Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 45

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга: Э.Бат-Оргил

     Улсын яллагч: Д.Ганчимэг

Шүүгдэгч Б.Дамбарагчаа, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Оодон овгийн Батсүхийн Дамбарагчаад холбогдох 201608000070 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Оодон овгийн Батсүхийн Дамбарагчаа /РД:УХ97090655/, Улаанбаатар хотод 1997 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хэрлэн захын хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Дамбарагчаа нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ТБ ЦЕНТР-ийн гадаах авто зогсоол дээр 2016 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Б.Ганбаатарын эзэмшлийн Тоёота Аллион маркийн 07-67 ГСА улсын дугаартай автомашины зөв талын 2 дугуйг оптиркаар хагалж, хоёр талын гэрлэн дохио, урд талын салхины шил арчигч, 2 талын толь, урд хойд талын улсын дугааруудыг санаатайгаар гэмтээсэн, устгасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дамбарагчаа нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ТБ ЦЕНТР-ийн гадаах авто зогсоол дээр 2016 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Б.Ганбаатарын эзэмшлийн Тоёота Аллион маркийн 07-67 ГСА улсын дугаартай автомашины зөв талын 2 дугуйг оптиркаар хагалж, хоёр талын гэрлэн дохио, урд талын салхины шил арчигч, 2 талын толь, урд хойд талын улсын дугааруудыг санаатайгаар гэмтээсэн, устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Дамбарагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээсээ гараад ТБ центрийн хашааны гадуур явж байтал 5 залуу намайг дуудсан. Надаас тамхи байна уу? гээд намайг зодох гэж айлгасан. Тэгээд би ТБ центрийн гадаа нэг машин байхаар нь тэр ах нарын машин юм байх гэж бодоод машины зөв талын 2 дугуйг нь хагалаж, дохиог нь салгаж аваад, номерыг нь мурийлгаж, шил арчигчийг нь хугалсан. Машины дохио хүлээлгэж өгч, хохирогчоос нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

2. Хохирогч 1983 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байрны 4-44 тоотод оршин суух, Э.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Тэгээд би архи уусан байсан болохоор машинаа ТБ центрийн хашаан дотор орхиж эхнэрийн ажлын Мөнхцэцэгээр гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд өглөө 11 цагийн орчимд машинаа авахаар очиход миний машины зөв талын 2 дугуйг хагалсан, 2 талын толь хагалсан, 2 талын жижиг цацруулагчтай дохио, шил арчигч, хойд, урд номерийг эвдэж сүйтгэсэн байсан...Шил арчигч, хоёр цацруулагч, шил арчигчийг шинээр авч тавих шаардлагатай байна гэсэн мэдүүлэг х.х-ийн 14, 15 дугаар хуудас/

 

3. Гэрч 1983 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байрны 4-44 тоотод оршин суух, Ш.Болорцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...23 цаг өнгөрч байхад баарнаас гараад Мөнхцэцэг эгчээр баарны урд байсан өөрийн 0767 ГСА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийг баарны зүүн урд талд камерийн доор тавиулаад Ганбаатар бид хоёр Мөнхцэцэг эгчийн машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Тэгээд маргааш нь нөхөр Ганбаатар бид хоёр машинаа авахаар ТБ центр дээр ирсэн чинь манай машины хоёр дугуй хагалсан, хоёр талн толь хагалсан, шил арчигч татаж эвдсэн, хойд, урд талын улсын дугаар татаж тахийлгасан. Хоёр талын дохионы гэрлийг унжуулаад гаднах цацруулагч байхгүй болсон байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 дугаар хуудас/  

 

4. Гэрч 1967 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хэрлэн захын хашаанд оршин суух, Ш.Түмэндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... тэгээд би Дамбарагчаагаас асуусан чинь нэг хүн тамхи нэхээд зодох гээд байсан гэсэн. Тэгээд би уурандаа машиных нь дугуйг хагалсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 дугаар хуудас/

 

5. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 007/044 тоот дүгнэлтэнд: Тээврийн хэрэгслийн зөв талын толь, урд талын улсын дугаараас бэхжүүлэн авсан 14 ширхэг гарын мөр нь №06, №09, №10, №12 дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. №01, №02, №03,№04, №05, №07, №08, №11, №13, №14 дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Батсүх овогтой Дамбарагчаагийн МN003210003444, MN003210004109 кодтой дугаар мөрний баруун гарын ядам хуруу, зүүн гарын дунд хурууны мөрүүдтэй тохирч байна.

 

Жич: Шинжилгээнд ирүүлсэн объект, шинжээчийн 007/044 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүдийг бүрэн хүлээлгэн өгөв.

Хүлээлгэн өгсөн: ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /х.х-ийн 26-32 дугаар хуудас/

 

6. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 007/046 тоот дүгнэлтэнд: Уг дугуйнууд дээр гадны механик хүчин зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт үүссэн байна. Зүсэгдэлт нь хурц ир бүхий багаж, зэвсгийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн тээврийн хэрэгслийг зогсож байх үед нь зүсэгдсэн байх боломжтой.

 

Хүлээлгэн өгсөн: ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /х.х-ийн 35-39 дүгээр хуудас/

 

7. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 5-8 дугаар хуудас/

 

8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 9, 10 дугаар хуудас/

 

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 11, 12 дугаар хуудас/

 

10. Үнэ тогтоох комиссын шийдвэр, Эд зүйлийн үнэлгээ /х.х-ийн 42 дугаар хуудас/

 

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 67 дугаар хуудас /зэрэг болно. 

 

Иймд шүүгдэгч Б.Дамбарагчааг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Ганбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Дамбарагчааг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Б.Дамбарагчаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Оодон овгийн Батсүхийн Дамбарагчааг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Б.Дамбарагчааг 01  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Дамбарагчаад оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Дамбарагчаа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Дамбарагчаад оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  мөн хугацаагаар тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дамбарагчаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                

ДАРГАЛАГЧ                                       О.ОДНЯМАА