Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д /онлайн/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Д аймгийн У сум 3 дугаар баг Ц гэх газарт оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 09 сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Б овогт Б.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант 3 дугаар багийн Ц гэх газарт Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ц” гэх нэртэй газарт нутагладаг. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би хонио услах гээд “Ц-н” худгийн зүүн урд байж байхад тус багийн иргэн Б эгч миний хажуу талд морьтой хүрээд ирсэн. Тэгээд надад хандаж “Хөвсгөл сумын харьяат айл хөөсөнгүй гэж надад уурлаад” миний толгой тус газар 2-3 удаа мориныхоо цулбуураар ороолгосон тэгэхлээр нь би зөрүүлээд малын шилбүүрээр 2-3 удаа нуруу болон хөл хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд Б морьтойгоо Д-н гэр лүү яваад өгсөн. Би араас нь Д-н гэрийн гадаа ирэхэд чи намайг гэрчтэй газар алчих гээд мөн намайг 2-3 удаа цулбуураар ороолгосон. Тэгээд би Д-н гэрт яваад орсон... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 219,000 төгрөг нэхэмжилснээс 130,000 төгрөгийг хурлын өмнө өгсөн, үлдсэн 89,000 төгрөгийг 2, 3 хоногоос өгнө... Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, ойлгосон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25/,

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Дорноговь аймгийн Улаанбадрах сум Аргалант 3 дугаар баг Ц гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б гэх хүнтэй газар нутаг бэлчээрийн маргаанаас болж бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгсэн чинь Б.Б гартаа шилбүүр барьсан байсан ба миний толгой руу шилбүүрээрээ 3-4 удаа цохихоор нь би гараараа хааж өөрийгөө хамгаалахад миний гарын булчин хэсэг болон хөлийн булчин хэсэгт олон удаа цохьсон одоо болтол хөхөрч цус хурсан байдалтай байгаа. Б.Б бид хоёр Д гэх айлын гадаа муудалцсан. Бид хоёрын хажууд Д гэх хүн л байсан өөр хүн байгаагүй. Миний биед гэмтэл учирсан асуудлаар Сайншанд сум руу гурав удаа машинаар явсан бензин 45 литр, Улаанбадрах сум руу 1 удаа машинаар явсан 15 литр, мотоциклтой 1 удаа 8 литр бензиний мөнгө нийт 163,800 төгрөг, эмчилгээний зардал 56,000 төгрөг нийт 219,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 31/

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх нэртэй газар нутагладаг. 2021 он 09 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад мотоцикл дуугараад мотоциклтэй Д.Б ирсэн. Удалгүй 3 дугаар багийн малчин Д.Б морьтой ирсэн. Тэгээд Д.Б, Д.Б хоёр гэрийн гадаа бэлчээрээс болоод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Д.Б нь морио унаад гэрийн гаднаас яваад өгсөн. Д.Б, Д.Б нар гэрийн баруун урд талд байдаг усан дээр муудалцаж байгаад манай гэрийн гадаа ирсэн юм шиг байна лээ. Би яг нэг нэгийгээ цохиж, зодож байсан талаар хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 02/0262 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Иргэн Д.Б-н биед тархи доргилт,  баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-38/,

- Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар  /хх-ийн 45-46, 48-50,/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар нутаг бэлчээрийн маргаанаас болж Д.Б-тэй маргалдаж улмаар шилбүүрээр ороолгосон үүнээс болж түүний биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Б-н “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б гэх хүнтэй газар нутаг бэлчээрийн маргаанаас болж бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгсэн чинь Б.Б гартаа шилбүүр барьсан байсан ба миний толгой руу шилбүүрээрээ 3-4 удаа цохихоор нь би гараараа хааж өөрийгөө хамгаалахад миний гарын булчин хэсэг болон хөлийн булчин хэсэгт олон удаа цохисон одоо болтол хөхөрч цус хурсан байдалтай байгаа...” гэсэн, гэрч Д.Д-н “...2021 он 09 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад мотоцикль дуугараад мотоцикльтой Д.Б ирсэн. Удалгүй 3 дугаар багийн малчин Д.Б морьтой ирсэн. Тэгээд Д.Б, Д.Б хоёр гэрийн гадаа бэлчээрээс болоод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Д.Б нь морио унаад гэрийн гаднаас яваад өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0262 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Б-н нэхэмжилсэн 219,000 төгрөгнөөс 130,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 89,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Б нь 219,000 төгрөг мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилснийг шүүгдэгч төлөхийг зөвшөөрч 130,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 89,000 төгрөгийг төлнө гэсэн тул шүүх хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б /РД:.../-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Б-г дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 89,000 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Улаанбадрах сум Аргалант 3 дугаар баг Ц гэх газар оршин суух, Б овогт Д.Б-д олгосугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н