| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0072/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц гадаад паспортын дугаар ...-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр БНХАУ-ын Өвөр монголын У аймгийн Б хошууны Д гацаанд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж ах нарын хамт БНХАУ-ын Өвөр монголын У аймгийн Б хошууны Д гацаанд оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 7 дугаар хороо Амины орон сууц ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С.Ц гадаад пасспортын дугаар ...
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С.Ц нь 2021 оны 09-р сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн зүүн талаар боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ“...Би эхнэр Б, 2 хүүхэдтэйгээ уулзахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн. Би өөрийн гэм буруугаа бүрэн дүүрэн ухамсарласан...” гэжээ. /хх-ийн 146-147/,
Гэрч О.П мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хилийн заставын хугацаат цэргийн алба хаагч О.П би 2011 оны 09-р сарын 21-ны 21 цагаас 05 цагийн хооронд хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад хилийн 811 дүгээр тэмдгийн чиглэлд мөр хянах зурваст 1 явган хүний мөрийг илрүүлж шуурхай жижүүрт мэдэгдсэн. Шуурхай жижүүрийн ангийн болон салбаруудын тусгай томилгоот бүлэг, хаалт манаануудыг үүрэг гүйцэтгүүлэн хил зөрчигчийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бид 2 мөр илрүүлсэн хэсэгтэй хаалт манаанд үүрэг гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Харуулын дарга Д.Г, Ш.Б нар илрүүлж, мөрөөр нь мөрдөж байсан. Би араас нь очиж мөрдөлтийг хамт зохион байгуулсан. Бид 3 хил зөрчигчийг мөрөөр нь мөрдөж байсан. Гэтэл 2 тийшээ явсан мөр таарч би нэг мөрийг нь дагаж, манай 2 нөгөө мөрийг нь мөрдөж яваад би илрүүлсэн. Хил зөрчигч бутны ард нуугдаж доош суусан байдалтай байсан. Би халдвар хамгааллын дэглэмийг сахиж зайнаас харьцаж, юун хүн ямар зорилгоор явж байна гэж асуусан. Хил зөрчигч Өвөр монгол хүн. Эхнэр хүүхэд дээрээ очих гэж явна гэж хариулсан. Тэгээд энгийн тусгай томилгоот бүлгийг дуудан, халдвар хамгааллын хувцас өмсүүлж, ангийн байрлалд авчирсан. Хил зөрчигч эсэргүүцэл үзүүлээгүй. Монголоор сайн ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09-р сарын 21-ний өдрийн өглөө 5-7 цагийн хооронд хилийн 810-812 дугаар баганын хооронд хилийн мөр хянах зурвас болон торон хамгаалалтыг шалгахаар би, О.П-тэй хамт явсан. Уг шалгалтаар ямар нэг сэжигтэй, мөр илэрсэн байж болох шинж тэмдэг ажиглагдаагүй. Энэ талаараа харуулын томилгооны хуваарь дээр тэмдэглэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хил зөрчигч мөр хянах зурвасыг дагаж голцуу өвсөн дээгүүр алхаж явж байгаад мөр хянах зурвасыг харайж гарсан байдаг. Тэгээд хамгаалалтын торон хашааны доогуурх газрыг ухаж хөндийлж байгаад нуруугаараа хэвтээд дээшээ харж торон хашааг гараараа өргөж байгаад нутгийн гүн рүү гарсан байсан. Мөр үлдсэн газарт хил зөрчигчийн гадуур хувцасны мөр болон тохойны мөр тод үлдсэн байсан. Би яг барьж саатуулах ажиллагаанд оролцоогүй. Хилийн манааны үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128/,
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би С.Ц гэдэг хүнийг танина. Түүнийг Ц гэж гэр бүлийнхэн нь дууддаг... Ц 2019 онд байхаа Монголд ирж ажиллаж байсан юм билээ. Тэр үедээ уулзъя гэдэг байсан ч би зөвшөөрдөггүй байсан. Улаанбаатар хот Их дэлгүүр дээр ирчихсэн байна уулзъя гэж байсан. Түүнийг Монголд байх хугацаанд нь ерөөсөө уулзаагүй. Яагаад гэвэл фейсбүүк найз болохоор нэг их итгээгүй байсан. Тэгээд бид хоёрын харилцаа гүнзгийрсэн бөгөөд Ц надад “чи урилга явуулаад намайг татаад Монгол руу дуудаач” гэж байсан. Би бүтэн 2 жил хөөцөлдөж үзсэн ч болохгүй байсан. Түүнийг Монголд ороод ирвэл бид 2 хамт амьдрах хүсэлтэй байгаа... Тиймээ би түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаа талаар мэдэж байсан. Ц 2021 оны 09-р сарын 10-ны үеэр байхаа “зөндөө урт хугацаанд хилээр гарах гэж хөөцөлдлөө, ямар ч арга байхгүй байна, энэ ковид чинь 2025 он хүртэл үргэлжлэх юм байна, тэр болтол хил нээгдэхгүй, хил нээхийг хүлээсээр байтал амьдрал ахуй хэцүүдлээ, тийм учраас сүүлийн арга хэмжээ хил зөрчих санаа байна, аз байвал чам руу очно” гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй түүнд улсын хил аюултай, хэрэггүй гэж хэлсэн чинь “аав, та хоёр л зөвшөөрөхгүй байна” гэхээр нь би “тэгвэл хоёулаа харилцаагаа дуусгая, амьд явж байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хэдэн өдөр муудалцсаны дараа Ц “би хөдөөллөө хил давна” гээд шийдчихсэн байсан. Тэгэхээр нь би “чамайг бурхан ивээг” гэж хэлсэн. Би ч тухайн үед тоглоод байна гэж бодсон чинь хэдэн өдөр таг чиг алга болсон. Тэгээд фейсбүүк дээр 2021 оны 09-р сарын 21-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны У гээд гэрийн хаягтай иргэн, эрэгтэй, өнгөлөн далдлах хувцастай, дурантай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүн улсын хилээр 7,6 км газарт саатуулсан талаар мэдээлэл явж байхаар нь Ц-г байна гэж мэдсэн. Тэрнээс хойш одоог хүртэл холбоо бариагүй байна. Ямар ч байсан хил гарчихлаа гээд над руу хятад дугаараасаа залгаад утас нь тасарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/,
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би С.Ц буюу Ц-г танина. Бид хоёр анх фейсбүүкээр танилцсан. Үүнээс хойш харилцаатай болсноор 3 жил гаран болж байна... надад их тус болсон. Хүн чанар сайтай. Тэгээд л ярьж харилцсаар байгаад хайр сэтгэлийн харилцаатай болсон. Бид 2 хамт амьдраад 3 сар орчим болсон. Би Ц-н хамт Эрээн хот руу хэдэн удаа явж байсан. Уг нь цаашаа Өвөр монгол руу аав ээж рүүгээ явна гэж байгаад чадаагүй. Тэгээд нэг урагшаа явчихаад буцаад ороод ирсэн чинь хил хаагаад Ц маань наашаа ирж чадаагүй Хятадад байгаа. Ц наашаа ирмээр байна. Яаж ийж байгаад очно гэж ярьдаг байсан. Хятадын хилийг зөрчөөд гарахад Монголчууд маань намайг буудчихгүй байх гэж байсан удаа бий. Би хил зөрчиж Монгол руу орж ирнэ гэж мэдээгүй... тоглоод байна гэж бодсон чинь сая хил зөрчсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134/,
Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оноос хойш Ц хил зөрчих талаар ярьж байсан. Яагаад хил зөрчих гэж байгаа талаараа надад “хятад цагдаа нар намайг зодсон. Миний ви чат хаасан. Бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байна гээд зураг явуулах, намайг хятадууд алах гээд байна би энэ орноос явмаар байна” гэдэг байсан... Надад сая хил зөрчих гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Ц Монголд орчуулагчаар ажиллаж байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-138/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,
- 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 2-46/4225 тоот хил хамгаалах ерөнхий газрын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 24-25/,
- Хил зөрчигчийн гэрэл зураг /хх-ийн 19-22/,
- 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 4/5024 тоот Мобиком Корпораци ХХК-ний мессеж дугаарын жагсаалт /хх-ийн 28-48/,
- 2021 оны 09-р сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-60/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/,
- Ч.Д-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-91/,
- Л.Т-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-97/,
- Шүүгдэгч С.Ц-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148/,
- Шүүгдэгч С.Ц хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 157/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С.Ц нь 2021 оны 09 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн зүүн талаар боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.Ц-н уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С.Ц нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.П-н “...Хилийн заставын хугацаат цэргийн алба хаагч О.П би 2011 оны 09-р сарын 21-ны 21 цагаас 05 цагийн хооронд хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад хилийн 811 дүгээр тэмдгийн чиглэлд мөр хянах зурваст 1 явган хүний мөрийг илрүүлж шуурхай жижүүрт мэдэгдсэн. Шуурхай жижүүрийн ангийн болон салбаруудын тусгай томилгоот бүлэг, хаалт манаануудыг үүрэг гүйцэтгүүлэн хил зөрчигчийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бид 2 мөр илрүүлсэн хэсэгтэй хаалт манаанд үүрэг гүйцэтгэсэн...” гэсэн, гэрч Г.Т-н “... Харуулын дарга Д.Г, Ш.Б нар илрүүлж, мөрөөр нь мөрдөж байсан. Би араас нь очиж мөрдөлтийг хамт зохион байгуулсан. Бид 3 хил зөрчигчийг мөрөөр нь мөрдөж байсан. Гэтэл 2 тийшээ явсан мөр таарч би нэг мөрийг нь дагаж, манай 2 нөгөө мөрийг нь мөрдөж яваад би илрүүлсэн...” гэсэн, гэрч Ч.Д-н “...Тиймээ би түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаа талаар мэдэж байсан. Ц 2021 оны 09-р сарын 10-ны үеэр байхаа “зөндөө урт хугацаанд хилээр гарах гэж хөөцөлдлөө, ямар ч арга байхгүй байна, энэ ковид чинь 2025 он хүртэл үргэлжлэх юм байна, тэр болтол хил нээгдэхгүй, хил нээхийг хүлээсээр байтал амьдрал ахуй хэцүүдлээ, тийм учраас сүүлийн арга хэмжээ хил зөрчих санаа байна, аз байвал чам руу очно” гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй түүнд улсын хил аюултай, хэрэггүй гэж хэлсэн чинь “аав, та хоёр л зөвшөөрөхгүй байна” гэхээр нь би “тэгвэл хоёулаа харилцаагаа дуусгая, амьд явж байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хэдэн өдөр муудалцсаны дараа Ц “би хөдөөллөө хил давна” гээд шийдчихсэн байсан. Тэгэхээр нь би “чамайг бурхан ивээг” гэж хэлсэн. Би ч тухайн үед тоглоод байна гэж бодсон чинь хэдэн өдөр таг чиг алга болсон...” гэсэн, гэрч Л.Т-н “...2019 оноос хойш Ц хил зөрчих талаар ярьж байсан. Яагаад хил зөрчих гэж байгаа талаараа надад “хятад цагдаа нар намайг зодсон. Миний ви чат хаасан. Бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байна гээд зураг явуулах, намайг хятадууд алах гээд байна би энэ орноос явмаар байна” гэдэг байсан...” гэсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 2-46/4225 тоот хил хамгаалах ерөнхий газрын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ц нь Монгол Улсын иргэн О.Б-тай хамтран амьдарна гэх бөгөөд О.Б нь Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороо Амины орон сууц ... тоотод оршин суудаг болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шүүх шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц-г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий 1 нүдний дуран 1 ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөг далдлалтын хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий нүдний дуран 1 ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөг далдлалтын хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н