Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 849

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00466 дугаар шийдвэртэй, О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ганзоригт холбогдох,

 

Автомашины үнэ 4 800 000 төгрөг, зээл гэх 400 000 төгрөг, баарны төлбөрт төлүүлсэн 128 500 төгрөг, нийт 5 328 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй, хамт амьдарч байхад бизнесээс олсон ашиг 5 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Оюунтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

Хариуцагч О.Ганзориг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Ганзориг нь надтай 2014 оноос хойш 1 жил 8 сар манай гэрт хамтран амьдарч, цаашид амьдрахаар ярилцсан учир би дүү н.Болорсанаагаас 7 000 000 төгрөг зээлж, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр машин авахаар болсон. Намайг машин авах хүнтэй ярьж байх зуур О.Ганзориг нотариат ороод өөрийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлсэн байсан. Ингээд би машины үнийг төлж, О.Ганзоригийн нэр дээр бичиг баримттай болсон, урд 2 дугуйг 70 000 төгрөгөөр сольж,  торгуулийн 60 000 төгрөгийг төлсөн.

Гэтэл машин авснаас хойш О.Ганзориг гэрт ирэх нь багасаж алга болсон, түлхүүр надад байгаа, харин хуулбар хувь О.Ганзоригт байгаа. Тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, архи уудаг, ямар нэгэн орлогогүй байтлаа баар ресторан хэсч зарлага их гаргадаг. Тооцоог би бэлнээр болон дансаар өгч байсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 10-нд шинэ жил тэмдэглэнэ гээд дансаар 100 000 төгрөг, 2016 оны 4 сард малчдад туслах аян явагдаж байгаа түүнд 100 000 төгрөг шилжүүл гэхээр нь тус тус шилжүүлсэн. Зээл гэж дансаар 20 000, 15 000, 50 000 төгрөг, нийт 400 000 төгрөгийг нэхэмжилнэ. Бааранд архи ууж зугацаад, төлбөрөө төлж чадахгүй намайг дуудаж би 128 500 төгрөгийг төлсөн баримт байгаа тул эдгээрийг тооцоно.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт бизнес хийе гэж 1 000 000 төгрөг бэлнээр наймаанд оруулж ОХУ-аас 30 хайрцаг тахиа оруулж зарсан. Энэ мөнгөө 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны дансаар буцааж авсан. Наймаанд явахад түүнийг дагуулж явахгүй бол архи ууж, өр тавьж асуудал үүсгэдэг, түүнээс биш хамт бизнес хийе, ашгаас 20 хувийг өгнө гэж яриагүй. Мөн хувцас авч өгч, бүх хэрэглээг дааж  байсан. Бид 2 удаа үр суулгахаар болж 8 сая гаруй төгрөг зарцуулсан боловч амжилтгүй болсон. О.Ганзоригоос дансаар шилжүүлсэн 400 000 төгрөг, бар рестораны тооцоонд төлүүлсэн 128 500 төгрөг, машины үнэ 4 800 000 төгрөг, нийт 5 328 500 төгрөгийг гаргуулана гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Оюунтуяагийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Машиныг 4 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг би байгуулж худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүнээс 1 000 000 төгрөгийг зээлж, О.Оюунтуяагийн наймаанд оруулж, тахианы мах, бусад барааг авчирч борлуулсан, зараад ашгаа хуваахаар тохирсон. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24 хүртэл ОХУ руу нийт 7 удаа явж, нийлүүлсэн мөнгөө 5 000 000 төгрөг болтол өсгөсөн. О.Оюунтуяа борлуулалтаа хариуцаж, би бараа зөөх, захуудад тараах ажлыг хийдэг байсан.

Анх танилцахад насаа дарж хэлсэн, 11 насаар эгч гэдгийг сүүлд мэдсэн. Намайг яаманд ажилд орсны дараа аав, ээж, ах дүүсдээ танилцуулахдаа миний насыг 5 насаар нэмж бүгдийг хуурсан. Өөрийнхээ ажилд туслаад 20 хувийн ашиг ав гэж амаар тохиролцсон. Сард дунджаар 4-7 сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан ч надад ашиг өгч байгаагүй. Хүүхэдтэй больё гэхэд нь зөвшөөрсөн ч үр тогтож эхэлсэн цагаас намайг хөөж, чамаас авах юм аа авсан гэж хэлдэг болсон. Надаас хүүхэд хүсч, ашиглах зорилготой байсныг ойлгоод холдсон. Салснаас хойш өдөрт 15-20 удаа мессеж бичиж, дарамтладаг. Сүүлдээ гэр бүл, дүү, хүргэн бүгдэд мессеж бичиж доромжилдог болсон. Харин ч би машин оролцуулаад цаана нь 9 600 000 төгрөг авах эрхтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

О.Оюунтуяа бид 2014 оны 12 сараас бизнес хамтарч хийж, ашгийн 20 хувийг надад өгөхөөр амаар тохиролцсон, яаманд 3 сар ажиллах хугацаанд ОХУ 2 удаа өөрийн биеэр явж захиалгаар ирсэн барааг захуудад тараах ажил гүйцэтгэж байсан. Бид бизнес хийж байхдаа сард 4-7 сая төгрөгийн ашиг олдог байсан, 1 000 000 төгрөг зээлж наймаанд оруулж тахианы мах авчирч борлуулсан. ОХУ-д нийт 16 удаа хамт явж, дээрх мөнгө 2 сарын хугацаанд 3 500 000 төгрөг болтол өссөн. Зээлсэн 1 000 000 төгрөгийг буцааж өгч, надад 2 500 000 төгрөг үлдсэн. Тэр мөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 5 000 000 төгрөг болтол өсгөсөн. Иймд О.Оюунтуяагаас хамтран бизнес хийж олсон ашиг 9 600 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

О.Ганзориг ямар ч үндэслэлгүй, өөрийнхөө буруу үйлдлийг хамгаалж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хамтын амьдрал үүсгэж, гэр бүл болно гэж итгэсэн. Гэртээ үлдээх нь асуудалтай байдаг тул хэд хэдэн удаа дагуулж явсан. Хэдэн хайрцаг тахиа оруулж ирээд найз, нөхөд, гэр бүл, хамаатандаа зарж, үлдсэнийг нь О.Ганзоригийн аав, ээж, дүү нарт өгсөн. Нэг жил найман сарын хугацаанд тэжээлгэж, хувцаслуулж, орогнох байрны мөнгөө төлүүлсэн. Хамтран ажиллаж ашиг өгөхөөр тохирсон зүйл байхгүй тул О.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О.Ганзоригоос 2 633 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 2 950 500 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 98 150 төгрөг, хариуцагчийн төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 57 078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. О.Оюунтуяатай танилцан 1 жил 8 сарын хугацаанд Орос улсад 16 удаа бизнес хийхээр хамт явсан, борлуулалт хийсэн гэдгийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Энэ хугацаанд 300 000 000 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан боловч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийг дундаа хэсгээр өмчлөгчид өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн хуваах хуулийн заалт байхад баримталсангүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй. О.Оюунтуяа 300 000 000 төгрөгийн орлогоос ашиг хүртээгээгүй мөртлөө миний оруулсан 1 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 удаа Орос явж бизнес хийгээд 5 000 000 төгрөг болгон өсгөж автомашин худалдаж авсныг хувааж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй. Зөвхөн миний машин дээр дундын өмчийн талаар хууль хэрэглээд бусад 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуваах асуудлыг шийдвэрлээгүй. Би хүч хөдөлмөрөө гаргаж хөрөнгө оруулалт босгосон байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлээгүй. Бид хүсэлт гаргаж О.Оюунтуяагийн Хаан банкны дансны хуулгыг авч хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон байхад шүүх зөв үнэлсэнгүй.

Би өөрийн хөрөнгө оруулалтыг хийж, хүч хөдөлмөрөөр олсон автомашинаа өөрөө авмаар байна. Машин хэд хэдэн удаа эвдэрсэн учир нийт 2 850 000 төгрөгийн өр зээлтэй болсон. Шүүх шийдвэрээ гаргахдаа дараах зүйлсийг харгалзаж үзнэ үү. О.Оюунтуяа ХЗХ-оос 30 000 000 төгрөгийн зээл авч эргэлдүүлж байна гэж шүүх дүгнэсэн. Тэгвэл зээлээ төлж барагдуулахад намайг ашиглаж байсан гэж үзэж байна.

Шийдвэрт хоёр удаа үр суулгасан гэж бичсэн, тэгвэл нэг л удаа үр суулгуулсан, энэ үед би согтуу байгаагүй. Харин ч надтай амьдарч байх хугацаанд өөр хүнээс хүүхэдтэй болохоор үр суулгуулж байсныг би сүүлд мэдсэн. Би энэ хүнтэй цаашид амьдрахаар төлөвлөж, олж байсан орлогоо хамтын хөрөнгө гэж ойлгож байсан. Гэтэл 5000-10000 төгрөг өгсөн ч дансны хуулга дээрээ Ганзоригт гэж бичиж байсан нь надаас үр хүүхэд, хөдөлмөрийг минь шулж мөнгө төгрөгтэй болоод холдох төлөвлөгөөтэй байсан байна.

Мөн шийдвэрт О.Оюунтуяагийн хэлсэн зүйлийг тусгаад миний хэлж байсан ярьсан зүйлийг оруулж өгөөгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 20-нд О.Оюунтуяагаас холдон, 2016 оны 9 дүгээр сард өөр бүсгүйтэй танилцаж одоо 4 сартай жирэмсэн. Гэтэл шийдвэрт Оюунтуяатай амьдарч байхдаа өөр бүсгүйтэй болсон мэтээр бичсэн байна. О.Оюунтуяа манай ээж, ах, дүүс, сүүлд танилцсан бүсгүй рүү хараалын үг бичиж сэтгэл санааг нь үймүүлж, жирэмсэн эмэгтэйн ажлын газар нь очиж миний цээж нүцгэн зургийг үзүүлж, одоо хүртэл үргэлжилж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитоор харьцуулан, тухайн хэрэгт хамаалатай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч О.Оюунтуяа нь хариуцагч О.Ганзоригт холбогдуулан хамтран амьдрах хугацаанд худалдан авсан автомашины үнэ 4 800 000 төгрөг, зээлээр өгсөн 400 000 төгрөг, түүний өмнөөс бусдад төлсөн 128 500 төгрөг, нийт 5 328 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллаж олсон ашиг гэх 5 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Тоёото Приус загварын автомашиныг 4 700 000 төгрөгөөр худалдан авч, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хариуцагч О.Ганзоригийн нэр дээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч О.Оюунтуяа нь дээрх эд хөрөнгийг бусдаас зээлсэн мөнгөөр худалдан авсан гэснийг, хариуцагч О.Ганзориг үгүйсгэж хамтран худалдаа наймаа хийхэд оруулсан 1 000 000 төгрөгийн ашиг орлогоос бий болсон хөрөнгө гэж мэтгэлцэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийг талууд хэсгээр өмчлөх эрхтэй бөгөөд тухайн этгээд өөрт ногдох хэсгийг салгаж авах, боломжгүй тохиолдолд үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иймээс анхан шатны шүүх маргааны зүйл болох суудлын автомашиныг, зохигчид гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байх хугацаандаа хувийн худалдаа эрхэлж, хамтын хөдөлмөр эрхэлсний үр дүнд бий болсон дундын өмч гэж дүгнэж, үнийн 4 700 000 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн хамтын амьдралтай байх хугацаанд нэхэмжлэгч О.Оюунтуяа нь хариуцагч О.Ганзоригийн хүсэлтээр түүний хувийн хэрэгцээнд зориулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 283 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон тул уг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн зөв боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч тухайн төлбөрийг буцаан шаардах эрхээ нотлох баримтад тулгуурлан оновчтой тодорхойлж чадаагүй байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан болохоо хариуцагч нотлоогүй тохиолдолд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн буцаан шаардах эрх тодорхойлогдох учир шийдвэрийн энэ хэсгийг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй .

 

Мөн нэхэмжлэлд хамаарч буй 128 500 төгрөгийг хариуцагч О.Ганзоригийн өмнөөс нэхэмжлэгч О.Оюунтуяа бусдад төлсөн гэх үйл баримт хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талууд хамтран ажиллах, уг ажиллагаанаас олсон ашиг орлогыг хуваахаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Ганзоригийн “шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                                        

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА