Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00598

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00598

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Эрдэнэсант сум, 4-р баг, Угалзатад оршин суух НК66021504 регистрийн дугаартай Боржигон овогт Авирмэдийн Үржинсүрэнгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Үржинсүрэн нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд анх эцэг эхийн хамт 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1986 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад сумын төв рүү орж Сумын номын сангийн эрхлэгчээр 1986 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн сумандаа хүн эмнэлэгт лабронтаар 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тэтгэвэрт гарч чадаагүй тул дээрх сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

             А.Үржинсүрэн нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1986 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Бүрэн сумын номын санд эрхлэгчээр 1986 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл номын сангийн эрхлэгчээр, Төв аймгийн Бүрэн сумын Хүн эмнэлэгт 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл лабронтаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

           Үүнд:

           -  Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 66 дугаартай лавлагаанд “.. А.Үржинсүрэнгийн 1981, 1982, 1983, 1984 онуудын цалингийн түүвэр ..”

           - Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 сарын 01-ний өдрийн ажлаас халах, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 96 дугаартай захирамжид “.. А.Үржинсүрэнд ээлжийн амралт олгох ..” гэх бичилт,

          - Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 03 сарын 20-ны өдрийн арга хэмжээ авах тухай захирамжид “... Б.Отгон, А.Үржинсүрэнгийн 1 өдрийн цалинг хасаж олгох ...” гэх бичилт,

          - Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 04 сарын 21-ний өдрийн ажилд түр томилох тухай 21 дугаартай захирамжид “.. Өвчтэй эхийгээ эмчлүүлж асрахаар чөлөө авахыг хүссэн номын санч А.Үржинсүрэнд 04 сарын 17-ны өдрөөс7 хоногийн цалингүй чөлөө олгох .” гэх бичилт,

          - Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 01 сарын 10-ны өдрийн ажилд томилох нэмэгдэл чөлөө олгох тухай 4 дугаартай тушаалд “.. хүн эмнэлгийн лаборантаар А.Үржинсүрэнг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томил ..” гэх бичилт зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байна.

 

             А.Үржинсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

            

             Иймд Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа, Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тушаал, захирамжуудыг ач холбогдолтой нотлох  баримт гэж дүгнэж, Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 66 дугаартай лавлагаанд “.. А.Үржинсүрэнгийн 1981, 1982, 1983, 1984 онуудын цалингийн түүврийг үндэслэн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс анх ажилд орсон өдрийг, Төв аймгийн Бүрэн сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 01 сарын 10-ны өдрийн ажилд томилох нэмэгдэл чөлөө олгох тухай 4 дугаартай тушаалд “.. хүн эмнэлгийн лаборантаар А.Үржинсүрэнг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томил ..” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Бүрэн сумын Хүн эмнэлэгт 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс ажилд орсон өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НК66021504 регистрийн дугаартай Боржигон овогт Авирмэдийн Үржинсүрэн нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1986 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар,

               Төв аймгийн Бүрэн сумын номын санд эрхлэгчээр 1986 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл номын сангийн эрхлэгчээр,

               Төв аймгийн Бүрэн сумын Хүн эмнэлэгт 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл лабронтаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ