Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мөнхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь хариуцагч Б.Оюунаагаас зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 3 478 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй,

хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 172 830 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Мөнхтуул нь Б.Оюунаагаас 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 17 удаагийн үйлдлээр 8 сарын дотор 10-17 хувийн хүүтэй өдрийн зээл нэртэй мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө өдөр өдөрт нь төлдөг, орлого муу, бие өвдөх, амрах, ар гэрт хувийн асуудал гарах гэх мэт шалтгаанаар төлөх ёстой өдрийн зээлийг 5-7 хоног алдахад Б.Оюунаа нь хүүгээ нэмээд дахин гэрээ хийдэг байсан. Эдгээр зээл 25-30 хоногийн хугацаатай боловч намайг уг зээл, хүүгийн хамт төлөөгүйгээс дахин цааш нь зээлүүлж ашиг олох орлогыг хааж хохирох болчихлоо гэж янз бүрийн дарамт шахалтад оруулж, өмнөх зээлийн үлдэгдэлд гэрээ хийж, үндсэн мөнгөн дээр хүүгээ нэмж дахин хүү боддог байсан.

Хариуцагч Б.Оюунаа нь 23 402 000 төгрөгийг дансаар цувуулж надад шилжүүлсэн, үүнээс би 26 665 000 төгрөгийг буцаан төлсөн. Түүнтэй тохиролцсон гэрээнд зааснаас илүү 4 312 500 төгрөг төлсөн боловч 3 478 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан учир үүнийг дэмжиж байна. Мөн Б.Оюунаа нь лангуун дээрээс бэлнээр 200 000 төгрөг өөрийн биеэр авсан, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр iРhone 5 загварын утсыг өөрийн нөхрөөр түүний ажил дээр хүргэж өгсөн, мөн нөхөр нь 245 000 төгрөгийн үнэтэй, хоёр симтэй утас, гэр, наалтын хамт, ээж нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Note 2 утас 200 000 төгрөгт бодож авсан.

Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй учир хүү, алданги төлөхгүй, гэрээндээ зохиомлоор тоо биччихсэн байсан. Надаас авсан бэлэн мөнгө, гар утас нийлээд 710 000 төгрөг болсон. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч гэрээгээр тохиролцсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр хүчин төгөлдөр болно. Хэрэгт Б.Оюунаагаас 6 ш зээлийн гэрээ ирүүлсэн байснаас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1 800 000 төгрөгийн гэрээг зөвшөөрнө, энэ өдөр гэрээний дагуу 1 800 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн байдаг. Иймд уг гэрээний дагуу 25 хоногийн 10 хувийн хүү буюу 180 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Иймд 24 402 500 төгрөг авсан байтал 26 665 000 төгрөг төлсөн учир илүү төлсөн 3 478 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Мөнхтуулд 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай өгч, зээлийн гэрээг бичгээр хийсэн. Нэхэмжлэгч иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагаа, Ньюком Проперти ХХК-тай хийсэн талбайн түрээсийн гэрээг баталгаа болгон зээлдүүлэгчид өгсөн. Мөн өдөр Г.Мөнхтуул нь Н.Номин-Эрдэнэ гэх хүний хамт 1 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 50 000 төгрөгийн хүү төлж зээлсэн. Зээл авахдаа зээлдэгч нь үндсэн төлбөр, хүүг өдөр өдөрт нь өгч байвал зээл овоорч сарын сүүлд хүндрэл учрахгүй гэснээр зээлдэгч зээлийн үндсэн мөнгийг, хүүгийн хамт бодож нийт дүнг зээлийн хоногт хувааж өдөр өдөрт нь төлж байхыг зөвшөөрсөн байдаг.

Г.Мөнхтуул нь өмнө авсан мөнгөө төлж дуусгаагүй байж дахин зээл авахыг хүсэхэд Б.Оюунаа түүнийг найдвартай, итгэлтэй хүн гэж итгээд нийт 24 502 500 төгрөгийг 17 удаа цувуулж дансаар шилжүүлсэн. Мөн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд нийт 27 502 500 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Гэтэл авсан зээлээ цувуулж төлсөөр нийт 25 954 000 төгрөг буцааж төлсөн. Өөрөөр хэлбэл  зээлийн гэрээ байгуулж, 10-17 хувийн хүүтэй зээл авсан боловч хүүг огт төлөөгүйн дээр үндсэн зээлээ бүрэн төлж дуусгаагүй.

Г.Мөнхтуулын лангуун дээр очиж дарамт шахалт үзүүлж, бэлэн 200 000 төгрөг авч байгаагүй, 3 ширхэг утас аваагүй. Г.Мөнхтуул, Б.Оюунаа нар зээлийн хүүг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 10 хувиар, энэ өдрөөс хойш 17 хувиар тооцохоор тохиролцон дээрх 27 402 500 төгрөгийг зээлүүлсэн. Шилжүүлсэн мөнгө тус бүрт хүү тооцвол 32 675 330 төгрөгийг Г.Мөнхтуул төлөх ёстой. Гэтэл өөрийн хүсэлтээр авсан зээлээ, тохиролцсон хүүгээ төлж барагдуулаагүй байтлаа илүү төлсөн гэж 3 478 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.Мөнхтуул нь өмнө авсан зээлээ төлж дуусаагүй байж нэмж зээл авахыг хүсэхэд нь түүнийг найдвартай гэж итгээд нийт 24 502 500 төгрөгийг 17 удаа цувуулж, дансаар шилжүүлж, бэлнээр 3 000 000 төгрөг, нийт 27 502 500 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Харин авсан зээлээ өдөр өдрөөр цувуулж төлсөөр нийт 25 954 000 төгрөг буцаан төлсөн ба 10-17 хувийн хүүтэй авсан гэх боловч хүүг огт төлөөгүйн дээр үндсэн зээлээ ч бүрэн төлж дуусгаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр бус талуудын хоорондоо тохиролцсон хүүгийн хамт түүний хэрэглэсэн хоногоор тооцогдсон. ... 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 562 500 төгрөг /өмнөх зээлийн үлдэгдэл 4 123 680 төгрөг дээр нэмж зээлдүүлээд нийт 7 000 000 /5 686 180/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай, 17 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Нийт зээлийн хүү 966 650 төгрөг болсон. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийт 6 652 830 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 1 480 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлийн 1 548 500 төгрөг, хүү 3 624 330 төгрөг, нийт 5 172 830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Б.Оюунаагаас 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 25 хоногийн хугацаатай өдрийн 66 000 төгрөг төлөхөөр гэрээ хийж авсан. Энэ өдрөө 1 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 50 000 төгрөгийн хүүтэй буцааж өгөхөөр тохиролцож аваад төлсөн. Зээлийн гэрээ байгуулсан цагаас зээлийн үлдэгдэлтэй явдаг байсан. Учир нь Б.Оюунаа бүх нийтийн амралтын өдөр, баярын өдрүүдэд ч өдрийн мөнгөө төлөхийг шаардаж төлөхгүй бол төлөөгүй хоногт тооцож, үлдэгдэл мөнгөн дээрээ хүүгээс хүү бодож, өгөөгүй мөнгөө надад өгсөн мэтээр нэмж гэрээ хийдэг байсан.

Зээлийн гэрээний үлдэгдэлд 5 172 830 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, нийт 17 удаа цувуулж дансаар 24 402 500 төгрөг авсан, дансаар 25 955 000 төгрөг буцааж төлсөн. Гурван удаагийн үйлдлээр 710 000 төгрөгийн үнэтэй 3 утас өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажилтан А.Буян-Оршихоос 3 000 000 төгрөг бэлнээр авч өгсөн гээд үүнийг зээл мэтээр гэрээ болгон бичсэн мөртлөө утсаар ярихдаа 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж ярьдаг. Би бэлнээр 3 000 000 төгрөг аваагүй, тэрээр мөнгөө заавал дансаар шилжүүлдэг, 3 000 000 төгрөгийг бэлнээр баримтгүй өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй.

2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 100 000 төгрөг зээлүүлсэн гэх мөнгө нь миний дансанд орж ирээгүй байдаг. Б.Оюунаа нь 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр залгаад зээлийн хүү 17 хувь болсон тул өнөөдөр үлдэгдлээ төлж чадахгүй бол үлдэгдэл дээрээ шинээр гэрээ хий, надад ашиггүй байна, мөнгийг дахин өөр хүнд зээлсэн бол би өдрийн хүүгээ алдахгүй, чи миний орлогыг хааж байна, яаралтай үлдэгдлээ төл, үгүй бол хүүгээ нэмүүл гэж тулгаж 17 хувийн хүү төлдөг болсон. Гэтэл 570 920 төгрөг илүү төлөлттэй гэсэн байгаад гайхаж байна, мөн цуцалсан гэх гэрээ олон байгаа бөгөөд хүссэн үедээ ганцаараа дур мэдэн гэрээ засдаг нь харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй тул өгөөгүй мөнгөнд хүү тооцож байгаа нь үндэслэлгүй, гэрээг бичгээр байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Оюунаагаас 3 478 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Мөнхтуулын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Оюунаагийн 5 172 830 төгрөгийг нэхэмжлэгч Г.Мөнхтуулаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтуулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 600 төгрөг, хариуцагч Б.Оюунаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд маргахгүй боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүйд гомдолтой. Учир нь шүүх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан.

Хариуцагч нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 24 402 500 төгрөгийг 17 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд шилжүүлэн, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгч, нийт 27 402 500 төгрөгийг 10-17 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 25 954 000 төгрөгийг өдөр өдрөөр цувуулж төлсөн тул хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 1 448 500 төгрөг, хүү 3 624 330 төгрөг, нийт 5 072 830 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр няцаагдана. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын байгуулсан зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбартаа Б.Оюунаад нийт 25 954 000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хэрэгт зохигдын дансны хуулга авагдсан ба уг баримтыг дүгнэж үзэхэд 25 954 000 төгрөгийн төлөлт хийгдсэн нь нотлогдоно.

Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгийн үед гаргасан тайлбартаа Г.Мөнхтуулын өмнө бичгээр гаргасан тайлбарыг өөрчилж 26 665 500 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн. Шүүгч дансны хуулгын баримтыг дүгнэж үзэхдээ алдаа гаргаж 26 513 000 төгрөгийн төлөлт хийсэн гэж буруу тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 25 954 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг үнэлээгүй, дансны хуулгыг үнэн зөв дүгнээгүйд гомдолтой байна.

Хариуцагч Б.Оюунаа нь 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнд 3 000 000 төгрөг бэлнээр олгож 1 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй зээлүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр хийсэн. Ийнхүү бэлнээр олгох үед н.Буян-Орших хамт байсан ба гэрч мэдүүлэгтээ нотолсон. Түүнчлэн зохигчдын дансны хуулгаар Г.Мөнхтуул нь 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт 117 000 төгрөгийн төлөлт хийж эхэлсэн нь 3 000 000 төгрөгийг зээлж авсан болохыг нотлох чухал баримт, шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүйд гомдолтой.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт заасныг шүүх буруу хэрэглэсэн. Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч зарим талаар учир дутагдалтай байсан учир гэрч асууж, чухал ач холбогдолтой баримтыг шүүхэд өгсөн атал шүүгч бичгээр гэрээ хийгээгүй мэт дүгнэн 3 000 000 төгрөг зээлүүлсэн болохыг нотлох баримтаа ирүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын дунд зээлийн гэрээ хийгдсэн болох, нэхэмжлэгч гэрээг сайн дураар хийж, хүү төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлах боловч хариуцагчийг ямар учраас, хуулийн ямар үндэслэлээр хүү авах эрхгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь хариуцагч Б.Оюунаад холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн гэх үндэслэлээр 3 478 000 төгрөгийг буцаан шаардаж, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 5 172 830 төгрөг дутуу төлөгдсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг, талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнхтуул нь Б.Оюунаагаас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 24 402 500 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн талаар болон маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хариуцагч Б.Оюунаа дээрх хэмжээний мөнгийг шилжүүлсэн үйлдэл бүртээ хүүг тодорхой хэмжээгээр тохирсон гэрээг бичгээр байгуулж байгаагүй, сүүлд нөхөж хийсэн боловч зээлдэгч Б.Мөнхтуулын хувьд хүү төлөх хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрч, үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Нөгөө талаар зээлийн гэрээгээр зээлдэгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг ёсоор нийт 26 513 000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байх тул шүүх төлбөрийн эцсийн тооцоог зөрүүтэй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Б.Оюунаагийн хувьд зээлийн гэрээний үүрэгт 5 172 830 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнд бэлнээр өгсөн гэх 3 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн зээлийн төлбөрт хамааруулж, нийт 27 402 500 төгрөгт 10-17 хувийн хүү тооцон дээрх үнийн дүнг тодорхойлсон байна.

Гэвч тэдгээрийн хооронд 3 000 000 төгрөг бэлнээр өгсөн тухай бичгийн баримт үйлдэгдээгүй, энэ талаар гэрч А.Буян-Оршихыг хариуцагчийн хүсэлтээр шүүх асууж мэдүүлэг авсан боловч 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр шилжүүлсэн үйл баримтыг эргэлзээгүй нотолсон гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд түүнийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд дээрх 3 000 000 төгрөгийг тооцож, үндсэн зээл болон хүү нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 96 120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА