Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

  

 

 

 

 

2020 оны 12 дугаар сарын 24                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­01                                               Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч: С.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ын Д-д холбогдох 2029000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 210 дахь километрт А.Сүнрэвтэй шахаж гүйцэтгэж түрүүлсэн гэх асуудлаас маргалдаж заамдах, татаж унагах зэргээр зодож биед нь зүүн шуунд шугаман хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу элүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2029000000155 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “өмнө нь мэдүүлгээ үнэн зөв өгсөн болохоор одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч А.Сүнрэвийн: “... миний жолооч талын хаалга онгойлгоод миний нүүрс тээврийн машины шатан дээр гарч ирж зогсоод яаж байгаа пиздаа вэ гэхээр нь би урд талд явж байсан нүүрс тээврийн машин тойроод явахаар нь би араас нь тойроод гарсан гээд хэлтэл хуцаад байгаарай пизда минь гэж хэлээд намайг заамдаад миний сандал руу шахаад байхаар нь тэр жолоочийн гарыг нь тавиулах гээд байж байтал тэр жолооч намайг нүүрс тээврийн машиндаа сууж байхад намайг заамдсан чигээрээ татаад газарт унагаахад миний зүүн гар тохой хэсгээрээ өвдөөд эхлэхээр нь би тэр залууд хандаж чи миний гарыг эвгүй болгоод хугалчихлаа гээд хэлтэл тэр залуу би чиний гарыг хугалаагүй чи баашлаад байгаарай гээд миний гараас барьж аваад сэгсрээд байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14-р хуудаст/,

Гэрч С.Д-ийн: “...би шатан дээр нь гарч зогсоод тэр жолоочийг заамдаж аваад нүүрс тээврийн машин дотроос нь гараараа татаад газарт унагаахад газарт унасан хойноо миний гар эвгүй болчихлоо гэхээр нь би хартал тохой нь мултарчихсан юм шиг харагдахаар нь би гараас нь бариад мултарсан тохойг нь буцаагаад оруулсан” гэх мэдүүлэг /хх-н 17-19-р хуудаст/,

Гэрч Б.Даваасүрэнгийн: “...С.Д ахын барьж явсан нүүрс тээврийн машин дээр яваад очиход С.Д ах би энэ залуутай муудалцчихлаа гээд надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2 дугаартай “1. А.Сүнрэвийн биед зүүн шуунд хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. А.Сүнрэвийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23-р хуудаст/,

Яллагдагч С.Д-ийн: “...би Сүнрэв гэдэг залууг заамдаж аваад нүүрс тээврийн машинаас нь заамдсан чигээрээ татаад унагаахад газарт гараараа тулаад босож ирээд нэг өндийгөөд миний гар гээд буцаад хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудаст/,

Шүүгдэгч С.Д-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н, 54-58-р хуудаст/,

С.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 34-р хуудас/,

С.Д-ийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 41-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн №0509 дугаартай эвлэрлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Д-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 210 дахь километрт А.Сүнрэвтэй шахаж гүйцэтгэж түрүүлсэн гэх асуудлаас маргалдаж заамдах, татаж унагах зэргээр зодож биед нь зүүн шуунд шугаман хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Д-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан байна.

Хохирогч С.Сүнрэвийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаартай “1. А.Сүнрэвийн биед зүүн шуунд шугаман хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. А.Сүнрэвийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д болон хохирогч А.Сүнрэв нар нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирлын мөнгө 1,200,000 төгрөг төлөхөө илэрхийлж нотариатчаар гэрчлүүлэн эвлэрлийн гэрээг байгуулжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доржсүрэнгээс 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч А.Сүнрэвт олгох нь зүйтэй.

Хохирогч А.Сүнрэв нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... С.Д 2020.12.28 ны дотор эмчилгээний зардал болох 1,200,000 төгрөгийг барагдуулж өгнө гэсэн.” гэж бичгээр хүсэлт гаргасан байна. Мөн шүүгдэгч С.Д-ээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2020 оны 12 дугаар сарын 28-ны дотор А.Сүнрэвийн эмчилгээний зардал болох 1,200,000 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө.” гэж бичгээр хүсэлт гарган  илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Д-ийг бусдад 1,200,000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж шүүх үзлээ. /хх-ийн 62, 63-р хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Д нь хохирол, эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлэн хохирогч А.Сүнрэвтэй эвлэрлийн гэрээг байгуулсан, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулах нь зүйтэй. 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ээс 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч А.Сүнрэвт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Д-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ