| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/32 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хосбаяр,
Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2029000400087 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Д нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь гал түймэр унтраах аврах 44 дүгээр ангийн гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийн галын хор, галын самбар, гарцын тэмдэг зэрэг 2.593.000 төгрөгийн эд зүйлсийг эхнэр Б.Амгалангаар дамжуулан худалдан борлуулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2029000400087 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Д-ын хувьд гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргадаггүй. Тухайн үед албан тушаалын шаардлагаар шалгалт хийж шаардлагуудыг зохих байгууллага аж ахуй нэгжид хүргүүлсэн нь төрийн эрх ашиг сонирхол буюу төрийн албаны тасралтгүй, хууль ёсны байх шаардлагад нийцсэн үйл ажиллагаа байсан. Гэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулж аж ахуй нэгж байгууллагад галын хор, самбар зэрэг эд зүйлүүдийг зарж борлуулсан үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийгмийн харилцаанд гэм хор учруулсан үйлдэл байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн хувьд ямар нэгэн маргах зүйлгүй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 6/,
-Б.Уянга, Л.Лонжидмаа, М.Отгончимэг, Д.Өгөөмөр, С.Хүүхэнбаатар, Буянгэрэл, Б.Баатар нарын “Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт” гаргасан хүсэлт /1-р хх-ийн 11-14, 98-106/,
-Б.Амгалангийн ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 19-21 /шифрээр дугаарласан/, 110-113/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23/,
-Нэхэмжлэх, төлбөрийн баримт /1-р хх-ийн 25-26/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өгөөмөрийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Буянгэрэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхбудын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 29/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гэрч С.Хүүхэнбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ганбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 32/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ганбаяраас дахин авсан мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Отгончимэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баярсайханы өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бурмаагийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гэрч Н.Бэхбатын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Болорцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 46/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Ууганцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амгалангийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/,
-А.Бурмаагийн фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-59/,
-Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн б/1322 дугаартай тушаал /1-р хх-ийн 90/,
-Албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 92-95/,
-Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудас /1-р хх-ийн 96-97/,
-“Алдарт шанх” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дугаар тоот, зарлагын баримт /1-р хх-ийн 107-108/,
-Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын офицеруудын хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 114-121/,
-Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 138-139/,
-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагууд /1-р хх-ийн 140-185/,
-С.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 186, 187/,
-“Хаан банк” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №29/4968 дугаартай тодорхойлолт, дансны хуулга /1-р хх-ийн 196-215/,
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 221-225/,
-Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч генерал Т.Бадралын “Шинэ жилийн баярын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж” /1-р хх-ийн 235-236/,
-Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн онцгой байдлын газрын дарга Л.Баярсайханы 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамж” /1-р хх-ийн 237-239/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Д-ын хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэрээр нийтийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч С.Д нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь гал түймэр унтраах аврах 44 дүгээр ангийн гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийн Монгол зоог /Д.Өгөөмөр/ цайны газарт 25.000 төгрөгийн, Цэций зоог /П.Буянгэрэл/ цайны газарт 140.000 төгрөгийн, Хуушуур хаус /Б.Мөнхбуд/ цайны газарт 70.000 төгрөгийн, Говь шанх зочид буудал /Г.Мөнхзул/-д 625.000 төгрөгийн, П.Ганбаярт 235.000 төгрөг, “Тулга” дэлгүүр /Н.Оюунцэцэг/-т 270.000 төгрөгийн, Н.Бэхбатад 70.000 төгрөг, Ш.Болорцэцэгт 396.000 төгрөг, Б.Чулуунцэцэгт 295.000 төгрөг, Э.Ууганцэцэгт 120.000 төгрөг, Э.Батсүрэнд 347.000 төгрөгийн нийт 2.593.000 төгрөгийн галын хор, галын самбар, гарцын тэмдэг зэрэг эд зүйлсийг эхнэр Б.Амгалангаар дамжуулан худалдан борлуулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өгөөмөрийн өгсөн “...С.Д гэдэг хүнд мөнгө өгсөн асуудал байхгүй. Манай газарт галын аюулгүй байдлын чиглэлээр шалгалт хийгээд байх ёстой галын хэрэгслүүд галын хор, самбар гэх зүйлийг авч тавь гэсэн шаардлага тавьсан. Цайны газар дотроо галын самбар 2 ширхэг, хор 2 ширхэг, гарцын тэмдэг 1 ширхэг, аваарын гэрэл 1 ширхэг авч байрлуулах ёстой хэрэв авахгүй бол хуулиараа торгуулийн арга хэмжээ, үйл ажиллагаа зогсоох арга хэмжээ авна гэсэн. Тэгэхээр нь хаанаас дээрх зүйлийг авах вэ гэхэд сумаас авахаар баталгаагүй чанаргүй эд зүйлүүд байгаа Улаанбаатар хотоос аваарай мөн баталгаатай галын хэрэгсэл зардаг компанийг нааш нь дуудах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээ л хэд хоногийн дараа надад 99124304 гэсэн дугаар өгөхөөр нь ярьж байгаад нэг ширхэг галын самбар 25.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Буянгэрэлийн өгсөн “...Онцгой байдлын ангийн галын байцаагч Д гэдэг хүн орж ирээд галын хор, галын самбаргүй байна аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ шалгуул гэхээр нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ айхгүй гэхэд Онцгой байдлын анги дээр ирж уулз гэсэн. Ажил дээр нь очиж уулзахад галын хор, галын самбар, гарцын тэмдэг, шинээр авч цайны газар дотроо байрлуул галын дүгнэлт гаргуулах шаардлагатай эдгээр эд зүйлсийг авахгүй бол торгуулийн арга хэмжээ авна гэж хэлсэн. Галын хор, галын самбар хаанаас авах гэсэн чинь Улаанбаатар хотоос хүн ирж нэгдсэн журмаар зарна тэгвэл надад утсыг нь өгөөд холбоод өгөөрэй гэж хэлээд явсан...гэтэл надад 99124304 гэсэн дугаар өгөөд энэ дугаар руу яриад аваарай гэхээр нь тэр дугаар руу нь залгаж яриад 140.000 төгрөгөөр 2 ширхэг галын хор, 1 ширхэг галын самбар, 1 ширхэг гарцын тэмдэг зэрэг зүйлүүдийг худалдаж авсан...Би Амгалан гэдэг хүний Хаан банкны 5050121383 тоот дансанд 60.000, 80.000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбудын өгсөн “...Д гэдэг хүнтэй уулзахад танай цайны газрын галын хор, галын самбар соль, гадна талдаа галаас хамгаалах хэрэгслүүдийг байрлуул, энэ ажлыг хийхгүй бол үйл ажиллагааг чинь зогсоох арга хэмжээ авна гэсэн. Би тэр хүнд хуучин галын хор, галын самбар байгаа гэхэд шаардлага хангахгүй хуучирсан байна галын хор, галын самбар өнөөдөртөө багтааж шинэчил гэхээр нь би барилгын захаас авч болох уу гэхэд барилгын захын хор зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй байгаа галын хор зарах үйл ажиллагааг нь манайх зогсоосон байгаа. Би чамд нэг утасны дугаар өгье хотоос ирсэн манай байгууллагаас зөвшөөрөл авсан хүн байгаа гээд 99124304 гэдэг утасны дугаар өгсөн. Би энэ утас руу залгаад галын хор, галын самбар авах гэж байгаа талаар хэлэхэд “Эстима” загвар тээврийн хэрэгсэлтэй эмэгтэй хүн ирж надад галын хор галын самбарыг 70.000 төгрөгөөр зарсан. Би Даваажаргалд өөрт нь мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Хүүхэнбаатарын өгсөн “...намайг дэлгүүртээ сууж байх үеэр галын байцаагч Д гэдэг хүн 2 удаа ирж уулзсан. Ингэж уулзахдаа Онцгой байдлын анги дээр ирж уулзаарай гэж хэлээд явсан. Намайг очиж уулзахад галын хор, утаа мэдрэгч түймрийн гарч заасан гэрэл зэрэг эд зүйл авч дэлгүүр дотроо заавал байрлуулах хэрэгтэй тэгэхээр нь би таниар заалгаад Улаанбаатар хотоос авъя гэж хэлэхэд суманд албан ёсоор хүн дээрх эд зүйлийг авч ирж зарна танай дэлгүүрт хэрэгтэй зүйлүүд бүгд нийлээд 700.000 төгрөг болно гэж байсан. хэрэв дээрх эд зүйлсийг дэлгүүрт авч тавьж байршуулахгүй бол үйл ажиллагааг чинь зогсоох эрхтэй гэх мэтийн зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхзулын өгсөн “...Д надад галын хор, галын самбар хурдан авч байрлуулахгүй бол 5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна гээд байхаар нь хаанаас авах вэ манайх өмнө нь сумын барилгын захаас авсан галын хор дуусаагүй байгаа галын самбар шинээр хэвлүүлсэн байгаа гэхэд суманд байгаа галын хорнууд хугацаа дууссан галын самбарууд хуучин хуулиар хийгдсэн шаардлага хангахгүй Улаанбаатар хотоос би захиалгаар галын хор, самбарыг чинь аваад ирнэ та нар мөнгөө өгчих гэхээр нь бид нар хувь хүнээр мөнгө гаргахгүй аж ахуйн нэгжийн нэхэмжлэхтэй байж мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгээд миний фейсбүүк чатаар “Боомын Өндөр” ХХК гэсэн 10 ширхэг галын хор, 7 ширхэг галын самбарын 625.000 төгрөгийн нэхэмжлэх явуулсан байхаар нь нэхэмжлэлд байсан данс руу 625.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ганбаярын өгсөн “...Д манай дэлгүүрт галын аюулгүй байдлын чиглэлээр шалгалт хийсэн. Шалгалтаар манай дэлгүүрт галын дүгнэлтгүй гэсэн зөрчил илэрсэн. Д галын дүгнэлт яаралтай гаргуулах шаардлагатай дүгнэлт гаргуулахын тулд галын хор, галын самбар, утаа мэдрэгч, гарцын тэмдэг, аваарын гэрэл гэсэн эд зүйлийг яаралтай авч дэлгүүртээ байршуулах шаардлагатай хурдан ав гэсэн. Би хаанаас авах талаар асуухад суманд байгаа хэрэгслүүд стандарт шаардлага хангахгүй байгаа миний мэддэг чанартай хэрэгслүүд зардаг албан ёсны компанийн байна утсыг нь өгсөн. Би тэр дугаараар залгаж яриад нийт 235.000 төгрөгийн 2 ширхэг галын хор, 1 ширхэг галын самбар 2 ширхэг утаа мэдрэгч, 1 ширхэг аваарын гэрэл, 1 ширхэг гарцын тэмдэг зэрэг эд зүйлс худалдаж авсан...Эд зүйлээ авахдаа цагаан өнгийн “Эстима” загварын тээврийн хэрэгсэлтэй эмэгтэй хүнтэй уулзаж авсан. Эд зүйл хүлээж авахаас 2 хоногийн өмнө Амгалан гэдэг хүний Хаан банкны данс руу 225.000 төгрөг хийж байсан. дараа нь надад эд зүйл авчирч өгсөн хүүхэн буруу бодсон байна гээд 10.000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюунцэцэгийн өгсөн “...2019 оны 12 сарын сүүлээр Д гэдэг хүн манай дэлгүүрт объектын шалгалт хийсэн энэ шалгалтаар нь дэлгүүрт байгаа галын хор галын самбарын хугацаа дууссан шаардлага хангахгүй галын гарцын тэмдэг байхгүй гэсэн зөрчил илэрсэн...Д суманд зарагдаж байгаа галын хор, галын самбар эд зүйлүүд шаардлага хангахгүй байгаа гэсэн. Би шаардлага хангасан эд зүйл зардаг газар нь хаана байгаа вэ гэхэд 99124304 дугаартай Амгалан гэдэг хүн байгаа энэ хүн рүү залгаж байгаад ав гэсэн. Би тэр дугаар луу нь залгаж яриад цагаан өнгийн машинтай эмэгтэй хүнтэй уулзаж 4 ширхэг галын хорыг нэг бүрийг нь 45.000 төгрөгөөр, 1 ширхэг том хэмжээтэй галын самбар 25.000 төгрөгөөр, 2 ширхэг жижиг хэмжээтэй галын самбарыг 18.000 төгрөгөөр, 6 ширхэг гарцын тэмдгийг нэг бүрийг нь 5000 төгрөгөөр, 1 ширхэг хүчдэл гэсэн бичиг 5.000 төгрөгөөр тус тус худалдаж авч нийт 270.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Төгөлдөрийн өгсөн “...С.Д нь 2019 оны 10 сард гал түймрийн хяналтын улсын байцаагчаар томилогдож ирсэн. Харин дараа нь эхнэр Амгалан нь дуудлага хүлээн авагчаар томилогдож ирсэн. Ажиллаж байх хугацаандаа аж ахуйн нэгжид гал түймрийн хэрэгсэл зарж борлуулсан гэсэн асуудлаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлаа орхиж явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бэхбатын өгсөн “...2019 оны 12 сард гал унтраах 44 ангиас манай лоунжид шалгалт хийж ирсэн. Тэгсэн манай галын хорны самбарыг шинэчлэх шаардлагатай галын самбар дээр байгаа хуулийн зүйл заалт шинэчлэгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би шинэ самбар хаанаас авах уу гэхэд Д нэг хүний утасны дугаар өгөөд хүн рүү нь ярьсан чинь 2019 оны 12 сарын 31-ний өдөр авч ирж өгөөд мөнгөө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/
-Б.Амгалангийн ХААН банкны 5050121383 дугаарт дансанд “2020.01.03-нд “Тулга дэлгүүрээс 270.000 төгрөг, 2020.01.05-нд Ганбаяраас 225.000 төгрөг, 2019.12.29-нд Э.Батсүрэн 347.000 төгрөг, 2019.12.31-нд Бэхбатаас 70.000 төгрөг, 2019.12.31-нд Н.Чулуунцэцэг 295.000 төгрөг, 2019.12.16-нд Ш.Болорцэцэг 396.000 төгрөг, 2019.12.17-нд П.Буянгэрэл 66.000 төгрөг, 2019.12.17-нд П.Буянгэрэл 80.000 төгрөг” зэрэг гүйлгээ хийгдсэн болохыг харуулсан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-19-21 /штафраар дугаарласан/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба талууд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллага болох Онцгой байдлыг газар, гал унтраах ангийн үнэмлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч С.Д нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь гал түймэр унтраах аврах 44 дүгээр ангийн гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийн Монгол зоог /Д.Өгөөмөр/ цайны газарт 25.000 төгрөгийн, Цэций зоог /П.Буянгэрэл/ цайны газарт 140.000 төгрөгийн, Хуушуур хаус /Б.Мөнхбуд/ цайны газарт 70.000 төгрөгийн, Говь шанх зочид буудал /Г.Мөнхзул/-д 625.000 төгрөгийн, П.Ганбаярт 235.000 төгрөг, “Тулга” дэлгүүр /Н.Оюунцэцэг/-т 270.000 төгрөгийн, Н.Бэхбатад 70.000 төгрөг, Ш.Болорцэцэгт 396.000 төгрөг, Б.Чулуунцэцэгт 295.000 төгрөг, Э.Ууганцэцэгт 120.000 төгрөг, Э.Батсүрэнд 347.000 төгрөгийн нийт 2.593.000 төгрөгийн галын хор, галын самбар, гарцын тэмдэг зэрэг эд зүйлсийг эхнэр Б.Амгалангаар дамжуулан худалдан борлуулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-187/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал” гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Д, түүний эхнэр Б.Амгалан нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуулийн насны 3 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол орлогогүй тул торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй байна” гэж тайлбарлаж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Д-ыг “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Д-ыг “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН