Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0394

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0394

Улаанбаатар хот

 

 

 

                               Ж.Э****ийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                     хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Э****,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Э****,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 дугаар захирамжийн улмаас учирсан хохирол 20 сая төгрөгийг гаргуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0283 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Э****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***,

Хэргийн индекс: 128/2022/1047/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Э****өөс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 дугаар захирамжийн улмаас учирсан хохирол 20 сая төгрөгийг гаргуулах” -аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0283 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э****өөс гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн манай гаражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. “...энэ автомашины зогсоол нь 1993 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн нийслэлийн Засаг дарга н.Б***ын А/36 дугаар захирамжаар автомашины зогсоол барих зориулалтаар олгогдсон газар баригдсан. Гараашийг тухайн үед 4000 доллароор худалдаж авч,  3-4 сая төгрөгийн нэмэлт засвар хийсэн.

3.2  2009 онд Сүхбаатар дүүргийн газрын албанаас надад албан ёсны тамга тэмдэг бүхий кадастрын зургийг албан ёсоор баталгаажуулж өгсөн. ... 2009-2021 он хүртэл жил бүр газрын төлбөрийг ямар ч асуудалгүй төлж байсан. Газрын төлбөр төлсөн баримт хэргийн материалд авагдсан.

3.3. Манай тэр хавийн зарим гараашийг авлига юм уу,арын хаалгаар уу газрын гэрчилгээ авсан яагаад иргэдийн заримд өгөөд заримд өгөхгүй ялгаварлан гадуурхаж байгааг ойлгохгүй байна” гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 дугаар захирамжаар “Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилга, газар чөлөөлөх байршлуудыг баталж”, уг захирамжийн хавсралтын 90 дугаарт “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно 22 ширхэг гараж” гэж заасны дотор нэхэмжлэгч Ж.Э****ийн эзэмшлийн гараж багтсан.

4.  Нэхэмжлэгчийн хувьд тухайн гараж байрлаж буй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй. Нэхэмжлэгчээс “... тухайн гаражийг 2004 онд худалдан авсан” хэмээн тайлбарлан, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №7/250 дугаар Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг үндэслэн тухайн гараж байрлаж буй газрыг эзэмших, ашиглах эрхтэй болсон хэмээн тайлбарлаж байх боловч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3.-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах” хэмээн,

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.19-д “нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” хэмээн,

 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” хэмээн тус тус заасан.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд гаргасан захиргааны акт байх бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээд болох нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших, ашиглахтай холбоотой хуулиар хамгаалагдах эрх үүсээгүй.

 Энэ нөхцөл байдалтай холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт гэж дүгнэн, түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

7.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                          ШҮҮГЧ                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

                                     ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА