Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Жт холбогдох эрүүгийн 2107000000125 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ............................................................. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

           ******* овогт О.Ж /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ............................................................. дугаар гудамжинд Б.Өыг заамдан авч унагаан хамар болон толгой, нуруу руу нь гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цээж, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.Ө гэрийн гадаа ирээд ээжийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд би яваад очсон чинь өөрөө эхэлж намайг нэг, хоёр удаа цохиод, тэгээд дээр доороо ороод, өөр юм болоогүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 05-ны шөнө ... 00 цагийн үед гэрээ бариад дотор нь тавилгаа оруулж дуусгаад 0.75 литрийн архиа З, Ш бид гурав хувааж ууж дуусгахад Шын хадам ээж нь залгаад одонгийн найранд байна ирээд авчих гэж хэлэхээр нь бид нар бүгдээрээ миний эзэмшлийн .............. улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгслээр Шаар залгуулаад нэг айлын гадаа очсон. Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 10 дугаар гудамж тоотыг нь санахгүй байна нэг айлын гадаа 02 цагийн үед ирээд зогсож байтал Шын хадам дүүгийн эхнэр нь гээд эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна хашаанаасаа гарч ирээд “хаанахын золбингууд ирчихээд хуцаад байгаа юм” гэхээр нь би машин дотроосоо “би ёстой золбирч яваагүй шүү эгчээ” гэхэд урдаас “юу гээд хуцаад байгаа юм” гэхэд Ш “манай найз байгаа юм аа би хүргүүлж ирсэн та юун олон юм яриад байгаа юм бэ” гэхэд Шын хадам ээж нь намайг ирээд зүүн шанаа руу нэг удаа алгадаад машинд сууж байхад футболкноос заамдаж аваад татахаар нь би машинаас буухад цаанаас нэг залуу цээж нүцгэн “манай ээжийг янхан гэж хэллээ” гээд гарч ирээд шууд миний баруун шанаа руу нэг удаа цохиод манай эхнэр, Д нар голоор ороод салгахаар нь нөгөө цээж нүцгэн залуу сүүлд нь нэрийг нь мэдсэн О.Ж гэх залуу машин тойроод машины жолооч талын арын шанаа руу 1 удаа өшиглөөд тойрч ирээд араас үстэж газар унагаагаад дээрээс энд тэндгүй өшиглөөд манай эхнэр салгаад цагдаа дуудахад бүгд явахаар нь би босоод ирсэн хэн ч байхгүй байсан. ... О.Жтай маргалдах үед хашаанаас 7-8 хүн гараад ирсэн. Миний харснаар бол О.Ж намайг үстэж, газар унагаан дээрээс өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Өөр зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр бид 2 хашаандаа гэрээ барих гээд нөхрийн найз Ш, Д, З нар 15 цагийн үед ирээд гэрээ барьж эхэлсэн. Ингээд гэр барихад туслахаар ирсэн Д, З, Ш нарт зориулаад 2.5 литрийн 2 сав пиво авч өгсөн. Тэрийгээ уунгаа гэрээ бариад 22 цагийн үед дууссан ба би дэлгүүр хаахаас өмнө 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад тэрийгээ гэрээ барьж дуусахаар нь гаргаж өгсөн. Тэгээд З, Ш, манай нөхөр Б.Ө нар архиа хувааж ууж дуусгахад Шинабаатарын хадам ээж нь айлын найрнаас ирээд авчихаач гээд залгаад байна гэхээр нь бүгдээрээ манай нөхрийн машинтай Шын заасан айлын гадаа ирсэн. Ш машинаас буугаад хадам ээжийгээ дуудаад гарч ирээд уулзаад зогсож байтал нэг эмэгтэй найр болж буй айлаас гарч ирсэнээ бид нарт хандаж “хаанахын золбингууд манай гэрийн гадаа ирчихээд байгаа юм” гэж хэлэхэд Б.Ө “бид нар золбин бишээ” гэтэл та нар хэн юм, юу юм гээд хоорондоо маргалдахад нөгөө эмэгтэй машины хаалга онгойлгоод манай нөхрийг татаад буулгах гэтэл буугаагүй тэгсэн чинь буцаж хашааруугаа ороод гарч ирэхдээ нэг залууг дагуулаад гараад ирсэн. Хамт гарч ирсэн залуу нь шууд машины хаалга онгойлгоод манай нөхрийг чирч буулгаад баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би голоор нь орж салгахад нөгөө залуу машин тойрч яваад машины арын шанаа руу өшиглөөд Б.Өын үснээс зулгаагаад хойш унагаагаад дээрээс нь өшиглөөд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохихоор нь тэнд байсан хүмүүс болон бид нар татаж аваад цагдаа дуудсан. ... О.Ж гэх залуу үснээс нь хойш зулгааж татаад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан, өшиглөхдөө бол биеийнх нь энд тэнд өшиглөсөн. Өөр бусад хүмүүс бол бүгд шаваад юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би цагдаа дуудсан. Ямар ч байсан О.Ж нэлээн цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай хадам ах Згийн бэр М алдарт эхийн 2 дугаар одон аваад найр хийсэн юм. Мын гэр нь манай зэргэлдээ хамар хашаанд байдаг ба би гэрт нь орж тогоо шанагыг нь барьж өгч туслаад шөнө 01 цагийн үед байх цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна ямар ч байсан Мын гэрээс гараад гэртээ орох гэтэл Т эгч нилээн согтуу байхаар нь би гэртээ оруулаад унтуулъя гэж бодоод авах гээд явж байтал хашааны гадаа нэг цагаан өнгийн суудлын машинтай хэдэн залуучууд ирээд зогссон. Ингээд би Т эгчийг машинд суулгах гэтэл машины арын суудалд сууж байсан Б.Ө нь бид хоёр руу харснаа Б.Ө нь манай хүүг чи муу бацаан юу вэ гээд машинаасаа бууж ирээд хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь салгах гээд голоор нь яваад ортол салахгүй зууралдаад хоёулаа дээр доороо ороод зодолдоод явчихаар нь болиочээ гээд салгаад О.Жыг аваад гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 00 цагийн үед байх М эгчийн гэрт ороод хоол идэх гээд сууж байтал гадаа нэг залуу надтай үзэх хүн байна уу гээд орилоод байхаар нь гэрээс гараад хартал манай ээжийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хоорондоо хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд би очихоод “ах та болиоч” гэхэд машин дотроосоо бууж ирээд чи муу бацаан юу гээд байгаа юм, та нар ингэж ярьдаг болсон юм уу гээд над руу дайраад бид хоёр хоорондоо барьцалдаж авахад миний цээж рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа хэд хэдэн удаа савж цохиход миний завьж руу гараа хийгээд татахад бид хоёр газар унаад хоорондоо зууралдаад хэн хэнийгээ хэд хэдэн удаа цохиод байж байтал ээж намайг аваад гэр рүү орчихсон. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч байсан надаас өөр зодолдсон хүн байхгүй болохоор миний үйлдлийн улмаас Б.Өын биед гэмтэл учирсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 318 дугаар:

            “1. Б.Өын биед хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, цээж , зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25 дугаар хуудас/,                                          

 

            Шүүгдэгч О.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ............................................................. дугаар гудамжинд Б.Өыг заамдан авч унагаан хамар болон толгой, нуруу руу нь гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цээж, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч О.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машинаас буухад цаанаас нэг залуу цээж нүцгэн “манай ээжийг янхан гэж хэллээ” гээд гарч ирээд шууд миний баруун шанаа руу нэг удаа цохиод манай эхнэр, Д нар голоор ороод салгахаар нь нөгөө цээж нүцгэн залуу сүүлд нь нэрийг нь мэдсэн О.Ж гэх залуу машин тойроод машины жолооч талын арын шанаа руу 1 удаа өшиглөөд тойрч ирээд араас үстэж газар унагаагаад дээрээс энд тэндгүй өшиглөсөн. …Миний харснаар бол О.Ж намайг үстэж, газар унагаан дээрээс өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Өөр зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамт гарч ирсэн залуу нь шууд машины хаалга онгойлгоод манай нөхрийг чирч буулгаад баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би голоор нь орж салгахад нөгөө залуу машин тойрч яваад машины арын шанаа руу өшиглөөд Б.Өын үснээс зулгаагаад хойш унагаагаад дээрээс нь өшиглөөд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохихоор нь тэнд байсан хүмүүс болон бид нар татаж аваад цагдаа дуудсан. ... О.Ж гэх залуу үснээс нь хойш зулгааж татаад газар унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан, өшиглөхдөө бол биеийнх нь энд тэнд өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ө нь манай хүүг чи муу бацаан юу вэ гээд машинаасаа бууж ирээд хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь салгах гээд голоор нь яваад ортол салахгүй зууралдаад хоёулаа дээр доороо ороод зодолдоод явчихаар нь болиочээ гээд салгаад О.Жыг аваад гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай ээжийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хоорондоо хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд ... бид хоёр хоорондоо барьцалдаж авахад миний цээж рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа хэд хэдэн удаа савж цохиход миний завьж руу гараа хийгээд татахад бид хоёр газар унаад хоорондоо зууралдаад хэн хэнийгээ хэд хэдэн удаа цохиод байж байтал ээж намайг аваад гэр рүү орчихсон. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч байсан надаас өөр зодолдсон хүн байхгүй болохоор миний үйлдлийн улмаас Б.Өын биед гэмтэл учирсан байх” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №318 дугаар дүгнэлт, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

            Хохирогч Б.Өын эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цээж, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч хохирогчийг газар унагаан хамар, толгой, нуруу руу нь гараараа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.Ж нь хохирогч Б.Өын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Жыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч О.Ж нь хохирогч Б.Өын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “машины арын шанаа хэсэг хонхойсон, хамар мурийсан зэргийг янзлуулбал гомдол санал байхгүй. Нэхэмжлэх баримт одоогоор байхгүй” гэсэн мэдүүлгийг өгчээ.

 

            Хохирогч Б.Ө нь гэмт хэрэг гарах үед Тоёота аллион маркийн .............. улсын дугаартай автомашин жолоодон очсон байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Вендо” ХХК нь 225.200 төгрөгөөр тогтоосон байна. Гэвч уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчлийн шинжтэй, энэхүү хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй тул шүүх уг тээврийн хэрэгсэлд учирсан 225.200 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Хохирогч Б.Ө нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцсон, түүний үйлдсэн хэрэг нь уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

            Шүүгдэгч О.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон, шүүгдэгч О.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

 

Шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Жт холбогдох эрүүгийн 2107000000125 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт О.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жт холбогдох эрүүгийн 2107000000125 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ