| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
2021 оны 03 сарын 29 өдөр Дугаар 2021/ШЦТ/42 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Ө.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө овогт Ө-ын Э-т холбогдох 2129000520041 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Э нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газрын “Ханбогд Инженер” ХХК-ийн уртын зогсоол дээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Галхүүтэй маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Д.Галхүүгийн: “...Майдар, Э бид 3 нөгөө архиа хувааж уугаад хоорондоо маргалдсан. Тэгсэн намайг машинаас татаж буулгаж ирээд миний нүүр лүү нэг удаа мөргөсөн, тэгээд нэг удаа нүүр лүү өшиглөсөн, нэг удаа гараараа нүүр лүү цохисон. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Нүүрний хэсэг тэр чигтээ шалбарч урагдсан. Хүзүү толгой орчмоор маш хөндүүр өвчтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 19-21-р хуудаст/,
Гэрч Ч.Оюунчимэгийн: “... Галхүү нь манайд орж ирэхдээ нүүр нь урагдсан цус болсон хавдартай байсан. Тухайн үед Галхүү нь Майдарын хүргэнд зодуулчихлаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудаст/,
Гэрч Ж.Батмөнхийн: “... Галхүү нь 22-23 цагийн үед гэрт хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Тухайн үед Галхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан.Д.Галхүү нь гаднаас орж ирэхдээ нүүр нь чигтээхэн улаан эрээн цус болсон байсан. Тэгээд надад ахыг чинь манай нутгийн хүүхэд нүдчихлээ гэж ярьж байсан. Тухайн үед яг хэнд зодуулсан талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай “1. Д.Галхүүгийн биед тархины доргилт, 2 нүдний дээд зовхины цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хацар, дээд уруул, зүүн завж, эрүү, баруун сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-52-р хуудаст/,
Яллагдагч Ө.Э-ын: “... Би машинаас буугаад буруу талын хаалган дээр очоод Галхүүг буугаад ир гэж хэлээд буулгаад барьж аваад гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод тэгээд нүүр лүү нь нэг удаа мөргөсөн чинь Галхүү газарт унасан. Тэгсэн чинь Майдар бууж ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 58-60-р хуудаст/,
Шүүгдэгч Ө.Э-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 64-65, 106-113-р хуудаст/,
Ө.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 90-р хуудаст/,
Ө.Э-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 81-82, 91-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Э-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ө.Э нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газрын “Ханбогд Инженер” ХХК-ийн уртын зогсоол дээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Галхүүтэй маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Эын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Галхүүгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Д.Галхүүгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Галхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Галхүүгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай “1. Д.Галхүүгийн биед тархины доргилт, 2 нүдний дээд зовхины цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хацар, дээд уруул, зүүн завж, эрүү, баруун сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-52-р хуудаст/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 875,224 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. /хх-ийн 85-89 дугаар хуудас/ Шүүгдэгчээс хохирогчид 16,600 төгрөгийг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 81 дүгээр хуудас/
Хохирогч Д.Галхүү нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Дашдондов овогтой Галхүү миний бие Ө.Э-аас эмчилгээний зардал болох 976,000 мянган төгрөгний нэхэмжлэхийг гаргасныг Энхбаяр нь төлж барагдуулсан тул одоо гомдол, санал байхгүй болно. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” /хх-ийн 118-р хуудас/ гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ө.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Д.Галхүүд 976.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Галхүү нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Мөн хохирогч Д.Галхүү нь цаашид гарах бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ө.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ө.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Э нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 90-р хуудас/,
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж шүүх дүгнэв. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ө.Э-т хяналт тавих үүргийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Э-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ө-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ө.Э-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавих үүргийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ө.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ө.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Галхүүд 976.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Галхүү нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Д.Галхүү нь цаашид гарах бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Э-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ