Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 46

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга: Э.Бат-Оргил

     Улсын яллагч: Д.Ганчимэг

Шүүгдэгч Н.Галсандагва, түүний өмгөөлөгч Б.Батчимэг

Шүүгдэгч Р.Ганхүлэг, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нарт холбогдох 201608000036 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Гачин овгийн Норовнямын Галсандагва /РД:ЗЛ92121111/, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүлийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Жаалаа овгийн Раднаабазарын Ганхүлэг /РД:ЗЛ90062519/, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сээрийн булаг гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэр 9 дүгээр байрны гадаа зогсож байсан 10-27 ГСА улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч аккумлятор 1 ширхэг, шүрэн толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлан авч иргэн Ц.Нямжавт 690000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэр 9 дүгээр байрны гадаа зогсож байсан 10-27 ГСА улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч аккумлятор 1 ширхэг, шүрэн толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлан авч иргэн Ц.Нямжавт 690000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Галсандагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хамаатны ах болох Алтанхүүгийнд нүүрс буулгаж өгчихөөд буцаад явж байтал машины авкумлятр суугаад гэртээ алхаж ирсэн. Гэртээ ирчихээд байж байтал Р.Ганхүлэг манайд хүрээд ирсэн. Бид хоёр хоол хийж идчихээд, жоохон зурагт үзэж байгаад гараад байрны гадаа зогсож байсан авто машины авкумлятрыг хулгайлсан. Намайг машины авкумлятрыг хулгайлж байхад Р.Ганхүлэг машины хаалга онгойлгоод дотор нь байсан цагаан өнгийн хөөргийг хулгайлсан байсан. Хөөргө авснаа надад явж байхдаа хэлсэн. Хохирол төлбөрөө барагдуулсан. Хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

2. Шүүгдэгч Р.Ганхүлэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тэгээд бид хоёр Галсандагвынд байж байгаад 00 цагийн үед гарсан. Гарахдаа Галсандагва бид хоёр машинаа асаая аккумлятор хулгай хийе гэж ярилцсан. Хулгай хийх санааг анх Галсандагва гаргасан. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад Шивээговь сумын байрнуудын дундуур явж байгаад байрны гадаа ил зогсоол дээр хойшоо хараад зогсож байсан Бонго G3 маркийн цэнхэр өнгийн автомашинаас аккумляторыг нь хулгайлсан. Харин би машиных нь хаалгыг нь татахад онгорхой байхаар нь кабинаас нь цагаан өнгийн чулуун хөөрөг хулгай хийсэн. Хулгайлж авсан зүйлээ эзэнд нь буцааж өгсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

3. Хохирогч 1952 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зуумай гэх газар нутаглах, Ц.Нямжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед би хүү Отгонболдын хамт Бонго G3 маркийн автомашинтай Шивээговь суманд ирсэн юм. Тэгээд 9 дүгээр байрны урд талын зогсоолд машинаа орхичихоод 9-р байранд хүүгийн найз Алтан-Одынд хоноцгоосон юм. Тэгээд маргааш өглөө нь босоод ирсэн чинь машины аккумлятор алга болсон байсан. Тэгээд машин дотор байсан эд зүйлээ үзэхэд машины кабинд байсан цагаан өнгийн чулуун хөөрөг бас алга болсон байсан. Алдсан зүйлээ бүрэн бүтнээр нь эргүүлэн авсан надад одоо гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 дугаар хуудас/

 

4. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 тоот дүгнэлтэнд: Р.Ганхүлэг нь хэрэг үйлдэх үедээ Оюун ухааны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн өвчтэй байсан байна. Оюун ухааны хөнгөн хомсдол өвчний үед өөрийн түвшинд өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдан чадаж байдаг. Р.Ганхүлэг нь одоо Оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй байна. Р.Ганхүлэг нь өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Р.Ганхүлэг нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадна. Р.Ганхүлэгт албадан эмчилгээ шаардлагагүй. Харин харъяалалын дагуу сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орох нь зүйтэй.

Комиссын дарга Н.Туяа, гишүүд С.Дашпэлжээ, Д.Лянхуа гэжээ. /х.х-ийн 124, 125 дугаар хуудас/

 

 

5. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 36 дугаар хуудас/

 

6. Үнэ тогтоох комиссын шийдвэр, Эд зүйлийн үнэлгээ №40 /х.х-ийн 67, 122 дугаар хуудас/

 

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 79-82 дугаар хуудас /

 

8. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 84-86 дугаар хуудас/

 

9. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /х.х-ийн 103, 104 дүгээр хуудас/

 

10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 127-129 дүгээр хуудас/

 

Иймд шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нарыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Нямжав нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Р.Ганхүлэгийн төрсөн эцэг Норовын Раднаабазарын А дансанд бүртгэлтэй байгаа малаас 1 тооны шүдлэн ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Н.Галсандагвын эзэмшлийн БНХАУлсад үйлдвэрлэсэн хар өнгийн 19 инчийн SHARP маркийн өнгөт зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн 1 тооны шүдлэн ямааг шүүгдэгч Р.Ганхүлэгийн төрсөн эцэг Н.Раднаабазарт, битүүмжлэгдсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн хар өнгийн 19 инчийн SHARP маркийн өнгөт зурагт 1 ширхэгийг шүүгдэгч Н.Галсандагва нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Галсандагва нь Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон ч тус шийтгэх тогтоолоор цагаатгагдсан байх тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  286,  297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гачин овгийн Норовнямын Галсандагва, шүүгдэгч Жаалаа овгийн Раднаабазарын Ганхүлэг нарыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Галсандагвын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Ганхүлэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нарт тус тус оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 1 тооны шүдлэн ямаа, БНХАУлсад үйлдвэрлэсэн хар өнгийн 19 инчийн SHARP маркийн өнгөт зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Галсандагвад  оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар, шүүгдэгч Р.Ганхүлэгт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тус тус тогтоон, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Галсандагва, Р.Ганхүлэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      О.ОДНЯМАА