Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/929

 

 

 

2021         08           19                                  2021/ШЦТ/929

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч К.Чимгээ,

Гэрч Т.Н,

Хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Л,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Д-д холбогдох эрүүгийн 2106 01297 1156 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ...................

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа  хохирогч Ж.Б-ийг түлхэж тогоотой халуун шөл дээр унаган биед нь  баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Нын гэрт очоод сууж байхад Ч, Н болон мөн нэг залуу нар усанд явчихаад ирэхдээ 1 ширхэг том пиво, 1 ширхэг 750 граммын шилтэй архи авч ирсэн. Үүнийгээ ууж, идээд бүгд орой болтол сууцгаасан. Тэгээд би 17 цагийн үед нөхөртөө явъя гэж хэлчихээд хүүхдээ хувцаслаад сууж байх үед М манайд хоночих, яах гээд явах гэж яараад байгаа юм бэ, хоночих гээд гуйхаар нь үгүй, харина гэж хэлээд хүүхдээ хувцаслаж байхад хүүхдийг маань шүүрээд авсан. Манай хүүхдийг шүүрч аваад Б-т өгчихсөн. Б манай 1 настай хүүхдийг аваад цаашаагаа яваад галын урд талд сандал дээр сууж байсан. М намайг учиргүй алгадаад, заамдаж авч унагаагаад дээрээс дарж суучихаад босохгүй байсан. М-тай ноцолдож байгаад нэг харахад Б үүд хавьцаа газар уначихсан хүүхэд уйлж байсан. Тэгээд М-д хүүхэд уйлаад байна дээрээс босооч гэж хэлэхэд босохгүй байсан. Гаднаас , Ч хоёр орж ирсэн. Н нь М-ыг одоо болно, больцгоо гэж хэлээд миний дээрээс авсан. Би газраас өндийж босоод 2 хүүхдээ хувцаслаад гараад явсан. Намайг гараад явчихсан хойгуур хэрэгтэн болгож, бүх бурууг над руу чихсэн. Би тухайн үед хүн түлхээгүй. Би түлхсэн бол үнэнээ хэлнэ.” гэв.

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед намайг зуухны урд талд сууж байх үед Д явъя гэж уурлаад М-тай зодолдож эхэлсэн. М надад Дгийн хүүхдийг аваад гарч бай гэж хэлсэн. Намайг гарах хооронд Д ард талаас татаад хүүхдээ авчихаад намайг түлхчихсэн. Би тэр үед хажуу талаараа тогоонд холбироод унасан. Д намайг түлхээгүй гээд нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна” гэв. 

Гэрч Т.Н шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйлийг бага хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд гэртээ ирсэн хүмүүст гал дээр хоол хийж өгч байсан. Д, М нар хэрэлдэж байх үед Б Д-гийн хүүхдийг тэвэрчихсэн сууж байсан. Намайг аяга авах гээд эргээд харахын хооронд Б тогоотой хоолон дээр уначихсан, Д хүүхдээ аваад гарч байсан. Би тухайн үед Д-г Б-ийг түлхээд унагачихлаа гэж харсан. Энэ талаараа мөрдөгчид хэлсэн байгаа” гэв. /хх-ийн 22 дугаар хуудас/,

Эрүүгийн 2106 01297 1156 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай найз М ирээд гэр рүүгээ хамт явъя гэж хэлсэн. М-ын гэрт Ц, Д, түүний нөхөр Ч гэх зэрэг хүмүүс байсан. Бид 5 шил архи хувааж уусан.Орой 19 цагийн орчимд Д өөрийн нөхөр Ч-г надтай хардаад цохиж нүдээд байхаар нь би чимээгүй сууж байсан. Тухайн үед М Д-д хандаж чи нөхрөө ингэж болохгүй гэж хэлэхэд Д уурлаж М-тай ноцолдоод байсан. Би тэр хоёрыг салгах санаатай голоор нь орох үед Д намайг чи цаашаа байж бай гээд миний цээж хэсэг рүү түлхсэн чинь би унахдаа гал дээр байсан тогоотой халуун шөлөнд түлэгдчихсэн. Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б гэх хүнийг танихгүй. Тэр өдөр л Ч буюу Чука дуудаж ирүүлсэн. Тухайн үед тэд нар согтчихоод Д нь нөхөр Чыг Б-тэй хардаад хэрүүл, маргаан үүсгэж эхэлсэн. Тэр үед Б нь тэдний нялх хүүхдийг тэвэрчихсэн сууж байгаад Д рүү дөхөөд очтол Д нь Бээс хүүхдээ авангуутаа Бийг түлхчих шиг болсон. Тэгээд Б мах чанаж байсан тогоотой шөлөнд түлэгдээд унасан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д намайг элдэв бусаар хэлээд байхаар нь би уурандаа Д-г 2-3 удаа алгадсан. Бид 2 маргалдаад барьцалдаж авах үед Б бид хоёрыг салгах гээд голоор орох үед гал дээр байсан тогоотой хоол асгарсан ба тухайн хоолны шөлөнд Б түлэгдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2959 дугаартай: 1. Ж.Б-ийн биед баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Б-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Б-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Д-гийн хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа  Ж.Б-ийг түлхсэний улмаас хохирогч тогоотой халуун шөлөнд унаж, хохирогчийн биед баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б, гэрч Т.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2959 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Л нар улсын яллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нар нь хохирогч Ж.Б-т хохирол учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Г.Д-гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Ж.Бийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь гэрч Т.Н-ын “...Д нь Бээс хүүхдээ авангуутаа Бийг түлхчих шиг болсон. Тэгээд Б мах чанаж байсан тогоотой шөлөнд түлэгдээд унасан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч О.М-ын “...Б бид хоёрыг салгах гээд голоор орох үед гал дээр байсан тогоотой хоол асгарсан ба тухайн хоолны шөлөнд Б түлэгдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2959 дугаартай: 1. Ж.Б-ийн биед баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д-гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-гийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”,

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулах боломжгүй гэж шүүх үзлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Д-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 276.500 төгрөгийг гаргуулж  хохирогч Ж.Б-т олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, хохирогч Ж.Бийн өмгөөлөгч Г.Л улсын яллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэм буруугүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Улсын яллагчаас Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Д-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гээс 276.500 төгрөгийг гаргуулж ............ тоотод оршин суух, утас:............, ............., РД:.............. регистрийн дугаартай хохирогч Б овогт  Ж.Б-т олгосугай.

7.  Шүүгдэгч Г.Д нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА