Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ч.Г, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.О,

нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,

хохирогч Н.Т /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч  У.Дэндэвдоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Ад холбогдох эрүүгийн 2007003660254 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ............” ХЗХ-нд зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт, ........................................................................... тоот оршин суух бүртгэлтэй, одоо ........................................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт О.А /РД:  /.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............... амралтын газарт иргэн Н.Ттай маргалдаж зэвсэг болох хутгаар хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед 7 найзын хамт найз М төрсөн өдрийг тэмдэглэхээр Тэрэлжийн амралт явсан. Тэгээд бид нар авчирсан архи, хоол хүнсээ идэж уугаад, уул хадаар явж байгаад ирсэн. Орой шоутай байсан, 21 цаг өнгөрөөгөөд шоуны талбай дээр очиход бид хэдээс өөр олон хүн байхгүй байсан. Тэгээд бид хэд буцаж гэртээ ирээд үлдсэн архи, пиво ууж дуусгасан. Тэгээд бүжгийн талбай руу Т, З хоёр орж ирсэн. Тэгээд 30 минут өнгөрсний дараа З хүнд зодуулаад дээрэлхүүлээд байна гээд ороод ирсэн. Бид нар гарах гээд байж байсан чинь Т ороод ирсэн. Намайг хүмүүст дээрэлхүүлж байхад өмөөрсөнгүй гээд уурласан. Тэгээд бид нар бөөндөө гэрээс гараад маргалдсан хүмүүсийг хайж олоод байж байсан чинь манай найз Тыг нэг хүн ард дагз руу нь цохиод авсан. Тэгээд хүмүүс хоорондоо маргалдсан. Тэнд байсан хүмүүсийг салгах гэж хичээсэн. Тэгсэн чинь манай Т гэх найз муудалцсан залуутайгаа цаашаа өнхрөөд явсан. Тэгээд би найзуудаа салгасан. Цаана нь бас Н.Тын найзууд салгаж байсан. Тэгээд хоёр тийшээ салаад гэрт ирсэн чинь манай найзууд олдохоо больсон. Тэгээд би найзуудаа хайгаад гэр рүүгээ явах замд манай найз М, Н.Тын найз ******* гээд залуу хоёр муудалцаад барьцалдсан зогсож байсан. Тэрнээс өмнө шөргөлцөлдөөд байсан. Би аргаа бараад айлгая, найзуудаа аваад явъя гэдэг байдлаар очсон. Тэгээд ******* дээр очсон чинь намайг жийж унагаасан. Тэгсэн чинь ******* гэр рүүгээ ороод Н.Т гарч ирсэн. Гарч ирсэн эсэхийг нь анзаараагүй гадаа гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд Н.Т бид хоёр халз тулсан. Тэгээд Н.Т намайг нэг цохисон. Тэрнээс өмнө би их уусан байсан, өшиглүүлээд доошоо нэлээн гүйгээд манарсан байсан. Хүн хутгалсан үгүйгээ мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд намайг хамгаалагч дараад газар хэвтүүлсэн байсан. Тэгээд юу болоод байгааг машинд орж ойлгосон” гэв.

 

Хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой бүжиглэх гээд бүжгийн талбай орсон. Тухайн үед эхнэртэйгээ хамт явж байсан болохоор зодоон цохионоос хол байхыг бодсон. Тэгээд байж байсан чинь хамт явсан найзуудаа дуудаад ирье гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Д сандарсан байдалтай ороод ирсэн. Тэгээд гэрээс гарсан чинь өндөр залуу ороод ирсэн царай зүс юу нь ч харагдаагүй. Тэгээд юу вэ гээд барьцалдаад 1 минут болсон. Тэгээд салаад гэрүүгээ ороод хутгалуулснаа мэдсэн. Тэгээд манай найз, мөн О.Аы нэг найзтай хамт өргөөд машинд суугаад Налайх дүүргийн эмнэлэгт очсон. Очоод цус их алдсан болохоор ухаан алдсан” гэв.

 

 

            Хоёр. Эрүүгийн 2007003660254 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:

 

            Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд найзуудын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо ............... амралтын газарт хамт сурдаг найзууд ирсэн, шоу болж байсан тул бүгдээрээ гэр аваад хоол цай идэж уучхаад шоуны талбай дээр очиж

 

бүжиглэж байгаад 23 цаг хүргэсэн. Тэр үед хажуугаар хэдэн залуучууд мөрлөөд өнгөрөхөөр нь тоогоогүй орхисон тэгтэл буцаад нөгөө залуучууд бүжгийн талбай дээр ирээд найз Нтэй барьцалдаад зууралдаад бужигналдаад явчихсан. Тэр үед би эхнэр Гтэй хамт, мөн Н найз охинтойгоо, Д бид тав явж гэрлүү орсон. Гэрт хэсэг байж байгаад Д хамт явсан найзуудаа дуудаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Д гүйгээд ирсэн би өөдөөс нь гараад зөрсөн тэр үед өөдөөс саарал цамцтай залуу гэрийн хажуу талын жижиг бут шиг модны тэндээс тулаад гүйгээд ирсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор хүн гүйгээд ирэхээр нь бариад авсан, тэгээд бие биеэ заамдалцаад ноцолдож эхлээд гараа сарвалзуулаад зууралдсан. Тэр үед би цохисон байж магадгүй, тэрийгээ анзаараагүй эхнэр Г хойноос миний цамцнаас татсан тэгээд би тэр залуугаас холдоод шууд гэрлүү орсон, гэрт ороход миний гэдэс орчим халуу оргиод байхаар нь гараараа тэмтрээд харахад цус гарч байсан. Тэгээд би шууд шоконд ороод яаснаа мэдэхгүй байна, хальт санахад хоёр хүн өргөөд гарч байсан. Тэгээд цагдаагийн машинд суугаад эмнэлэг дээр ирсэн. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэлтэй холбоотой баримтууд байхгүй. Тухайн үед О.А хохирлоо төлж байсан тул бид нар хохирлын баримт бүрдүүлээгүй. Хохирлыг бүгдийг төлж барагдуулсан, эмчилгээний төлбөр бүрэн төлөгдсөн баримт нь О.Ад байгаа байх. Нийт 11-12 сая орчим төгрөг төлөгдсөн, нарийн тооцоолоогүй. Энэ нь эмчилгээнд зарцуулагдсан мөнгө байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-20, 23 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найзууд болох О.А, Т, О, Ор, М, О, З нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо ............. амралтын газрын “...............” нэртэй амралтын газар очсон. Тэнд гэр аваад хоол цай идэж уучхаад авчирсан архи пивоо ууцгаагаад тэнд орой 22 цаг 30 минутын үед шоу болж байгаа хэсэг буюу бүжгийн талбай дээр бүгдээрээ ирцгээгээд бүжиглэж байгаад салаад явцгаагаад би О.А, Т, М, З, Ор нар нь үлдээд бүжиглэж байгаад би тэд нараас жоохон тусдаа болоод бүжиглээд явж байсан нэг хартал цагдаа ирчихсэн О.Аыг гэрийн гадаа гавлаж байхад нь хараад очоод манай найзыг яагаад гавлаж байгаа юм бэ гэхэд чи бас цуг явж байгаа юм уу гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Орийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх бид нар амралтад ирэхдээ бол гэрт хиам зүсээд эвхдэг жижиг хутга байсан түүнийг О.А буцаад машиндаа хийнэ гээд авч байсан, О.Аыг гартаа хутгатай явж байсныг үнэндээ би хараагүй Н.Т гэх залуу яагаад хутгалуулсан хэн хутгалсныг хараагүй намайг очиход асуудал болчихсон байсан юм. О.Аыг газар хамгаалагч дарчихсан байхаар нь л О.А хутгалсан юм байна гэж бодсоноос би гарт нь хутга байхыг хүн хутгалж байхыг хараагүй. Надтай сүүлд таарахдаа бол гартаа юм бариагүй байсан. Яагаад тэрийг мэдэж байна гэхээр тэнд намхан залуутай хөөцөлдөхийн өмнө О.А хоёр гараараа хальт заамдалцаад тэр залуу хөлөөрөө өшиглөх шиг болоод тэр хоёр хөөцөлдөөд гэрийн зүг гүйсэн ер нь энэ маргаан зодоон маш хурдан болсон. О.А тухайн үед жоохон архи уусан байсан харин хамгийн сүүлд таарахад газар хэвтэж байхад бол бид нартай юм яриагүй, юм асуух гэхэд бид нартай ярихгүй шоконд орчихсон юм уу, манарчихсан юм уу гэмээр болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-32 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой 20 цагт шоу эхэлсэн юм. Бид нар бүжиглэж байгаад найзууд маань гэртээ орохоор явсан би Зтой тайзан дээр үлдээд ДЖ-тэй зураг авахуулчихаад буцаад бууж явахдаа хальт гишгээд доор бүжиглэж байсан эмэгтэйг түлхчихсэн юм. Тэгтэл найз залуу болох нэг хар цамцтай залуу /Н/ ирээд замаа харж яв л даа гээд бид хоёр маргалдаад барьцалдсан З ирээд салгасан тэр үед олуулаа дайраад байхаар нь би салаад явах гэтэл араас толгой руу нэг нь гараараа дагз руу зөөлөн цохиод авахаар нь би гэрлүүгээ очоод найз нартаа та нар намайг хүн зодоод байхад ирсэнгүй гээд гомдоллосон. Тэгээд найзууд маань гараад хамт тэр залуучууд дээр очоод нөгөө анх муудалцсан залуутай барьцалдаж аваад зогсож байгаад тэр залуутайгаа шууд шатны хажуу тал руу унасан, дээрээс О.А уначихсан байсан. З салгаж байсан тэгээд босоод ирэхэд хүмүүс намдчихсан найзууд маань байхгүй би бүжгийн талбай дээгүүр хайсан. Тэгэхэд хамраас цус гарч гэрлүү очихоор явж байтал замд хамт байсан найзууд маань цагдаад баригдчихсан зогсож байсан. Тэгээд би замд Зтой таараад машин руу явсан, араас О ирээд машинд суугаад явах гэж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Аыг би огт хараагүй. Тухайн үед хамгийн сүүлд бүжгийн талбай дээр байхад нь харсан нэг харахад алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн машин дотор л харсан. Анх гэрт байхад хиам талх зүсээд байж байхад О.А эвхдэг хутга барьж байгаад машиндаа хийхгүй бол ахын хутга хаячхаж магадгүй гээд халаасандаа хийж байсан тэгээд машин руугаа явж хувцас юм авахаар явсан тэгэхдээ хийсэн эсэхийг мэдэхгүй. Би хутгатай байсныг мэдээгүй. Тэр хутга нь хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найзууд болох О.А, Т, О, Ор, М, Б.М, З нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо .............амралтын газрын “...............” нэртэй амралтын газарт очсон юм. Тэнд гэр аваад хоол цай идэж уучихаад авчирсан архи пивоо ууцгаагаад орой 20 цагт шоу болно гэсэн тул тэндээ байцгааж байгаад найзууд маань бүжиглэнэ гээд гараад явцгаасан би хамрандаа мэс засал хийлгэсэн учраас гэртээ үлдсэн юм. 01 цагийн үед байхаа манай амралтын гэрийн хажуу талын гэрт хүмүүс орилолдоод байхаар нь тэр гэрлүү ортол нэг залуу /Н.Т/ гэдсээ дарчихсан сууж байсан тэгэхээр нь хүүе ээ залуу гайгүй юу гэхэд хажууд нь байсан намхан шар залуу /Д/, чи саяны хүмүүсийн найз мөн үү гэхээр нь аль найзууд гэхэд танай найзууд манай найзыг хутгалчихсан байна гээд орилоод дайрахаар нь би тэндээс шууд гараад гэрлүүгээ ирсэн. Тэрнээс хойш найзуудыг маань цагдаа аваад явсан гэсэн. О сүүлд гэрт ирээд бид хоёр тэндээ хоносон бусад нь цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ............... амралтын газарт шоу болж байна гэсэн ба уг шоун дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгээд явж байсан юм. Учир нь би Налайх дүүргийн 6 дугаар хороо хариуцсан цагдаагаар томилогдон хороон дээрээ хэв журам сахиулж байсан юм. Уг шоун дээр байж байтал одоо хэн хэлсэн мэдэхгүй байна хүн хутгалуулчихлаа гэсний дагуу амралтын  гэрийн  орчимд  очиход  нэг танихгүй саарал цамцтай өндөр залууг барьчихсан энэ хүн хутгалсан гэж хэлсэн ба хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга надад өгсөн ба хутгалуулсан хүн нь хаана байгаа талаар асууж байтал гэрээс нэг залуу тэврээд хүмүүс гарч ирсэн тэгээд машиндаа суулгаад эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тэнд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаад тэр хүн хутгалсан гэх залууг хамт байсан найзуудын хамтаар цагдаагийн хэлтэс рүү явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт ороод хэсэг сууж байгаад Д найзуудаа аваад ирье гээд гараад явчихсан. Н.Тыг гаргахгүй гээд бариад байж байтал Д гэрт орж ирээд гадаа бөөн юм болоод байна гэтэл Н.Т юу юм бэ гэж хэлээд гэрээс гарсан. Би араас дагаад гарсан, Н.Т намайг гэртээ байж бай гээд байсан. Тэгээд гэрийн гадаа гарахад саарал цамцтай залуу /О.А/ гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Тэгтэл Н.Т юу вэ гэж л хэлсэн тэр хоёр барьцалдаад гэрийн урд хэсэгт байсан модны ойролцоо очсон тэнд миний харахаар ноцолдоод байх шиг байсан тэгээд очоод би Н.Тыг салгаад арагш болгоход нөхөр Н.Т нь гэдсээ дараад суусан би цохиулчихлаа гэж бодоод гэрлүү аваад орсон гэрт ороход Н.Тын гэдэснээс цус гараад, гэдсээ дарсан гарыг нь дагаад цус гарч байсан. Би буцаж гэрээс гараад орилоод гэмтээсэн залууг нь олох гээд гартал цагдаа нар гадаа барьчихсан байсан. Буцаад гэрлүү ортол Н.Т гэрт байхгүй хүмүүс аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн машин дээрээс эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар тал/,

 

            Гэрч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт очоод байж байгаад би үлдсэн найзуудаа дуудах гээд гэрээс тайзруу гараад явж байтал үлдсэн найз Хатанболд, Буянзаяа хоёр тэнд хамгаалагч нартай юм яриад зогсож байсан. Зодоон хийсэн гэх залуучуудын ганц нэг нь цаанаас ирж байгаа харагдсан тэгээд нөгөө хоёртой зууралдаад явсан Буянзаяа нэг хүнтэй маргалдаад байх шиг болохоор нь би очоод нэг өндөр залуутай зууралдаад салгах гэж байхдаа нэгийг нь хөлөөрөө жийсэн тэгээд тэр залуучууд над руу дайрахаар нь би гэрлүү гүйсэн араас нэг залуу хөөгөөд гүйсэн. Гэрт ороод хөлрүүгээ харахад хөлийн шилбэнээс бага зэргийн цус гарсан харагдсан гэрлүү орж байхад Н.Т хажуугаар зөрөөд гарсан би хөлөө үзээд байж байтал Н.Т эргээд орж ирээд миний хажууд суугаад гэдсээ гараараа дараад байсан. Гэдсээ дарсан гараас нь гарыг нь дагаад цус гарч байсан хутгалуулсан юм байхдаа гэж хэлж байсан. Тэгтэл Г орж ирээд урд талд нь сууж байсан нэг өндөр залуу /Ор/ орж ирээд Н.Тыг хоёр гар дээрээ өргөөд гэрээс гарсан. Тэгээд цагдаа болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-68 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр орой 20 цагийн үед очоод шоун дээр согтуу хөлчүү залуучууд ямар нэг асуудал гаргахаас сэргийлж ерөнхийдөө хяналт тавьж ажилласан. Шөнө шоу болж байхад буюу 23 цаг өнгөрч байхад гэж бодож байна. Амралтын газрын гэрүүдийн баруун урд хутга барьчихсан өндөр залуу нэг залууг зүүн тийшээ хөөгөөд гүйж байхаар нь би араас нь гүйж очиход гэрийн урд бургасны хажууд зууралдаад өндөр залуу нь арай намхан залууг гэдэс рүү нь хатгачих шиг болоод нөгөө залуу нь доошоо газар унах үед би очоод хутгалсан залуугаас хутгыг нь булааж аваад газар доош харуулж дарсан. Тэгээд удалгүй 2 цагдаа ирэхэд нь би хутгалсан хутгыг нь Ч.Г гэдэг цагдаад өгөөд болсон асуудлыг хэлсэн. ...хутгалсан, хутгалуулсан залуучууд хоорондоо цохиж зодолдож байгааг нь хараагүй, намайг очих хооронд зууралдаад бужигнаж байснаа баруун гарт байгаа хутгаараа гэдэс рүү нь хатгачихсан чинь гэдсээ дараад хойшоогоо суугаад өгсөн…” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206-208 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү О.А нь хүнтэй нээлттэй, даруу төлөв зан чанартай, ээжийнхээ үгийг сайн авдаг. Найзуудтайгаа дарвиж яваад ийм асуудалд холбогдсонд харамсаад барахгүй сууж байна. Миний хүү О.А нь сайхан цайлган сэтгэлтэй,  хүнтэй нийцтэй, ямар нэг муу зуршилгүй, зөв хүүхэд юм. Би ганц хүүхэдтэй, тэр маань миний хүү О.А байгаа юм, би хүүгээ багад нь ааваас нь салгаж ганц хүүгээ өөрөө өсгөж хүн болгосон. Хүү маань 2016 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөж ...........-д элсэн ороод 2020 онд ******* мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо Улаанбаатар хотод “............” ББСБ-д *******аар ажиллаж, 100 айлын Хангай хотхонд байр түрээслэн амьдарч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч О.Аы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би найзуудын хамт 16 цагийн үед ............... амралтын газарт очсон юм. Гэр авч байрлаад авч ирсэн юмнуудаа гаргаж идэж ууж, пиво ууж сууцгаасан. Орой болох үед хадруу явж зургаа авхуулж тэндээ сууж байгаад нар шингэх үед бууж ирээд 20 цагт шоунд нь очиж бүжиглэсэн. Тэгээд 23 цагийн үед бөөндөө авсан гэртээ ирж архи пиво ууж сууж байгаад буцаад Т, З хоёр яваад буцаж ирэхдээ Тайвнаа хүнтэй муудаад байна гэсэн. Бид жаахан сууж байгаад бүжгийн талбай руу очоод нөгөө маргалдсан гэсэн хүүхэдтэй таарч муудалцаад хоорондоо маргасан. Т бараан хувцастай залуутай барилцаад авахад нь би дундуур нь орж салгасан, хэсэг тэнд бужигнаж байгаад манай найзууд тал тал тийшээ тарчихсан би найзуудаа хайгаад явж байгаад бүжгийн талбай дээр ирж бүжиглэсэн. Тэгээд гэр рүүгээ явж байтал М нэг жижиг шар залуутай маргалдаад зогсож байсныг нь би очоод юу болоод байгаан гэхэд жижиг залуу намайг жийж өшиглөчихөөд зугтаачихсан, араас нь би гүйж байгаад гэрийнх нь урд нэг залуутай мөргөлдөөд барьцалдаж авсан залууг Н.Т гэдэг юм билээ. ... тухайн үед эвхдэг хутга шортны баруун халаасанд явж байсан. ... би хутгалсан эсэхээ сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 113-117 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан №628  дугаартай:

“1. Н.Тын биед хэвлий хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг шалгаж нарийн гэдэсний хатгагдсан шархыг оёсон, хэвлийн хөндийн цус хуралдалтыг соруулсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2020.08.09/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Аы иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлгүйн лавлагаа /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/, “............” ХЗХ-ны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн буюу гэмт хэргийн зөрчлийн талаарх “АСАП” сангийн мэдээлэл /1 дүгээр хх-ийн 118-

 

124 дүгээр хуудас/, Хаан банкны Депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 135-152 дугаар хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, Шүүгчийн захирамж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай бор өнгийн хутга зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч О.Аыг зэвсэг болох хутгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.А нь бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан нь нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр суурьтай оролцсон болно. 

 

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” амралтын газарт иргэн Н.Ттай маргалдаж зэвсэг болох хутгаар хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Хохирогч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэсэг хугацааны дараа Д сандарсан байдалтай ороод ирсэн. Тэгээд гэрээс гараад ирсэн чинь өндөр залуу ороод ирсэн, царай зүс юу нь ч харагдаагүй. Тэгээд юу вэ гээд барьцалдаад 1 минут болсон. Тэгээд салаад гэр рүүгээ ороод хутгалуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа Д гүйгээд ирсэн би өөдөөс нь гараад зөрсөн тэр үед өөдөөс саарал цамцтай залуу гэрийн хажуу талын жижиг бут шиг модны тэндээс тулаад гүйгээд ирсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор хүн гүйгээд ирэхээр нь бариад авсан, тэгээд бие биеэ заамдалцаад ноцолдож эхлээд гараа сарвалзуулаад зууралдсан. Тэр үед би цохисон байж магадгүй тэрийгээ анзаараагүй эхнэр Г хойноос миний цамцнаас татсан тэгээд би тэр залуугаас холдоод шууд гэрлүү орсон, гэрт ороход миний гэдэс

 

 орчим халуу оргиод байхаар нь гараараа тэмтрээд харахад цус гарч байсан. Тэгээд би шууд шоконд ороод яаснаа мэдэхгүй байна, хальт санахад хоёр хүн өргөөд гарч байсан. Тэгээд цагдаагийн машинд суугаад эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хартал цагдаа ирчихсэн О.Аыг гэрийн гадаа гавлаж байхад нь хараад очоод манай найзыг яагаад гавлаж байгаа юм бэ гэхэд чи бас цуг явж байгаа юм уу гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг ,

 

 

Гэрч Н.Орийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх бид нар амралтад ирэхдээ бол гэрт хиам зүсээд эвхдэг жижиг хутга байсан түүнийг О.А буцаад машиндаа хийнэ гээд авч байсан. О.Аыг гартаа хутгатай явж байсныг үнэндээ би хараагүй Н.Т гэх залуу яагаад хутгалуулсан хэн хутгалсныг хараагүй намайг очиход асуудал болчихсон байсан юм. О.Аыг газар хамгаалагч дарчихсан байхаар нь л О.А хутгалсан юм байна гэж бодсоноос би гарт нь хутга байхыг хүн хутгалж байхыг хараагүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найзууд маань гараад хамт тэр залуучууд дээр очоод нөгөө анх муудалцсан залуутай барьцалдаж аваад зогсож байгаад тэр залуутайгаа шууд шатны хажуу тал руу унасан, дээрээс О.А уначихсан байсан. З салгаж байсан тэгээд босоод ирэхэд хүмүүс намдчихсан найзууд маань байхгүй би бүжгийн талбай дээгүүр хайсан. Тэгэхэд хамраас цус гарч гэрлүү очихоор явж байтал замд хамт байсан найзууд маань цагдаад баригдчихсан зогсож байсан…” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх гэрт байхад хиам талх зүсээд байж байхад О.А эвхдэг хутга барьж байгаад машиндаа хийхгүй бол ахын хутга хаячхаж магадгүй гээд халаасандаа хийж байсан тэгээд машин руугаа явж хувцас юм авахаар явсан тэгэхдээ хийсэн эсэхийг мэдэхгүй. Би хутгатай байсныг мэдээгүй. Тэр хутга нь хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга байсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цагийн үед байхаа манай амралтын гэрийн хажуу талын гэрт хүмүүс орилдоод байхаар нь тэр гэрлүү ортол нэг залуу /Н.Т/ гэдсээ дарчихсан сууж байсан тэгэхээр нь хүүе ээ залуу гайгүй юу гэхэд хажууд нь байсан намхан шар залуу /Д/, чи саяны хүмүүсийн найз мөн үү гэхээр нь аль найзууд гэхэд танай найзууд манай найзыг хутгалчихсан байна гээд орилоод дайрахаар нь би тэндээс шууд гараад гэрлүүгээ ирсэн...” гэх,

 

            Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Налайх дүүргийн 6 дугаар хороо хариуцсан цагдаагаар томилогдон хороон дээрээ хэв журам сахиулж байсан юм. Уг шоун дээр байж байтал одоо хэн хэлсэн мэдэхгүй байна хүн хутгалуулчихлаа гэсний дагуу амралтын гэрийн орчимд очиход нэг танихгүй саарал цамцтай өндөр залууг барьчихсан энэ хүн хутгалсан гэж хэлсэн ба хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга надад өгсөн ба хутгалуулсан хүн нь хаана байгаа талаар асууж байтал гэрээс нэг залуу тэврээд хүмүүс гарч ирсэн тэгээд машиндаа суулгаад эмнэлгийн байгууллагад  хүргэж  өгсөн. Тэнд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаад тэр хүн хутгалсан гэх залууг хамт байсан найзуудын хамтаар цагдаагийн хэлтэс рүү явуулсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа гарахад саарал цамцтай залуу /О.А/ гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Тэгтэл Н.Т юу вэ гэж л хэлсэн тэр хоёр барьцалдаад гэрийн урд хэсэгт байсан модны ойролцоо очсон тэнд миний харахаар ноцолдоод байх шиг байсан тэгээд очоод би Н.Тыг салгаад арагш болгоход нөхөр Н.Т гэдсээ дараад суусан би цохиулчихлаа гэж бодоодгэрлүү аваад орсон гэрт ороход Н.Тын гэдэснээс цус гараад, гэдсээ дарсан гарыг

 

нь дагаад цус гарч байсан. Би буцаж гэрээс гараад орилоод гэмтээсэн залууг нь олох гээд гартал цагдаа нар гадаа барьчихсан байсан. Буцаад гэрлүү ортол Н.Т гэрт байхгүй хүмүүс аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн машин дээрээс эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би очоод нэг өндөр залуутай зууралдаад салгах гэж байхдаа нэгийг нь хөлөөрөө жийсэн тэгээд тэр залуучууд над руу дайрахаар нь би гэрлүү гүйсэн араас нэг залуу хөөгөөд гүйсэн. Гэрт ороод хөлрүүгээ харахад хөлийн шилбэнээс бага зэргийн цус гарсан харагдсан гэрлүү орж байхад Н.Т хажуугаар зөрөөд гарсан би хөлөө үзээд байж байтал Н.Т эргээд орж ирээд миний хажууд суугаад гэдсээ гараараа дараад байсан. Гэдсээ дарсан гараас нь гарыг нь дагаад цус гарч байсан хутгалуулсан юм байхдаа гэж хэлж байсан. Тэгтэл Г орж ирээд урд талд нь сууж байсан нэг өндөр залуу /Ор/ орж ирээд Н.Тыг хоёр гар дээрээ өргөөд гэрээс гарсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Л.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шоу болж байхад буюу 23 цаг өнгөрч байхад гэж бодож байна. Амралтын газрын гэрүүдийн баруун урд хутга барьчихсан өндөр залуу нэг залууг зүүн тийшээ хөөгөөд гүйж байхаар нь би араас нь гүйж очиход гэрийн урд бургасны хажууд зууралдаад өндөр залуу нь арай намхан залууг гэдэс рүү нь хатгачих шиг болоод нөгөө залуу нь доошоо газар унах үед би очоод хутгалсан залуугаас хутгыг нь булааж аваад газар доош харуулж дарсан. Тэгээд удалгүй 2 цагдаа ирэхэд нь би хутгалсан хутгыг нь Ч.Г гэдэг цагдаад өгөөд болсон асуудлыг хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 628 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл болно. Уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн тохиолдолд хүндрүүлж үздэг бөгөөд “зэвсэг” гэдэгт их бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгодог.

 

Хохирогч Н.Тын биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг 2 газар нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь учрах үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч О.А нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.О нь “Шүүгдэгч О.А нь мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь тогтоогдсон байна. Мөн хохирогчийн биед учруулсан хохирлын хүрээнд шүүгдэгчийн үүргээ биелүүлж

 

холбогдох эмчилгээний зардлыг барагдуулсан байна. Тийм учраас шийтгэл оногдуулахад харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэх байх” гэж буюу гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

  Гэмт хэргийн улмаас Н.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс 11.000.000 төгрөг авсан байх. Тухайн үед шаардлагатай эмчилгээний зардлыг манай ээжийн данс руу хийж байсан. Гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шинжээчийн дүгнэлтэд “цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж заасан, мөн шүүх хуралдаанд хохирогч Н.Т нь “хагалгаа хийлгэснээс хойш 1 жилийн дараа дахин ирж шинжилгээ өгч, үзүүлээрэй гэсэн, одоогоор эмнэлэгт үзүүлээгүй байгаа, удахгүй үзүүлэх болно” гэж мэдүүлсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “О.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн, гэм буруугаа хүлээсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, хохирогч Н.Т нь “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. О.Аы хувьд залуу хүн хорих ялын санал 6 жил гэж байгаа нь таалагдахгүй байна. Энэ хүн ухаарсан байх” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч О.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчид эмчилгээний зардалд 11.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Ад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан бөгөөд шүүгдэгч О.А нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч О.Ад оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Аы 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэлх цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч О.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр шүүхэд гаргасныхаа дараа 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Екатеринбург-Франкфуртын чиглэлийн ОМ-137 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарч, оргон зайлсан тул түүний энэхүү хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай бор өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Аыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 5 /тав/ жил хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аы цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1.  Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 11.000.0000 /арван нэгэн сая/ төгрөг төлсөн тул шүүгдэгч О.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т хэсэгт зааснаар хохирогч Н.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай бор өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.Ч.Г

 

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ