Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 641

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “НХ” ШБ.

Хариуцагч: НЗД.

Хариуцагч: СХД ЗД.

Гуравдагч этгээд: Д.Ж.

Нэхэмжлэлийн шаардлага: “НХ” Шашны байгууллагын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийг сунгахыг даалгах, СХД ЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 294, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсгээс давхацсан 308 м кв газрыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч СХД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “НХ” ШБ-ын тэргүүн Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Тус НХ нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах зорилгоор 3043 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Бид өнгөрсөн хугацаандаа гэрээнд заасан зориулалт, болзлын дагуу газраа эзэмшиж, төлбөр хураамжаа зохих ёсоор төлсөөр ирсэн. Газартай холбоотой ямар нэгэн зөрчил, маргаан гаргаж байсан удаагүй.

Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тогтоолоор энэхүү газрыг манай хийдэд зааж өгснөөс хойш бид энэхүү газартаа шашин ном, сургалтын үйл ажиллагаа явуулж, олон түмэн иргэдэд үйлчилсээр гучаад жилийн нүүрийг үзэж байна.

Улмаар энэхүү газар эзэмших эрхээ сунгуулах, кадастрын мэдээллийн санд эзэмшил газрын кадастрын зургийг шинэчлэн оруулах тухай хүсэлтийг НЗДд хандан тавьж шийдвэрлүүлэх гэсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-06/81 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна. Манай байгууллагын газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй, хэн нэгэн иргэн, хуулийн этгээд давхцалтай гэх шаардлага тавьж байгаагүй, бид газрын гэрээнд заасан төлбөрийг жил бүр зохих журмын дагуу төлсөөр өдийг хүрсэн. Гэтэл яагаад газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгааг бид ойлгохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгч “Намдодэчэнлин хийд” ШБ-ын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг НЗДд даалгаж шийдвэрлэхийг хүсье.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримттай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү.

НХ нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр

сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг

дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах зорилгоор 3043 м.кв газар эзэмших

эрхтэй болсон. Бид өнгөрсөн хугацаандаа гэрээнд заасан зориулалт, болзлын

дагуу газраа эзэмшиж, төлбөр хураамжаа зохих ёсоор төлсөөр ирсэн. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн 1991 оны 07

дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тогтоолоор энэхүү газрыг манай хийдэд

зааж өгснөөс хойш бид энэхүү газартаа шашин ном, сургалтын үйл ажиллагаа

явуулж, олон түмэн иргэдэд үйлчилсээр гучаад жилийн нүүрийг үзэж байна.

Гэтэл бидний эзэмшиж, ашиглаж байгаа газрын сургалтын байр, оффисын байшин байгаа хэсгийг манай арын айл болох Д.Жд СХД ЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 294 дүгээр захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжаар өмчлүүлсэн болохыг хариуцагч болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтуудын хүрээнд олж мэдлээ. Дүүргийн Засаг даргын Д.Жд газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг ноцтой зөрчсөн нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байна. НЗД энэхүү хууль бус өмчлөх эрхийг зөрчиж байна. НЗД энэхүү хууль бус захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийг өмчлөх болгон өөрчилсөн нь мөн хууль бус юм. Иргэн Д.Жд өмчлүүлсэн газарт байрлах хийдийн хичээл, сургуулийн байр 2003 онд ашиглалтад орсон бөгөөд тус байрыг одоог хүртэл нзхэмжлэгч ашигласаар байна.

Энэ олон жил манай хийдийн хашаалсан газартай холбогдуулан хэн нэгэн  иргэн, хуулийн этгээд маргаан үүсгэж, шаардлага тавьж байсан удаагүй бөгөөд яагаад ийнхүү давхцуулж газар эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гарсан болохыг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамтатган хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намдолдэнчэнлин хийдийн хувьд анх 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн 32 дугаар тогтоолоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг авсан байдаг. Тухайн газрын хэмжээг тогтоол дээрээ нарийн дурдаагүй. Үүний дараа 1996 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/176 Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1587 м.кв газар эзэмшсэн байдаг. 

Үүний дараа 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар тогтоолоор 3043 м.кв талбайг шашны байгууллагын зориулалтаар үйл ажиллагаа явуулж ирсэн. 2001 онд албан ёсоор кадастрын зургийг мэдээллийн санд оруулж амжаагүй байсан. 

Үүнээс хойш гуравдагч этгээд н.Ж гэдэг иргэнд дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшүүлсэн асуудал байна. Өнөөдрийн байдлаар шүүх нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд 308 м.кв газар давхацсан гэх асуудал үүссэн. Давхацсан хэсгээр маргаж байгаа юм. Давхацсан хэсгээр газрын албанд мэдээллийн санд оруулах ёстой гэж үзэж байна. 2018 оныг хүртэл бид нар газрын төлбөрөө төлөөд, газрын гэрээгээ дүгнүүлээд дүүргийн газрын албатай хамааралтай ажиллаж байсан. 

Газрын төлбөр гаргуулах талаар шүүхэд хандаж явж байсан. Газрын тухай хуульд газар эзэмших ашиглах хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой гэсэн заалт байдаг. Газрын асуудлыг эрхэлж ажиллаж байгаа агентлагуудын зүгээс газрыг жил бүр дүгнэж, төлбөрийг авдаг байсан байдлыг үндэслээд газрын албанаас зөвшөөрөөд явж байсан гэдгийг хэлмээр байна. 

Улмаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийдийн зүгээс НЗДд газрын мэдээллийн санд албан ёсоор оруулах хүсэлт өгсөн. Үүний хариуг Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын албанд дамжуулаад 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-06/81 албан бичгээр бусдын эзэмшил газартай давхцаж байгаа учраас сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ татгалзсан шийдвэр хууль бус гэж үзэж байна. 1991 оноос хойш 30-иад жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Газрын эрхийг сунгах нь үндэслэлтэй байна. Гуравдагч этгээдийн газрыг үндэслэл болгон татгалзаад байгаа нь үндэслэлгүй байна. Жы хувьд 2001 оноос эхлээд хийдтэй холбогдуулан газрын маргаантай Иргэний шүүхээр маргаантай явсан. 

2003 онд албан ёсоор шүүгчийн захирамж гарч эвлэрлийг баталсан байдаг. Жы эзэмшиж байсан газраас урагшаа 2 метр газраа сунгаад эвлэрсэн байдаг. 2008 онд н.Ж өөрөө газраа оруулж газар эзэмших эрхтэй болсон байсан. 

Үүнийг НЗД баталгаажуулсан байдаг. Энэ нь өөрөө газрын тухай хуулийн бусдын эзэмшил эрхийг давхцуулахгүй газар олгохыг зөрчсөн байгаа юм. Манай байшин баригдаад байхад н.Жд эзэмшүүлээд байгаа нь алдаатай шийдвэр байна. Газрын харилцаа геодези зураг зүйн даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам” байдаг. Энэ журмын 6-д хээрийн судалгаа хийхийг заавал журамласан байдаг. Энэ ажиллагааг хийгээгүй гэдэг нь илэрхий байна. 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан газрыг Д.Жд олгосон нь зохих ажиллагааг хийгээгүй гэдэг хангалттай нотлогдож байна. СХД ЗД-ын 2008 оны 291 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн тус тус н.Жд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгуулах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 446 м.кв газраас давхцаж байгаа 308 м.кв газрын хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд Д.Ж 446 м.кв талбай эзэмшиж байгаа нь хууль бус байна. Сонгино хайрхан дүүргийн шүүгчийн захирамжаар хийдийн газар гэдэг нь тогтоогдоод талууд маргаангүй болсон газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлжээ. 

Энэ маргааныг эвийн замаар шийдвэрлүүлэхийг хүссэн. Гуравдагч этгээдэд зуслангийн хоёр ч газар санал болгосон. Ёс зүйн хувьд гуравдагч этгээдийн хувьд чамлалттай санагдаж байна. Хэдий өөрийн газраа авч байгаа боловч гуравдагч этгээдэд зуслангийн газар санал болгосон. Миний зүгээс нэмэлт тайлбар болгоод хэлэхэд 1989 оноос хойш хийд 1991 онд маргаан бүхий газар нүүж очсон. Нүүж очихдоо н.Ж гэдэг хүнийг манаачаар, гуравдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даваасүрэнг тогоочоор анх ажиллуулж, тухайн амьдраад байгаа байшинг хийдийн байгууллагаас барьж өгсөн. Гуравдагч этгээд өдий хэмжээнд маргаад явахад ёс зүйн хувьд маруухан зүйл боллоо гэдгийг хэлмээр байна. 

Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэртэй холбогдуулан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг шүүх анхаарч баримталж үзнэ үү. Нэг талд газрын алба өөрөө хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьдаг байж нэхэмжлэгчийг буруутгаж үзэж байгаад харьцангуй хандаж байна гэж үзэж байна. Бид кадастрын мэдээллийн санд зургийг оруулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 

Мөн өнгөрсөн 2005 оноос хойш газрын алба хүлээн зөвшөөрдөг байсан.  Газар эзэмших эрхгүй гэж үзэж байсан бол 2005-2009 оны газрын төлбөрийг авч байсан байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд газрын албаны хэрэгжүүлэх үүргийг заасан байдаг. Газрын алба газрын харилцаанд өөрөө зохих эрх үүрэгтэй оролцдог. Бидний зүгээс эвлэрлийн асуудалд гуравдагч этгээдэд бага ч гэсэн нөхөн олговор олгоод явах талаас хуулиас давуу байдал олгож байгаа юм.  Хариуцагчийн үйл ажиллагаанд газрын тухай хуулийн 31.3-д заасанг зөрчсөн. Газрын тухай хуулийн 7.1-д газрын төлбөрийг зохицуулсан. Газрын төлбөрийг газар эзэмшиж, ашиглаж байгаа байгууллага зохих журмын дагуу газрын албанд төлбөрөө төлөхийг хэлнэ. Газрын эрхийг хүлээн зөвшөөрч байсан гэж дүгнэх бүрэн боломжтой. Газрын тухай хуулийн 4.1.3 гэх заалтыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Иймд дүүргийн Засаг даргын 2008 оны 294, Нийслэлийн засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсгээс давхцалтай хэсгийг хүчингүй болгуулж, НЗДд газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч НЗД шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан Намдоядэчэнлин хийдийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. 

Нэхэмжлэгч НХ нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 3043 м2 газрыг 4 жилийн хугацаатай эзэмшдэг байсан байна.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн газрын албанд газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд тус хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албанаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ний 03-06/81 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

НХ нь 2001 оноос 4 жилийн хугацаатай газар эзэмшиж байсан ба 2005 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш 13 жилийн дараа газрын гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэх заалт, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “НЗДд холбогдуулан захирамжийн тухайд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг аваад үзэхэд нэгэнт шүүхэд илэрхий болсон үйл баримтууд ирсэн байдаг. Газартай холбогдуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эвлэрлийг баталсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байдаг. Нийслэлийн Засаг даргын хувьд газар  өмчлүүлэх эрх бүхий этгээд мөн хэдий ч өөрөө газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх олгогдоогүй. 

Газар эзэмших эрхийг хэрхэн яаж шийдэхээс хамаараад тухайн газар дээр судалгаа хийгээгүй гэдгийг дүүргийн Засаг дарга ийм үйл ажиллагаа явуулсан уу үгүй юу гэдгийг шүүх харж үзэх байх. Тухайн үед яагаад зураг ороогүй вэ гэдэг нь мэдээллийн сан үүсээгүй байсан тул зураг ороогүй байсан гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн хувьд давхцал үүссэн гэдэг нь илэрхий байгаа боловч Засаг дарга захирамжаа хүчингүй болгох эрх хэмжээ байхгүйг шүүх анхаарах нь зүйтэй. Газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож сунгуулахыг даалгах гэдэгт газрын хугацааг сунгуулах хүсэлтийг заасан хугацааны дагуу гаргаагүй учир хүсэлтийг хүлээн аваагүй. Бусдын газартай давхацсан байсан учраас эзэмших эрхийг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт давхацсан байсан учраас хуульд нийцэхгүй байна. Шүүх үүнийг харгалзан үзэж шийдвэрлэх байх гэсэн байр суурьтай байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон тайлбарыг дурдсан. НЗДд тухайн газрыг эзэмшүүлэх эрх байдаг. Тухайн үед өмчлүүлэхэд иргэн Жд газартай холбоотой нэхэмжлэгчтэй хэрхэн яаж эвлэрч байсан гэх баримтууд байгаагүй. Тухайн газрыг эзэмших эрхтэй этгээдийг нотлох үүрэгтэй. Үүнтэй холбоотой үүргийг харилцан аль аль нь үүргийг биелүүлээгүй. Энэ нөхцөл байдлыг мэдээгүй байсан бөгөөд нотлож чадаагүй байх нь энэ шүүх хуралдаанаар нотлон тогтоогдож байна. НЗД өмчлөх эрхийг хүчингүй болгуулах эрх байхгүй. Иймд Газрын тухай хуулийн 31.3-д заасан асуудал зөрчигдөхгүй гэж үзвэл газрыг эзэмших эрхийг сунгаад явахад татгалзах зүйлгүй” гэв. 

Хариуцагч Сонгихайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “НХ” ШБ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ЗБУ 23-1 тоот хаягтай 446 метр хашааны буюу нэгж талбарын 18637315261735 дугаар бүхий газрыг 2008 онд иргэн Д.Ж нь газар эзэмших эрх авах хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан туг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2008 оны 09 дугаар сарын 10-ны өдөр 294 дүгээр захирамжаар газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Д.Жы газар эзэмших эрхийг баталгаажуулж. эрхийн гэрчилгээг олгосон. нь дүүргийн Газрын албаны архивд хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч болон иргэн Д Ж нар нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа хашааныхаа дагуу кадастрын зургаа хийлгээгүйн улмаас мэдээллийн санд  зөрүүтэй бүртгэгдэж одоо амьдарч байгаа газар болон хашаа мэдээллийн сангийн зураг давхацсан байна.

Нэхэмжлэгч болон иргэн Д.Ж нар нь одоо амьдарч байгаа хашаагаар кадастрын зураг хийлгэн газрын нэгдмэл санд бүртгэгдсэн зургийн зөрчлөө арилган маргаанаа шийдвэрлэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан СХД ЗД-ын 2008 12008 оны 294 дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч СХД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газарт 446 м.кв нэгж талбарын газрыг 2008 онд иргэн Д.Ж эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтийг судалж үзээд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэдэг үндэслэлээр дүүргийн Засаг дарга мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж эрхийн гэрчилгээ олгосон байсан. 

Олгогдсон газар өөрөө бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байсан. Нэхэмжлэгчийн маргаад байгаа газар нь мэдээллийн санд ороогүй, зөвхөн  гэрээгээр эзэмшиж байсан байдаг. Аливаа иргэн, хуулийн этгээд газрыг эзэмших ашиглахдаа хуульд заасан баримтуудаа эрх бүхий байгууллагад өгөх ёстой. Өгөөгүйн улмаас ийм нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Доржпалам овогтой Ж би өөрийн гэр бүлийн хамт 1995 онд хийдийн зүүн хойд хэсэгт газар авч буусан билээ. Манай гэр бүл хуулийн дагуу хороо дүүргээс зөвшөөрөл авч тухайн айлуудад өгч байсан хашааны зөвшөөрлийн цагаан дэвтэр авсан гэтэл 2001 онд хурлын нягтлан болох О энэ манай газар хурал 1600 м.кв газар эзэмших эрхтэй танайх нүү гэж орж ирсэн. Манай нөхөр бид 2 танай газарт манай газар ороогүй гэсэн гэтэл удалгүй 3043 м.кв газар эзэмших эрхтэй танайх нүү гэж дахин маргасан бид зөвшөөрөхгүй нүүхгүй гэсэн тухайн үед хийдийн ойр хавийн айлуудтай газраасаа бас манайхыг шүүхэд дуудаж маргасан манайх газраа өгөхгүй гэсэн гэтэл 2003 онд гэнэт нэг өдөр орж ирээд энэ манай газар гээд хашаа барьсан тэгээд 2005-2006 онд манай хашаанд байшин барьсан бид яагаад байшин барьж байгаа юм бэ гэтэл энэ газрыг манайх эзэмшдэг улсад мөнгийн төлдөг гээд байшин барьсан. Уг байшингаас бороо орох үед манай хашаанд их хэмжээний ус орж ирж байна, байшингаа буулгаа гэтэл ус зайлуулах суваг татаж өгсөн тэгээд байшингаа буулгаагүй. Манайх эхлээд цагаан дэвтрээ аваад зөвшөөрөлтэй байсан. Учир би өөрийн газрын кадастрын хэмжээний дагуу  446 м.кв газрын өмчлөх шийдвэрээ 2009 онд авсан. НХ газрын зөвшөөрөл нэмж авахдаа хууль бусаар манай газартай давхар авсан байгааг нотолж өгнө үү. Мөн манай хашаанд байгаа байшинг буулгуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манайх 1994-1995 оны үед тухайн газарт нүүж ирэн амьдарч эхэлсэн. 1999-2001 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандан явж байсан. 2001 оноос хойш манайх энэ газрыг авсан танайх газраа хойш татна уу гэж манай хашааг буулгаад 2003 онд байшин барьж эхэлсэн. 2008 онд кадастрын зураг манай нэр дээр гарсан. Би тухайн үед өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Өмгөөлөгч хэлэхдээ бичиг баримт танай нэр дээр байхад яагаад хашаандаа байшин бариулсан байна вэ гэж хэлж байсан. 2008 онд цагаан гэрчилгээ гарсны дагуу кадастрын дагуу дүүрэгт газар эзэмших хүсэлт гаргаж ногоон гэрчилгээг авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “НХ” Шашны байгууллага газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийг сунгахыг даалгах, СХД ЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 294, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсгээс давхацсан 308 м кв газрыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “НХ” Шашны байгууллагын хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах зорилгоор 0.3 га газрыг эзэмшүүлж, 4970056 дугаар гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч 3043 м кв газрыг эзэмших хугацаандаа газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй,зөвхөн 2018 онд “Геотэс” ХХК-иар уг газрын кадастрын зургийг хийлгэсэн байх бөгөөд кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулаагүй байна.

Харин уг хийдийн хашаатай залгаа байрлалд иргэн Д.Ж 446 м кв газар эзэмшиж өмчлөх хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 294 дүгээр захирамжаар  эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр  захирамжаар  өмчилж авсаны 308 м кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалтай байна.

Маргаан бүхий газар 308 м кв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2/2284 дүгээр албан бичиг, түүний хавсралт зургуудаар  нотлогдсон бөгөөд энэ давхцал нь гуравдагч этгээд Д.Ж 2008 онд анх газар эзэмших хүсэлт гаргахдаа өөрийн эзэмшлийн газрын хэмжээг буруу гарган нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан түүний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. 

Учир нь анх иргэн Д.Ж уг газрыг эзэмшиж эхэлсэн үеэс хийдийн захиргаатай газрын маргаантай байсан бөгөөд гуравдагч этгээд Д.Жыг хийдийн хашаанаас нүүлгэх, газар чөлөөлүүлэх асуудлаар “НХ” Шашны байгууллага, 9 дүгээр хорооны Засаг даргаас дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 1999 оноос удаа дараа нэхэмжлэл гаргаж хандаж байсан байх бөгөөд хариуцагч Д.Жы “...хийдийн удирдлагуудтай ярилцан тохиролцож байшингийнхаа урдуур 2 м талбайг өөртөө үлдээж үүнээс цааших газрыг хийдэд өгөхөөр газраа хэмжиж тэмдэг тавьж өгөв. Иймд бидний тохиролцоог баталж хэргийг дуусгаварлаж өгнө үү.” гэсэн зөвшөөрөл бүхий талуудын эвлэрлийг баталсан Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн шүүгчийн 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 308 дугаар захирамж  хуулийн хүчин төгөлдөр байна.

Энэхүү эвлэрлийн хүрээнд нэхэмжлэгч “НХ” Шашны байгууллага маргаан бүхий газарт 2003 онд сургалтын байр барьж ашиглалтад оруулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гуравдагч этгээд Д.Ж өөрийн биеэр энэ барилгын ажилд оролцож байжээ.

Гэтэл 2003 онд газрын асуудлаар эвлэрч маргааныг дуусгасан иргэн Д.Ж 2008 онд өөрийн эзэмшлийн газрыг баталгаажуулахдаа өмнө нь “НХ”-д өгөхөөр тохирсон газрыг оруулан кадастрын зураг хийлгэн хүсэлт гаргаж баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр  давхцаагүй байна.” гэсэнтэй нийцээгүй.

Өөрөөр хэлбэл 2003 онд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд Иргэний хэргийн шүүхэд газрын маргаан хэлэлцүүлж түүнийгээ эвлэрлийн журмаар дуусгавар болгосон байхад 2008 онд гуравдагч этгээдийн 446 м кв газар эзэмших хүсэлтийг нягтлан шалгалгүй эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2008 оны 294 дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай 308 м кв газраар давхацсан хэмжээгээр хууль бус байна. 

Түүнчлэн СХД ЗД-ын 2008 оны 294 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Д.Жд 446 м кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжаар өмчлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Ийнхүү энэ хэргийн гуравдагч этгээд Д.Ж маргаан бүхий газарт өмчилсөн 446 м кв газрын зарим хэсэг нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай нь иргэн Д.Жы бус харин нэхэмжлэгч “НХ” Шашны байгууллагын газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Дүүргийн Засаг дарга, түүний газрын алба 2008 онд Д.Жд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “....дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.3 “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” гэсэн эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс давхцал үүсэн байх тул газрын давхцалтай хэсгийг хасаж мэдээллийн санд өөрчлөлт оруулах байдлаар, хариуцагч НЗД 446 м кв газар өмчлүүлсэн 29 тоот захирамжийн холбогдох хэсгийн алдааг засч шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Тодруулбал хариуцагч Нийслэлийн болон СХД ЗД өөрсдийн гаргасан захирамжийн зөрчлийг хуулийн хүрээнд зөвтгөн нэхэмжлэгч “НХ” Шашны байгууллагын эзэмшлийн 3043 м кв газрын газар эзэмших эрхийг сунгаж, Дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрын иргэн Д.Жы газрын давхцалтай хэсгийг хасаж мэдээллийн санд өөрчлөлт оруулан шийдвэрлэх үүрэгтэй болно.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “НХ” Шашны байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож 3043 м кв газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж, СХД ЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 294, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29  дүгээр захирамжийн Д.Жд холбогдох хэсгээс маргаан бүхий газартай давхацсан 308 м кв газрыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СХД ЗДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   А.НАСАНДЭЛГЭР