Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн х овогт х холбогдох эрүүгийн 2106 02061 1668 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Х дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х дугаар хорооллын Х дугаар байрны 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж болох Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түлхэн газар унагаан, нуруу хэсэг лүү гараараа цохиж, зодож биед нь дух, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

                       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... 20 цагийн орчим манай хүргэн өөрийн 2 настай хүү болох Х-г аваад Баянзүрх дүүргийн Х дүгээр хороо, Цайзад байрлах айлд аваачиж олон хүүхэд байгаа, тоглуулна гээд байсан. Тэгэхээр нь би яах юм бэ миний хүү өвчин зовлон их байхад таньж мэдэхгүй газар аваачиж, хүүхдүүдтэй тоглож яах юм бэ гэхэд яахаараа миний хүүхдийг надад өгдөггүй юм, ингэж намайг дарамтлахгүй шүү гээд манай гэрийн дээд давхарт засвар хийж байсан ээж, дүү хоёр дээрээ очоод их ууртай бууж ирсэн. Тэгээд шууд намайг түлхээд унагаасан. Тэгээд ар нуруу хэсэгт гараараа цохиод байсан... баруун гар хэсэгт хөхөрсөн, зүүн гарын тохой хэсэгт хөхөрсөн, зүүн нүдний хөмсөг хэсэгт хөхөрсөн, нурууны 2 дал хэсэгт хөхөрсөн байна... миний гэмтлийг манай хүргэн М учруулсан. Өмнө нь манай хүргэн гар хүрч цохиж зодож байгаагүй. Би учирсан хохирол, мөнгөө барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 26 дугаар хуудас),

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5917 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хажуу хэсэгт 4х3 см, зүүн нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хүрэн шаргал өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. Баруун мөрний гадна дээд хэсэгт 4х3 см, дунд хэсэгт 2х1 см, доод гадна хэсэгт 6.5х6 см, зүүн мөрний ар хэсэгт 1х1 см-н 2 ширхэг, зүүн бугалганы дунд гадна хэсэгт 2.5х1.5 см, доод ар хэсэгт 10х5 см, шууны дээд гадна хэсэгт 3х2.5 см-н 2 ширхэг хүрэн ягаан өнгийн зах хэсгээрээ шаргал өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ 1. Д биед дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дарааллыг тогтоох боломжгүй. 3. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

            Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Х дугаар хороо, Х-Х тоотод гэртээ байсан. Тэгтэл манай хүргэн М... манай гэрт орж ирээд хүү Х-г авч гарна гэсэн. Тэгтэл манай ээж өвчин ихтэй, ковид ихээр тархаж байна гээд Х-г явуулахгүй гэсэн. Тэгтэл М хаалга савж гарахаар нь ээж араас нь гараад хэрүүл маргаан болсон... би хаалган дээр очиход манай ээжийг манай хүргэн түлхэхээр нь би голоор нь орсон... манай хүргэн уурлаад ээжийн толгой, гар, нүүр лүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр... ээж Д гэрт хүүгээ авах гээд орсон... ээж надад хүүхэд өгөхгүй гээд байхаар нь гарахдаа хаалгыг нь саваад гарсан. Тэгтэл хадам ээж араас гарч ирээд намайг элдвээр хараагаад орилоод байсан. Орцонд маргалдаад байхаар гэж бодоод ээжийг гэрт нь авч орсон... манай хадам дүү Д босож ирээд миний шанаа руу нэг удаа цохисон. Би зөрүүлээд цохисон... зууралдаж байтал манай эхнэр Э, хадам ээж Д нар нь Х бид хоёрыг салгах гэсэн... зууралдаж байхад хадам ээж дундуур ороод ... түлхэхэд хана мөргөөд газар унасан... Би учруулсан хохирол, мөнгөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

 

Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст иргэн Д хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 87, 88, 94, 95 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

                       

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст  хэргийн 49 дүгээр хуудас),

Жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

М  нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 51-77 хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Х дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х дугаар хорооллын Х дугаар байрны Х тоотод гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж болох Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түлхэн газар унагаан, нуруу хэсэг лүү гараараа цохиж, зодож биед нь дух, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... 20 цагийн орчим манай хүргэн өөрийн 2 настай хүү болох Э аваад Баянзүрх дүүргийн Х дүгээр хороо, Цайзад байрлах айлд аваачиж олон хүүхэд байгаа, тоглуулна гээд байсан. Тэгэхээр нь би яах юм бэ миний хүү өвчин зовлон их байхад таньж мэдэхгүй газар аваачиж, хүүхдүүдтэй тоглож яах юм бэ гэхэд яахаараа миний хүүхдийг надад өгдөггүй юм, ингэж намайг дарамтлахгүй шүү гээд манай гэрийн дээд давхарт засвар хийж байсан ээж, дүү хоёр дээрээ очоод их ууртай бууж ирсэн. Тэгээд шууд намайг түлхээд унагаасан. Тэгээд ар нуруу хэсэгт гараараа цохиод байсан... баруун гар хэсэгт хөхөрсөн, зүүн гарын тохой хэсэгт хөхөрсөн, зүүн нүдний хөмсөг хэсэгт хөхөрсөн, нурууны 2 дал хэсэгт хөхөрсөн байна... миний гэмтлийг манай хүргэн М учруулсан. Өмнө нь манай хүргэн гар хүрч цохиж зодож байгаагүй. Би учирсан хохирол, мөнгөө барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 26 дугаар хуудас),

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5917 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хажуу хэсэгт 4х3 см, зүүн нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хүрэн шаргал өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. Баруун мөрний гадна дээд хэсэгт 4х3 см, дунд хэсэгт 2х1 см, доод гадна хэсэгт 6.5х6 см, зүүн мөрний ар хэсэгт 1х1 см-н 2 ширхэг, зүүн бугалганы дунд гадна хэсэгт 2.5х1.5 см, доод ар хэсэгт 10х5 см, шууны дээд гадна хэсэгт 3х2.5 см-н 2 ширхэг хүрэн ягаан өнгийн зах хэсгээрээ шаргал өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ 1. Д биед дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дарааллыг тогтоох боломжгүй. 3. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

            Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Х дугаар хороо, Х-Х тоотод гэртээ байсан. Тэгтэл манай хүргэн М... манай гэрт орж ирээд хүү Х авч гарна гэсэн. Тэгтэл манай ээж өвчин ихтэй, ковид ихээр тархаж байна гээд Х явуулахгүй гэсэн. Тэгтэл Х хаалга савж гарахаар нь ээж араас нь гараад хэрүүл маргаан болсон... би хаалган дээр очиход манай ээжийг манай хүргэн түлхэхээр нь би голоор нь орсон... манай хүргэн уурлаад ээжийн толгой, гар, нүүр лүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

            Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр... ээж Д гэрт хүүгээ авах гээд орсон... ээж надад хүүхэд өгөхгүй гээд байхаар нь гарахдаа хаалгыг нь саваад гарсан. Тэгтэл хадам ээж араас гарч ирээд намайг элдвээр хараагаад орилоод байсан. Орцонд маргалдаад байхаар гэж бодоод ээжийг гэрт нь авч орсон... манай хадам дүү Д босож ирээд миний шанаа руу нэг удаа цохисон. Би зөрүүлээд цохисон... зууралдаж байтал манай эхнэр Э, хадам ээж Д нар нь Х бид хоёрыг салгах гэсэн... зууралдаж байхад хадам ээж дундуур ороод ... түлхэхэд хана мөргөөд газар унасан... Би учруулсан хохирол, мөнгөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст иргэн Д хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М нь хохирогч Д эрүүл мэндэд халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5917 дугаар дүгнэлтээр “дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М нь хохирогч Д зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болгэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтадгэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

 

Шүүгдэгч М нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам ээж Д-г зодож буюу түлхэн газар унагаан, нуруу хэсэг лүү гараараа цохих зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

           

Шүүх шүүгдэгч М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ