаа” гээд манай нөхрийг дуудаж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр нь та нар хүнийг ийм болголоо гэхэд эхнэр лүү нь бас уурлаад байх шиг байсан. Зодсон гээд байгаа хүн нь “Шалчигнасан пизда вэ ганц цохиулчхаад” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өрөөний буйданг хана руу шахаж үзсэн хивсийг сөхөж үзэхэд чийг мэдэгдэж байсан. Тухайн үед дээрээс хүмүүс орж ирж байна бууж уулз гэхэд намайг дээрээс бууж ирэхэд үүдэнд Н.У хүмүүстэй орж ирж таарсан, үүдний хүлээлгийн сандал дээр хохирогч М.Х эхнэртэйгээ сууж байхад Н.Н гаднаас орж ирээд “Чи муу ингэх байсан юм бол чамайг нэг мөсөн гүйцээчихдэг байж” гэж хэлсэн тэр үед нь та нар энд хэрүүл маргаан хийж болохгүй гэж тайлбарласан” гэх мэдүүлэг,
Шинжээч С.Төгсбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Хын биед авсан гэмтэлийн дараа ухамсарт үйлдэл хийх бүрэн боломжтой. Баруун чамархайд хугарал үүссэн байгаа хэдий ч тархиндаа ямар нэгэн гэмтэл байхгүй тул ухамсарт үйлдэл хийх бүрэн боломжтой байгаа. Тархины ясны хугарлын гэмтэл авсаны дараа тархины эд дотор ямар нэгэн гэмтэл байхгүй. Энэ гэмтлийг аваад дотор муухайрах, толгой өвдөх зэрэг зовиурууд илэрдэг. Эмнэлгийн тусламж авахгүй бол хүндрэл үүсэж энэ нь амь насанд аюултай. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүснэ” гэв.
Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар нэг маргаан болоогүй бөгөөд Н.Н намайг том өрөөнд бор сервантны урд хивсэн дээр сууж байхад шууд миний баруун нүдний орчимд гараа зангидаж цохиод би зүүн тал руугаа унангууд пиздаг алчихья гээд дээрээс толгой түрүүгүй өшиглөж дэвсээд олон удаа өшиглөж цохиод, хэсэг байж байгаад дахин зодох зэргээр нэлээд хэд давтамжтай зодож сүүлдээ би ухаан балартаад нэг хэсэг хэвтсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед гэртээ байж байтал 15 цаг 03 минутанд манай нөхөр залгаад намайг хүн зодчихлоо, миний нүд харахгүй байна гэхээр нь хаана байгаа юм гэхэд байрныхаа гадаа машин дотроо сууж байна, гэрт хүн алга чи хаана байгаа вэ гэхээр нь гялс гараад гэрийнхээ гадаа иртэл машин дотроо нүүрнийх нь баруун тал тэр чигтээ хавдсан хөмсөгнөөс нь цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад ******* байранд танихгүй хүмүүст зодуулсан гэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Н Ч.А нарыг авч гараад хэлтсийн хашаанд дагуулж орж ирэхэд зодуулсан гэх М.Х нь хэлтсийн 2 дугаар байрны үүдэнд зогсож байсныг хараад Н.Н чи муу ганц цохиулчихаад үхлээ юу, чамайг алнаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Н, Ч.А нарыг Цагдаагийн хэлтэс рүү явъя гэхэд Н.Н нь явахгүй гээд хэвтээд байсан. Нэлээд хэдэн удаа шаардуулж байж босож хувцаслаад гарч ирээд хэлтэс рүү явж байхад 2 дугаар байрны зүүн талд зодуулсан М.Хтай таарч пизда ганц цохиулчихаад гоншигоноод үхлээ юу гэж Н.Н хэлж байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч А.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Хын авчирсан 2 архи нь хоёулаа 0.75 литрийн архи байсан. Сүүлийн 0.75 литрийн архи нь 4 хуруу хэртэй л үлдсэн. Би сүүлийн архийг хийж өгөхдөө хурдан явуулсан. Би 12 цаг 50 минутын орчимд гарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Том өрөөнд дэвсээтэй хивс нь арчиж цэвэрлэсэн бололтой чийгтэй байсан, гэрт нь ямар нэг архины шил байгаагүй. Байрнаас нь гараад хог хаядаг пункерт үзлэг хийхэд маш олон нэр төрлийн архины шил байсан ба тэдгээрийг аль нь болохыг тогтоох боломжгүй тул хураан аваагүй болно. Гэрийн үүдний хаалганы хажуу талд цус дуссан байсныг бамбар хөвөнд шингээж авсан.” гэх мэдүүлэг,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Хын биед тогтоогдсон ...гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд ба дээрх гэмтлийг аваад тухайн хүн нүүр, толгойн хэсгээр маш хүчтэй өвдөх, хамар амнаас цусархаг зүйл гарах, ухаан алдах зэрэг амь насанд аюултай зовиур шаналал илрэх ба эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд амь насанд аюултай...” гэх мэдүүлэг,
Шинжээч М.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээжний бохирдлоос шалтгаалж А.В улаан бөөм наалдац өгөөгүй тохиолдолд урвал явагдаагүй эсвэл 4 дүгээр бүлэг гэж уншигддаг. Шинжилгээ хийхэд дээжний хэмжээ чухал бөгөөд энэ дээжний тухайд хэмжээ хангалтгүй болохоор урвал явагдаагүй, эсвэл 4 дүгээр бүлэг гэж гарсан байж болно. Энэ дээж шинжилгээнд хүрэлцэхгүй байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 136 дугаартай дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Н.Н нь М.Хыг зодоогүй, ямар ч маргаан болоогүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч М.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр хүнийг гарсны дараа нэг тойруулсны дараа нь намайг зодож эхэлсэн. Юунаас болж зодсоныг би ойлгохгүй байгаа. Тэгээд эднийд зодуулж байгаад 2 цагийн орчим эднийхээс гарсан. Намайг эднийхээс гарахад орцонд ямар ч хүн таараагүй, хүн байгаагүй. Би дандаа камергүй газраар явсан. Цэцэрлэгийн камер, манай байрны арын камер байгаа. Энэ хүмүүс хүн зодчихоод зодоогүй гээд байх юм. Би толгой эргээд хүнтэй ч юм ярих чадалгүй байсан. Би машиныхаа хажууд цусаа гоожуулаад машиныхаа хаалгыг онгойлгоод сууж байхад харсан хүн байгаа. Эхнэр ирчихээд цагдаад хэлье гэхээр нь би яах юм бэ гэсэн. Тухайн үед энэ хүмүүс зодож байхдаа намайг цагдаад хэлбэл алчихна шүү гэж заналхийсэн. Тухайн үед гарах гэхэд гаргахгүй байсан. Одоо ингээд гаргавал новшроод цагдаад хэлчихнэ нэг мөсөн орой болохоор алчихаад харанхуйд гаргахад хэн мэдэх юм гэсэн. Тэгэхээр нь би хоёр ихэр охинтой, нялх хүүхэдтэй, эхнэрийн төрсөн өдөр болж байгаа гээд уйлж гуйгаад гарсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.А гэдэг нөхөр нь ширээн дээр буруу хараад сууж байсан. ...Ч.А гэдэг нөхөртэй нь түрүүлээд гарахад “хохь чинь ш дээ муу мангар бацаан шорон орон ярьж байгаад өөрөө зодуулсан юм” гэж хэлснийг би өөрийн чихээр сонссон...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр нь та нар хүнийг ийм болголоо гэхэд эхнэр лүү нь бас уурлаад байх шиг байсан. Зодсон гээд байгаа хүн нь “Шалчигнасан пизда вэ ганц цохиулчхаад” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...сандал дээр хохирогч М.Х эхнэртэйгээ сууж байхад Н.Н гаднаас орж ирээд “Чи муу ингэх байсан юм бол чамайг нэг мөсөн гүйцээчихдэг байж” гэж хэлсэн тэр үед нь та нар энд хэрүүл маргаан хийж болохгүй гэж тайлбарласан” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Н чи хэнд зодуулсан гэж хэлэх юм пизда минь гэхэд нь өөр танихгүй бацаануудад зодуулсан гэж хэлье гээд гуйж байхад ******* нь одоо арай дэндлээ боль гээд татаж авсан. ... Н.Н намайг зодчихоод огт хүлээхгүй, ******* гэх хүн харсаар байж ямар ч зодоон болоогүй гэх зэргээр ярьж байна. Би Н.Нт л ганцхан зодуулсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, Р.Түвшинбат нар дүгнэлтдээ “...хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.Ныг хохирогч М.Хыг зодсон гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хохирогч М.Х нь Н.Нын гэрээс 13 цаг 30 минут гэхэд гарсан, буцаж 17 цагийн үед зодуулсан байдалтайгаар ирсэн байдаг, замдаа өөр хүнд зодуулсан байх, иймд хохирогчийн явсан газруудад олон камер байсан, тэдгээр камерын бичлэгүүдийг шалгуулах шаардлагатай, М.Хын биед учирсан гэмтэл амь насанд аюултай эсэх нь эргэлзээтэй дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж мэтгэлцсэнийг, шүүгдэгч Н.Н нь “...би М.Хыг зодоогүй, намайг гүтгэж байна” гэж, шүүгдэгч Ч.А нь “...ямар ч зодоон цохион болоогүй, намайг худал хэлсэн гэж гүтгэж байна” гэж маргасныг шүүх хянаж үзлээ. Үүнд:
Хэрэгт цугларсан баримтаар хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор хоёр удаа, гэрчээр нэг удаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор нэг удаа өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээгүй, тогтвортой байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Бийн “...Ч.А гэдэг нөхөртэй нь түрүүлээд гарахад “хохь чинь ш дээ муу мангар бацаан шорон орон ярьж байгаад өөрөө зодуулсан юм” гэж хэлснийг би өөрийн чихээр сонссон. Цагдаа руу явах замдаа Н.Н нь “чи муу шалчигнасан хулгайч новшийн бацаан ингэж шалчигнах байсан юм уу нэг цохиулчихаад ингэх байсан юм уу мангар бацаан чамайг гүйцээгээд алчихдаг байж чамайг алнаа М.Хаа” гээд манай нөхрийг дуудаж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Уын “...Н.Н Ч.А нарыг авч гараад хэлтсийн хашаанд дагуулж орж ирэхэд зодуулсан гэх М.Х нь хэлтсийн 2 дугаар байрны үүдэнд зогсож байсныг хараад Н.Н чи муу ганц цохиулчихаад үхлээ юу, чамайг алнаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Бы “...хэлтэс рүү явж байхад 2 дугаар байрны зүүн талд зодуулсан М.Хтай таарч пизда ганц цохиулчихаад гоншигоноод үхлээ юу гэж Н.Н хэлж байсан” гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж хангалттай батлагдаж, нотлогдон тогтоогдсон байх тул хохирогчийг бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хохирогч М.Х нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 50 минутад ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 16 цаг 15 минутад буцсан болох нь хэрэгт авагдсан Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/-аар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын “М.Х 13 цаг 30 минут гэхэд гарсан, 17 цагийн үед зодуулсан байдалтайгаар буцаж ирсэн” гэх тайлбар, мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Г нь “Н.Н, Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч М.Хыг зодсон гэж бодож байна. Н.Н зодож, Ч.А худал хэлсэн гэж бодож байна. Хохирогч М.Хын бие болон сэтгэл санаанд учруулсан хохирлыг нөхөн төлж, эдлэх ялаа эдлэх хэрэгтэй” гэж буюу гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч нар нь эмчилгээний зардалд 1.426.246 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 30.000.000 төгрөг, нийт 32.426.246 төгрөг нэхэмжилсэн болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт баримтаар 8.328.739 төгрөг, баримтгүй 3.660.000 төгрөг, нийт 11.988.739 төгрөг нэхэмжилсэн байсан боловч шүүх хуралдаанд өмгөөлөгч сонгон авч оролцохдоо хохирогч, түүний өмгөөлөгч нар уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эмчилгээнд 1.426.246 төгрөг нэхэмжилж, бусад бензин, хоол хүнсний зардалтай холбоотой баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж, мөн хх-ийн 155 дугаар талд авагдсан “S06 оношоор хэвтэн эмчлүүлсэн зардал болох 1.586.666 төгрөгийг хохирогч өөрөөсөө гаргаж төлөөгүй байгаа, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлсэн зардлын талаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эмчилгээ, эм тарианы зардалтай холбоотой /451.236 төг+466.640 төг+21.490 төг+2.000 төг+14.400 төг+90.240 төг+220.000 төг+135.360+20.000 төг/ баримтуудыг судлан үзээд 1.426.246 төгрөг шүүгдэгч Н.Наас гаргуулж хохирогч М.Хт олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Мөн хохирогч нь хувиараа том машинаар ачаа ачиж сард 5.000.000 төгрөг олдог байсан, гэмт хэргийн улмаас ажил хийж чадаагүй 6 сар болсон тул олох байсан орлого 30.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох компаниудтай байгуулсан гэрээ, хүн амын орлогын албан татварын төлөлтийн талаарх баримт зэргийг ирүүлээгүй тул зөвхөн дансны хуулга, пүүний баримтыг үндэслэн шүүх тооцож гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд олох байсан орлого 30.000.000 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Наас нэхэмжлэх эрхтэйг дурдав. Харин шүүгдэгч Ч.А нь учруулсан хохирол байхгүй тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Н, Ч.А нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Н.Н нь хохирогч М.Хт 1.426.246 төгрөгийг, нэмж 2.073.754 төгрөг, нийт 3.500.000 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогч М.Хын “3.500.000 төгрөгийг дансаар хүлээн авсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасаж, 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар нь “Шүүгдэгч Н.Н нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 1 нас 6 сартай хүүхэдтэй, өндөр настай, хараагүй ээжийгээ асардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Р.Түвшинбат нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөж төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн хувийн байдлын хувьд цагдаагийн байгууллагад 28 жил ажиллаж, үүрэгт ажлаа сайн хийж байсан, 1 нас 6 сартай хүүхэдтэй, ээж нь нүдний хагалгаанд ороод 90 хувийн хараагүй болсон, Н.Нын асрамжид байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд хуульд зааснаар хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Цаашид хохирогчид гарах хохирол төлбөрийг нөхөн төлнө гэдгээ Н.Н илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан өөрийн дотоод итгэлээрээ ял оногдуулна уу” гэх санал,
Хохирогч М.Х нь “Энэ хүн намайг зодчихоод зодоогүй гэж хэлж байгаа. Би өмнө нь эрүүл ажлаа хийгээд гэр бүлээ тэжээгээд явж байсан. Өнөөдрийн байдлаар ажлаа хийх, хүүхдийнхээ памперсны мөнгийг олох чадалгүй болсон. Энэ хүнд би маш их гомдолтой байна” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Нын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн буюу 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаас 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн өршөөн хасаж, эдлэх ялыг 9.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.050.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “өмгөөлөх тал” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Ч.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарч байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан хөвөн самбар, самбай даавуунд бэхжүүлэн авсан хатсан зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон 00 цаасны тасархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч ******* овогт Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ